| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00703/И |
| Дугаар | 145/ШШ2025/00005 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 145/ШШ2025/00005
| 2024 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 145/ШШ2025/00005 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын ................ дүүргийн .............. дугаар хороо, .............. тоотод оршин суух, Б...............овгийн С.............н Ц......................н хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Ц..................., нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Ц................ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Ардын боловсролын хэлтсийн төвлөрсөн аж ахуйд хүнсний няраваар ажиллаж эхэлсэн. Зах зээл эхэлж эдийн засгийн хямралын улмаас улс даяар төвлөрсөн аж ахуйг татан буулгах шийдвэр гарсан. 1991 оны 03 дугаар сарын 14-нд Өвөрхангай аймгийн Боловсролын төвлөрсөн аж ахуй татан буугдаж тэнд ажиллаж байсан нярав, нягтлан, цахилгаанчин, сантехникч, морин тэрэгч нарыг Арвайхээр сургуулийн цэцэрлэгүүдэд шилжүүсүгэй гэсэн боловсролын хэлтсийн даргын тушаал гарч С.Ц................... би Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгт шилжин ажиллаж эхэлсэн. Боловсролын хэлстийн даргын аж ахуйг татан буулгах хүнсний няравуудыг 2 цэцэрлэгүүдэд шилжүүлсүгэй гэснээс хүн бүрийн нэрийг дурьдаагүй мөн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Боловсролын хэлтсийн даргын тушаалтай гээд цэцэрлэгт авч эрхлэгчийн тушаал гараагүй. Тэр үед цэцэрлэгийн эрхлэгч тушаал гаргахаас илүү Боловсролын даргын тушаалаар ажилд авдаг байсан. Тэгээд гаргасан тушаал дээр нэр байхгүй гээд гээд 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай гээд ажилласан жилээс хасаад байна. Би тасралтгүй няраваар 15 жил ажилласан. Дундаас нь 4 жил хасч байгаа нь надад хохиролтой байгаа учир намайг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгт 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл няраваар ажиллаж байсны тогтоож өгнө үү гэв.
№.............дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хугацаат цэргийн албанд татав, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хугацаат цэргийн албанаас хугацаа дууссан учир бэлтгэлээр хаав, 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдөр АБ төвлөрсөн аж ахуйд няраваар авч ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгов гэсэн,
Өвөрхангай аймгийн Ардын боловсролын хэлтсийн төвлөрсөн аж ахуйн эрхлэгчийн 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай тушаалд: Хүнсний няраваар С.Ц..............г 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай гэсэн,
Өвөрхангай аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай тушаалд: Төвлөрсөн аж ахуйд ажиллаж байсан 2 морин тэргийг морь, тэргийн хамт, хүнснийй 3 няравыг Арвайхээр хотын цэцэрлэгүүдэд шилжүүлсүгэй гэсэн,
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03-08/236 дугаартай албан бичигт: Тус архивын хадгаламжийн санд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгийн 1991-1995 оны архивын баримт шилжиж ирээгүй тул С..............н Ц....................д лавлагаа, хуулбар олгох боломжгүй болно гэсэн,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 дугаартай албан бичигт: Тус цэцэрлэгийн архивын хадгаламжийн санд 1991-1995 оны архивын баримт байхгүй тул няраваар ажиллаж байсан С.............н Ц................д хуулбар олгох боломжгүй болно гэсэн,
С.Ц....................д 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон баярын бичиг,
Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрэл зургууд,
Арвайхээр сумын Улсын Тэргүүний 2 дугаар цэцэрлэгийн 70 жил Эрдэм түүчээл ном
Гэрч Ц.Ц /РД:................../-ийн мэдүүлэгт: Хамгийн дээд талын зураг 1994 оны зураг байна. 2 дахь зураг нь 1992 оны шинэ жилийн зураг байна. Сүүлийн 3 дахь зураг нь 1992 оны шинэ жилийн барын зураг байна гэжээ.
Гэрч Б.Б /РД:....................../-ын мэдүүлэгт: 1991 оноос 2003 он хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгт няраваар ажиллаж байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч С.Ц нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
4. Б................ овгийн С..................н Ц............. /РД:................. нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгт 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл няраваар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Ардын боловсролын хэлтсийн төвлөрсөн аж ахуйн эрхлэгчийн 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай тушаалд, Өвөрхангай аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай тушаал, С.Ц............д 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон баярын бичиг, тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрэл зургууд, Арвайхээр сумын Улсын Тэргүүний 2 дугаар цэцэрлэгийн 70 жил Эрдэм түүчээл номны хуулбар, гэрч Ц.Ц /РД:................/, Б.Б............/РД:................../ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар .............. овгийн С.............н Ц............. /РД:................/-г Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгт 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл няраваар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА