Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 202/МА2020/00018

 

 

 

 

 

 

 

 

 

Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 137/ШШ2020/00134 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 хаягт байрлах Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2-р баг, Мобиком 2-7 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, Баянболд овогт Гүзээтогоогийн Алтанцэцэг /РД:УЖ64041608/-т холбогдох,

 

Үндсэн зээл 9145319.79 төгрөг, хүү 7052945.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 993888.25 төгрөг, нийт 17192153.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул* оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай Капитал банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар Капитал банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу Капитал банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Г.Алтанцэцэг нь Капитал банктай 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ-169 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, 12500000 төгрөгийг сарын 1.70 хувь, жилийн 20.40 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк Зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Г.Алтанцэцэгийн Капитал банк дахь 2006019012 тоот харилцах дансанд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 12500000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 3354680.21 төгрөг, зээлийн хүү 2285972.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8537.10 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Иймд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хариуцагч Г.Алтанцэцэгээс үндсэн зээл 9145319.79 төгрөг, хүү 7052945.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 993888.25 төгрөг, нийт 17192153.83 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хүү нь өндөр байгаа учраас 17192153.83 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Алтанцэцэгээс үндсэн зээл 9145319.79 төгрөг, хүү 7052945.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 993888.25 төгрөг, нийт 17192153.83 төгрөгийг гаргуулан Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож,

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч Г.Алтанцэцэгээс 243910.76 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэг давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч Г.Алтанцэцэг нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Капитал банкны Замын-Үүд салбараас 36 сарын хугацаатай жилийн 20.40 хувийн хүүтэй 12500000 төгрөгийг зээлж авсан ба зээл авснаас хойш 3354680.21 төгрөгийг төлсөн. Г.Алтанцэцэгийн ажиллаж байсан Элсэн далай ХХК нь эргэлтийн хөрөнгөгүйн улмаас 2016 оны 05 дугаар сараас үйл ажиллагаа доголдож, 2017 оноос үйл ажиллагаагаа бүрэн зогсоосны улмаас Г.Алтанцэцэг нь ажилгүй болж цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Гэтэл 2016 оны 10 дугаар сард Капитал банкны Замын-Үүд салбарын захирал Д.Байгалмаад холбогдох эрүүгийн хэргийг Авилгатай тэмцэх газраас шалгаж Г.Алтанцэцэгээс гэрчийн мэдүүлэг авсан ба тэрнээс хойш Капитал банкны Замын-Үүд салбараас зээлээ эргэн төлөх талаар шаардлага тавиагүй, мөн банкны мэдэгдэх хуудсыг өгч байгаагүй зэргээс шалтгаалаад Д.Байгалмаа захирлын хэрэг шийдэгдсэний дараа зээлээ төлөх юм байна гэсэн ойлголтыг Г.Алтанцэцэгт өгсөн байсан. Д.Байгалмаа захиралтай холбоотой эрүүгийн хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар Авилгатай тэмцэх газар болон Капитал банкнаас мэдээлэл өгөөгүй. Капитал банкны эрх хүлээн авагчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Д.Байгалмаа захиралтай холбоотой шалгагдсан асуудалд Г.Алтанцэцэгийн авсан цалингийн зээлд ямар нэгэн холбоогүй болохыг тухайн хэрэгт хохирогчоор шалгагдаж байсан Г.Алтанзаяагаас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолыг авч үзэж байж мэдсэн. Гэтэл Капитал банк нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолыг авсан даруйдаа шүүхэд хандаагүй нь Зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийн 11 дүгээр зүйлийн 11.17.4-т ...зээлийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хууль тогтоомж, гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авалгүй 45 хоногоос дээш хугацаа өнгөрсөн, 11 дүгээр зүйлийн 11.17.5-д Зээлийн хүү ихээр хуримтлагдан үндсэн зээл хүүний төлбөрийн дүнгээс 50 хувиар хэтэрсэн тохиолдолд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн ажилтан шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн журмаар маргааныг шийдвэрлүүлэх гэж заасан байхад зээл хариуцсан ажилтан зээлийг төлүүлэх талаар арга хэмжээ авалгүй хүү, нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т  Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Хариуцагч Г.Алтанцэцэг нь зээлийг төлөх нь эхний ээлжид гүйцэтгэх үүрэг мөн боловч гэрээний тэгш эрхийн зарчим, эрх үүрэг, хариуцлага зэрэг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд адил үйлчлэх юм. Гэтэл банк үүргээ хэрэгжүүлэхгүй удаасны улмаас хариуцагч Г.Алтанцэцэгээс нэхэмжилсэн үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3778303.33 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа тул 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 137/ШШ2020/00134 дүгээр шүүхийн шийдвэрээр Г.Алтанцэцэгээс үндсэн зээл 9145319.79 төгрөг, хүү 7052945.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 993888.25 төгрөг гаргуулах шийдвэрээс 3778303.33 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2015 онд салбарын захирлаар ажиллаж байсан Байгалмаагийн асуудлыг 2016 оны 10 дугаар сард цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Энэ хугацаандаа Г.Алтанцэцэгээс зээлээ төлөхийг байнга шаардаж байсан. Г.Алтанцэцэг нь төлөхөөс татгалзаж, Байгалмаагийн хэрэг шийдэгдсэний дараа төлнө гэсэн хариу өгдөг байсан. Зээлээ шаарддаггүй байсан гэсэн тайлбар нь худлаа. Бид байнга шаардаж, ажил дээр нь 2-3 удаа уулзах гэж очсон. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан Байгалмаагийн хэрэг хүчингүй болж, тухайн эрүүгийн хэрэгт Элсэн далай ХХК-тай холбоотой шалгагдаж байсан бүх хүмүүсийн хувийн хэргийг шалгахаар Улаанбаатар хот руу эх хувиар нь авч яваад 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хэрэг хаагдсан ч гэсэн шүүхэд хандах гэхээр хэрэг эх хувиараа байхгүй, эх хувийг нь буцааж авах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газрын архивын газарт гаргасан боловч архивлагдсан байсан тул нилээд хугацаа орсон. 2019 оны 04 дүгээр сард Капитал банкны эрх хүлээн авагч томилогдсон. Цаг хугацааны хувьд удаашралтай байсан. Хэрэг хаагдсанаас хойших үеийн хүүг төлөхгүй гэж маргаж байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч банкнаас зээлээ төлөхийг шаардаж очиж байсан уу гэж асуухад очиж байсан байх гэж хариулж байсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг манай байгууллага нэхэмжилж байгаа... гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Г.Алтанцэцэгт холбогдуулан зээл 9145319,79 төгрөг, зээлийн хүү 7052945,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 993888,25 төгрөг, нийт 17192153,83 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэг эс зөвшөөрч хүү өндөр учир хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэг эс зөвшөөрч ... зээл төлүүлэх ажилтан зээлийг төлүүлэх талаар арга хэмжээ авалгүй хүү, нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 02 дугаар сарын 13-ны байдлаар тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ... 3778303,33 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Г.Алтанцэцэг нь нэхэмжлэгч Капитал банк ХХК-аас 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, цалингийн зээлийн зориулалтаар 12500000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлж авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, хариуцагч нь зээлд 3354680,21 төгрөг, зээлийн хүүд 2285972,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8537,10 төгрөг тус тус төлсөн нь тогтоогдсон, зохигчид энэ талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

 

Анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх, шүүхэд мэдүүлэх эрхийн талаар тус тус үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч хэзээ, хэнээс юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг.

 

Тиймээс нэхэмжлэгчийг энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчид хохиролтой байдал бий болж, гэрээний үүрэг нэмэгдсэн гэж үзэх нь дээрх хуулиудад нийцэхгүй болно.

 

Түүнчлэн гэрээг дуусгавар болгож цуцлах үндэслэл гэрээний хугацаа дуусахаас өмнө бий болсон байсан, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дууссан байх боловч энэ нь банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл учир Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Хэрэгт авагдсан Капитал банк ХХК-ийн Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-ын 11.7.4-т заасан Зээлийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хууль, тогтоомж, гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авалгүй 45 хоног хугацаа өнгөрсөн; ... бол зээлийн хүүг зогсоох асуудлыг Зээлийн үндсэн хорооноос эцэслэн шийдвэрлэнэ. гэсэн зохицуулалт нь нэхэмжлэгч байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамааралтайн гадна энэхүү нөхцөлийг зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хамааруулах, улмаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг гэж үзэх үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр хариуцагч буюу ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаас үзэхэд хариуцагч Г.Алтанцэцэг нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй буюу зээл 9145319,79 төгрөгийг төлөөгүй нийт 1360 хоног хугацаа хэтрүүлсэн байх ба энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг буруу гэж үзэх, мөн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг өндөр гэж үзэх болон ийнхүү үндэслэлээр хүүг багасгах нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 243910,76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 137/ШШ2020/00134 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243910.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САЙНТӨГС

 

ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА

 

Н.БАТЧИМЭГ