Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/01109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд **** оршин суух, ** дугаар регистртэй, Б.а

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/00984/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Г.Х нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оноос өдийг хүртэл хугацаанд ажиллаж байсан. Миний ээж тус сургуульд ажиллаж байсан болохоор миний амьдралыг анхаарч үзээд сургуулийн дотуур байрны гал тогоонд бэлтгэгч тогоочоор анх ажилд авч байсан юм. Тухайн үед 300 гаруй хүүхдийн хоолыг 3 ээлжээр бэлтгэж хийдэг байсан. Бид сургууль тартал ажиллаад зуны улиралд хөдөө гарч сааль саадаг байсан. Манай сургууль 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 жилийн сургууль болон өргөжиж байсан. Би ажилдаа орохдоо хөдөлмөрийн дэвтэр аваагүй бөгөөд 1991 онд нөхөн олгосон, сургуулийн конторт 1997 онд гал гарсан учир бусад баримт бичиг олдохгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл сургуульд ажиллаж байсан жил тооцогдохгүй болоод байна. Иймд намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийн гал тогоонд 1980 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийн гал тогоонд 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Г.Х Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийн гал тогоонд 1980 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийн гал тогоонд 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бэлтгэгч тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сургуулиас 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдөр олгосон 01. 1980 оны 01 сарын 20. Сургуулийн гал тогооны бэлтгэгчээр авч ажиллуулав. Сургуулийн захирлын 1980 оны 01 сарын 20-ны өдрийн 11 тоот тушаал. 02. 1995 оны 01 сарын 01. Улсад 1995.01.01 хүртэл 14 жил 7 сар 21 хоног ажилласныг НД-ын шинэ дэвтэр хөтлөх учир хөдөлмөрийн дэвтрийг тооцож хаав. Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сумын нийгмийн даатгалын улсын байцаагч ***. 1995.02.01 *** гэх бичилттэй №221109 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ТУШААХ нь: 1. Ганчулууныг гал тогоонд бэлтгэгч тогоочоор авч ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд авах тухай №11 дугаартай тушаал, 1989 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийн ажилчин Лонжид овогтой Ганчулууны ажил байдлын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас хуулбарласан Л.Ганчулууны 1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний баримтын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Тосонцэнгэл сумын 8 жилийн сургууль нь 1990 онд 10 жилийн дунд сургууль болон өргөжсөн болно гэх бичилттэй 22 дугаартай тодорхойлолт, Аймгийн тэргүүний ажилтнаар шагнуулах тухай тодохойлолт, тус сургуулийн захирлын баталсан Тогооч **** нарын ажлын цагийн хуваарь-ийн баримт, ** ажлын байрандаа ажиллаж байхдаа 1988, 1993, 1994 онуудад авахуулсан гэрэл зургууд, гэрч *** ...Г.Х нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн сургуульд 1980 оны 01 сард орж, 2016 оны 06 сар хүртэл туслах тогоочоор ажилласан хүн. Тосонцэнгэл сумын 8 жилийн сургууль нь 1990 оны 06 сард 10 жилийн сургууль болж өргөжсөн. Бид 2000 оноос хамт ажиллаж байсан бөгөөд 14 жил хамт нэг байгууллагад... тасралтгүй ажиллаж байсан... би Тосонцэнгэл сумын малын эмчээр 1980 оноос 1992 он хүртэл ажилласан. 2000 оноос 2014 он хүртэл сургуульд нярав, үйлчлэгчээр ажиллаж, 2014 онд тэтгэвэртээ гарсан... Г.Х манай сумын хүн байгаа юм. 1979 оноос хойш сумандаа нэг гудамжинд амьдарч ирсэн. Ээж нь сургуульд тогооч хийж байгаад тэтгэвэртээ гарахдаа орондоо охиноо тогоочоор оруулж байсан... Г.Х аварга ажилчин л гэдэг юм. Ажилсаг, хамт олон дотроо нэр хүндтэй... гэх мэдүүлэг, гэрч С.Ганболдын ...Г.Х нь 1980 оны 01 сард туслах тогоочоор манай 8 жилийн сургуульд орж одоог хүртэл ажиллаж байгаа. Бид хамт ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаанд Тосонцэнгэл сумын 8 жилийн сургууль нь 1990 оны 06 сард 10 жилийн сургууль болж өргөжсөн. Тасралтгүй туслах тогоочоор ажиллаж байгаа... сургуулийн гал тогоонд ажилласаар байгаад насыг барж байна... би 1983 оны 06 сараас 1992 оныг дуустал байрын жижүүр, хүмүүжүүлэгч, лаборант, нярав зэргээр сургуулийн бүхий л ажлыг хийсэн... хамт нэг байгууллагад ажилладаг байсан учраас ямар хугацаанд ажиллаж байгаа талаар мэднэ... Г.Х байгууллага, сумын аварга болсон хүн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. Иймд Л.Ганчулууны Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийн гал тогоонд 1980 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийн гал тогоонд 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бэлтгэгч тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолоо.

** холбогдох 1980 оноос 1995 оны хоорондох цалин хөлсний баримт, ажлаас гарсан тушаал байхгүй болох нь Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж 2736534 төгрөгний хохирол учирч шатсан гэх бичилттэй тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас архивын баримт шатсан ба 8 жилийн сургуулийн багш, ажилчдын тушаал, цалингийн цэс, холбогдох баримт бичиг архивт байхгүй тул сургуулийн тогоочоор ажиллаж байсан Л.Ганчулуунд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 3/213 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон тул хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***** Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийн гал тогоонд 1980 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийн гал тогоонд 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бэлтгэгч тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА