Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

          Улсын яллагч П.Энхболд,

          Гэрч Х.Нямдаваа,

          Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр /ҮД:1338/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох 1702000000061 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 28 дугаар байрны 53 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Б М /РД:/,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Б.М нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт LG маркийн гар утсанд наалдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М өгсөн: “... Баарны гадаа байж байтал гадаад хоёр хүн тамхи өгсөн тэгээд би тэрийг татсан, хүнээс гар утас худалдаж авахдаа шар толбо байсаныг нь мэдээгүй, цэвэрлэж амжаагүй, би бие муутай 5 жилийн өмнө нэг бөөрөө авахуулсан болохоор их хар тамхи хэрэглэдэггүй нэг өвс татсан тэгэхээр харж үзээсэй гэж хүсч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Нямдаваагийн өгсөн: “... Манай хүүхэд анх зүгээр байсан, зүгээр тамхи татаад байгаа юм болов уу гэж бодсон, тэгсэн чинь нэг л зан ааш нь өөр болоод хэвийн бус болоод хэцүү байсан, би тэгээд бодохдоо бага өнчин тархи нь тамхи татаад ажилгаагүй болоод хийж байгаа үйлдлээ мэдэхгүй ойр хавийнхаа хүмүүсийг цохиод элдвээр доромжилоод байсан байх, тэгээд бүр хэлээд ойлгуулах гээд үг авахгүй, амандаа болж бүтэхгүй бодис хийчихээд байсан” гэх мэдүүлэг,

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн хэлтэсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Р.Мөнхтөрийн илтгэх хуудас /хх.2/,

Хүний бие эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4-6/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-11/,

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх.12-14/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх.26/,

Мөрдөн байцаалтад Б.М 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн: “... Би 2 долоо хоногийн өмнө өөрийн амьдардаг гэртээ ганцаараа 2 шар айраг уусан, дараа нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүүргийн хорооллын Цамбаргаравын автобусны буудлын хойно байх Roxy гэх бааранд орж жаал уусан. Тэгээд гараад тамхи татах гээд гарахад 2 гадаад тамхи татаад зогсож байсан би тэр хоёр дээр очиод тамхи асуухад 1 ширхэг тамхи өгсөн, тэр тамхийг татахад энгийн тамхи биш каннабис гэх нэршилтэй бодис дотор нь хийсэн байсан, би өмнө татаж байсан болохоор шууд мэдсэн, тэр өвс миний шээснээс илэрсэн байх. Би 2005 оноос Бээжин хотод Чиняан гэх их сургуульд суралцаж 2012 онд төгссөн, тэнд байхдаа шавар гэх бодис хэрэглэж үзсэн, хэрэглэх үед миний инээд хүрээд юу ч болоогүй байхад инээгээд байсан, 3-4 удаа тийм байдлаар хэрэглэж үзсэн... энэ миний утас, би уг утсыг одоогоос 3 хоногийн өмнө Теди гар утасны худалдааны төвийн гадаанаас нэг хүнээс 70.000 төгрөгөөр худалдаж авсан, намайг утас авах үед тэр зүйл наалдаж бохирлогдсон байсан, би цэвэрлэж амжаагүй, би гар утас зарсан хүнийг харвал танихгүй... гэх мэдүүлэг /хх.27-28/,

Мөрдөн байцаалтад гэрч Х.Нямдаваагийн өгсөн: “... Зан хүмүүжлийн хувьд Бээжин яваад ирэхдээ нэг тийм сонин болчихсон, их ууртай, зан байдлын хувьд бол их доголдолтой болсон, надад мансууруулах бодис хэрэглээд байгаа юм болов уу гэсэн сэжиг төрөөд байгаа, нийлдэг хүүхдүүдийг нь судлаад үзсэн дандаа хар тамхины хэрэгт холбогдож байсан хүмүүс байна лээ, би хамт амьдрах боломжгүй айдастай байдаг, маш их хурц ширүүн ууртай болсон...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

Мөрдөн байцаалтад гэрч Х.Сүх-очирын “... Мөнхтулга нь миний төрсөн эгч Нямдаваагийн ууган хүү, Мөнхтулга БНХАУ-д сурч байх хугацаандаа амралтаараа Монголд ирдэг байсан ба харьцах харьцаа нь шал өөр болсон, их хурц ширүүн зантай, тийм архи уусан юм шиг байдалтай болсон байсан, архи уусан юм болов уу гэхээр үнэртдэггүй байсан, тэр үеэс Мөнхтулгыг мансууруулах бодис хэрэглээд байгаа юм болов уу гэж дотроо хардах болсон. Ээж нь хамт байхаас айгаад хамт амьдардаггүй, очихдоо надтай хамт очдог. Мөнхтулгын байгаа байдал, ээжтэйгээ харьцаж байгаа байдал зэргээс мансууруулах бодис хэрэглэдэг гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 9906 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн “LG” гэх бичиглэлтэй цагаан өнгийн гар утас бохирлогдсон хэсгээс авсан арчдасд дельта-9 тетрагидроканнабинолын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламж илрэв.

Шинжилгээгээр илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.38-39/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 9905 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн “Бат-Эрдэнэ овогтой Мөнхтулга” гэсэн хаягт шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/-ын агууламж илрэв.

Шинжилгээгээр илэрсэн тетрагидроканнабинол/ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.42-43х/,

Мөрдөн байцаалтад Б.М яллагдагчаар өгсөн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр найз Ариунболдтой уулзаад жаал архи согтууруулах ундааны зүйл уунгаа ярилцья гэж тохиролцон дэлгүүрээс нэг шил оргилуун дарс идэж уух юм аваад дэлгүүрээс гараад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүнжингарав хотхоны тэнд явж байхад хоёр энгийн хувцастай цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан, тэр үед миний халаасанд авч явсан гар утсан дээр шар өнгийн зүйл наалдсан байсан, тест тавьж үзэхэд миний шээснээс каннабис гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон, энэ талаараа мэдүүлэг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх.75-76/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.73/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Б.М нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр байнга хэрэглэж хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн хэлтэсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Р.Мөнхтөрийн илтгэх хуудас /хх.2/,

Хүний бие эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4-6/,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-11/,

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх.12-14/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх.26/,

Мөрдөн байцаалтад гэрч Х.Нямдаваагийн өгсөн: “... Зан хүмүүжлийн хувьд Бээжин яваад ирэхдээ нэг тийм сонин болчихсон, их ууртай, зан байдлын хувьд бол их доголдолтой болсон, надад мансууруулах бодис хэрэглээд байгаа юм болов уу гэсэн сэжиг төрөөд байгаа, нийлдэг хүүхдүүдийг судлаад үзсэн дандаа хар тамхины хэрэгт холбогдож байсан хүмүүс байна лээ, би хамт амьдрах боломжгүй айдастай байдаг, маш их хурц ширүүн ууртай болсон...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

Мөрдөн байцаалтад гэрч Х.Сүх-очирын “... Мөнхтулга БНХАУ-д сурч байх хугацаандаа амралтаараа Монголд ирдэг байсан ба харьцах харьцаа нь шал өөр болсон, их хурц ширүүн зантай, тийм архи уусан юм шиг байдалтай болсон байсан, архи уусан юм болов уу гэхээр үнэртдэггүй байсан, тэр үеэс Мөнхтулгыг мансууруулах бодис хэрэглээд байгаа юм болов уу гэж дотроо хардах болсон. Ээж нь хамт байхаас айгаад хамт амьдардаггүй, очихдоо надтай хамт очдог. Мөнхтулгын байгаа байдал, ээжтэйгээ харьцаж байгаа байдал зэргээс мансууруулах бодис хэрэглэдэг гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9905, 9906 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх. 38-39, 42-43х/,

Мөрдөн байцаалтад Б.М яллагдагчаар өгсөн: “... тест тавьж үзэхэд миний шээснээс каннабис гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон, энэ талаараа мэдүүлэг өгсөн байгаа...” /хх.75-76/ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Нямдаваагийн өгсөн: “... Манай хүүхэд анх зүгээр байсан, зүгээр тамхи татаад байгаа юм болов уу гэж бодсон, тэгсэн чинь нэг л зан ааш нь өөр болоод хэвийн бус болоод хэцүү байсан, би тэгээд бодохдоо бага өнчин тархи нь тамхи татаад ажилгаагүй болоод хийж байгаа үйлдлээ мэдэхгүй ойр хавийнхаа хүмүүсийг цохиод элдвээр доромжилоод байсан байх, тэгээд бүр хэлээд ойлгуулах гээд үг авахгүй, амандаа болж бүтэхгүй бодис хийчихээд байсан” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Шүүхийн хэлэлцүүлэгт Б.М нь “... гадаад 2 хүнийг татах уу гэхээр нь анх удаа өвс хэрэглэж үзсэн, хүнээс гар утас худалдаж авахдаа дээр нь шар толбо байсныг мэдээгүй, хадгалаагүй...” гэх боловч энэ талаар нотлох баримтын эх сурвалжаа зааж чадаагүй, тус мэдүүлэг нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мөнхтулгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Иймд Б.Мөнхтулгыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Б.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага түүнд оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.М үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Б.Мд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүгдэгч Б.М 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн дотор хэсэгтээ бор өнгийн шавар гэх сэтгэцэд нөлөөт бодисын наалдацтай LG маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Б.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М овогт Б М “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М урьд нь цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг эдлэх ялд оруулж тооцсугай.

   5. Б.Мд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн дотор хэсэгтээ бор өнгийн шавар гэх сэтгэцэд нөлөөт бодисын наалдацтай LG маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Б.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

          9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ӨСӨХБАЯР