Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Сүхжаргал,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Хохирогч Б.Ү, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар /ҮД:0150/,

Гэрч Б.Бөхболат, П.Пүрэвдаавуу,

Шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч Н.Болормаа /ҮД:0201/, Д.Энхтунгалаг /ҮД:0253/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У.Ат холбогдох 1706011480267 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Гравити хүч” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 22 дугаар гудамжны 439 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт У.А  

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

У.А нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шашлик плов” зоогийн газарт Б.Үүрийнцолмонтой маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Аын өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Б.Үүрийнцолмон Ачис компанитай холбоотой уулзья, мөн үндэслэлгүй мөнгө нэхээд байхаар нь би өөртэй чинь уулзахгүй гэдгээ хэлээд утсаа тасалсан. 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би ээж дээрээ очих гэж явж байхад утсаар Булган гэж хүн залгаад  би Үүрийнцолмонгийн төлөөлөгч нь байна надтай нэг уулзаад ярилцана уу, Шашлик хауст хүрээд ирээрэй гэхэд нь би “за тэгж болно” гээд Шашлик хауст яваад орсон. Яваад ороход энэ хүний өмгөөлөгч нь аавынх нь баз талын хүнтэй хамт сууж байсан. Ороод удаагүй байтал Үүрийнцолмон өөрийн нөхөр болох П.Пүрэвдаавуутай орж ирээд П.Пүрэвдаавуу нь миний хажуу талын ширээнд ганцаараа суусан Б.Үүрийнцолмон 3 ширээний цаад талд суусан. Тэгээд П.Пүрэвдаавуу нь намайг миний хажууд суучих ярилцах юм байна гэхээр нь ярилцсан. Б.Үүрийнцолмонгийн аав болох Баяраас худалдаж авсан байшингийн тухай ярилцсан. Би 18.000.000 төгрөгрөгөөр худалдаж авах гэрээ хийгээд төлбөр болох 14.000.000 төгрөгний бараа материалыг хүлээлгэж өгөөд үлдсэн 4.000.000 төгрөгийг хуучин эдний эзэмшлийн компанид ажиллаж байх үеийн миний үлдэгдэл цалин юм гэж П.Пүрэвдаавуутай ярилцаад сууж байхад Үүрийнцолмон ирээд намайг харааж эхэлсэн. Би чамайг хараана гэхээр нь би ууж байсан усаа цацсан. Тэгэх үед Пүрэвдаавуу гэдэг хүн миний нүүр лүү цохисон. Тэгээд би Пүрэвдаавуутай барилцаж аваад гэдсээр нь тэврэлдэх үед Үүрийнцолмон ар талаас цохиж эхэлсэн. Яг тэр үед өмгөөлөгч гэх Отгонбаяр болон Булган нар намайг салгасан. Тэгээд Б.Үүрийнцолмон, П.Пүрэвдаавуу нар гараад явсан. Ийм л үйлдэл болсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Үүрийнцолмонгийн өгсөн: “... Би Карьер гэдэг компанид захирлаар нь ажилладаг, манай аав ерөнхий захирлын ажлыг хийдэг. Анхбаяр нь 2 жилийн өмнө манай компанид технологчоор ажилд орж байсан. Тэгээд ажиллаж байх үедээ хулгай хийж бетоны нэмэгдлийг өөр хүмүүст зарсан нь тогтоогдоод ажлаас халагдаж байсан юм. 2017 оны 06 дугаар сард манай ажил дээр хүрч ирээд Төв аймагт байх 2 давхар байшингаа надад зар, зарахгүй бол би танай үйлдвэрийг чинь шатаана гэж сүрдүүлээд 60.000.000 төгрөгийн үнэтэй байшингаа 18.000.000 сая төгрөгөөр өгөхөөр болсон. Тэгээд төлбөртөө 12.000.000 төгрөгөнд цемент, дайрга аваад үлдэгдэл 6.000.000 төгрөгөө авах гээд очиход зодуулчихлаа” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Бэхболатын өгсөн: “... Би Шашлык хаусд зөөгч хийдэг. Гаднаас эхлээд 3 хүн орж ирэхэд хохирогч гэх эмэгтэй тэр 3 хүний нэг нь байсан. Дараа нь шүүгдэгч орж ирсэн. Тэгээд хоорондоо маргалдаад байсан. Манай хоолны газрын Узбек хүмүүс намайг маргалдаж болохгүй гэж хэл гэсний дагуу би очиж маргаанаа боль гэж хэлсэн. Тэр үед харахад шүүгдэгч нь ууж байсан ундаагаа цацсан байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Пүрэвдаавуугийн өгсөн: “... Тухайн үед шүүгдэгч нь надаа дээрэнгүй харьцаж, мөрөн дээр гараа тавьчихаад зодно цохино гэж сүрдүүлээд байсан. Манай эхнэр ирэх үед манай эхнэр рүү дайрсан. Гарт байсан ундаагаараа саваад дайрах үед би урдуур нь орж барилцаж авсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Үүрийнцолмонгийн өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн У.Ааас өр авлага болох 9 сая 900 мянган төгрөг авахаар Баянзүрх дүүргийн 14-р хороо Шашлик хаус гэдэг газар уулзсан, гэтэл намайг пизда наахуу гэж хэл амаар доромжлоод манай нөхрийг чамайг бол ахын дүү алчихаад дээрээс чинь мөнгийг чинь цацна гэж айлган сүрдүүлсэн, тэгээд намайг ууж байсан кола ундаагаараа миний толгой руу цохисон тэгээд онгойлгож байгаад савтай ундаагаа  нүүр лүү цацсан, тэгээд би доошоо хартал миний толгой руу гараараа 3-4 удаа цохисон, бас баруун гар луу 2 удаа цохисон, тэгтэл манай нөхөр дундуур орж ирэн салгасан, тэгтэл манай нөхрийг хоёр гараараа тэврээд хойшоо дарж нугаслаад байсан, тэгэхээр нь бид 2 зугатаагаад машин дээрээ очиж суугаад гэр лүүгээ явах замд манай нөхөр лүү залгаад би та хоёрын амьдралаар тоглоно, ална гэж сүрдүүлсэн, тэгээд гэртээ ирээд байж байтал 21 цаг 35 минутанд дахиад нөхөр лүү залгаад гэрийн чинь гадаа ирсэн та хоёр гараад ир, ална гэсэн, тэгээд 22 цаг 16 минутанд дахиж залгаад машины чинь хажууд ирсэн байна, гараад ир ална гэж айлган сүрдүүлсэн... нөхөр бид 2-г хэл амаар доромжилсон, та хоёрыг ална гэж амь насанд заналхийлсэн яриаг хураасан бичлэг байгаа бас мессеж байгаа. Миний биед одоогоор толгой өвдөж дотор муухайраад бөөлжис цутгаад байна, орой хэсэг нь байнга хүндүүртэй байна, баруун гарын эрхий хуруунаас доошоо хавдан хөдөлгөж болохгүй байна” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Булганы өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Шашлик нэртэй газар Кариер ХХК-н ажилтан Отгонбаяр болон урьд нь дээрх компанид ажилладаг байсан гэх Анхбаяр гэгчтэй уулзахаар цаг тохирсон. Иргэний хэргийн шүүхтэй холбоотой асуудлаар уулзах гэж байсан. Кариер ХХК болон Ачин ская ХХК-н хоорондын асуудлаар ярилцах гэж байсан. Би Кариер компанийг төлөөлөн өмгөөлөгчөөр оролцож байгаа, Дархан Уул аймгийн иргэний шүүх дээр байгаа. Тэгээд Отгонбаяр түрүүлж ирсэн бөгөөд цаг гаран хугацааны дараа Анхбаяр ирсэн. Бид 2-г хүлээж байх хооронд Анхбаяр утсаар яриад та нар юу юм бэ? Би очих ч үгүй гээд загнаад байсан. Тэгээд Отгонбаяр бид 2 сууж байтал Анхбаяр гаднаас ороод ирсэн. Тэгээд Анхбаяр ирээд бид 3 хамтдаа асуудлаа ярилцаж байсан. Тухайн үед Үүрийнцолмон нөхрийн хамт гаднаас ороод ирсэн. Тэгээд Үүрийнцолмон нөхөртэйгөө хамт Анхбаяртай хэрэлдэж эхэлсэн. Үүрийнцолмон нөхөртэйгээ хажуугийн ширээн дээр сууж байсан бөгөөд Анхбаяр Отгонбаяр бид 3 хамтдаа байхад ширээн дээр байсан хуванцар савтай ундааг Анхбаяр аваад Үүрийнцолмон руу шидсэн. Биеийнх нь аль хэсэгт нь оносоныг нь хараагүй бөгөөд ямартай ч биеийг нь онож байгаа юм шиг дуу гарсан. Тэгтэл Үүрийнцолмонгийн нөхөр эхнэрээ өмөөрөөд Анхбаяртай барилцаад авсан. Би тэр ширээн дээр байсан хоол газар асгарсныг хамж байсан бөгөөд  хэн нь хэнийгээ яаж цохисон талаар олж хараагүй. Тэгээд Отгонбаяр бид 2 тэр 2-г салгасан. Анхбаяр болон Үүрийнцолмонгийн нөхөр нь хоорондоо барилцсан байсан бөгөөд Үүрийнцолмон хажууд нь салгах гэсэн байдалтай байсан. Анхбаяр ундаа шидэж оносон болохыг нь би хараагүй ч гэсэн хүний биеийг онож байгаа битүү дуу сонсогдсон. Аль хэсэгт нь оносныг нь мэдэхгүй байна. Өөр зодсон цохисон асуудал байхгүй. Анхбаяр нөхөртэй нь барилцсан үед салгах гэж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Мөрдөн байцаалтад гэрч П.Пүрэвдаавуугийн өгсөн: “Би өөрийн шавилан суудаг хийдээсээ чөлөө аваад эхнэр Үүрийнцолмонгийн ажилд нь 2017 оны 04 дүгээр сараас хойш тусалж байгаа бөгөөд манай эхнэр Үүрийнцолмон Анхбаяр гэгчтэй ажлын шугамаар холбоотой байдаг гэж надад хэлж байсан. Анхбаяр нь өмнө нь манай эхнэрийн Кариер бетон зуурмагийн компанид ажилладаг байсан гэсэн. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэрийн компани дээр Анхбаяр гэгч нь ирээд манай гэр бүлийн хүнийг ална, би хүнээ дуудна тэгээд хоорондоо үзэлцье, үйлдвэрийг чинь шатаана гэх мэтээр манай эхнэрийг дарамталж байсан. Би лам хүн учир хариу уурлалгүй асуудлыг шийдэхийн тулд тайвнаар ярилцаад асуудлыг нь шийдэж өгсөн. Асуудал нь манай эхнэрээс дарамталж байгаад Төв аймагт байрлалтай 2 давхар хаусыг 30.000.000 төгрөгөөр авахаар болсон бөгөөд дахин дахин дарамталж 18.000.000 төгрөгөөр авахаар болсон байсан ба 12 сая төгрөгөнд нь хайрга шороо өгөөд үлдсэн 6.000.000 төгрөгийг нь өгөөгүй байсныг би хойшлуулахаар ярьсан, мөн байшин газрыг нь эхнэрээсээ итгэмжлэл аваад Анхбаяр гэгчийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гол нь асуудлыг эвээр шийдэх гэж тэгсэн. Тэр цагаас хойш би Анхбаяр руу утсаар болон мэссэж бичиж мөнгийг нь нэхэхэд чаддаг юм бол аваарай пизда минь гэх мэтээр харааж зүхээд байсан. Мөн Манай эхнэртэй холбоотой Дарханы иргэний шүүх дээрх асуудал байгаа бөгөөд асуудлын нотлох баримтыг Анхбаяраас авах гэж манай эхнэрийн өмгөөлөгч Булган 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо Шашлик Хаус нэртэй зоогийн газар дуудсан. Тэгээд өмгөөлөгч Булган болон эхнэр бид нар тус газар хамт очсон бөгөөд эхлээд өмгөөлөгч Анхбаяр 2 уулзхаар болсон бөгөөд араас нь эхнэр бид 2 уулзахаар орсон. Тэгтэл бид 2-той огт уулзахгүй халгаахгүй байхаар нь бид 2 гарчихаад дахин орж ирсэн. Тэгээд би Анхбаяраас 6.000.000 төгрөгөө нэхэхэд над руу уурлаж бухимдаад байсан ба би учрыг өөрт нь тайлбарлаад би чамайг бодож зөндөө хойшлуулсан тэгтэл чи намайг утас шөрмөсөөр дарамтлаад байх юмаа гэж учирлан хэлтэл Анхбаяр чаддаг юм бол аваарай гэх мэтээр асуудлыг хэрүүлийн шинжтэй болгоод салаавч өгөөд байсан. Тэгээд миний мөрөн дээр гараа тавиад ахын дүү би чамайг энд шалаар нэг зодчихоод мөнгийг чинь тавиад гарна гэх мэтээр дээрэлхээд байсан. Тэгэхээр нь хажуугийн ширээнд ярианд оролцоогүй сууж байсан манай эхнэр Үүрийнцолмон гарыг нь түлхэж мөрөн дээрээс буулгахад Анхбаяр ширээн дээр байсан хуванцар савтай ундаагаар манай эхнэрийн гар руу нь цохичих шиг болсон. Тэгээд дотор нь байсан ундааг манай эхнэрийн нүүр рүү цацаад савтай ундаагаар манай эхнэр рүү шидээд манай эхнэр рүү дайрсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ урдуур ороод салгасан. Тэгтэл Анхбаяр намайг тэвэрч нугаслаад дайраад байсан. Тэгэхээр нь би болиулах гэж түлхсэн. Тэгээд манай эхнэр гарыг нь салгах гэтэл манай эхнэрийн толгой руу цохиод манай эхнэрийн гарыг нь өчөөд дарсан байсан. Тэгээд би гараас нь мултраад шууд эхнэрээ аваад зугатааж машиндаа суугаад ажил руугаа явж байтал араас дахин дахин залгаад байхаар нь утсаа автал би та 2-г ална, та 2-г амьтан болгож амьдралаар чинь тоглоно гэх мэтээр дарамталсан. Тэгээд бид 2 ажил руугаа явж чадалгүй айгаад гэр рүүгээ шууд явсан, учир нь Анхбаяр өмнө нь манай үйлдвэрийг шатаана гэх мэтээр дарамталж байсан. Тэгээд гэртээ очоод байж байтал 21 цагийн орчимд Анхбаяр над руу залгаад гэрийн чинь гадаа ирчихсэн байна, би чамайг ална гэсэн. Би бас л түүнтэй тайван байдлаар ярьсан боловч хүлээн авахгүй дарамтлаад байсан. Тэр өдөр манай эхнэрийн баруун гарын эрхий хуруу нь хавдаад үеэрээ улайсан байсан. Мөн толгой нь өвдөөд сэтгэл санаа нь их тавгүй байсан. Тэгээд тэр шөнөдөө манай эхнэр бараг унтаж чадаагүй. Тэгээд маргааш нь бид 2 эмнэлэг орсон. Тэгтэл толгой нь доргисон байна. Гарынх нь мөгөөрс гэмтсэн байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан. Тэр цагаас хойш одоог хүртэл Анхбаяр нь утсаар залган мессэж бичиж дарамтлаад байгаа. Одоогоос 3-4 хоногийн өмнө Анхбаяр залгаад би зодоон болсон газрын гэрчүүдтэй өмгөөлөгчтэйгөө очиж уулзсан, гэрчүүд бүгдийг мэдүүлнэ, миний талд байх болно гэж хэлсэн. Миний нуруу 2-3 хоног хүндүүртэй байсан. Одоо зүгээр байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Өмгөөлөгч Булган, манай эхнэрийн үилдвэрийн дарга Отгоо, би гэр бүлийн хүнтэйгээ, мөн тухайн газрын ажиллагсад байсан. Би ажиллагсадыг нь сайн анзаараагүй. Эхнэр бид 2 их айдастай байгаа, энд тэнд явж байгаад хүн амьтанд зодуулахаас айж байна. Учир нь би шоронгоос гарсан олон найзтай гэх мэтээр дарамтлаад байдаг. Энэ хүн ирээдүйд эхнэр бид 2-н эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насанд халдахаас айж байна. Хуулийн арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бэхболатын өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо Шашлик плов нэртэй зоогийн газарт үйлчлэгчийн ажлаа хийж байсан. 13 цагийн орчимд гаднаас 1 эмэгтэй 2 эрэгтэйн хамт орж ирээд манай зоогийн газарт хоол захиалаад сууж байтал гаднаас Тоёота приус-20 маркын цагаан өнгийн суудлын машинтай, нүдний шилтэй 26-27 насны эрэгтэй хүн орж ирээд тэдэн дээр ирсэн. Би тухайн үед зөөгчийн ажлаа хийж байсан болохоор тэднийг сайн анзаараагүй, тэгэхдээ хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд байж байтал сүүлд гаднаас орж ирсэн эрэгтэй ундаагаа эмэгтэй рүү цацсан. Тэгтэл нөгөө нүдний шилтэй эрэгтэй хажууд сууж байсан 26-27 орчим насны бордуу царайтай эрэгтэй нүдний шилтэй эрэгтэй рүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл нөгөө нүдний шилтэй эрэгтэй түүнийг цохисон залуугийн гэдэс хэсгээр нь тэврээд зогссон. Тэгтэл нөгөө эхэлж цохисон залуу нүдний шилтэй залуугийн ар нуруу хэсэг рүү цохиод байсан. Тэгэхээр нь би очоод гарыг нь бариад салгасан. Тэгээд удалгүй бордуу царайтай эрэгтэй эмэгтэйн хамт түрүүлээд явсан. Харин нөгөө 2 эрэгтэй араас нь явсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

“Тухайн өдөр би тус газарт зөөгчийн ажил хийж байсан. Урьд нь өгсөн мэдүүлэг дээр ундаа цацсан гэж хэлсэн. Тэгэхдээ яг тэр эмэгтэй рүү чиглүүлээд цацаж байхыг нь хараагүй. Сүүлд нь тэр эмэгтэйн өмсөж явсан хувцас нь норсон байхаар нь тэгэж хэлсэн. Ундааны сав газар унасан, эмэгтэйн хувцас норсон байх үед нь би харсан. Тэр ундаа шидсэн эсвэл цацсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хүслийн ундааны сав байсан. Маргаан зодоон болсны дараагаар ундааны сав эмэгтэйн хажууд унасан байхыг олж харсан. Тэр эмэгтэй нүдний шилтэй эрэгтэйгээс 2 ширээний зайтай байсан болохоор шидсэн байж магадгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх.73-74/,

“Тухайн маргаан зодоон болох үед Исмайл гэх тус зоогийн газрын тогооч Озбек залуу, Дина болон шорлог хийж байсан Озбек эрэгтэй байсан бөгөөд тэр эрэгтэйгийн нэрийг сайн санахгүй байна. Тэгэхдээ тэр залуу маргаан зодоон болсны дараа л мэдэх шиг болсон учир нь тэр эрэгтэй гадна замын эсрэг талын саравчинд шорлог хийдэг. Эдгээр хүмүүс бүгдээрээ 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Киргизистан улс руу явчихсан. Би нэг хэсэг тэдний гэрт нь амьдарч байсан бөгөөд 10 дугаар сарын 03-ны өдөр нутаг буцах гэж байгаа учир чи гарах хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэгэхдээ угаасаа маргаан зодооныг би бусдаасаа илүү харсан” гэх мэдүүлэг /хх.83-84/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Динагийн өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 09 цаг өнгөрч байх үед Чайхана буюу Шашлик плов цайны газарт ажил дээрээ хоцроод ирэхэд дотор талд үл таних хоёр ах сууж байсан юм. Тэгэхэд гаднаас нэг нүдний шилтэй ах орж ирээд сууж байсан хоёр ахтай хамт суусан юм. Тэгсэн чинь гаднаас нэг хүүхэн орж ирээд нүдний шилтэй ахтай хэрэлдэж байснаа тэр ахын нүүр лүү нь нэг удаа цохьсон. Тэгээд тэд нар маргалдсан бөгөөд би гадагшаа дэлгүүр орчихоод эргээд иртэл тэд нар явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.30/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонбаярын өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Шашлик нэртэй зоогийн газарт Булгаа гэх манай үйлдвэрийн захирал Үүрийнцолмонгийн өмгөөлөгч эрэгтэйтэй уулзаад түүний асуусан асуултад хариулт өгөөд байж байх үед гаднаас манай үйлдвэрт хуучин ажиллаж байсан Анхбаяр гэгч эрэгтэй орж ирээд Булгаатай маргалдаж эхэлсэн. Тэгээд бага зэрэг маргалдаж байгаад дараа нь учир зүйгээ олоод хамтдаа нэг ширээнд суусан. Уг ширээнд Булгаа өмгөөлөгч бид 2 өөд өөдөөсөө хараад сууж байсан. Харин Анхбаяр гаднаас орж ирээд надтай зэрэгцэж суусан. Тэгээд байж байтал Үүрийцолмон Пүрэвээ гэх нөхөртэйгөө гаднаас орж ирсэн. Тэгээд Булгаа өмгөөлөгчийн ар талын ширээн дээр суусан. Үүрийнцолмон, Пүрэв, Анхбаяр нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Ямар шалтгаанаар маргалдсан болохыг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд байж байтал Анхбаяр ширээн дээр байсан хуванцар савтай ундааг авч Үүрийнцолмон руу шидсэн. Би сайн анхаарч хараагүй тэгэхдээ онох шиг болсон. Учир нь их ойрхон сууж байсан. Мөн хүнийг оносон мэт чимээ гарсан. Тэгтэл Пүрэвээ босч ирээд Анхбаяртай зууралдсан. Бие биенийгээ цохисон зодсон эсэхийг нь мэдэхгүй байна. Ямартай ч зууралдаад байхаар нь Булгаа бид 2 нийлж салгасан. Үүрийнцолмон харин зууралдсан зодоонд оролцсон зүйлгүй. Үүрийнцолмонг зодсон цохисоныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Анхбаярын гар сарвайж байсныг харсан. Шидсэн ундаа Үүрийнцолмонгийн аль хэсэгт оносныг нь мэдэхгүй боловч ямар ч байсан оносон. 500 мл-тай ундаа байсан байх гэж санаж байна. Бараг дүүрэн байсан...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10338 дугаартай:

“1. Б.Үүрийнцолмон-н биед тархи доргилт, баруун шуу сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсонгүй.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл,

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.36/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10533 дугаартай:

“1. У.Аын биед хацар, шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгуй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.38/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Хишигтогтохын өгсөн: “Дээрх гэмтлүүд нь магадлуулагчийн биед учирсан гэмтлүүд болно. Тогтоогдлоо гэж бичих ёстой байсан. Бичлэгийн алдаа гарсан байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх.71-72/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

У.А нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шашлик плов” зоогийн газарт Б.Үүрийнцолмонтой маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Үүрийнцолмонгийн өгсөн: “тэгээд намайг ууж байсан кола ундаагаараа миний толгой руу цохисон тэгээд онгойлгож байгаад савтай ундаагаа  нүүр лүү цацсан, тэгээд би доошоо хартал миний толгой руу гараараа 3-4 удаа цохисон, бас баруун гар луу 2 удаа цохисон, Миний биед одоогоор толгой өвдөж дотор муухайраад бөөлжис цутгаад байна, орой хэсэг нь байнга хүндүүртэй байна, баруун гарын эрхий хуруунаас доошоо хавдан хөдөлгөж болохгүй байна” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Булганы өгсөн: “... Үүрийнцолмон нөхөртэйгээ хажуугийн ширээн дээр сууж байсан бөгөөд Анхбаяр Отгонбаяр бид 3 хамтдаа байхад ширээн дээр байсан хуванцар савтай ундааг Анхбаяр аваад Үүрийнцолмон руу шидсэн. Биеийнх нь аль хэсэгт нь оносоныг нь хараагүй бөгөөд ямартай ч биеийг нь онож байгаа юм шиг дуу гарсан. Тэгтэл Үүрийнцолмонгийн нөхөр эхнэрээ өмөөрөөд Анхбаяртай барилцаад авсан. Би тэр ширээн дээр байсан хоол газар асгарсныг хамж байсан бөгөөд хэн хэн нь хэнийгээ яаж цохисон талаар олж хараагүй. Тэгээд Отгонбаяр бид 2 тэр 2-г салгасан. Анхбаяр болон Үүрийнцолмонгийн нөхөр нь хоорондоо барилцсан байсан бөгөөд Үүрийнцолмон хажууд нь салгах гэсэн байдалтай байсан. Анхбаяр ундаа шидэж оносон болохыг нь би хараагүй ч гэсэн хүний биеийг онож байгаа битүү дуу сонсогдсон. Аль хэсэгт нь оносныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Мөрдөн байцаалтад гэрч П.Пүрэвдаавуугийн өгсөн: “... Тэгэхээр нь хажуугийн ширээнд ярианд оролцоогүй сууж байсан манай эхнэр Үүрийнцолмон гарыг нь түлхэж мөрөн дээрээс буулгахад Анхбаяр ширээн дээр байсан хуванцар савтай ундаагаар манай эхнэрийн гар руу нь цохичих шиг болсон. Тэгээд дотор нь байсан ундааг нь манай эхнэрийн нүүр рүү цацаад савтай ундаагаар манай эхнэр рүү шидээд манай эхнэр рүү дайрсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ урдуур ороод салгасан. Тэгтэл Анхбаяр намайг тэвэрч нугаслан дайраад байсан. Тэгэхээр нь би болиулах гэж түлхсэн. Тэгээд манай эхнэр гарыг нь салгах гэтэл манай эхнэрийн толгой руу цохиод манай эхнэрийн гарыг нь өчөөд дарсан байсан. Тэр өдөр манай эхнэрийн баруун гарын эрхий хуруу нь хавдаад үеэрээ улайсан байсан. Мөн толгой нь өвдөөд сэтгэл санаа нь их тавгүй байсан. Тэгээд тэр шөнөдөө манай эхнэр бараг унтаж чадаагүй. Тэгээд маргааш нь бид 2 эмнэлэг орсон. Тэгтэл толгой нь доргисон байна. Гарынх нь мөгөөрс гэмтсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бэхболатын өгсөн: “Тухайн өдөр би тус газарт зөөгчийн ажил хийж байсан. Урьд нь өгсөн мэдүүлэг дээр ундаа цацсан гэж хэлсэн. Тэгэхдээ яг тэр эмэгтэй рүү чиглүүлээд цацаж байхыг нь хараагүй. Сүүлд нь тэр эмэгтэйн өмсөж явсан хувцас нь норсон байхаар нь тэгэж хэлсэн. Ундааны сав газар унасан, эмэгтэйн хувцас норсон байх үед нь би харсан. Тэр ундаа шидсэн эсвэл цацсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хүслийн ундааны сав байсан. Маргаан зодоон болсны дараагаар ундааны сав эмэгтэйн хажууд унасан байхыг олж харсан. Тэр эмэгтэй нүдний шилтэй эрэгтэйгээс 2 ширээний зайтай байсан болохоор шидсэн байж магадгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх.73-74/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонбаярын өгсөн: “... Тэгээд байж байтал Анхбаяр ширээн дээр байсан хуванцар савтай ундааг авч Үүрийнцолмон руу шидсэн. Би сайн анхаарч хараагүй тэгэхдээ онох шиг болсон. Учир нь их ойрхон сууж байсан. Мөн хүнийг оносон мэт чимээ гарсан. Тэгтэл Пүрэвээ босч ирээд Анхбаяртай зууралдсан. Бие биенийгээ цохисон зодсон эсэхийг нь мэдэхгүй байна. Ямартай ч зууралдаад байхаар нь Булгаа бид 2 нийлж салгасан. Үүрийнцолмон харин зууралдсан зодоонд оролцсон зүйлгүй. Үүрийнцолмонг зодсон цохисоныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Анхбаярын гар сарвайж байсныг харсан. Шидсэн ундаа Үүрийнцолмонгийн аль хэсэгт оносныг нь мэдэхгүй боловч ямар ч байсан оносон. 500 мл-тай ундаа байсан байх гэж санаж байна. Бараг дүүрэн байсан...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10338 дугаартай дүгнэлт /хх.36/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Хишигтогтохын өгсөн: “Дээрх гэмтлүүд нь магадлуулагчийн биед учирсан гэмтлүүд болно. Тогтоогдлоо гэж бичих ёстой байсан. Бичлэгийн алдаа гарсан байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх.71-72/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Үүрийнцолмон, гэрч П.Пүрэвдаавуу нарын мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүгдэгч У.А нь хохирогч Б.Ү эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хэргийн газар хамт байсан  гэрч Ч.Булган, Б.Бэхболат, Д.Отгонбаяр нар У.А нь хохирогчийг зодож цохисныг огт хараагүй байдаг гэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар мэтгэлцэн тайлбарлаж байх боловч тэдгээр гэрч нар нь хэргийн талаар зөвхөн өөрийн үзсэн харсан хэмжээнд тус тус мэдүүлэг өгсөн болох нь тодорхой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

Иймд У.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

У.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа У.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

У.Ат  ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч У.Ат оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, У.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Хохирогч Б.Ү нь эмчилгээний зардалд нийт 2.380.000 төгрөг нэхэмжилж байх боловч шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, толгойн компьютер томографын онишилгоо хийлгэсэн 120.000 төгрөгөөс бусад зардлыг буюу “Бишрэлт од” зүрх судасны эмнэлгийн эмчилгээнд зарцуулсан гэх баримтууд чухам ямар эмчилгээний зардал гэдэг нь тодорхойгүй байх тул 2.252.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, шүүгдэгч У.Ааас 128.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч Б.Ү нь өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Б овогт У А “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ат 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Ат мэдэгдсүгэй.

5. У.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Ааас 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Үүрийнцолмонд олгосугай.

8. Хохирогч Б.Үүрийнцолмон нь өөрт учирсан эрүүл мэндийн бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР