| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00602/И |
| Дугаар | 304/ШШ2025/00023 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 304/ШШ2025/00023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О******* аймаг, Б******* сум, Х******* багт оршин суух А.А*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Бугат сум, 1 дүгээр багт оршин суух, Б*******ийн Д******* /рд:ФБ*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 22,600,000 /хорин хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/******* индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.А*******,
Хариуцагч Б.Д*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.А******* нь хариуцагч Б.Д*******ид холбогдуулан 22,600,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Надад Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн, хэрэглээ багатай шинэвтэр Т маркийн хөрөө рам байсан юм. Булган аймагт амьдардаг миний найз Г надаас хөрөөгөө зарах юм уу, нэг хүн асуугаад байна гэж хэлсэн. Үүний дараа Булган аймгийн Бугат сумын иргэн Б.Д******* гэх хүн надтай 99883890 дугаартай утсаар ярьж, 2023 оны 7-р сард Эрдэнэтэд ирж надтай биечлэн уулзаад миний хөрөө рамыг худалдаж авахаар болсон. Тухайн үед Т хөрөө рамны зах зээлийн үнэ ханш 15-17 сая төгрөг байсан. Б.Д******* надад хөрөөний үнэд бэлэн мөнгө өгөх боломжгүй байна, оронд нь 7x7 метр хэмжээтэй бүтэн дүнзэн байшингийн дээвэрлэж доторлоход бэлэн болгож босгосон торх өгье гэсэн. Б.Д******* байшингийн торхоо 10 сая төгрөгөөр үнэлж, би мөн адил хөрөөгөө 10 саяар үнэлж бид харилцан тохиролцож арилжаа солилцоо хийхээр болсон. Ингээд 2023 оны 07 сарын 26-ны өдөр Б.Д******* О******* аймаг, Б******* сум, Яргуйт баг, Толгодын 9-10 тоотод байрлалтай манай хашаанаас миний хөрөө рамыг авч явсан. Түүнээс хойш Б.Д******* элдвийн шалтаг шалтгаан тоочиж байшингийн торхоо өгөхгүй удсан. Энэ хугацаанд байшингийн модыг чинь бэлдчихсэн байгаа гэж хэлэхэд нь би 2 удаа Бугат суманд очиход торх байхгүй , худлаа ярьсан байсан.
Би 2024 оны 4-р сард О******* аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Ингэхэд бидний маргааныг иргэний журмаар шийдвэрлэгдэх юм байна, намайг гэрээний гүйцэтгэлээс үүссэн шаардах эрхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гээд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. О******* аймгийн Прокурорын газрын 2024.05.07-ны өдрийн 322 дугаар тогтоолыг хавсаргав\
Б.Д******* нь миний хөрөөг 2023.07.26-ны өдрөөс хойш өнөөг хүртэл эзэмшин ашиглаж, түүгээр дүнз, банз, модон бүтээгдэхүүний бэлдэц хийц бэлтгэж хөрөө рамны ашиг шимийг дангаараа хүртсээр байгаа нь маргаангүй үнэн. Өнөөгийн байдлаар ийм хөрөө рамны нэг өдрийн түрээсийн төлбөр нь 60-350 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Иймд би Б.Д*******оос хөрөө рамны анх тохиролцсон үнэ 10 сая төгрөг, мөн хөрөөг авсан өдрөөс хойш өнөөг хүртэл 420 хоног хөрөө рам ашигласны хөлсөнд 1 өдрийн түрээсийг хамгийн багаар буюу 30 мянган төгрөгөөр тооцож 12.600.000 \30.0007 х 420 хоног\ төгрөг, нийт 22.600.000 \хорин хоёр сая зургаан зуун мянга\ төгрөгийг гаргуулах маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан.
Гэтэл Б.Д******* нь өөрөө очиж өргөдлийн хувийг авна гэж эвлэрүүлэн зуучлагчид хэлсэн боловч утсаа авахгүй, утсанд нь үлдээсэн мессежид хариу өгөхгүй, эвлэрүүлэн зуучлах товлогдсон уулзалтанд ирэхгүй, шүүхийг үл хүндэтгэсэн байдлаар хандсан бөгөөд эвлэрүүлэн зуучлагчийн дуудсанаар шүүхэд хүрэлцэн ирэхгүй нь ойлгомжтой тул эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон.
Иймд Б.Д*******оос 22.600.000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 онд тайрах хөрөөг 17,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулах гэсэн тусгай зөвшөөрөл шаардлагатай гээд үйл ажиллагаа зогссон. Тэгээд би хөрөөгөө зарах болоод 14,000,000 төгрөгөөр зар тавьсан. Тэгсэн манай найз Д*******ийг хөрөө рам ажиллуулдаг гээд надад санал болгохоор нь Д*******той ярьсан. Д******* ирээд миний хөрөөг 10,000,000 төгрөгийг үнэлээд 7*7 харьцаатай торх өгнө гэсэн. 7 сард миний хөрөөг аваад явсан. Би 10 сар хүртэл харсан залгаад торхоо авъя гэсэн байшингийн чинь торх бэлэн байна гээд одоо ачаа яваад очъё гэж байсан ирээгүй. Би Д*******ийн араас зөндөө явсан надад худлаа яриад яваад байсан. Хөрөө надад байсан бол тэр хөрөө миний мод зүсүүлэх зардлыг хэмнэх байсан. 2024 оны 08 дугаар сард очиход өөрийнхөө хөрөөнд миний хөрөөний моторыг тавьчихсан юм болов уу? гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Д*******ийн ах дүү нар нь чиний хөрөөг нэг ч удаа ашиглаагүй Д******* хохирч байна гэж хэлсэн. Хүнийг хуураад гражиндаа миний хөрөөг байлгаад байгаа. Би өөртөө байгаа бүх боломжийнхоо гэв.
Хариуцагч Б.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.А*******тай тохиролцон үйлдвэрлэсэн Т маркын ашиглаж байсан хуучин хөрөө рамыг 8,000,000 төгрөг, 380V-ийн шаврын миксерийг 2,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгөнд тооцож авахаар тохиролцсон бөгөөд төлбөрийн үнийн дүнд хэмжээтэй дүнзэн торхыг 10,000,000 төгрөгөнд тооцон 2023 оны 07 дугаар сард өгөхөөр тохиролцсон. 2023 оны 07 дугаар сард Т /хуучин/ туузан хөрөөг О******* аймгийн Б******* сумын Яргуйт баг, Толгодын 9-10 тоотоос өөрийн автомашинаар ачиж авсан. Тус хөрөөг авсанаас хойш бид огт ашиглаагүй бөгөөд одоо агуулхад хадгалагдаж байна. Үнийн дүнд өгөх байсан торхны 7х7 хэмжээтэй мод бэлтгэсэн боловч өрөх хүн байгаагүйн улмаас удааширсан.
Одоо иргэн А.А*******ийн нэхэмжилж байгаа 22,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй. А.А******* бид хоёрын тохиролцоог буцааж Т хөрөөг буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г гээд манай найз 2023 онд нэг хөрөө байна тэрийг чи зараад өгөөч гэсэн. Би өөрөө нэг ч ашиглаагүй хөрөө 12,000,000 төгрөгөөр авсан. Өөрийн хуучин ашиглаж байсан хөрөөгөө Эрдэнэтийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 7,000,000 төгрөгөөр зарж байсан. Би тайрах хөрөөг нь ачиж авч яваад тавих гэсэн боловч трансматор залгахгүй байгаа манай тэнд тог муу байдаг. Хөрөөг 8,000,000 төгрөг худалдаж авсан. Байшингийн модыг бэлтгэсэн татах гэсэн шавар шавхай ихтэй татаж чадаагүй удсан. 2024 оны 04 дүгээр сард надтай цагдаагаас ярьсан. Би цагдаа дээр очихдоо хөрөөний зураг хөргийн аваад яваад очсон. Хүний юмыг аваад өөртөө удаасан болохоор яаж буцаагаад өгөх вэ? бэлэн мөнгийн гаргаад өгчих санал байна гэж хэлсэн. Тусгай зөвшөөрөлгүй хөрөөгөө ашиглах боломжгүй болоод зарчхаад одоо болохоор ашиглаж байсан бол мөнгө олчих байсан гэж байна гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.
-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-А.А*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-А.А*******аас С.Д*******д 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэл /хэргийн 6-р хуудас/,
-О******* аймгийн Пын 2024 оны 05 дугаар сарын 047-ны өдрийн 322 дугаартай тогтоолын хуулбар /хэргийн 7-8-р хуудас/,
-Булган аймаг дахь Сгийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 132 дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай баримт /хэргийн 9-р хуудас/,
Хариуцагч талаас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.
-хариу тайлбар /хэргийн 29-р хуудас/,
-фото зураг /хэргийн 30-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Булган аймгийн Арийн төвөөс Б.Д*******ийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Д*******ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Булган аймгийн Бугат сумын Гуравдугаар багийн Засаг даргын Б.Д*******ийн малын А данстай эсэх тодорхойлолт зэргийг бүрдүүлсэн /хэргийн 32-33, 37-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А.А******* нь хариуцагч Б.Д*******ид холбогдуулан 22,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.Нэхэмжлэгч талаас Б.Д******* нь 2023 оны 7-р сард надаас хөрөө рамыг худалдаж авахаар болж, төлбөрт 7м x 7м хэмжээтэй дүнзэн байшинг дээвэрлэж, доторлоход бэлэн болгож өгөхөөр тохирсон. Б.Д******* нь миний хөрөөг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөг хүртэл эзэмшиж ашиглаж, түүгээр дүнз, банз, модон бүтээгдэхүүний бэлдэц хийц бэлтгэж хөрөө рамны ашиг шимийг дангаараа хүртсээр байгаа тул анх тохиролцсон үнэ 10 сая төгрөг, мөн хөрөөг авсан өдрөөс хойш өнөөг хүртэл 420 хоног хөрөө рам ашигласны хөлсөнд 1 өдрийн түрээсийг хамгийн багаар буюу 30 мянган төгрөгөөр тооцож 12.600.000 \30.0007 х 420 хоног\ төгрөг, нийт 22.600.000 \хорин хоёр сая зургаан зуун мянга\ төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
4.Хариуцагч Б.Д******* нь А.А*******тай тохиролцон үйлдвэрлэсэн Т маркын ашиглаж байсан хуучин хөрөө рамыг 10,000,000 төгрөгөнд тооцож авахаар тохиролцсон бөгөөд төлбөрийн үнийн дүнд хэмжээтэй дүнзэн торхыг 10,000,000 төгрөгөнд тооцон 2023 оны 07 дугаар сард өгөхөөр тохиролцсон. Тус хөрөөг авсанаас хойш бид огт ашиглаагүй бөгөөд одоо агуулхад хадгалагдаж байна. Үнийн дүнд өгөх байсан торхны 7х7 хэмжээтэй мод бэлтгэсэн боловч өрөх хүн байгаагүйн улмаас удааширсан.
Одоо иргэн А.Арийнтунгалагийн нэхэмжилж байгаа 22,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй. А.А******* бид хоёрын тохиролцоог буцааж Т хөрөөг буцааж өгнө гэж маргажээ.
5.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч А.А*******тай, хариуцагч Б.Д******* нь 2023 оны 07 дугаар сард үйлдвэрлэсэн Т маркын ашиглаж байсан хөрөө рамыг 10,000,000 төгрөгөнд тооцож авахаар тохиролцсон. Төлбөрийн үнийн дүнд хэмжээтэй дүнзэн торхыг 10,000,000 төгрөгөнд тооцож, 2023 оны 07 дугаар сард өгөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн.
6.Нэхэмжлэгч нь Т маркын хөрөө рамыг хариуцагч Б.Д*******ид хүлээлгэн өгсөн. Харин Б.Д******* нь тохиролцсоны дагуу нэхэмжлэгчид хэмжээтэй дүнзэн торхыг 10,000,000 төгрөгөнд тооцож, 2023 оны 07 дугаар сард хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Хэдийгээр хариуцагч Б.Д******* нь тус хөрөөг авсанаас хойш бид огт ашиглаагүй бөгөөд одоо агуулхад хадгалагдаж байгаа, 7х7 хэмжээтэй мод бэлтгэсэн боловч өрөх хүн байгаагүйн улмаас удааширсан гэж маргасан. 7х7 хэмжээтэй торхыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Мөн хариуцагч Т маркын хөрөөг огт ашиглаагүй болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд талуудын анх тохиролцсон хэмжээтэй дүнзэн торхыг 10,000,000 төгрөгөнд тооцсон дүнгээр хариуцагч Б.Д*******оос 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А*******т олгох нь зүйтэй байна.
7. Түрээсийн төлбөрийн тухайд нэхэмжлэгч Б.Д*******оос 2023 оны 07 дугаар сараас хойш нэхэмжлэл гаргах хүртэл 420 хоногийн хугацаанд хөрөө рам ашигласны хөлсөнд түрээсийн төлбөр авна. Түрээсийн төлбөрийг хамгийн багаар буюу 30,000 төгрөгөөр тооцож, /30,000х420 хоног/ 12,600,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн. Гэвч талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээ байгуулагдаагүй.
Тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заажээ.
Талууд анх 2023 оны 07 дугаар сард Т маркын хөрөө рамыг 10,000,000 төгрөгөнд тооцож худалдхаар, түүний үнийн дүнд хэмжээтэй дүнзэн торхыг 10,000,000 төгрөгөнд тооцож 2023 оны 07 дугаар сард хүлээлгэн өгөхөөр тус туст тохиролцож арилжааны гэрээ байгуулсан. Тухайн үед гэрээ байгуулахдаа хугацаа хэтэрсэн хоног тутамд түрээсийн төлбөр авахаар тохироогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч Б.Д******* нь хөрөө рам ашигласан хугацааны түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 12,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Д*******оос 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,600,000 /арван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,950 /хоёр зуун далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Д*******оос 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ