Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/01104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн *** суманд *** оршин суух, Б.А -ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 155/2016/01107 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Г.Х  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Х  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8-н жилийн дунд сургуулийг 1975 онд төгсөж улмаар Сэлэнгэ аймаг дахь Шаамарын техник мэргэжлийн сургуульд трактор комбайны жолоочоор 1975-1977 онд суралцаж төгссөн. 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд тус сумандаа трактор комбайнчнаар тасралтгүй 14 жил ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэж байгаа тул миний Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд тракторчин, комбайнчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Х  нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Х  нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан болох нь Сайнбаяр овогтой Хачинчулуунд 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлээс нээж олгосон №222803 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдпийн даргын 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай Ажилд томилох тухай, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай Ажлаас чөлөөлөх тухайтушаалын хуулбар, Сайнбаяр овогтой Хачинчулууны Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, гэрч ***** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***** Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Х  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН