Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/509

 

 

 

 

 

 

  2023             05            16                                       2023/ДШМ/509

 

 

          Д.Д-д холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Р,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Э.Г,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/269 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Д-д холбогдох ...................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө .........дүүргийн ........... дугаар хороо, .............. тоотод байрлах өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ хадам эгч Ж.М-тэй мөнгө хулгайлсан гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний толгой тус газар нь өшиглөж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-г 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Д-ийн 2022 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 29 хоног, нийт цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 1 ширхэг хромон гутлыг Д.Д-ийн ар гэрт буцаан олгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-д 24.308.337 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед Ж.Д болон манай ээж Ж.М нар Д.Д ахын гэрт байсан мөнгө алга болсон талаар хоорондоо маргалдах үед Д.Д ах тэнд байгаагүй ба тэр явдал тухайн үедээ болоод өнгөрсөн байдаг. Энэ асуудлаас хойш хэдэн цагийн дараа нагац эгч Ж.Д унтаж байх үед ээж Ж.М толгой руу нь хөлөөрөө өшиглөөд босооч гэсний улмаас тэр хоёр маргалдсан боловч удалгүй эгч эргээд унтсаны дараа ээж Ж.М нь Д.Д рүү очиж түүний нүүр лүү хэд хэдэн удаа цохиж улмаар зуухны өмнө байсан галын дэгээ төмөр авч цохих гэж далайх үед Д.Д түүнд цохиулахгүй гэсэндээ түүний толгой руу 1 удаа өшиглөсөн байдаг. Манай ээж Ж.М галын дэгээ төмөр аваагүй бол Д.Д түүнийг өшиглөхгүй байсан нь тодорхой байна. Иймд хохирогчийн дээрх буруутай үйлдлийн улмаас энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж, хүргэн ах Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Энэ хэрэгт манай ээжийн буруу байсан тул надад гомдол, санал байхгүй. Д.Д-д хамгийн бага ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа боловч шийтгэх тогтоолын холбогдсон хэргийн товч утга гэсэн хэсэгт хадам эгч Ж.М-тэй мөнгө хулгайлсан гэх шалтгааны улмаас маргалдсан” гэж, тодорхойлох хэсгийн 6 дахь хэсэгт “...хадам эгч Ж.М-тэй урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгой тус газарт хөлөөрөө өшиглөж алсан” гэж, 8 дахь хэсгийн 8.3 дахь хэсэгт “шүүгдэгч нь амь хохирогчтой маргалдах үедээ түүний толгойн тус газар хөлөөрөө өшиглөж цохисон” гэж дурдсан нь болсон үйл явдал болон бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн үед хадам эгч Ж.М болон манай эхнэр Ж.Д нар манай гэрт байсан мөнгө алга болсон талаар хоорондоо маргалдах үед би тэнд байгаагүй ба тэр явдал тухайн үедээ болоод өнгөрсөн юм. Энэ асуудлаас хойш хэдэн цагийн дараа манай эхнэр Ж.Д унтаж байх үед Ж.М нь манай эхнэрийн толгой руу хөлөөрөө өшиглөөд босооч гэсний улмаас эхнэр Ж.Д сэрж тэр хоёр маргалдсан боловч удалгүй эхнэр эргээд унтсан юм. Би унтаж байгаа хүн зүгээр унтуулаач гэж хэлтэл хадам эгч Ж.М над руу ирж миний баруун гар луу гутлаараа хэд хэдэн удаа цохиж улмаар зуухны өмнө байх галын дэгээ төмөр авч намайг цохих гэж далайх үед би түүнд цохиулахгүй гэсэндээ төмөр рүү өшиглөх гэж байгаад түүний толгой руу 1 удаа өшиглөсөн юм. Ж.М галын дэгээ төмөр авч намайг цохих гэж далайх үйлдэл хийгээгүй бол би түүнийг өшиглөхгүй байсан. Иймд хохирогчийн дээрх довтолгоог таслан зогсоох зорилгоор толгой руу нь нэг удаа өшиглөсөн үйл явдлыг үнэнээр нь тодорхойлж өгөхийг хүсэж байна. Миний бие Ж.М-ийн толгой руу нэг удаа жийж өшиглөсний улмаас талийгаачийн тархинд цус харваж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар шууд нас барсныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хохирогчийн дээрх буруутай үйлдлийн улмаас энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байх тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Э.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын 2 дахь хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдлын агуулга нь шүүгдэгчийн гомдлын агуулгатай ижил юм. Шүүгдэгч нь хийсэн үйлдлийнхээ талаар анхан шатны шүүх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргахгүй, бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Тухайн агшинд хохирогч, шүүгдэгчээс өөр хүн байгаагүй ч шүүхийн шийтгэх тогтоолд агуулгын хувьд буруу дүгнэлт хийсэн. Хохирогч, гэрч нар нь энэ үйл явдал болохоос өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, мөнгөний асуудлаас болж маргалдаж зууралдсан. Гэтэл үүнтэй холбоотойгоор Д.Д-ийн хэргийн сэдэлтийг бичсэн нь буруу байна. Маргаанаас хойш гурвуулаа архи хэрэглэж Д.Д амрахаар хэвтсэн. Гэтэл Д.М түүнийг “бос” гээд цохих үйлдэл хийхэд нь Д.Д шаардлага тавихад Д.М эсэргүүцэж сандлаар цохисон. Дараа нь төмөр барьж цохих үйлдэл гаргахаар нь Д.Д түүнийг нэг удаа тийрч өшиглөсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг өөр нотлох баримтаар няцаагдаагүй. Мөн Д.Д нь “миний өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирч нас барсан” гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой мэдүүлсэн. Мөн шүүгдэгч талаас хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хувийн байдлын хувьд, Д.Д нь төлөв даруу зантай, ажилч хичээнгүй. Ходоодны архаг үрэвсэл, даралт ихсэх өвчтэй бөгөөд уг өвчний улмаас тухайн өдөр ажилдаа явж чадаагүй байсан нь тийм тохиолдол гарахад нөлөөлсөн. Түүнээс биш согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, ажил төрлөө хийж явсан иргэн юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтогдсон. Тухайлбал, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг сайн дураа төлж барагдуулсан. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас 3 нь шүүгдэгчийн үйлдэлд бий.  Тухайлбал,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн, мөн эмнэлгийн түргэн тусламж дуудсан, хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан нөхцөлүүд байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл бий болсон талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ялын дээд хэмжээний хоёрны гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны гурваас багагүй ял оногдуулж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Р тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Д-ийн хувьд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийтгэх тогтоол гаргасан. Шүүгдэгч нь амь хохирогчийн толгойн тус газар хөлөөрөө өшиглөсний улмаас талийгаач гавал тархины битүү гэмтэл авч тархины аалзан хальс, ховдолд цус харваж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаас болж нас барсан. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг зааж тухайн зүйл ангид заасан ялын хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлж барагдуулсан боловч хүний амь насыг үнэлэх боломжгүй. Талийгаач нь 49 настай байсан бөгөөд түүний ард бага насны хүүхэд хохирч үлдсэн. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилахгүй бөгөөд хүүхдэд насан туршийн хор уршиг учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ....................дүүргийн ................. тоотод байх өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ хадам эгч Ж.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн зүүн хэсэгт өшиглөж гавал тархины битүү гэмтэл бүхий амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-ын “...замдаа явж байхдаа юу болсон талаар дам яриагаар сонсоход хүргэн ах Д-ийн гэрт архи ууж байгаад хоорондоо маргаан үүсгэж улмаар “Д гэх хүн манай ээжийн толгой руу өшиглөж унагаахад буцаж сэргээгүй, ухаан алдаж улмаар нас барсан" гэдгийг би сонссон юм. ...Талийгаач ээж маань ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, цөсний чулууны хагалгаанд орж байсан. Архи согтууруулах ундаа тааруулан хэрэглэдэг, ах дүү хамаатан садны хүрээнд тохируулан хэрэглэдэг байсан юм. Тухайн асуудлыг хууль журмын дагуу шийдэж өгнө үү. ...Оршуулгын зардалд нийт 24.308.337 төгрөгийн зардал гарсныг хүлээн авсан. ...надад гомдол санал гэх зүйл байхгүй. ...” /1хх 46-48, 51-52/,

насанд хүрээгүй гэрч Л.Б-ын “...23 цагийн орчимд А ах, бид 2 Д ахын гэрт очсон. Ах удаагүй гэр рүүгээ явлаа гэж хэлээд явсан. Гэрт орж ирэхэд Д эгч унтаад өгсөн. Тэгтэл М эгч Д эгчийг сэрээх гээд хөөе босооч гэж хэлээд гараараа нуруу руу нь цохиод байсан. Энэ үед Д эгч сэрээд босоод суучихсан. Тэгтэл Д ах М эгчид хандаж хөөе п..да минь болиоч, наадхаа зүгээр унтуулаач гэж хэлтэл М эгч Д ахын нүүр хэсэгт 2 удаа алгадсан чинь Д ах уурлаж босож ирээд М эгчийн хүзүүнийх нь зүүн хэсэгт том хар өнгийн гуталтай баруун хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед М эгч биеийнхээ зүүн талын хэсгээр газарт шууд унаад өгсөн. Би урд гэр лүү гүйж ороод аавын төрсөн дүү болох хараагүй Л эгчийг дуудсан. Л эгч орж ирээд М эгчийг амьсгалахгүй, зүрх нь цохилохгүй байна гэхэд Д ах 103 дуудсан. Эмч ирж үзээд зүрх нь зогссон байна гэж хэлсэн. ...” /1хх 63-65/,

гэрч Б.Д-ийн “...2022 оны 10 дугаар сарын 21-ний үүрийн 03 цаг 17 минутад бургат 10-аас ....... дүүргийн ............... тоотод “хүн амины хэрэг гарчихлаа” гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авч уг дуудлагад 5-10 минутын дараа тухайн хаягт очиход нөхөр гэх мөн 40 гаран насны гэмээр намхан туранхай эрэгтэй манай хадам эгч Ж.М манай эхнэр Д-г унтаж байх үед нь сэрээх гээд алгадаад байхаар нь “чи наадхаа зүгээр унтуулчих п...а минь гэж хэлэх үед манай хадам эгч тэр үгэнд уурлаж улмаар надад агсам тавиад намайг сууж байхад миний зүүн хацар луу 2 удаа гараараа алгадахаар нь би босоод түлхтэл арагшаа унасан, тэгэхээр нь өмсөж байсан хромон гуталтай хөлөөрөө түүний нүүр орчим руу 1 удаа өшиглөтөл хадам эгч дахиж босож ирэлгүй хөдөлгөөнгүй болчихсон. Тухайн үед юу болсон гэдгийг манай хадам эгчийн хүүхэд болох Б харж байсан. Би хүн алчихлаа гэж бодоод түргэн дуудаж үзүүлсэн түргэн ирээд нас барсан байна гээд цагдаа руу дуудлага өгсөн. ...” /1хх 68-69/,

гэрч Д.Д-ийн “...Би эгч М-тэй гэр рүүгээ өгсөж явахдаа 1 шил 0.75 литрийн архи аваад буцаад гэртээ орсон. Уг архийг манай нөхөр Д.Д, эгч М бид 3 хувааж уугаад сууж байгаад би архи талдаа ороход согтоод унтаад өгсөн. Харин намайг унтаж байхад манай эгч М хөлөөрөө толгой руу босооч гээд нэг удаа цохисон би босож ирээд уурлаад түүнийг гэрээс яв гээд хөөж түлхсэн, зурагт руу түлхсэн. Энэ үед манай нөхөр уурлаад намайг өмөөрч эгчийг мөн адил түлхсэн, ингээд би архи хундагалаад уусан. Үүнээс цааш би юу ч санахгүй, эгчийг харахад орны тэнд сууж байгаа юм шиг харагдсан, ингээд би дүү Л-ыг дуудуулсан. Тухайн үед аниагийн толгойг бариад сэрээч ээ гээд суусан, харин манай дүү ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байна гээд эмнэлэг дуудсан бөгөөд цагдаа эмнэлэг ойролцоо ирсэн бөгөөд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд аваачсан юм. ...” /1хх 71-73/,

гэрч Д.О-ын “...Цагдаагийн хэлтэс дээр намайг очих үед Д болсон үйл явдлыг хэлэхдээ Б эгч та хоёрыг шөнө явсны дараа намайг гэртээ унтаж байх үед М эгч одоо бос гээд байсан тэгэхээр нь би босоод М эгчтэй маргалдаж түүнийг түлхэх үед манай гэрийн зурагтыг тохойгоороо цохиод хагалчихсан. Тэгтэл манай нөхөр Д босож ирээд М эгчтэй маргалдан улмаар түлхэж газар унагаагаад 2-3 удаа цохисон тэгтэл М эгч хөдөлгөөнгүй болчихсон тэгээд түргэний эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлээд явсан гэж хэлсэн. М эгчийн биеийн аль хэсэгт нь Д-г юугаар цохисон талаар хэлээгүй. Ямар ч байсан Д-г цохисны дараа М эгч хөдөлгөөнгүй болчихсон гэж хэлсэн. ...” /1хх 76-77/,

шинжээч Ө.С-ийн “...Талийгаачийн тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух зулай чамархай дагзны орой завсар суурь, бага тархины баруун зүүн мөчрийг хамарсан дагзны хальсан доорх цус харвалт баруун зүүн хажуугийн ховдлын цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн цохих өшиглөх үед үүссэн гэмтэл юм. Бусад гэмтлүүд нь буюу цээж зүүн бугалга, шуу баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. ...дээрх гавал тархины битүү гэмтэл авсан үед идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй. ...эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь аврагдах боломжгүй. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. ...” /1хх 152-153/,

яллагдагч Д.Д-ийн “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би нэг л удаа хөлөөрөө жийсэн ...” /1хх 161-162/ гэх мэдүүлгүүд,

“...Талийгаачид тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны орой завсар суурь, бага тархины баруун зүүн мөчрийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт баруун зүүн хажуугийн ховдлын цус харвалт, хүзүүнд цус хуралт зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, цээж, зүүн бугалга, шуу, баруун шилбэнд цус хуралт, зулгаралтууд, зүүн 4.5-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай чамархай дагзны орой завсар суурь бага тархины баруун зүүн мөчрийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, баруун зүүн хажуугийн ховдлын цус харвалт хүзүүнд цус хуралт зулгаралт, зүүн нүдний зовхи зүүн хацар цээж, зүүн бугалга шуу, баруун шилбэнд цус хуралт, зулгаралтууд нь амь ахуйд үүссэн шинэ гэмтлүүд, зүүн 4, 5 дугаар хавирганы хугарал нас барсны дараа үүссэн, зүрхэнд сэхээн амьдруулах тусламж үзүүлэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гавал тархины гэмтлүүд нь хүнд бусад гэмтлүүд нийлээд хөнгөн гэмтлүүд болно. Талийгаачийн биед ерөнхий судас хатуурах өвчин, ходоодны архаг үрэвсэл элэгний хөнгөн зэргийн өөхлөлт, умайн булчингийн архаг үрэвсэл бүхий өвчнүүд архаг хууч өвчтэй байна. Талийгаачийн цусанд 3.2. шээсэнд 3 4 промилль спиртийн зүйл илэрсэн САЗ-н хүрээнд хорт бодис эмийн бодис илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Талийгаач нь В/3/ бүлгийн цустай байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальс ховдолд цус харваж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар шууд нас баржээ. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2752 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 127-137/,

дуудлагын лавлагааны хуудас /1хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 11-15/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-24/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 27-34/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 36-37/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Д.Д-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тодруулбал, амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх, гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг бөгөөд үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт болон гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол болон энэ үр дагавар нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг шүүх үндэслэлтэй тогтоосон гэж үзэв.

Шүүх, шүүгдэгч Д.Д-г хохирогч Ж.М-тэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас тархины аалзан хальс ховдолд цус харваж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан буюу хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О “...хохирогчийн буруутай үйлдлийн улмаас энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж, хүргэн ах Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. ...”, шүүгдэгч Д.Д “...Миний бие Ж.М-ийн толгой руу нэг удаа жийж өшиглөсний улмаас талийгаачийн тархинд цус харваж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар шууд нас барсныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хохирогчийн дээрх буруутай үйлдлийн улмаас энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. ...”, шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Э.Г “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ялын дээд хэмжээний хоёрны гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны гурваас багагүй ял оногдуулж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж хуульчилсан бөгөөд анхан шүүхээс шүүгдэгч Д.Д-д тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээний буюу 8 жилийн хорих ял оногдуулсныг хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/269 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                                

                                ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

 

 

                                ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ