Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 40

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Хохирогч: П.Б 

Хохирогчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг 

Шүүгдэгч: П.Б  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бо овогт П-н  Б т холбогдох эрүүгийн 1712002050015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч П.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Ц сумын Х баг, М гэх газар иргэн П.Б-ой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие махбодид нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч П.Б  шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө: Айлын гаднаас мотоциклио аваад гэр рүүгээ явсан. Тухайн үед миний мотоцикль унтраад явахгүй  болохоор нь өндөр хаазан дээрээ  тавьсан явж байсан. Хонины хашааны наана нэг хүн даллаад дуудахаар нь яваад очтол П.Б ах байсан. Тэгээд би тухайн үед мотоциклио унаад өндөр хаазтай явсаар байгаад хажууд нь очоод зогссон чинь чи намайг дайрах нь уу гэхээр нь би хүн дайрахгүй шүү дээ, юу балай юм яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь би балай байна уу гэж хэлээд намайг нэг удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд урдаас нь цохисон, мөргөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Хохирогч П.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Архангай аймгийн  сумын Х баг, М гэх газарт хэрэг болсон. Хонио хайгаад явж байхдаа П.Б ын гэрээр орчихоод явж байсан. Тэр үед О-тай таарсан чинь намайг хэл амаар доромжлоод, пизда минь гээд байсан. Тэгээд тэдний гэрээс гараад явган явж байтал мотоцикльтой хүн явж байхаар нь далласан. Тухайн үед би хэн гэдгийг нь таниагүй, ирэхээр нь харсан чинь П.Б  байсан. Мотоцикльтойгоо нэлээн ширүүн хурдтай ирэхээр нь чи намайг дайрах нь уу гэсэн чинь дайрсан ч  яадаг юм бэ гэж хэлснээ намайг мотоцикль дээрээсээ барьж аваад өмсөж явсан хар куртикийн мөрөн дээрээс зуураад доош нь дараад толгойгоороо хамар болон зулай хэсэгт 5-6 удаа мөргөсөн. П.Б  мэдүүлэг өгөхдөө намайг эхлээд цохисон гэж байна, би бол цохиогүй, энэ хүн худлаа яриад байна. П.Б  тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би бол хэрэглээгүй байсан. Намайг хэл амаар доромжилж байхдаа тунтуу минь, боовны үс минь чамайг ширхэг ширхгээр чинь зулгаана шүү гэж заналхийлж, хамаг хувцсаа тайлчих хоёулаа жалганд очъё гэж хэлж байсан.  Бид хоёрыг маргалдаж байхад П.Б ын эхнэр, Отгонбаяр, Отгонбаярын эхнэр гурав хүрч ирсэн. Тэр гурав ирээд бид хоёрыг салгасан ч юм байхгүй. Тэгээд би гэртээ харихад настай ээж байхаар нь болсон үйл явдлыг хэлсэн. О-ын хэлж байгаагаар бид хоёрыг салгасан бол би өнөөдөр эрүүл мэндээрээ хохироод зогсож байхгүй байсан. Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд маань бага насны, эхнэр удахгүй 04 сард төрнө. Би П.Б аас 1.000.000 төгрөг авсан. Би 11 сард эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тэр үед П.Б  аав ээжтэйгээ ирээд хохирол төлбөрийг төлнө 2017 оны 01 сарын 17 гэхэд 2.000.000 төгрөг өгнө гэж хэлээд аман хэлцэл байгуулаад явсан боловч  өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би эрүүл мэндээрээ хохирсон, ажил хийж чадахгүй, мөнгө төгрөг олж чадахгүй, эхнэр хүүхдээ тэжээн тэтгэж чадахгүй маш их хохирч байна, бага байхдаа барилдаж байгаад хамар луугаа мөргүүлж гэмтэл авч байсан гэв.

 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч П.Б-ийн өгсөн: ...Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой 17:00 цагийн үед Архангай аймгийн Ц сумын Х баг М гэх газарт байдаг ээжийнхээ гэрээсээ гараад явган хониндоо явж байгаад П.Б ын гэрийн ойролцоо хонь байхаар нь П.Б ын гэрт ороод хонио асуух гэсэн чинь П.Б ын найз Отгонбаяр гэх хүн эхнэртэйгээ байсан. Намайг гэрт нь ороход пиздаа минь, банди минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхлээр нь чи тэгж болохгүй ээ гэж хэлээд гэрээс нь гараад доошоо явж байсан чинь нөгөө хонин дээр Пүрэв-Очир гэх хүн эхнэртэйгээ хонио хариулаад явж байсан. Би тэгээд Пүрэв-Очир гэх хүнээс хонио асуучихаад явж байсан чинь нэг мотоцикльтой хүн явж байхаар нь хонио асуух гээд далласан чинь давхиад ирсэн. Тэгсэн П.Б  гэх залуу байсан. Над дээр жаахан хурдтай ирээд ойрхон зогсохоор нь би тоглоод чи чинь дайрах нь уу гэсэн чинь чамайг дайрсан ч яадаг юм гээд мотоцикль дээрээсээ намайг күртикний 2 мөрнөөс бариад миний нүүрэн хэсэг рүү 4-5 удаа мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гараад зогсож байгаад чи чинь яаж байна гэсэн чинь намайг хүний олон хүнээ барьдаггүй юм гээд барьцалдаад зогсож байсан чинь араас нь П.Б ын эхнэр, Отгонбаяр эхнэртэйгээ хамт ирсэн. Ирээд П.Б ын эхнэр салгах гэж байснаа болиод наад Болдоо чинь хүн харахаараа улам хөөрөөд байдаг юм салгаад яах юм гэсэн. Тэгээд П.Б  намайг тунтуу боовны үс минь чамайг яахыг чинь харна гээд баахан хэл амаар доромжилсон. Тэгээд би арай гэж нэг юм салаад хээр унах гээд байхаар нь гэр лүүгээ харьсан. Тэгээд орой түргэн дуудаж үзүүлсэн. Ямар учраас зодсоныг нь мэдэхгүй байна. Би хонио асуух гээд дуудсан чинь хар хурдаараа давхиж ирээд би урдаас нь дайрах нь уу гэсэн чинь л намайг зогсоо зайгүй зодсон. Миний хамар цөмөрсөн толгой өвдөж байна. Сумын их эмч Төрмагнай миний хамрын цөмрөхийг гаргасан. Миний толгойн хэсэгт духаараа 4-5 удаа мөргөсөн би тухайн үед жаахан балмагдаад хэсэг юу болсныг сайн санахгүй байна. П.Б  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Отгонбаяр намайг зодсон асуудал байхгүй намайг хэл амаар банди минь, пиздаа минь гэж доромжилсон. Нилээн халамцуу байх шиг байсан. Би гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би өмнө нь эмчилгээний зардал 1.000.000 төгрөг авсан юм. Би одоо хамрын муруйг тэгшлэх хагалгааны зардал 1.500.000 төгрөг П.Б аас нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 хуу/

 

Гэрч Э.Дэлгэрмаагийн өгсөн: ... 2017 оны 10-р сарын 17-ны өдөр 16:00-17:00 цагийн үед Отгонбаяр өөрийн эхнэр Алтанцэцэгийн хамт манай гэрт надтай юм яриад сууж байсан чинь гаднаас П.Б орж ирээд мэндэлсэн чинь Отгонбаяр урдаас нь пиздаа сайн уу гэсэн чинь П.Б уурлаад заамдаж аваад аман хүзүүг чинь боочихно шүү гэж хэлэхээр нь Алтанцэцэг бид хоёр салгаад П.Бямбадоржийг гэрээс гаргасан. Тэгсэн чинь Отгонбаяр гэрээсээ ороод ирээч чи гэсэн чинь П.Б юу гэнээ чи гэж байснаа манайхаас урагшаа явган яваад манай хажууд байдаг Пүрэв-Очир, Анхаа гэх 2 хүн хонин дээрээ явж байсан чинь шууд очоод юм яриад байсан. Тэгээд удалгүй манай нөхөр П.Б  мотоцикльтой явж байснаа П.Б дээр очоод зууралдаад байж байхаар нь би явган гүйж очоод салгасан чинь хэсэг зүгээр зогсож байснаа 2 биенээ хэл амаар доромжлоод дахиж барьцалдаж авах гээд байж байсан чинь Отгонбаяр ирээд салгасан. Тэгээд хоёр тийшээ явцгаасан. П.Б, Отгонбаяр 2 хоорондоо зодолдоогүй. Отгонбаяр харин өөдөөс нь юу байна пиздаа гэсэн чинь П.Б гэх хүн уурлаад чи яасан хүн пиздаа гэж хэлээд сурчихсан юм бэ гээд заамдаад авсан. Тэгээд салцгаасан. П.Б  амнаас нь цус гарчихсан дээл нь цус болчихсон, П.Б хамраас нь цус гарчихсан күртик нь цус болчихсон зууралдаад байж байсан. Би тэгээд салгасан чинь хоорондоо 2 биенээ янз бүрээр хэлээд байсан. Тухайн үед Отгонбаяр 0,5 литрийн архи манай нөхөр П.Б тай хувааж уусан нэг их согтоогүй байсан. П.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Юунаас болж маргалдсан талаар нь мэдэхгүй байна уг нь хоорондоо хамаатан хүмүүс байгаа юм өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

 

Гэрч Б.Отгонбаярын өгсөн: ...2017 оны 10-р сарын 17-ны өдөр 14:00 цагийн үед өөрийн эхнэртэйгээ хамт П.Б ынд очоод өвөртөлж ирсэн архиа П.Б тай хамт хувааж уучхаад байж байсан чинь П.Б  хониндоо явсан. Тэгээд орой 16:00-17:00 цагийн үед гаднаас П.Б жаахан ууртай орж ирээд П.Б ын эхнэр Дэлгэрмаатай юм яриад сууж байхаар нь би гэнэт юу хийж байна пиздаа минь гэсэн чинь П.Б уурлаж босож ирээд юу яагаад маяглаад байгаа юм хүзүүг чинь хуга мушгина гээд намайг заамдаж авсан чинь манай эхнэр Алтанцэцэг, Дэлгэрмаа 2 салгаад П.Б-ийг гэрээс гаргасан. Гэрээс гараад П.Б урагшаа шууд яваад Пүрэв-Очир гэх хүн дээр очиж юм яриад байх шиг байсан. Удалгүй П.Б  урдаас нь мотоцикльтой явж байснаа очоод барьцалдаад авсан байхаар нь би эхнэрээ сундлаад араас нь очсон чинь П.Б-ийн хамрынх нь цус гарчихсан байж байсан. Би П.Б-ийг салгаад одоо харь гэж хэлсэн чинь намайг яахлаараа шаадаг юм гээд орилоод байсан. Тэгж байгаад харьцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Гэрч П.Пүрэв-Очирын өгсөн: ... Би 2017 оны 10 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Үдээс хойш 16 цагийн үед мотоцилкьтой эхнэр Анхтуяаг сундлаад хонио туугаад явж байсан чинь П.Б явган ууртайдуу ирээд манай хонь харагдсан уу гэж асуухаар нь мэдэхгүй, хараагүй гэж хэлсэн. Тэгтэл Б  мотоцикльтой гэр лүүгээ явж байсан чинь Б дуудсан чинь Б  хүрч ирээд зогссон. Бямбадорж, Б ыг дайрах нь ээ гэсэн чинь Б  юу гэнээ банди минь гэтэл Б би банди байна уу гээд барьцалдаад авсан. Би тэгээд тоглож байгаа юм байх гэж бодоод яваад өгсөн. Намайг явж байхад Отгонбаяр мотоцикльтой ирж байсан. Б  Б-ийг цохиж зодсон талаар би мэдэхгүй байна. Миний дэргэд зодолдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

П.Б ийн яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 17-ны Ц сумын Х багийн Т гэх газраас мотоциклио очиж авчихаад буцаж явсан юм. Би гэрийнхээ урдхан талд явж байтал П.Б намайг даллаад дуудахаар нь би өөдөөс очоод нилээн ойрхон очоод зогстол П.Б дайрах нь уу гэсэн. Тэгэхээр нь би юу гээд балайраад байгаан бэ? Би таныг юу гэж дайрдаг юм гэж хэлтэл банди минь зүгээр байгаарай гээд уруул руу цохиод авсан. Тэгэхээр нь би уурлаад заамдаж аваад нүүр рүү мөргөчихсөн юм. Би П.Б-ийн нүүр рүү толгойгоороо 3 удаа мөргөсөн. Тэр үед миний мотоцикль унтарчих гээд нилээн өндөр хаазтай явж байсан юм. Тэгээд П.Б-ийг дуудахаар нь нилээн өндөр хаазтай ойрхон ирээд зогсчихсон чинь чи хүн дайрах нь уу? гээд намайг банди минь гээд цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү толгойгоороо мөргөчихсөн. Бид хоёрт өмнө нь өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. Би П.Б-д эмчилгээний мөнгө гээд 1.000.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний 450 дугаар дүгнэлт:

1. П.Б-ийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. П.Б нь духны хөндий, зүүн гайморын хөндийн архаг ургацаг /полип/ өөрчлөлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны 54 дүгээр нэмэлт дүгнэлт:

1. 2017.10.24-ний өдөр П.Б-ийн биед нь үзлэг хийж 2-р шатлалын эмнэлгийн рентген шинжилгээ, чих хамар хоолойн эмчийн үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасан тул үнэн зөв.

2. П.Б-ийн биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. П.Б нь хамрын таславчийн муруйлт, хамар ясны хуучин цөмөрсөн хугарал гэмтэлтэй байна. Гэмтэл учирсан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Духны хөндий, хоншоорын хөндийн архаг уйланхай төст /ургацаг/ өөрчлөлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45-46 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 хуу/ 

Эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-50 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Б т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цсумын Хбаг, М гэх газар иргэн П.Б-той маргалдан түүний нүүрэн тус газар толгойгоороо 3-4 удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Б  нь хохирогчийг зодсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч П.Б, гэрч Э.Дэлгэрмаа, Д.Отгонбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний 450 дугаар дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны 54 дүгээр нэмэлт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Б  нь хохирогч П.Б-ийн нүүрэн тус газар толгойгоороо 3-4 удаа мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас П.Б ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.Б ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч П.Б-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд хохирогчийн биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, хамар ясны хуучин цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдсон бөгөөд үүнээс хамрын таславчийн муруйлт, хамар ясны хуучин цөмөрсөн хугарал гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд гэмтэл учирсан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй гэжээ. Мөн хохирогч нь хамрын таславчийн муруйлт, хамар ясны хуучин цөмөрсөн хугарал гэмтлийг хэрэг болохоос өмнө авсан талаараа шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө дурджээ.

Иймд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хамрын таславчийн муруйлт, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хохирогчоос хамрын муруйлтыг засуулах мэс засалд зарцуулахаар шүүгдэгчээс нэхэмжилж байгаа 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин хохирогчийн биед тогтоогдсон хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн 54 дүгээр нэмэлт дүгнэлтэнд дурдсан бөгөөд энэ гэмтлийг нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан гэж үзлээ.

Хохирогч П.Б нь эмчилгээний зардалтай холбоотой 840.130 төгрөгийн нотлох баримт /хх-ийн 47-50 хуу/ гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь эмчилгээний зардалд тооцож 1.000.000 төгрөг шүүгдэгчээс авсан гэж мэдүүлэг өгсөн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

                                          

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн П-ийн Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан П.Б  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч П.Б  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч П.Б-ийн цаашид гарах эмчилгээний зардалд тооцож нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ