Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 126/ШШ2024/0148

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Шар овогт Б.О**********, /РА**********/-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Б.О**********, , түүний өмгөөлөгч Э.Ууганбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н**********, нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, малчнаар тэтгэвэрт тогтоохыг даалгах.

2.Хэргийн нөхцөл байдлын талаар товч:

2.1.Нэхэмжлэгч Б.О**********,  2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хуульд заасан 50 насанд хүрч, малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагчид 2021 оны 12 дугаар сард өргөдөл өгчээ.

2.2.Б.О**********, ийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагч Э.Энхцэцэг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн сумын тэтгэвэр тогтоолтын байцаагч руу тэтгэвэр тогтоолгохоор явуулсан.

2.3.Мөрөн сумын тэтгэвэр тогтоолын байцаагч Ц.Амгаланжаргал 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч баримт бичгийн бүрдлийг хянаад тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

3.1.Б.О**********,  дээрх хариуг эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлд өргөдөл гаргасан. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Алаг-Эрдэнэ сумын орон тооны бус байнгын зөвлөл нь дээрх шийдвэрээ эргэн нягтлахыг зөвлөж, иргэн Б.О**********, т мал бүхий өрхийн А данснаас бусад шимтгэл төлсөн онуудын А дансаар малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжтой болохыг мэдэгджээ.

4.Нэхэмжлэгч Б.О**********,  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

4.1.Миний бие Б.О**********,  нь Алаг-Эрдэнэ суманд олон жил мал маллан амьдарч байгаа бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн хурлаар намайг 1995, 1996, 1999, 2000 онуудад мал маллаж байснаар тогтоож шийдвэр гарсан.

4.2.Гэтэл Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигтээ Малчны малын А дансны бүртгэлд Мал бүхий иргэн-ээр бүртгэгдсэн өрхийн тэргүүн нь малчнаар ажиллаж байгаа тохиолдолд уг хугацааг малчнаар ажилласаар тооцох бөгөөд түүний гэр бүлийн бусад гишүүдийг малчнаар тооцохгүй тухай зөвлөмжийг өгсөн гээд аймаг, орон нутгийн архиваас олгосон малчны малын А дансны бүртгэл үнэн зөв эсэхийг, Мал бүхий иргэн-ээр бүртгэсэн малчнаас өөр ажил эрхэлсэн буюу хүний эмчээр ажиллаж байсан иргэний эхнэрийг малчнаар ажиллаж байснаар тогтоосон шийдвэр нь үндэслэлгүй гэсэн хариу ирүүлжээ.

4.3.Монгол Улсын Үндсэн хуульд хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй хэмээн тус тус заасан байдаг.

4.4.Гэтэл нийгмийн даатгалын хэлтэс нь миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүний эрхийг хязгаарлаж миний нөхрийн сумын малын эмчээр ажиллаж байх хугацаанд хувьдаа малтай, энэхүү малыг нь гэр бүлийн гишүүн болох би малладаг байсныг үгүйсгэж миний малчин, мал маллаж байсныг тооцохгүй байгаад гомдож байна.

4.5.Би малчин айлын охин байсан бөгөөд эцэг эхээс тасалж өгсөн өөрийн гэсэн малтай Ганболдтой гэрлэсэн. Гэтэл миний малчин байсан байдлыг үгүйсгэж байгаад гомдож байна.

4.6.Мөн сумын Засаг даргын дэргэдэх орон тооны байнгын зөвлөл нь миний мал маллаж байсныг тогтоосон байхад ийм утгагүй, амьдралаас тасарсан зөвлөмж өгөөд үүнийгээ дагаж мөрдөж байгаад гайхаж байна.

4.7.Иймд Б.О**********,  намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1995, 1996, 1997, 1999, 2000 оны хугацаанд хувийн малаа маллаж байсан болохыг тогтоосон сумын Засаг даргын дэргэдэх орон тооны байнгын зөвлөл шийдвэрийг үндэслэн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож Б.О**********,  надад малчнаар тэтгэвэр тогтоохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү.

4.8.Манай нөхөр ажлаа хийж би малаа маллаж байсан. Гэтэл мал бүхий өрхийн А данс байна гэсэн үндэслэлээр надад малчны тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаад гомдолтой байна. Хуульд малчин гэж мал маллаж орлогоо олдог хүнийг хэлнэ гэж заасан. Малчин өрх гэж хуульд заагаагүй.

4.9.Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2021 оны 12 дугаар сарын сүүлчээр Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагчид өргөдлөө баримтын хамт бүрдүүлж өгсөн. Таны баримт бичиг болсон байна гэж хэлсэн. Гэтэл 2022 оны сард өндөр насны тэтгэвэр орохгүй болохоор нь очиж асуухад танд өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй болсон гэж хэлсэн.

4.10.Урьд нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардагдах баримт бүрдэл хангаж байгаа эсэхийг сумын нийгмийн даатгалын байцаагчаас асуухад болсон байна, шаардлага хангасан байна гэж хэлсэн учраас малчны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүй өнгөрсөн.

4.11.2014 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж ирсэн. Танд өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж 2022 оны 02 дугаар сард хариу өгснөөс нь хойш нийгмийн даатгалын шимтгэлээ үргэлжлүүлэн төлж байгаа. Малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг хүсэж байна гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

5.1.Тухайн Нийгмийн даатгалын хэлтсээс барьж байгаа өмнөх журмууд нь одоо бүгд хүчингүй болсон байгаа.

5.2.Гэтэл 2024 оны Нийгмийн даатгалын газраас өгсөн тоот, зөвлөмжүүд нь тодорхойгүй учраас өдийг хүртэл уг маргаан шийдэгдэхгүй байгаа. Хэрвээ тодорхой зөвлөмжүүдийг өгсөн бол энэ хэрэг ингэж удаашрахгүй байсан.

5.3.Уг маргаан болохоор шинэ хууль дүрмээр шийдэгдэх ёстой байсан гэж үзэж байна. Өмнө нь бас иймэрхүү маргаантай хэргүүд дээр ч гэсэн шүүх дээр ийм нөхцөл байдал үүссэж байсан.

5.4.1994 оны баримтыг өгөөд болох юм шиг ярьдаг. 2023 оноос хойш Нийгмийн даатгалын газраас тодорхой бус зөвлөмж хүргүүлж ирснээс болж миний үйлчлүүлэгчид маш их халгаатай шийдвэр гарсан байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгч байгаа чиглэл, зөвлөмж дээр үнэхээр эргэлзээтэй байгаа.

5.5.Мал бүхий өрхийн эхнэр нь малаа маллаж, нөхөр нь ажил хийдэг байж болно. Энэ тохиолдолд нөхөр ердийн журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, эхнэр нь малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9"малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор заасан. Түүнээс биш малчин өрх гэж заагаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

6.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н**********, шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

6.1.Б.О**********,  нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй заалтыг хангаж байна гэж үзэн малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан.

6.2.Тус газраас тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн баримтыг хянах явцад Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн иргэн Б.О**********, ийг 1995-1997, 1999-2000 онуудад малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоосон Алаг-Эрдэнэ сумын Орон тооны бус байнгын зөвлөлөөс гаргасан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №05 дугаартай тогтоолоор иргэн Б.О**********, ийн гэр бүлийн хүн болох Т.Г**********-ын, нэр дээрх гарсан мал бүхий өрхийн А данс байхад малчин хэмээн хэлэлцсэн байгаа нь Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2 дахь заалтыг тайлбарласан НДЕГазрын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/1424 дугаартай чиглэлийн 1.1 дэх заалт ... Зөвлөл нь даатгуулагчийн 1995 оноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нь малчнаар ажиллаж байсныг нотлох А данс үрэгдсэнээс олгогдохгүй болсон, эсхүл даатгуулагч мөн хугацаанд ажил олгогчтой гэрээ байгуулан малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч уг хугацаанаас малчнаар ажилд томилогдсон тушаал, хөлсөөр ажиллах гэрээ байхгүй тохиолдолд мал маллаж байсныг холбогдох баримтуудыг үндэслэн нотолж тодорхойлохоор заасан. Иймд эдгээр тохиолдлоос бусад асуудлыг Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхгүй заалтыг зөрчин А данс байсаар байтал зөвлөл малчин хэмээн хэлэлцсэн байдаг.

6.3.Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 1/730 дугаартай албан бичгийн 1.2 дахь заалт мөн дээрх зааварт малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг Мал бүхий өрх гэж тодорхойлсон А дансанд Мал бүхий өрх-өөр бүртгэгдсэн тохиолдолд тухайн өрхийн гишүүдээс мал аж ахуйн мэргэжилтэй хүний тоог нь бүртгэдэг. Иймд тухайн А данс нэр дээр нь бүртгэгдсэн зөвхөн өрхийн тэргүүн хүсэлт гаргасан бол тухайн онд малчнаар ажилласан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Харин уг өрхийн тэргүүн малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлсэн бол малчинд хамаарахгүй гэж заасан байдаг.

6.4.Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй заалтыг хангахгүй болсон тул тэтгэврийн материалыг буцааж Б.О**********, т мал бүхий өрхийн А данснаас бусад шимтгэл төлсөн онуудын А дансаар малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой болохыг зөвлөж буцаасан байдаг.

6.5.Орон тооны бус зөвлөл нь бие даасан байгууллага бөгөөд тухайн зөвлөлийн шийдвэрийн зөв бурууг Нийгмийн даатгалын хэлтэс нь шийдэж байгааг би буруу гэж үзэж байна гэжээ. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийн 1.3 дахь заалтаар Нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллага нь зөвлөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллана гэж заасны дагуу Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ гаргаж байгаа иргэдийн Орон тооны бус зөвлөлөөр малчин байдлаа тогтоолгосон тогтоолыг үндэслэсэн материалыг хянаж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж ирсэн.

6.6.Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/31 Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, хянах журам-ын 2 дугаар зүйлийн 19.4 дэх Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого-ын бүртгэл (цаашид А данс гэх) нь үрэгдсэний улмаас сум, хороо, багийн Засаг дарга 1995 оноос хойшхи хугацаанд мал маллаж байсан хугацааг нь нотлох боломжгүй бол Даатгуулагчийг малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх зөвлөл-ийн тогтоол, Санамж: Шаардлагатай тохиолдолд зөвлөлийн тогтоолыг гаргахад үндэслэсэн анхан шатны баримт бичгийг нэмэлтээр авна гэж заалтын дагуу анхан шатны баримтыг татаж шалгахад Б.О**********, т тэтгэвэр тогтоон олгох боломжгүй талаар зөвлөсөн.

6.7.Иргэн Б.О**********,  нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гаргасан гомдолдоо Алаг-Эрдэнэ сумын орон тооны бус байнгын зөвлөлөөс гаргасан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №05 дугаартай тогтоолоор иргэн Б.О**********, ийн гэр бүлийн хүн болох Т.Г**********-ын, нэр дээр гарсан мал бүхий өрхийн А данс байхад малчин хэмээн хэлэлцсэн байгаа нь Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2 дахь заалтыг тайлбарласан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/1424 дугаартай чиглэлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байх тул Алаг-Эрдэнэ сумын Орон тооны бус байнгын зөвлөл нь дээрх шийдвэрээ эргэн нягтлахыг зөвлөсөн шийдвэр гаргасан. Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоолыг иргэн Б.О**********, т 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн.

6.8.Иргэн Б.О**********, т мал бүхий өрхийн А данснаас бусад шимтгэл төлсөн онуудын А дансаар малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжтой болохыг мэдэгдсүгэй. Иргэн Б.О**********, т дээрх байдлыг танилцуулан зөвлөгөө өгсөөр байтал тэтгэвэр үндэслэлгүйгээр тогтоохгүй байгаа мэтээр шүүхэд хандсан байх тул иргэн Б.О**********, ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6.9.Малчин өрхийн А данстай бол Б.О**********, ийг тухайн онд малчнаар ажилласанд тооцож болно. Мал бүхий өрхийн А данстай бол өрхийн тэргүүнийг малчнаар ажилласанд тооцдог. Эхнэрийг малчнаар ажилласанд тооцдоггүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1 /730 тоот зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байгаа.

6.10.Т.Г**********-ын, малчин өрхийн А данс 1996, 1998 онуудад байгаа юм байна. 1996 оны малчин өрхийн А дансанд 1995 оны мал тооллогын эцсийн үлдэгдэл бичигдсэн тул 1995, 1996, 1998 онуудад Б.О**********, ийг малчнаар ажиллаж байснаар тооцох боломжтой.

6.11.Нэхэмжлэгч Б.О**********,  нь одоо ч гэсэн малчнаар ажиллаж байснаа нотлох баримтыг гаргаж өгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой. 2022 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл сайн дураар төлсөн хугацаа нь нэмэгдсээр байгаад өнөөдрийн байдлаар малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзолд хүрсэн гэж Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагч надад хэлж байсан гэв.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

7.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.О**********, ийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, малчнаар тэтгэвэрт тогтоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 2/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол гэж заасан байв.

9.Нэхэмжлэгч Б.О**********,  нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хуульд заасан 50 насанд хүрчээ.

10.Нэхэмжлэгч Б.О**********,  нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 2-т заасан субьектив эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

11.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Б.О**********, ийн 1995, 1996, 1997, 1999, 2000 онд малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тогтоожээ.

12.Нэхэмжлэгч Б.О**********,  малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагчид 2021 оны 12 дугаар сард өргөдөл өгчээ.

13.Б.О**********, ийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагч Э.Энхцэцэг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн сумын тэтгэвэр тогтоолтын байцаагч руу тэтгэвэр тогтоолгохоор явуулсан болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдоно.

14.Мөрөн сумын тэтгэвэр тогтоолын байцаагч Ц.Амгаланжаргал 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч баримт бичгийн бүрдлийг хянаад тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.

15.Б.О**********,  дээрх хариуг эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлд өргөдөл гаргасан. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Алаг-Эрдэнэ сумын орон тооны бус байнгын зөвлөл нь дээрх шийдвэрээ эргэн нягтлахыг зөвлөж, иргэн Б.О**********, т мал бүхий өрхийн А данснаас бусад шимтгэл төлсөн онуудын А дансаар малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжтой болохыг мэдэгджээ.

16.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-т заасан даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид Зөвлөл гэх) тодорхойлно гэжээ.

17.Сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага-д хамаарах захиргааны байгууллага юм.

18.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.5-д Зөвлөлийн ажиллах дүрмийг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэжээ. Үүнийг үндэслэн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаар тушаалаар Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм-ийг баталсан байна.

19.Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийн 1.3-т Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага нь зөвлөлийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллана гэжээ.

20.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан.

21.Доод шатны захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дээд шатны захиргаа хяналт тавих эрхтэй. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд шатлан захирах ёсны тогтолцоотой.

22.Тодруулбал Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1Нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний, орон нутгийн байгууллага нь тухайн шатны Засаг дарга болон нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын удирдлагын дор ажиллана, 25 дугаар зүйлийн 1Нийгмийн даатгалын байгууллага дараахь эрх эдэлнэ: ... 6/нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3-т Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллагад тогтооно, Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийн 1.3-т Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага нь зөвлөлийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллана гэж заасан.

23.Иймд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Алаг-Эрдэнэ сумын Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн тогтоолд хяналт тавьж ажиллах бүрэн эрхтэй.

24.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын Б.О**********, т малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоохоос татгалзсан татгалзал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байна.

25.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай /1997 оны/ хуулийн 51-д Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална гэж заасан байв.

26.Үүнийг үндэслэн Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ыг баталжээ.

27.Энэ журмын 3.1-д Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно:

... 3.1.3. даатгуулагч Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991-1994 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан бол хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

3.1.4. даатгуулагч 1995 оноос хойшхи хугацаанд ажил олгогч (малчин ажил олгогч)-той гэрээ байгуулан малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол малчнаар ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ, шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлсөн тухай лавлагаа);

3.1.5. даатгуулагч 1995 оноос хойшхи хугацаанд хувиараа мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлсөн, эсхүл ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлөлтийн  лавлагаа), Үндэсний статистикийн хорооноос баталсан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого-ын жил бүрийн бүртгэл (цаашид А дансны лавлагаа гэх);

3.2. Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-т заасан даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид Зөвлөл гэх) тодорхойлно гэжээ.

28.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Зөвлөл нь даатгуулагчийн 1995 оноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нь малчнаар ажиллаж байсныг нотлох А данс үрэгдсэнээс олгогдохгүй болсон, эсхүл даатгуулагч мөн хугацаанд ажил олгогчтой гэрээ байгуулан малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч уг хугацаанаас малчнаар ажилд томилогдсон тушаал, хөлсөөр ажиллах гэрээ байхгүй тохиолдолд мал маллаж байсныг тодорхойлно. Эдгээр тохиолдлоос бусад асуудлыг Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхгүй. Гэтэл Б.О**********, ийн гэр бүлийн хүн болох Т.Г**********-ын, нэр дээр гарсан мал бүхий өрхийн А данс байсаар байтал Алаг-Эрдэнэ сумын орон тооны бус байнгын зөвлөл нь түүнд давуу байдал олгон 1995-1997, 1999-2000 оны 5 жилийг малчин хэмээн тодорхойлсон нь буруу. Малчин өрхийн А данстай бол Б.О**********, ийг тухайн онд малчнаар ажилласанд тооцож, мал бүхий өрхийн А данстай бол өрхийн тэргүүнийг малчнаар ажилласанд тооцно гэх агуулгаар маргасан.

29.Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа, ... байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл тодорхойлно гэснийг даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа байгаа тохиолдолд Зөвлөл хэлэлцэхгүй гэж ойлгоно. Хариуцагчийн холбогдох тайлбар үндэслэлтэй.

30.Харин Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа байгаа тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага А дансны лавлагааг үндэслээд малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжтой юм.

31.Малчны өндөр насны тэтгэврийг тогтоохдоо малчин өрх, мал бүхий өрхийн А дансны лавлагааг ялгамжтай авч үзэж байгааг хариуцагч тайлбарласан. Тухайлбал:

32.Малчин өрхийн А дансны лавлагаа байгаа тохиолдолд малчдын мэдээлэл хэсэгт бүртгэгдсэн өрхийн гишүүд малчнаар ажиллаж байсанд тооцогдох боломжтой.

33.Мал бүхий өрхийн А дансны лавлагаа байгаа тохиолдолд тухайн А данс нэр дээр нь бүртгэгдсэн зөвхөн өрхийн тэргүүнд малчны өндөр насны тэтгэвэр тогтоож байгаа гэж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.

34.Тэрээр хэрэгт авсагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/730 тоот албан бичгийг иш татав.

35.Харин нэхэмжлэгч Б.О**********, , түүний өмгөөлөгч нараас Мал бүхий өрхийн эхнэр нь малаа маллаж, нөхөр нь ажил хийдэг байж болно. Энэ тохиолдолд нөхөр ердийн журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, эхнэр нь малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9"малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор заасан. Түүнээс биш малчин өрх гэж заагаагүй гэсэн агуулгаар маргасан.

36.Нэхэмжлэгч Б.О**********, ийн энэхүү тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

37.Нэхэмжлэгч Б.О**********, ийн шүүхэд өгсөн 1995-2000 онд хамаарах дараах баримт хэрэгт авагдсан.

38.Т.Г**********-ын, 1995 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд хувийн малтай өрх 1, малчин өрх 1, ам бүлийн тоо 4, 16-аас дээш насны нийт малчдын тоо 2, үүнээс 16-35 хүртэлх насны 2 гэж,

39.Т.Г**********-ын, 1996 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд хувийн малтай өрх тэмдэглэгээгүй, малчин өрх тэмдэглэгээгүй, ам бүлийн тоо 4, 16-аас дээш насны нийт малчдын тоо 2, үүнээс 16-35 хүртэлх насны 2 гэж,

40.Т.Г**********-ын, 1998 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд хувийн малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 4, малчин өрхийн тоо 1, малчдын тоо 1, нийт малчдаас эмэгтэй 1 гэж,

41.Т.Г**********-ын, 1999 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд хувийн малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 4, малчин өрхийн тоо тэмдэглэгээгүй, малчдын тоо тэмдэглэгээгүй, нийт малчдаас эмэгтэй тэмдэглэгээгүй,

42.Т.Г**********-ын, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны баримт бүрэн бус хуулбарлагдсан байв.

43.Нэхэмжлэгч Б.О**********,  түүний нөхөр Т.Ганболд нар 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, эхнэр, нөхөр гэдэгтэй хариуцагч маргаагүй, энэ нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдсон.

44.Монгол ёс уламжлалаар нөхөр болох хүнийг өрхийн тэргүүн хэмээн үздэг нь нийтэд илэрхий үйл баримт юм.

45.Өрхийн тэргүүн Т.Г**********-ын, нэр дээр бүртгэгдсэн мал бүхий өрхийн А дансанд малчдын тоо 1, үүнээс малчин эмэгтэй 1 гэж бичсэнийг Б.О**********,  малчнаар ажиллаж байсан гэж авч үзэх боломжтой.

46.Учир нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9"малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор заасан.

47.Мал бүхий өрхийн малын А данс өрхийн тэргүүний нэр дээр бүртгэгдсэн боловч бодит байдалд нөхөр нь малчнаас өөр ажил хийн орлого олж, эхнэр нь мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог байж болно.

48.Мал бүхий өрхийн тухайд зөвхөн өрхийн тэргүүн нь малчнаар ажиллаж байснаар тооцогдоно гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим болон төрийн үйл ажиллагаанд баримтлах шударга ёсны зарчим алдагдана.

49.Мал бүхий өрхийн эхнэр малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоолгохыг захиргааны байгууллага хязгаарлах боломжгүй.

50.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Алаг-Эрдэнэ сумын орон тооны бус байнгын зөвлөл нь иргэн Б.О**********, т мал бүхий өрхийн А данснаас бусад шимтгэл төлсөн онуудын А дансаар малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжтой гэсэн хариу өгсөн нь учир дутагдалтай байна.

51.Иргэн Б.О**********,  нь нөхрийн нэр дээр бүртгэгдсэн мал бүхий өрхийн А дансны баримтаар малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

52.Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа нэхэмжлэгч Т.Г**********-ын, малчин өрхийн А данс 1996, 1998 онуудад байгаа юм байна. 1996 оны малчин өрхийн А дансанд 1995 оны мал тооллогын эцсийн үлдэгдэл бичигдсэн тул 1995, 1996, 1998 онуудад Б.О**********, ийг малчнаар ажиллаж байснаар тооцох боломжтой гэсэн нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан баримттай тохирч байна.

            53.Шүүх Т.Г**********-ын, 1999 оны баримтад малчдын тоо бичигдээгүй тул малчнаар ажиллаж байснаар тооцох боломжгүй гэж үзлээ.

            54.Хэрэгт авагдсан баримтад 2000 оны малын А дансны баримт дутуу хуулбарлагдсан тул дүгнэлт хийх боломжгүй байна.

            55.Б.О**********,  нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1991 оны 7 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил 6 сарыг нөхөн тооцуулсан болох нь хэрэгт авагдсан 1701000386 дугаартай баталгаажилтын хуудсаар нотлогдсон.

            56.Мөн Б.О**********,  нь 2014 оны 3 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь хэрэгт авагдсан 0897096 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдов.

            57.Б.О**********,  малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан 2021 оны 12 дугаар сарын байдлаар 17 жил 4 сар ажиллаж, үүнээс 10 жил 10 сар малчнаар ажилласан байсан нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

58.Иймд Б.О**********,  2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 50 нас хүрэх үедээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 2/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол гэсэн шаардлагыг хангаагүй байсан гэж шүүх үзлээ.

59.Нэхэмжлэгч Б.О**********,  нь Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1-д зааснаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991-1994 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан бол хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоо гарган өгч 1991-1994 онд малчнаар ажиллаж байснаа нотлох боломжтой.

60.Түүнчлэн 1995 оноос хойшхи хугацаанд Үндэсний статистикийн хорооноос баталсан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого-ын жил бүрийн бүртгэл буюу А дансны лавлагаагаа гарган өгч малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрх нь нээлттэй байна.

61.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3"нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж заасан.

62.Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн зорилго бол захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн хүний эрхийг хамгаалахад оршино. Энэ тохиолдолд захиргааны хууль бус үйл ажиллагаа тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байна.

63.Нэхэмжлэгч Б.О**********, т малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан татгалзал нь дээр дурдсанаар хууль зүйн үндэслэлтэй.

64.Нэхэмжлэгч Б.О**********,  2001-2013 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай 2017 оны хуульд зааснаар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөөгүй болох нь түүний тайлбараар нотлогдсон. Иймд 2001 оноос хойшхи хугацааны Т.Г**********-ын, малын А дансны лавлагаа хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 2 дахь хэсэгт заасныг баримтлан Шар Батхасын Оюунцэцэгийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, малчнаар тэтгэвэрт тогтоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ГАНЧИМЭГ