Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2025/00013

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: С.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.П-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00573/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.П*******гээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд үндсэн зээл, зээлийн хүү нийт 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.П******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие С.Г*******оос хүүтэй мөнгө зээлсэн боловч төлж чадахгүй байсаар өдийг хүрсэн. 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Г******* нь хариуцагч Д.П*******д холбогдуулан 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.П******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С.Г*******ын нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 /таван сая/ төгрөгийг хариуцагч Д.П******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 47,475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Д.П*******гээс 47,475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА