Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 304/ШШ2025/00015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нэхэмжлэгч: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ӨХХК-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 19,350,000 /арван есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00427/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Д******* ХХК-тай Ө******* ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагддаг тарианы таримлын болон рапсны ургамал хамгааллын бодис нийт 22,900,000 /хорин хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, 10,000,000 /арван сая/ төгрөгийн урьдчилгааг шилжүүлж, төлбөрийн үлдэгдэл 12,900,000 /арван хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор компанийн Худалдаа хөгжлийн банкны ............... тоот дансанд шилжүүлэхээр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан гарын үсэг зурж, тамга даран, компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг хавсарган баталгаажуулж, барааг авч явсан.

2022 оны 11 сард Ө******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б*******тай холбогдоход тарианы мөнгө хараахан орж ирээгүй байна, орж ирэхээр төлбөрөө бүрэн хийнэ...,...он гараад мөнгө орж ирнэ гэнээ жоохон хүлээгээд өгөөч... гэж явсаар 2024 онд ... надад наад компани чинь хамааралгүй болсон би мэдэхгүй... гэх мэтээр элдэв шалтаг тоочин гэрээний үүргээ биелүүлэхгүй, худал ярьж төлбөр төлөхөөс зайсхийж явсаар өнөөдрийг хүрсэн учир барааны төлбөрийн үлдэгдэл 12,900,000 /арван хоёр сая есөн зуун мянга/, хугацаа хэтэрсэн алданги 6,450,000 /зургаан сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, нийт 19,350,000 /арван есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг Ө******* ХХК-аас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 19,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулсны дагуу алданги 6,450,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

- Д******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 3-р хуудас/,

- Худалдах худалдан авах гэрээний хуулбар /хэргийн 6-р хуудас/

-Зарлагын баримт /хэргийн 7-р хуудас/

-Ө******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн мэдээлэл /хэргийн 35-36-р хуудас/

-Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга,

4.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

5.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Ө******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Ө******* ХХК-нд 22,900,000 төгрөгийн газар тариалангийн ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг худалдах худалдан авах гэрээгээр нийлүүлсэн. Үүнээс хариуцагч 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дансаар шилжүүлж, үлдэгдэл 12,900,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохирч бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Гэтэл одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөр болох 12,900,000 төгрөг, хугацаандаа биелүүлээгүй алданги гэрээний 4.5 дахь заалтаар тохирсны дагуу 6,450,000 төгрөг, нийт 19,350,000 төгрөг гаргуулна гэжээ.

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчийн гэм буруугаас болоогүй тул алданги 6,450,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

4.Зохигчид Худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, бүтээгдэхүүн хүлээн авсан эсэх, урьдчилгаа 10,000,000 төгрөг төлсөн эсэх, бүтээгдэхүүний чанарын доголдлын талаар маргаагүй.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Д******* ХХК нь Ө******* ХХК-тай 22,900,000 төгрөгийн үнэтэй ургамал хамгааллын бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ........... дансанд 10,000,000 сая төгрөг шилжүүлж, үлдэгдэл 12,900,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар гэрээгээр харилцан тохиролцжээ. Д******* ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрийг 2022 оны 11 дүгээр сард Ө******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б*******тай утсаар холбогдож үүргийн гүйцэтгэлийг шаарджээ.

5.2.Хариуцагч Г.Б******* нь төлбөрийг хариуцахгүй гэж 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа гүйцэтгэх удирдлага хийхээ больсон, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд өөрчлөгдсөн гэдэг тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Ө******* ХХК-ийн хувьцаа, Б.Н*******, Г.Б******* нарын хувьцааг Н.Б*******д шилжүүлэх бэлэглэлийн гэрээ, шилжүүлэх гэрээ байгуулж, компанийн удирдлага өөрчилсөн тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн.

5.3.Ө******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Б******* томилогдсон өөрчлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгасан бүртгэл хийгдсэн байх бөгөөд гүйцэтгэх захирал Н.Б******* нь М.З*******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд тэрээр М.З*******т олгосон итгэмжлэлээсээ татгалзсан тухай баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна.

5.4.2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Худалдах худалдан авах гэрээний 4.5-т Хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги нэмж төлнө, 4.6-т маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх бөгөөд дутуу төлсөн төлбөрийн хэмжээгээр анз төлнө. гэж талууд гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулсан.

5.5.Хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дэх хэсэгт ...хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулсны дагуу 6,450,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна гэсэн хэдий ч ...үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэх татгалзлын үндэслэлийг тайлбарлаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

6.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.

7. Нэхэмжлэгч Д******* ХХК нь хариуцагч Ө******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Иргэний хуулийн 231.1.1 дэх хэсэгт үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх мөнгөн дүнг анз гэнэ, 232.4-т анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалттай нийцэж байх тул гэрээний 4.5 дахь заалтын дагуу нэхэмжилж байгаа 6,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

9.Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчээс түүний эзгүйд хэргийн шийдвэрлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан үндэслэл болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүд, 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дүгээр зүйлийн 232.4-т тус тус зааснаар хариуцагч Ө******* ХХК-аас 19,350,000 /арван есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д******* ХХК-д олгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,700 /хоёр зуун тавин дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө******* ХХК-аас 254,700 /хоёр зуун тавин дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА