| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0095/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Тунгалаг,
Улсын яллагч О.Багшбаяр,
Шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.Ат холбогдох 201625011624 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Завхан мандал суманд 1988 оны 06 дугаар сарын 15-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа наймаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 19 дүгээр гудамжны 1400 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэн суллагдсан, Д овогт П А/РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
П.А нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь-Эхийн 19 дүгээр гудамжны 1400 тоотод иргэн Б.Ихгэрэлийн нуруун тус газарт нь хутгалж, түүний биед “нурууны баруун талд
нугаламын хажуугийн шугамаар 11 дүгээр хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх хий, цус хуралт зэрэг хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Аийн өгсөн: …“Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Одоо хэлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 418 дугаартай:
“1. Б.Ихгэрэлийн бие нурууны баруун талд нугаламын хажуугийн шугамаар 11 дүгээр хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх хий, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-11-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.39/,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ихгэрэлийн өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр П.Аийн гэрт нь очсон. Ингээд миний бие П.Аийн гэрт нь орсон чинь миний танихгүй хоёр найзтайгаа хамт архи уугаад сууж байсан. Ингээд төд удалгүй нөгөө хоёр найз нь яваад өгсөн ба бид хоёр гэртээ үлдээд шинэ оноо хамт гаргасан. Алтанхуяг бид хоёр шинэ оноо хамт гаргачихаад гэртээ байж байсан чинь шөнийн 01 цагийн үед Алтанхуягийн гэрийн доор байдаг Хатнаа гэдэг найз нь залгаад бид хоёрыг гэртээ ороод ир гээд байсан. Ингээд Алтанхуяг бид хоёр Хатнаагийнх нь гэрт нь очоод шөнийн 04 цаг хүртэл хамт хоол идэж архи ууцгааж суусан ба тухайн үед Алтанхуягийн хуучин эхнэр болох Үүрийнтуяа гэдэг эмэгтэй нь миний утас руу байн байн залгаад, уулзах уу гээд мессеж бичээд байсан. Тэгтэл П.А найз Хатнаагийнхаа гэрт нь байхдаа миний утсыг авч унтраачихаад надад буцааж өгөхгүй байсан. Ингээд бид хоёр гэртээ ороод байж байтал Хатнаа тэр хоёр дахиад нэг шил архи хамт ууж эхлэхээр нь би унтаад өгсөн. Нэг сэргээд харсан чинь тэр хоёр гараад явчихсан байхаар нь би хамт архи ууж байсан Хатнаагийнх нь гэрт нь яваад очсон чинь манай хамтран амьдрагч П.А нь тэдний гэрт нь байхгүй байсан ба би Хатнаагаас Алтанхуягийг хаана байгаа талаар асуусан чинь би мэдэхгүй архиа ууж дуусчихаад гэртээ үлдсэн шүү дээ гэж байсан. Тэгэхээр нь би гэртээ буцаж очсон чинь Алтанхуяг миний утсыг цэнэглээд үлдээсэн байсан ба миний утсан дээр бүртгэгдсэн байсан мессеж болон залгасан утасны дугааруудыг бүгдийг нь устгасан байсан. Ингээд байж байтал Алтанхуяг үүрийн 06 цаг өнгөрч байхад гэртээ орж ирчихээд ажиллуулж байсан дэлгүүрээсээ хоёр 0.75 литрийн архи авч гарна гээд байхаар нь би түүнд архийг нь өгч гаргахгүй гэсэн чинь Алтанхуяг уурлаад над руу дайрч байгаад хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад миний нуруун тус газарт нэг удаа хутгалахаар нь би орилсон чинь хажуу талаас гэрийнхэн нь ороод ирсэн. Гэрийнхэн нь орж иртэл Алтанхуяг гараад зугатаачихсан чинь Алтанхуягийн ах болох Хаянаа гэдэг залуу нь 103 дуудсан. Ингээд 103 хүрч ирээд миний биеийг үзчихээд шууд госпитал руу аваад явсан. Тухайн үед миний биед хүнд гэмтэл учирсан байсан ба Алтанхуягийн хутгалсан хутга нь миний баруун талын уушиг руу нэвтэрсэн байсан. Тухайн үед миний уушиганд цусны хураа үүсч биеийн гадна талаас хүчээр амьсгалах гуурс тавьсан. Би тухайн үед П.Атай хамт амьдарч байсан, мөн түүний ар гэрийнхэн нь надаас битгий цагдаад хандаач, гаргасан гомдлоо цагдаагийн байгууллагад хаалгачих гэж гуйсан болохоор л ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлж байсан. Би одоо гомдолтой байна. Тухайн үед миний бие Алтанхуягтай хамт амьдарч байсан учраас гомдолгүй гэж хэлж цагдаагийн байгууллагын бүртгэлд орсон гомдлоо хаалгаж байсан” гэх мэдүүлэг /хх.47-50, 234-237/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Хатанбаатарын өгсөн: “... Миний бие 2015 оны 12 дугаар сарын 31-ний шөнө гэртээ эхнэр хүүхдүүдийнхаа хамт шинэ оноо гаргасан. Би шинэ оноо гаргачихаад хадам ахынхаа гэрт нь очиж хорхог идэх гээд ахынхаа гэрт нь очсон байсан чинь манай найз П.А нь над руу залгаад чи хаана байна би эхнэртэйгээ танай гэрт ирчихсэн байна хүрээд ир гээд залгаад байсан. Тэгэхээр нь би ахынхаасаа гараад гэртээ ирсэн чинь П.А нь өөрийн хамтран амьдардаг Ихгэрэлийн хамт байж байсан. Ингээд бид нар манай гэрт Алтанхуягийн авчирсан нэрийг нь мэдэхгүй 0.5 литрийн архийг нь хувааж уугаад байж байтал гаднаас манай найз Сумъяабаатар нэг шил том архи барьчихсан ороод ирсэн. Ингээд Ихгэрэл, Сумъяабаатар, Алтанхуяг бид дөрөв авчирсан архийг нь ууж дуусах дөхөж байтал Сумъяабаатар нь гэр лүүгээ яваад өгсөн. Тухайн үед Ихгэрэл нэлээн согтчихсон байсан ба Алтанхуяг нь дунд зэргийн л согтолттой байсан. Ингээд би тэр хоёрыг дагуулаад гэрт нь хүргэж өгтөл Ихгэрэл гэртээ ороод шууд унтаад өгсөн. Харин бид хоёр Алтанхуягийн гэрт нь нэг шил 0.33 литрийн архи хувааж ууж байтал Алтанхуяг дэлгүүрээсээ нэг шил 0.75 литрийн архи аваад Алтанхуягийн хуучин эхнэр болох Үүрийнтуяагийн гэр лүү нь явсан... Ингээд Алтанхуяг бид хоёр Үүрийнтуяагийн гэрт нь очсон чинь гэрт нь Үүрийнтуяа мөн хөдөөнөөс ирсэн гээд ах эгч хоёр нь байж байсан. Үүрийтуяагийнд очоод байж байтал Алтанхуяг тэр архиа бараг ганцаараа уусан. Би Алтанхуягийг оруулж өгчихөөд байж байгаад гараад явсан. Би түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.51-53/,
Мөрдөн байцаалтад гэрч М.Энхмандахын өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Алтанхуяг ах, Ихгэрэл эгч, Хаян ах, Алтанхуяг ахын талийгаач ээж Дагмидмаа бид нар шинэ оноо хамт гаргасан. Ингээд байж байтал Алтанхуяг ах, Ихгэрэл эгч хоёр найзуудтайгаа уулзана гээд гэрээс гараад явсан. Би тэр шөнө Хаянаа ахын хамт талийгаач ээжийг нь сахиад байж байтал Алтанхуяг ах, Ихгэрэл эгч хоёр шөнийн 03 цагийн үед гэрт орж ирсэн байсан. Ингээд тэр хоёр хэрэлдээд байхаар нь би тэдний гэрт орсон чинь тэр хоёр архи уучихсан байсан ба Ихгэрэл эгч унтах гээд ороо засаж байсан... Ингээд би унтаж байтал Ихгэрэл эгч намайг гэрээсээ дуудаад байхаар нь тэдний гэрт нь яваад орсон чинь Алтанхуяг ах, Ихгэрэл эгчийг тэвэрчихсэн тэр хоёр уйлаад сууж байсан. Би Ихгэрэл эгчийг орон дээр нь хэвтүүлэх гээд босгох гэтэл Ихгэрэл эгчийн шуба нь цус болчихсон байхаар нь би шубыг нь тайлсан чинь Ихгэрэл эгчийн баруун талын бөөрний орчмоос цус гарч байхаар нь би яасан юм бэ? гэж асуутал Алтанхуяг ах хутгалчихлаа гэж байсан. Тэгэхээр нь би шууд өөрийн байсан гэр лүүгээ гүйж ороод өөрийн 89727098 дугаарын утаснаасаа түргэн дуудсан. Тэгтэл төд удалгүй цагдаа нар хүрч ирээд Алтанхуяг ахыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх.246-247/,
Мөрдөн байцаалтад гэрч П.Хаянгийн өгсөн: “... Миний бие 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ бие муутай ээжийгээ сахиад байсан байсан. Ингээд бид хоёрыг байж байхад манай дүү П.А шөнийн 23 цагийн үед найз эмэгтэй Ихгэрэлийн хамт орж ирчихээд бид нартай хамт шинэ оноо гаргасан. Тэгээд байж байсан чинь манай дүү Алтанхуяг найз Ихгэрэлийн хамт гарчихаад ирье гээд гараад явсан. Би тэр шөнө ээжийгээ сахиад байж байтал манай дүү Энхмандах шөнийн 02 цагийн үед над руу хүрч ирээд Алтанхуяг найз бүсгүй Ихгэрэлтэйгээ маргалдаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрсдөө учраа олчих байх гээд байж байтал манай дүү Энхмандах дахиж орж ирээд нөгөө хоёр чинь дахиад гадаа ноцолдоод эхэллээ гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын гэрт орсон чинь Ихгэрэлийн баруун бөөрнөөс нь цус гарчихсан байхаар нь 103 дуудсан” гэх мэдүүлэг /хх.238-239/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Оюунболдын өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүлд 117 чиглэлд хэв журмын цагдаа ахлах ахлагч У.Ганзоригийн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сүлд 10-аас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дунд Дарь-Эхийн 19-1400 тоотод хутгалуулсан хүн байна гэх дуудлага ирүүлсэн ба тус дуудлагын дагуу очиж шалгахад уг тоотын хашааны хаалга нь онгорхой байсан ба хаалгыг нь нүдэхэд ямар нэгэн хүн гарч ирээгүй. Ингээд хүн гарч ирэхгүй болохоор нь ахлах ахлагч У.Ганзориг бид 2 хашаа руу нь ороод уг хашаанд байсан өвлийн байшинд орж шалгахад нэг эмэгтэй хүн хажуу тал руугаа хараад хэвтчихсэн уг эмэгтэйгийн далан тус газар цус гарчихсан, гэр нь ноцолдсон байдалтай эмх замбараагүй байдалтай байсан. Би уг эмэгтэйг шалгахад тэр эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан ба уг эмэгтэйгээс болсон явдлыг асуухад тэр эмэгтэй манай нөхөр миний дал руу хутгалчихаад гараад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би шууд түргэн дуудаад байж байтал нөхрийнх нь ах гэх залуу хүрч ирсэн. Ингээд байж байтал түргэн ирэхээр нь тэр эмэгтэйг түргэнд хүлээлгэж өгчихөөд тэр эмэгтэйгийн нөхрийг нь хайж гарсан чинь нөгөө хайж байсан залуу тухайн гудамжны доороос өгсөөд ирсэн. Тэгэхээр нь би тэр залууг саатуулан Сүлд 10-т хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх.244-245/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч О.Болороогийн өгсөн: “... Дээрх гэмтэл нь өөрөө унах үед үүсэх боломжгүй гэмтэл юм. Хүн өөртөө тухайн гэмтлийг яаж ч үүсгэх боломжгүй. Дээрх гэмтлийг ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг /хх.248-249/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
П.А нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь-Эхийн 19 дүгээр гудамжны 1400 тоотод иргэн Б.Ихгэрэлийн нуруун тус газарт нь хутгалж, түүний биед “нурууны баруун талд
нугаламын хажуугийн шугамаар 11 дүгээр хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх хий, цус хуралт зэрэг хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 418 дүгнэлт /хх.39/,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ихгэрэлийн өгсөн: “... Ингээд байж байтал Алтанхуяг үүрийн 06 цаг өнгөрч байхад гэртээ орж ирчихээд ажиллуулж байсан дэлгүүрээсээ хоёр 0.75 литрийн архи авч гарна гээд байхаар нь би түүнд архийг нь өгч гаргахгүй гэсэн чинь Алтанхуяг уурлаад над руу дайрч байгаад хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад миний нуруун тус газарт нэг удаа хутгалахаар нь би орилсон чинь хажуу талаас гэрийнхэн нь ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх.47-50, 234-237/,
Мөрдөн байцаалтад гэрч М.Энхмандахын өгсөн: “... Ингээд би унтаж байтал Ихгэрэл эгч намайг гэрээсээ дуудаад байхаар нь тэдний гэрт нь яваад орсон чинь Алтанхуяг ах, Ихгэрэл эгчийг тэвэрчихсэн тэр хоёр уйлаад сууж байсан. Би Ихгэрэл эгчийг орон дээр нь хэвтүүлэх гээд босгох гэтэл Ихгэрэл эгчийн шуба нь цус болчихсон байхаар нь би шубыг нь тайлсан чинь Ихгэрэл эгчийн баруун талын бөөрний орчмоос цус гарч байхаар нь би яасан юм бэ? гэж асуутал Алтанхуяг ах хутгалчихлаа гэж байсан…” гэх мэдүүлэг /хх.246-247/,
Мөрдөн байцаалтад гэрч П.Хаянгийн өгсөн: “... Тэгэхээр нь би өөрсдөө учраа олчих байх гээд байж байтал манай дүү Энхмандах дахиж орж ирээд нөгөө хоёр чинь дахиад гадаа ноцолдоод эхэллээ гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын гэрт орсон чинь Ихгэрэлийн баруун бөөрнөөс нь цус гарчихсан байхаар нь 103 дуудсан” гэх мэдүүлэг /хх.238-239/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Оюунболдын өгсөн: “... Ингээд хүн гарч ирэхгүй болохоор нь ахлах ахлагч У.Ганзориг бид 2 хашаа руу нь ороод уг хашаанд байсан өвлийн байшинд орж шалгахад нэг эмэгтэй хүн хажуу тал руугаа хараад хэвтчихсэн уг эмэгтэйгийн далан тус газар цус гарчихсан, гэр нь ноцолдсон байдалтай эмх замбараагүй байдалтай байсан. Би уг эмэгтэйг шалгахад тэр эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан ба уг эмэгтэйгээс болсон явдлыг асуухад тэр эмэгтэй манай нөхөр миний дал руу хутгалчихаад гараад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би шууд түргэн дуудаад байж байтал нөхрийнх нь ах гэх залуу хүрч ирсэн. Ингээд байж байтал түргэн ирэхээр нь тэр эмэгтэйг түргэнд хүлээлгэж өгчихөөд тэр эмэгтэйгийн нөхрийг нь хайж гарсан чинь нөгөө хайж байсан залуу тухайн гудамжны доороос өгсөөд ирсэн. Тэгэхээр нь би тэр залууг саатуулан Сүлд 10-т хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх.244-245/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч О.Болороогийн өгсөн: “... Дээрх гэмтэл нь өөрөө унах үед үүсэх боломжгүй гэмтэл юм. Хүн өөртөө тухайн гэмтлийг яаж ч үүсгэх боломжгүй. Дээрх гэмтлийг ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг /хх.248-249/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
П.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч болох боловч Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ялаас харьцангуй хөнгөрсөн, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заасан 2.4 дэх заалтад заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх хүндрүүлэх нөхцөл нь 2002 оны Эрүүгийн хуульд заагаагүй байжээ.
Иймд прокуророос шүүгдэгчид ашигтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул П.Аийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
П.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
П.Аийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд оногдуулав.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа П.Аийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
П.Аийн учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгч П.Ат оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Б.Ихгэрэл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдвал зохино.
Хэдийгээр хохирогч Б.Ихгэрэл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх.72-73/ боловч өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт П А “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Ат оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Ат мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар П.Аийн урьд нь цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгтэй тэнцүүлж 375.000 төгрөгөөр тооцож үлдсэн эдлэх торгох ялын хэмжээг 9.625.000 /есөн сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Б.Ихгэрэл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Хохирогч Б.Ихгэрэл нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР