Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 309/ШШ2025/00134

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ы *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******ад холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,251,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/

Хариуцагч Ц.*******

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.*******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,251,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

- Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ц.******* нар нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр суурьтай “Старлинк-2” төхөөрөмжийг 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, худалдагч Ц.******* нь дээрх төхөөрөмжийг худалдан авагч Н.*******ын өмчлөлд шилжүүлж, худалдан авагч Н.******* нь хэлэлцэн тохирсон 5,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж, талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн амаар хэлцэл хийсэн байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр “худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна.

- Худалдан авагч Н.******* нь суурьтай “Старлинк-2” төхөөрөмжийн үнэ 5,000,000 төгрөгийг төлсөн, маргааны зүйл болох суурьтай “Старлинк-2” төхөөрөмжийг хүлээн авсан боловч худалдагчид буцааж өгсөн болох нь нэхэмжлэгчийн ХААН банк дахь ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон.

3. Нэхэмжлэгч Н.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие 2024 оны 08 сарын 17-ны өдөр иргэн Ц.*******аас интернэт цацдаг төхөөрөмж болох “старлинк жен 2” төхөөрөмжийг 5,000,000 төгрөгөөр өөрийн хадам Н.*******т худалдан авч өгөхөөр болж 5,000,000 төгрөгийг Ц.*******ын ХХБ-ны ******* тоот данс руу шилжүүлсэн. Уг төхөөрөмжийг Сэлэнгэ аймагт хөдөө ажиллуулах гэсэн боловч шатаж нэг ч удаа ажиллаагүй. Энэ үйл явдал 3 удаа давтагдсан. Ц.******* “одоо зүгээр ээ” гээд явуулдаг боловч ажилладаггүй. Төхөөрөмжийг 4 дэх удаагаа буцаан өгч мөнгөө авах гэсэн боловч “төхөөрөмжөө ав, мөнгө өгөхгүй” гэж өөртөө давуу байдал бий болгож, намайг хүмүүсийн дунд хохироож байна. Төхөөрөмжийг Ц.*******ад буцааж өгсөн байгаа. Тиймээс төхөөрөмжийн үнэ 5,000,000 төгрөг, бусад зардалд 251,000 төгрөг, нийт 5,251,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч Ц.******* хариу тайлбартаа: 2024 оны 08 сарын 17-ны өдөр над руу дугаараас холбогдож суурьтай “старлинк жэн 2” төхөөрөмжийг 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд надтай 2024 оны 08 сарын 19-нд утсаар холбогдож ******* гэх хүний эхнэр гэх хүний нэр дээр бүртгэл идэвхжүүлэлт хийлгээд “ажиллаж байна” гээд яриа дууссан. Гэтэл 2024 оны 08 сарын 24-нд “ажиллахгүй болчихлоо” гэж ярихад нь би явуулчих гэж хэлээд хүлээж аваад тэжээлийн блок шатсан байсныг нь солиод буцаагаад явуулсан. Тэжээлийн блок нь цахилгаан тогоо хэлбэлзүүлэх, нэмэх хасах туйлыг сольж өгөх зэрэгт шатдаг. 2024 оны 09 сарын 02-ны өдөр ******* гэх хүн утсаар ярьж “ах аа дахиад ажиллахгүй болчихлоо, ер нь би буцаагаад мөнгөө авъя” гэхээр нь “та нарын буруу шүү дээ, буцаах боломжгүй” гэдгийг хэлсэн. Ингээд мөн л тэжээлийн блок шатсан байсныг нь солиод буцаагаад явуулсан. Гэтэл 10 дугаар сарын эхээр “энэ чинь ажиллахгүй байна. Үүнийгээ буцааж аваарай, мөнгөө авъя” гээд унаанд өгөөд явуулсан байсан. Би өгч явуулсан машиных нь жолоочийн хажууд, мөн ойрхон байсан дэлгүүрийн худалдагчийг гуйж тогонд залгаж шалгаж үзэхэд ажиллаж байсан. Ажиллаж байгааг нь хэлсэн боловч уурлаж намайг элдвээр загнаж, мөнгөө авна гээд байсан. Нэг ч удаа ажиллаагүй гэсэн нь худлаа. Старлинкийг идэвхжүүлснээс хойш нийт 14 хоног, 44 GB ашигласан байсан. Мөн Старлинк компанийн баталгаанд зөвхөн өөр төхөөрөмжөөр сольж өгнө, цахилгааны асуудлаас үүдсэн гэмтэл баталгаанд хамаарахгүй гэж заасан байгаа. Би энэ хүнээс 5,251,000 төгрөг аваагүй. Үйлчилгээ авсан 251,000 төгрөгийн төлбөр нь надад хамаагүй. Энэ төхөөрөмж нь одоо надад байгаа. Старлинк компанийн баталгаагаар бол цахилгааны улмаас тэжээлийн блок шатсан нь надад харааралгүй. Тиймээс мөнгийг өгөх боломжгүй, төхөөрөмжийг нь өгнө гэж тус тус тайлбарлаж маргасан.

4. Зохигчдын хооронд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, хариуцагч Ц.******* нь суурьтай “Старлинк-2” төхөөрөмжийг худалдан авагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Н.******* нь төхөөрөмжийн үнэ 5,000,000 төгрөгийг худалдагчид төлөх үүргийг хүлээжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

5. Нэхэмжлэгч Н.******* тухайн төхөөрөмжийг худалдан авах үедээ зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг шалгаж авах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нь хөдөө ажиллахад тохиромжтой интернэтийн төхөөрөмж худалдан авахаар хариуцагч Ц.*******тай онлайнаар холбогдон суурьтай “Старлинк-2” төхөөрөмжийг авсан байх ба тус маргаан бүхий суурьтай “Старлинк-2” төхөөрөмж нь анх 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр /худалдан авснаас хойш 5 хоногийн дотор/ доголдон ажиллахгүй болж, үүнээс хоёр сарын дотор гурван удаа буцаан доголдлыг засварлуулж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогддог.

Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа анз /алданги, торгууль/ хэсэгт “...251,000 төгрөг” гээд шаардлагын үндэслэлдээ “...замын зардал, интернэт сунгалт зэрэг мөнгөөр хохирч байна. Тиймээс 5,251,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж” байна гэсэн нь 251,000 төгрөгийг алданги гэж нэхэмжлээд байна уу, өөрт учирсан хохирол гэж нэхэмжлээд байна уу гэдэг нь тодорхойгүй, түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэн “...Старлинк компанийн баталгаанд зөвхөн өөр төхөөрөмжөөр сольж өгнө, цахилгааны асуудлаас үүдсэн гэмтэл баталгаанд хамаарахгүй. Үйлчилгээ авсан 251,000 төгрөгийн төлбөр нь надад хамаагүй. Тиймээс мөнгийг өгөхгүй, төхөөрөмжийг өгнө” гэж тайлбарлан маргадаг боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан ...чанар бүхий эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Старлинк” компанитай гэрээ байгуулсан, тус компаниас баталгаа гаргаж өгсөн гэх үйл баримтууд тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.*******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 251,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,966 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ