Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/01107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд ***** оршин суух, Б.А

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 155/2016/01126 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийг 1983 онд төгсөж, улмаар эвлэлийн илгээлтээр хөдөө гарч 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ногоочин, гардан хээлтүүлгийн техникч, малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр хаягдаж үрэгдсэн, ажлаас чөлөөлөгдөж байсан тушаал архиваас олдоогүй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын контор 1997 онд шатсан учраас түүний зарим баримт нь олдохгүй байх тул 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ногоочин, гардан хээлтүүлгийн техникч, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Х нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийг 1983 онд төгсөж, эвлэлийн илгээлтээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс ногоочноор анх ажилд ороод түүнээс хойш 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочин, гардан хээлтүүлгийн техникч, малчнаар тус тус ажиллаж байсан юм. Б.Эрдэнэчимэгийн ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралт авч байсан тушаал, түүнийг анх ажилд томилсон тушаал зэргийг хэргийн материалд өгсөн. Г.Х нь элэгний хорт хавдартай, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа учраас түүнийг итгэмжилж би шүүх хуралдаанд оролцож байгаа ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын контор 1997 онд шатсан учраас түүний зарим баримт нь олдохгүй байгаа энэ байдлаас өндөр насны тэтгэвэрт орох гэтэл улсад ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байх тул дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Х нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочин, гардан хээлтүүлгийн техникч, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Х нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочин, гардан хээлтүүлгийн техникч, малчнаар ажиллаж байсан болох нь Баярсайхан овогтой Эрдэнэчимэгийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай Илгээлтээр гарсан хүүхдүүдийг ажилд томилох тухай, 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай Эхчүүдэд тэтгэмж олгох тухай тушаалуудын хуулбар, гэрч О.Ганзориг, Б.Батжаргал нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************* Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочин, гардан хээлтүүлгийн техникч, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН