Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/505

 

      2023         05           11                                         2023/ДШМ/505

С.Бд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэнжаргал,

шүүгдэгч С.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Түмэнжаргалын бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр С.Бд холбогдох 2208 02429 0414 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн С-ийн Б, 19... оны .. дугаар сарын ...-ний өдөр ..... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 3/02 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Өршөөлийн хуулийн 2-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1492 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн;

            С.Б нь 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ давхрын ойролцоо байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Б.Этай маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, биед тархины доргилт, зүүн чихний гэдсэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, эрүүний зүүн буланд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн С-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 33-10 тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд энэ тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1492 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 4 /дөрөв/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Б нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Бд мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Түмэнжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч С.Быг 2022 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ давхрын ойролцоо байрлах нийтийн байранд гэр бүлийн харилцан хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Этай маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, биед “тархины доргилт, зүүн чихний гэдсэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, эрүүний зүүн буланд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1492 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт 4 сар 18 хоногийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Шүүх тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нь хохирол нэхэмжлэхээс татгалзсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 33-10 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, үүргийг хүлээлгэн 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1492 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийг нэмж нэгтгэн, нийт 4 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж хуульчлагдсан ба нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд шүүгдэгчийн хувьд Улаанбаатар хотоос гарахыг хориглосон нь нийтлэг байдлаар хамрах хүрээг өргөтгөсөн, өргөн хүрээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосон үндэслэлийг дурдаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-г тусгаагүй, зөрчсөн байна гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт, мөн тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийтгэх тогтоолд зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох гэж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

С.Б нь 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ давхрын ойролцоо байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Б.Этай маргалдан улмаар нүүрэн тус газарт цохиж, биед “тархины доргилт, зүүн чихний гэдсэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, эрүүний зүүн буланд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Эы “...2022 оны 7 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Шинэ давхрын баруун талын автобусны буудлын хажуу талд байрлах нийтийн байранд хамтран амьдрагч С.Б согтуу орж ирээд “хоол хийсэнгүй, олигтой гар утас авахаараа хүүхдүүддээ өгдөг” гээд надтай маргалдаад гараа атгаж байгаад миний зүүн шанаа, чих орчимд 2-3 удаа цохисон. Тухайн үед хажууд хүн байгаагүй. Сүүлд манай хүүхэд ирсэн чинь С.Б гэрээс гараад явсан. Өмнө нь намайг зодож байгаагүй. ...” /хх 16-17/,

шүүгдэгч С.Бы яллагдагчаар өгсөн “...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт амьдарч байсан Б.Этай хэрүүл маргаан хийж, хоол унд хийсэнгүй гэх үл ялих шалтгаанаар гараараа зүүн талын хацар, чих орчимд нэг удаа алгадаж унагаасан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу. ...” /хх 77-78/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10370 дугаартай “...Б.Эы биед тархины доргилт, зүүн чихний гэдсэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, эрүүний зүүн буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /хх 21-22/ гэх дүгнэлт,

шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Бы хамтран амьдрагч Б.Этай маргалдан улмаар нүүрэн тус газарт цохиж, биед “тархины доргилт, зүүн чихний гэдсэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, эрүүний зүүн буланд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1492 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 4 /дөрөв/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг агуулгаар нь буруу тайлбарлаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь хэт өргөн хүрээгээр буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгч С.Бы Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд оршин суух бүртгэлтэйг харгалзан түүнийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заажээ.

Гэтэл шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 33-10 тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэж агуулгын хувьд зөрчилтэй, заавал оршин суух хаягаа 2 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрчлөх үүрэгтэй гэж ойлгогдохоор бичсэн нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 4 сар 18 хоногийн хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээг хөндөөгүй тул дээрх өөрчлөлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, ...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Д.Түмэнжаргалын бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ