| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2025/00003/И |
| Дугаар | 304/ШШ2025/00032 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2025/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Д.О*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2025/00003/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.О******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Булган аймгийн 1 дүгээр цэцэрлэгт туслах багшаар 1988 оноос 1993 онд ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул шүүхэд хандаж байна.
Иймд 1988 оноос 1993 оны 07 дугаар сарыг хүртэл Булган аймгийн 1 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/,
-1990 онд төрсөн хүсэлт гаргагч Д.О*******гийн охин О.О*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 18-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн 1 дүгээр цэцэрлэгт 1988 оноос 1993 оны 07 дугаар сарыг хүртэл туслах багшаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч Д.О******* нь Булган аймгийн 1 дүгээр цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын 01-ны 1993 оны 07 дугаар сарыг хүртэл туслах багшаар ажиллаж байсан болох нь цалингийн цэсийн түүвэр болон охин О.О*******ийн төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
5.Иймд хүсэлт гаргагч Д.О*******г Булган аймгийн 1 дүгээр цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын 01-ны 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.О*******г Булган аймгийн Булган сумын 1 дүгээр цэцэрлэгт 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА