Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/522

 

      2023         05           18                                         2023/ДШМ/522

Н.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ундрах,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Хонгорзул,

хохирогч Л.У,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Б.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлоор Н.Эт холбогдох 2309 00000 0069 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Я овгийн Н-ын Э, 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

            Н.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээр автомашинаа байрлуулах гэж байсан хохирогч Л.Уын нүүрэн тус газарт уруул болон зүүн хацрын доод хэсэгт гараараа 1 удаа цохисон, зүүн нүд хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны өөхөн эслэгийн иврэлт, хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүү багатай далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар зулгаралт уруулд цус хуралт, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Я овгийн Н-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Эт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эоос 4.622.150 төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64-ийн 21 тоотод оршин суух Зөөд овгийн Лхагвын Ууганбаярт олгож, шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Л.У нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин 1.107.300 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Б.Хонгорзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.6 дахь заалтад заасан “...Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. ...” гэж заасан ноцтой зөрчлийг үүсгэсэн. Анхан шатны шүүх Н.Эт холбогдох эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Учир нь, анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байна. ...”, 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “...Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй. ...” гэсэн заалтыг зөрчиж иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нотлох баримт болон хууль зүйн үндэслэлд ямар ч дүгнэлт хийхгүйгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус үндэслэн шүүгдэгчээс 4.662.150 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Ут олгохоор шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 510 дугаар зүйл нь эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахтай холбоотой зохицуулалт бөгөөд шүүгдэгч Н.Э нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан байтал эд хөрөнгөд учруулсан хохирлыг арилгуулах заалт үндэслэсэн нь ойлгомжгүй байна. 

Төлбөрийн баримт нь хохирогчийн нүдний хагалгаанд орсон зардал мөн эсэх, мөн хүүхдийн үзлэг 100.000 төгрөг, мөн үзлэг 60.000, шинжилгээ 153.150 /ХДХВ, ДОХ-ын шинжилгээ/, бензиний талон 82.000, эмнэлэгийн үйлчилгээ 40.000 зэрэг төлбөрийн баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал мөн эсэх, бензиний баримт нь эмчилгээ хийлгэхэд зарцуулагдсан эсэх, өөрөөр хэлбэл шинжээч эмчийн дүгнэлтэд тодорхойлсон гэмтэлтэй холбоотойгоор гарсан зардал мөн эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжилсэн бүх хохирлыг шүүгдэгчээс гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Үүнээс гадна иргэний нэхэмжлэлийг нотолж буй баримт нь нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд баримт бүрээр үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдах шаардлагын талаар хуульчилсан бөгөөд уг зүйлийн 3.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлээ заавал тусгахаар заажээ.

Гэтэл анхан шатны шүүх төлбөрийн баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчээс гаргуулах хохирол, түүнийг нотлох баримтын хамаарал, нотлогдох байдалд тайлбар өгөхгүйгээр шүүгдэгч Н.Эоос төлбөр гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчил гэж үзэж байна.

Мөн Н.Эт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэснийг өөрчилж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаар шийтгэж өгнө үү.

Учир нь, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл байсан болохыг харгалзан үзэхийг хүсэж байна.

Н.Эын эхнэрийг хамгийн муухай үгээр доромжилж, хэрүүл маргаан эхлэж үүсгэсэн зэрэг хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон. Иймд анхан шатны шүүхийн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгээс 261.500 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдсэн 4.360.650 төгрөгийн хохирлын нотлох баримтууд нь шаардлага хангаагүй буюу хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтууд байх тул хангахгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Энэ хэсгийн нотлох баримтыг цуглуулаад хохирогч хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй. Бид эргэлзэж байгаа учир нь хохирогчийн нүдэн тус хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар ч хагалгаа хийлгэсэн зүйл байдаггүй. Мөн өөрийн данснаас гарсан хуулга гэх мэт хамааралтай баримтыг гаргаж өгөхгүй байгаад эргэлзэж байгаа. Ийм учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Э тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч Л.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй гээд давж заалдах гомдол гаргасан. Хүүхдийн үзлэг гээд 4 сая төгрөгийн И-баримт байгаа. Эмнэлэг нь “манай бүх үйлчилгээ хүүхдийн үзлэг гэсэн баримтаар гардаг” гэж хэлээд өгсөн. “Шүүх, цагдаагаар явж байгаа баримт учраас буцаагдвал яах вэ” гэхэд “манайх орлогын баримт бичиж өгнө” гээд шар баримтад задаргааг нь бичиж өгсөн. Давж заалдах шатны шүүхэд эмнэлгээс авсан тодорхойлолтыг сая шүүхэд өгсөн. Энэ нь бүтэн унтуулгатай хагалгаанд орсон, эмнэлгээс 6 төрлийн шинжилгээ өгөх шаардлагатай гэсний дагуу өгсөн. Мөн эмч нь бичиг хийж өгсөн. Нүдний хагалгаанд орсон нь үнэн. Тухайн үед эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсны дараах боолттой зураг хүртэл байгаа.” гэв.

Прокурор Г.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой уншиж танилцсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хуурамч гэж үзэн гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдэж хэрэгт цугларсан баримтын хүрээнд хохирлыг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч хуурамч гэдгээ тайлбарлан хэлж чадахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Б.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Н.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээр автомашинаа байрлуулах гэж байсан хохирогч Л.Уын нүүрэн тус газарт уруул болон зүүн хацрын доод хэсэгт гараараа 1 удаа цохисон, зүүн нүд хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны өөхөн эслэгийн иврэлт, хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүү багатай далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар зулгаралт уруулд цус хуралт, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Л.Уын “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 64 дүгээр байрны автомашины зогсоол дээр би ганцаараа өөрийн 54-34 УБА улсын дугаартай хар хөх өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг байрлуулан зогсоолд тавих гээд байрны гадаа явж байхад 00-20 улсын дугаартай, серийн дугаарыг санахгүй байна цагаан өнгийн “Тоёота Харрер” маркийн тээврийн хэрэгсэл миний урд хаалга таглаад ухарч байсан юм. Тэгээд би уг машины жолоочид “наана чинь ачаа буулгадаг юм аа, тийшээ явж зогсоорой” гэж хэлсэн. Уг машин нь миний заасан газар болох машины зогсоолын буланд зогссон. Дараа нь бид хоёрын машины бүүр цаана байрлах зогсоолоос нэг машин гараад зогсоол суларсан тул би уг зогсоол руу очоод өөрийн машины зогсоолд байрлуулан тавьсан. Үүний дараа би машинаа унтраах гээд байж байтал нөгөө 00-20 улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Харрер” маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинаас буугаад над дээр ирээд “би наана чинь орох гэж байсан, чи орчихлоо яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Би хариуд нь “ах нь энэ байранд амьдардаг юм аа. Машинаа гарахааргүй байрлалд тавьчихъя, та хоёр түр зогсоод гарах юм чинь” гэж хэлсэн. Би уг машиныг манай байрны машин биш гэдгийг мэдэж байсан юм. Учир нь манай байрны зогсоолын хаалга чипээр онгойдог, чип онгойх үед уг машин нь түрүүлээд орсон юм. Тэгээд хариуд нь надад уг залуу “би энд эхнэртэйгээ хоол идэх гэж байна аа, би энд зогсоно” гэж хэлээд бид хоёрын дуу өндөрсөөд маргалдаж эхэлсэн. Тэгээд дараа нь уг залуу миний машины хаалгыг онгойлгоод татаж намайг машинаас буулгаад хоёр гараараа боосон. Эхнэр нь дундуур нь орж салгасан. Бас манай байрны нэг зүс таних ах хажуугаар явж байгаад над дээр ирсэн. Тэгээд би уг залуугийн эхнэрт “одоо энэ залуугаа аваад зайл” гэж уурлаж хэлээд машин руугаа ороод суусан. Тэгтэл уг залуу уурлаад “миний эхнэрийг зайл гэж хэллээ” гээд машины копут, нүүр лүү өшиглөж хөлөөрөө дэвссэн. Тэгээд би өөрөө машинаасаа буугаад түүний машины хойд хаалга руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл уг залуу аль нэг гараараа миний уруул болон зүүн хацрын доод хэсэгт нэг удаа цохисон. Дараа нь миний куртикний малгайнаас гараараа бариад доош нь дараад улмаар миний зүүн нүд рүү аль нэг хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. ...” /хх 20/,

гэрч С.Майжаргалын “...манай нөхөр Н.Э болон уг машины жолооч гэх эрэгтэй үл таних хүнтэй зогсоолоос болж маргалдаж эхлээд хоорондоо заамдалцаад эхэлсэн. Тэгээд байж байтал уг үл таних залуугийн таньдаг гэх байрны нэг хүн нь ирээд “та нар яагаад байгаа юм, болиоч” гэж хэлсэн. Тэгээд дараа нь би нөгөө хоёрыг салгаад би нөхрөө аваад явж байхад бид хоёрын араас “наад янханаа аваад зайл” гэж хэлсэн. Үүний дараа манай нөхөр Н.Э уурлаад нөгөө жолоочийн машин дээр очоод машины хамрыг хоёроос гурван удаа гараараа цохисон. Дараа нь уг машины жолооч манай машины арын баруун хаалгыг 3 удаа жийсэн. Дараа нь манай нөхөр Н.Э нөгөө машины жолооч хоёр хоорондоо барьцалдаж аваад Н.Эыг уг машины жолооч нүүр лүү нь баруун гараараа 1 удаа цохисон. Дараа нь манай нөхөр түүний нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Дараа нь тухайн жолоочийн таньдаг байрны ах гэх хүнтэй хамт би Н.Э болон уг машины жолоочийг хоёр тийш салгасан. ...” /хх 25-26/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15937 дугаартай “...Л.Уын биед зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны өөхөн эслэгийн иврэлт, хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүү багатай далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар зулгаралт уруулд цус хуралт, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 28-29/ гэх дүгнэлт,

гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Эын автомашины зогсоолоос болж маргалдан Л.Уын нүүрэн тус газарт уруул болон зүүн хацрын доод хэсэгт гараараа 1 удаа цохисон, зүүн нүд хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөж, биед нь “зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны өөхөн эслэгийн иврэлт, хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүү багатай далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар зулгаралт уруулд цус хуралт, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Б.Хонгорзул “...хохирогчийн нүдний хагалгаанд орсон зардал мөн эсэх, мөн хүүхдийн үзлэг 100.000 төгрөг, мөн үзлэг 60.000, шинжилгээ 153.150 /ХДХВ, ДОХ-ын шинжилгээ/, бензиний талон 82.000, эмнэлэгийн үйлчилгээ 40.000 зэрэг төлбөрийн баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал мөн эсэх, бензиний баримт нь эмчилгээ хийлгэхэд зарцуулагдсан эсэх, өөрөөр хэлбэл шинжээч эмчийн дүгнэлтэд тодорхойлсон гэмтэлтэй холбоотойгоор гарсан зардал мөн эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжилсэн бүх хохирлыг шүүгдэгчээс гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. ...Мөн Н.Эт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэснийг өөрчилж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргийн 9-14 дүгээр талд авагдсан хохирол төлбөрийн баримтуудыг судалж үзэхэд эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан төдийгүй хохирогч Л.Уын давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн “Орбита” эмнэлгийн тодорхойлолт зэргээр түүний эмчилгээ хийлгэсэн талаар тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Н.Э нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, учруулсан хор хохирлын гэм бурууд нь тохирсон ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Б.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дахь заалтад Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн заалтыг буруу хэрэглэжээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан бөгөөд энэхүү заалт нь бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалт тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Б.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эоос...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эоос...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Б.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ