| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2020/00888/И |
| Дугаар | 129/ШШ2022/00088 |
| Огноо | 2022-01-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 129/ШШ2022/00088
| 2022 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 129/ШШ2022/00088 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын и гч Ч.Жаргалан даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б захиргааны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.С-т холбогдох
40,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б захиргаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.А нь дархан цаазат газрын адууг маллахдаа 58 тооны адуу дутаасан нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зөрчин хамгаалалтын захиргаанд 40,400,000 төгрөгийн хохирол учруулсан. Дээрх үйлдэлд Т аймгийн Цагдаагийн хэлтэст тус хамгаалалтын захиргаанаас гомдол гаргасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн ......... дугаартай хэрэг нээснийг Т аймгийн прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ..... дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж Б захиргаа өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн тогтоол гарсан. Б захиргааны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Адуун сүрэг хүлээн авах ажлын хэсэг томилох тухай А-43 тушаалаар ажлын хэсэг очиход адуучин Б.А 58 тооны адууг алдсан тухай хамгаалалтын захиргаанд мэдэгдсэн. Мэдээллийн дагуу хамгаалалтын захиргаанаас Т аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Иймд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Б захиргаанд учирсан 40,400,000 /дөчин сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гэм буруутай этгээд Б.А-ээс гаргуулж, улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А 2020 оны 10 сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа / хх-100х/: Б.А миний бие Б захиргааны дарга Д-гээс 2017 оны 09 сард 56 тооны адуу хүлээж авсан бөгөөд 79 тооны адууг хүлээж аваагүй, 2018 оны өвөл 1 сард өөрийн нутаглаж байсан Т аймгийн С сумын нутаг Д худаг гэх газар бүх адуугаар шуурганд уруудуулж алдсан. Тэрнээс хойш хайсаар байгаад Г аймгийн Б сумын нутгаас 12 тооны адуу олсон. Ч Б хоёрын дундаас бас 5-6 тооны адуу олсон. Мөн ганц нэг үхсэн адууны сэгтэй таараад тэр даруй хамгаалалтын захиргааны дарга Д-д адуу шуурганд бүгдийг нь уруудуулсан талаар биечлэн хэлж байсан. Тэгээд 4 сарын 8-наас 9-нд шилжих шөнө дахин Д-гийн адуутай олж 18 тооны адуугаа хамтад нь шуурганд уруудуулж алдаад Т аймгийн Б сумын Ч, Б сумаас нийт 90 тооны адууг олсон. Тухайн үед Д-гийн адуунаас 20 тооны адуу, Б захиргааны адуунаас 5-6 адуу дутсан. Үлдсэн 13 тооны адууг би хүлээлгэж өгсөн. Би Б захиргааны адуунаас зарж үрж хүнд өгөөгүй. Адуугаа хайж явахдаа хатгалгаа аваад хүндээр өвдөж байсан. Хариу тайлбар өгөх хугацаанд ээж эгчийн нөхөр нас бараад Хашаат сум руу ажил явдал гарсан учир харий тайлбар цаг тухайд өгч чадсангүй гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: 58 тооны адуу 40400000 төгрөгийн дүнд үндэслэлд хүрэхгүй байна. 2017 оны ханш, 2016 оныг хариуцагч А харгалзан үзэж мөнгийг төлөх үндэслэлтэй байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б захиргаа нь хариуцагч Б.А-д холбогдуулан 40,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ би Б захиргаатай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, тухайн үед цасан шуурга болсны улмаас адуу алга болсон, миний буруу биш гэж мэтгэлцээний байр сууриа илэрхийлсэн.
Нэхэмжлэгч Б захиргаанаас 2017 оны 09 сард хариуцагч Б.А-д 56 тооны адуу хүлээлгэн өгч хариуцагч нь 2019 онд 13 тооны адууг буцаан хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд адууг биечлэн маллаж нэхэмжлэгч байгууллага ажлын хөлс төлж байсан болох нь Б захиргааны 2017 оны 09 сарын 08-ны өдрийн б-33 дугаартай гэрээт ажилчин авах тухай тушаал / хх-110х/, Байгууллагын адуу хүлээлцсэн тухай 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудас / хх-114х/, гэрч Ц.Д-гийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг / хх-203х/, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б захиргаа, хариуцагч Б.А нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан байна.
Талууд хөлсөөр ажиллах гэрээний хугацаа тогтоогүй боловч Б.А-ээр маллуулж байсан адуунаас үлдсэн гэх 13 тооны адууг нэхэмжлэгч байгууллага 2019 оны 11 сард хүлээн авсанаар гэрээ дуусгавар болжээ.
Хариуцагчийн маллаж байсан адуу нь Б захиргааны өмч болохыг талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцна гэж заасан.
Хариуцагч Б.А-ийн маллаж байсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны адуу байгалийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас шуурганд уруудаж алга болсоныг тухайн үед хариуцагч Б.А өмчлөгчид мэдэгдэж эрж хайсан боловч 13 тооны адуунаас бусдыг олж чадаагүй болох нь
-гэрч А.Д-гийн ...адуу алдсан, би тухайн үед 200 гаруй адуутай байж байгаад 40 гаруй адуутай үлдсэн, бусдыг нь Б.А шуурганаар алдсан гэж хэлдэг. Байгууллагын адууг алдаад тэр тухай цагдаад бүртгүүлж Б.А говь руу явж хэдэн адуу олж ирсэн байдаг. Хувийн болон байгууллагын нийт 300-400 орчим адуу байснаас цасан шуурганаар алдаж, сүүлд олж ирсэн адуунаас 30-40 орчим өөрийн адуугаа ялгаж авсан. Байгууллагын 10 гаруй адуу байсан гэж сонссон. Би өөрөө 2019 онд ажлаас гарсан. Тухайн үед адуу алга боллоо гэхээр нь хувийн зүгээс мотоцикль гарган өгч явуулж байсан. гэсэн мэдүүлэг / хх203х/,
-хэрэгт авагдсан бичгийн баримт болох эрүүгийн ........ дугаартай хэрэгт авагдсан гэрч Ч.Э, гэрч М.Б, гэрч Д.Ц, гэрч М.Н нарын 2018 оны 01 сард Т аймгийн нутагт хэд хоног үргэлжилсэн цасан шуурганы улмаас адуучид адуугаа алдсан тухай мэдүүлсэн мэдүүлгүүд
-шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн ... тухайн үед адуугаа шуурганд уруудуулчихлаа гээд А ажил дээр явж байсан гэж нягтлан ярьж байсан гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: 58 тооны адуу 40400000 төгрөгийн дүнд үндэслэлд хүрэхгүй байна. 2017 оны ханш, 2016 оныг хариуцагч А харгалзан үзэж мөнгийг төлөх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийг 2018 онд адууг шуурганд уруудуулж алдсанаас хойш хэдэн адуу хариуцагч маллаж байсныг бүртгэж тогтоосон баримтгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй байх учир иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 107 дугаар зүйлийн 107.1-т заасныг баримтлан хариуцагч Б.А-ийн маллаж байсан Б захиргааны өмчлөлийн адуу байгалийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас үрэгдэж устсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул 58 адууны үнэ 40400000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангахгүй учир Бдаргын 2020 оны 03 сарын 09-ний өдрийн А/95 дугаартай тушаал / хх-3х/, Б захиргааны 2019 оны 11 сарын 13-ны өдрийн А-43 дугаартай тушаал / хх-4х/, адууны тооцоо бодсон акт / хх-5х/, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 98 дугаартай тогтоол / хх 11-14х/, Б захиргааны хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн хх-75-99 дүгээр хуудсанд авагдсан баримтууд, 2019 оны 11 сарын 14 гэсэн огноо бүхий тайлбар бичиг / хх-121х/ гэсэн баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
2.Нэхэмжлэгч талаас хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж нотлох баримтаар ирүүлсэн 2017 оны 09 сарын 02-ны өдрийн 5 дугаартай гэрээт ажилчин ажиллуулах тухай гэрээнд ажилтан Б.А гэж зурсан гарын үсэг хариуцагчийнх биш болох нь А аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 038 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон учир уг гэрээг, хариуцагч Б.А оролцсон эсэх нь тодорхойгүй адууны тооцоо бодсон акт / хх -135х/, эд хариуцагч болон тооллогын комиссын зарим гишүүд гарын үсэг зураагүй 2019-01-01-нээс 12-30-ны хооронд бараа материалын тооцоо бодсон актуудыг тус тус үнэн зөв гэж дүгнэх үндэслэлгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 101 дүгээр зүйлийн 101.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б захиргааны хариуцагч Б.А-д холбогдуулан гаргасан 58 тооны адууны үнэ 40,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН.
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Д.ЭЛБЭГЗАЯА