Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 03

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О , түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгөө овгийн Ж.Б д холбогдох эрүүгийн 1726001230063 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэнулсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мөнгөө овгийн Ж.Б .

Шүүгдэгч Ж.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Сод монгол” шатахуун түгээх станцын хойд талд орон нутгийн чанартай засмал зам дээр 71-42 УНЯ улсын дугаартай “Соната-5” маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас О.Э ыг дайрч, амь насыг нь хохироосон,

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Сод монгол” шатахуун түгээх станцын хойд талд орон нутгийн чанартай засмал зам дээр 71-42 УНЯ улсын дугаартай “Соната-5” маркийн автомашин жолоодож яваад О.Э ыг дайрч, амь насыг нь хохироон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Талийгаач маань 2017 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг өнгөрөөгөөд 01 цаг болж байхад гэрээс гараад явсан байсан. Тэгээд маргааш өглөө нь би 07 цаг өнгөрөөгөөд такси бариад хүүхдээ хайхаар явж байсан чинь утас дуугарсан. Утсаа автал эмнэлгийн жолооч над руу залгаад “хүүхдийг чинь машин шүргэчихсэн байна” гэж хэлэхээр яваад очтол аль хэдийн нас барчихсан байсан гэв.

Хохирогч Д.О ы мөрдөн байцаалтанд өгсөн: “…О.Э  нь миний хамгийн том хүү бөгөөд доороо 2 дүүтэй юм. Төрөхдөө ярьж чаддаггүй төрсөн юм. Одоо 32 настай байх байсан, эхнэргүй, хүүхэдгүй, 2 дүү, ээжийн хамт амьдардаг. Хэлгүй байдлаасаа болж группээс нэг сарын 120000 төгрөг авдаг байсан. Тухайн хэрэг учрал болсон өдрийн өмнөх өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим О.Э  бид хэд хоолоо идчихээд ороо засаад унтацгаасан юм. Тэгээд би 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим сэрээд хартал О.Э  ор дэвсгэрээ хураагаад хувцсаа өмсчихөөд гараад явчихсан байсан. Тэгэхээр нь би босоод хажуу айл руу ороод би сайн танихгүй 30 гаруй насны эрэгтэй хүнд хандаж "манай хүүхэд алга болчихлоо хайгаад өгөөч" гэж хэлтэл тухайн хүн зөвшөөрөөд 01 цаг өнгөрч байхад гарч хайгаад 1 цаг шахуу яваад олдсонгүй гээд эргээд ирсэн. Тэгээд тэр шөнөө унтчихаад өглөө 07 цагийн орчим такси дуудаад хүүхдээ хайх гэж байтал эмнэлгээс над руу залгаад хүүхэд чинь машинд шүргүүлчихсэн байна, хурдан хүрээд ир гэхээр нь би яваад очтол нас барчихсан байсан. Тэгэхээр нь би эмч нараас юу болсон талаар асуухад эмч нар "эмнэлэг дээр ирээд нас барчихлаа, бид нар амь насыг нь аварч чадсангүй" гэж хэлсэн. ..Ярьж чаддаггүй л болохоос сэтгэл зүйн хувьд хэвийн гадуур яваад байдаггүй, архи тамхи хэрэглэдэггүй юм. Ямар нэг хүмүүстэй найзалж нөхөрлөж байхыг нь би мэдэхгүй. ..Би маш их гомдолтой байна. Мөн оршуулгын болон өмгөөлөгчийн зардлыг гаргуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний өглөөний 06 цагийн үед Бат-Өлзий сумаас Арвайхээр сум руу орж ирэх гээд явж байтал автомашины шатахуун дуусаад “Сод Монгол” шатахуун түгээх станцаас шатахуун авчихаад хөдлөхөд шатахуун түгээх станцаас баруун зүг Арвайхээр сумын чигт ойролцоогоор 100 метрийн зайд байх, нэг хүн зам дээр тийчлээд хэвтэж байсан, гэтэл цаана нь 100 метр орчмын зайд нэг жижиг суудлын “Соната-5” маркийн автомашин эргэж байсан. Ингээд би цаанаас нь дөхөж очоод засмал замын хойд тал руу замаа чөлөөлөөд хажууд нь зогссон. Тэгэхэд тэр хүн босч ирээд өндийгөөд суучихсан, би машины цонхоо онгойлготол нөгөө “Соната-5” маркийн 71-42 УНЯ улсын дугаартай машин ирээд тэр хүний хажууд ирээд юм яриад байсан. Яг юу гэж ярьсныг нь би сонсоогүй, дайрсан машин нь ирчихсэн болохоор би хөдлөөд явсан. Ингээд би гэртээ очиж мөнгөө аваад шатахуун түгээх станцад ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Би болсон зүйлийн талаар цагдаа нарт хэлсэн. ...Жолооч нь цагаан шаргал царайтай, насаар 25-30 орчим насны хавьцаа байх. Залуухан хүн байсан, саарал өнгийн, хаалганы дээд талын хөмсөг нь никельтэй их тод харагдаж байсан. Намайг Арвайхээр сум руу орох гээд ягаан толгой руу өгсөж явахад нөгөө “Соната-5” маркийн машин хажуугаар гүйцэж түрүүлээд явчихсан. Араас нь харахад их ачаатай байх шиг байсан, арын шилэн дээр нь битүү ачаатай байсан. …Машиныг нь хараад таних байх, жолоочийг нь хараад таних эсэхээ сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 06 цаг 30 минут болж байсан байх. Намайг гэртээ орж ирэхэд 07 цаг болж байсан. Гадаа дөнгөж бүдэг, бадаг цагаан гэгээ орох гэж байсан. Машин бол гэрэл асаалттай явахаар байсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 хуудас/,

Гэрч Д.-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би ажил дээрээ байсан, Арвайхээр сумын зүүн талын шатахуун түгээх станц дээр гардаг юм. ..Надад мэдэх зүйл байхгүй, өглөө 06 цагийн үед чиргүүлтэй “Зил 130” маркийн машин ирж 10 литр бензин зээлсэн юм. Би тэр жолоочид 9 цагаас бууна шүү, эртхэн авч ирж өгөөрэй гэж хэлээд явуулсан. Удалгүй тэр машинтай хүн мөнгөө өгөх гээд ирсэн юм. Араас нь цагдаагийн машин ирэхэд тухайн жолооч би харсан юм гээд тухайн машины талаар цагдаа нарт хэлж байсан. Би өөрөө хараагүй, бензин зээлсэн хүн хэлэхэд мэдсэн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,

Гэрч М.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 10 минутанд цагдаагаас “Сод Монгол” шатахуун түгээх станцын засмал зам дээр хүн машинд дайруулсан байна гэх дуудлагын дагуу хэргийн газарт очиход засмал зам дээр машинд дайрагдсан байдалтай хэвтэж байсан. Муухан ухаантай, хөдөлгөөн удааширсан, зүүн талын дунд чөмөг нь хугарсан байдалтай байсан. БОЭТ-д хүргэж ирээд нас барсан. Анх очиход биеийн байдал хүнд, албадмал байдалтай байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Талийгаач Э ы биед үүссэн элэгний задрал, урагдал, бөөрний урагдал, тасрал, олон хавирганы хугарал, цээж, хэвлий дэх сул шингэн зэрэг гэмтлүүд нь амь нас аврагдах боломж маш бага, хүнд гэмтэл юм. Цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96 хуудас/,

Шүүгдэгч Ж.Б ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “…Миний бие 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд гэр бүлийн хамт Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Баянлиг сум руу өөрийн эзэмшлийн 71-42 УНЯ улсын дугаартай, Соната-5 маркийн автомашинтай явж байтал 10 дугаар сарын 19-ний үүрийн 05 цаг орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэр хуучин цагаан хаалгаар ороод “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд талын төв замаар явж байтал өөдөөс эсрэг урсгалаар ирж байхаар нь би ойрын гэрэл дээрээ шилжүүлсэн ба нөгөө машин гэрлээ шилжүүлсэн эсэх талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн машинтай зөрөх мөчид урд байгаа зүйлс харагдаагүй бөгөөд ямар нэгэн биетийн дээгүүр дайраад гарах шиг болсон. Тэгэхээр нь би буцаж машинаа эргүүлээд хажууд нь очоод хартал ямар ч байсан эрэгтэй хүн ертөнцийн зүгээр хойд зүгт хараад сууж байсан. Ямар байдалтай сууж байсныг нь санахгүй байна, хөл гараа хөдөлгөөд байсан тул би гайгүй юм байх гэж бодоод машинаасаа бууж хараагүй юм. Ингээд би тухайн хүнийг хөдөлж байхаар нь гайгүй байна гэж бодоод тухайн газраас шууд хөдлөөд Баянхонгор аймгийн Баянлиг сум руу явсан ба Баянлиг суманд 14 цагийн орчимд очоод эхнэр, хүүхдээ гэртээ буулгаад, бусад хүмүүсээ гэрт нь буулгачихаад сумын хэсгийн төлөөлөгч Шижирээд болсон зүйлийн талаар хэлэх гээд очтол мэдчихсэн байсан ба сумын хэсгийн төлөөлөгч нөгөө хүн чи юу гэж хэлээд миний машинтай Баруунбаян-Улаан сумын цагдаад 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хүргэж өгсөн. Тэндээ хоночихоод 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд Баруунбаян-Улаан сумын цагдаа О баатар намайг Арвайхээр сумын цагдаагийн газар авч ирсэн. ...Тухайн үед тэр хүн талийгаач О.Э  хөдөлж байсан, мөн би айж сандарсан байсан болохоор балмагдаад шууд яваад өгсөн юм. Би эмнэлгийн байгууллага болон эмнэлэгт хэлээгүй. Би машинаасаа буугаагүй болохоор анхны тусламж үзүүлээгүй. ..Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм. Би уг машиныг 2014 онд Улаанбаатар хотоос худалдан авч байсан. 2012 онд жолооч болж байсан ба би жолоодох эрхийн үнэмлэхтэй. Одоо тухайн үнэмлэх хүчинтэй болно. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба би архи ууж тамхи татдаггүй. ..Би тухайн машины талаар ямар нэг мэдээлэл мэдэхгүй байна. Би гэрлийн гялбаанд юу ч хараагүй. ..40-50 км/цаг хурдтай явж байсан. ..Манай эхнэр Баярмаа 2-4 насны 2 хүүхэд ард талын суудалд Зундуй, Рэгзэн, Адъяа нар байсан. Өөр хүн байгаагүй. Надад огт харагдаагүй, гэрлийн гялбаанд ороод гэнэт л нэг зүйл дээгүүр гарчихсан. ..Би ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй, тормаз гишгээгүй, учир нь юу ч харагдаагүй юм. ..Гэрлийн гялбааг холоос хараад хурдаа буулгаад 40-50 км/цаг болгосон ба тэр хурдаараа зөрсөн. Ямар нэг байдлаар зогсоох арга хэмжээ аваагүй. Хэр хугацааны дараа талийгаачийн дээгүүр гарснаа санахгүй байна. Ойролцоогоор 1 секунд л байх, машин зөрөх үед л дээгүүр нь гарчихсан, хэдэн метр яваад дээгүүр нь гарснаа мэдэхгүй байна. Машин зөрөх үед л тийм зүйл болсон. ..Би талийгаачийг мөргөөгүй, дээгүүр нь дайрчихсан. Цаг хараагүй, дараа нь баруун гуанз өнгрөөд цаг харахад 05 цаг 30 минут болж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн115-116 хуудас/,/

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 112 дугаартай шинжээчийн: “...Талийгаач О.Э ы цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр биед баруун ташаа, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, бүсэлхий нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач автомашины ослын улмаас нас баржээ. Талийгаач О.Э д архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач О.Э д цээж хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өглөө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ягаан толгой 6 дугаар багийн "Сод Монгол" ШТС-ын хот хоорондын засмал зам дээр үл таних жолооч нь 71-42 УНЯ гэх улсын дугаартай “Хюндай Соната-5” гэх маркийн автомашиныг жолоодож явахдаа: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 2 дугаар бүлгийн 2.5.а дахь заалт "Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх", 2 дугаар бүлгийн 2.5.б заалт "Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтны овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирнэ”-ыг зөрчиж явган зорчигч О.Э ыг дайрсан байна гэж актыг тогтоов...” /хх-ийн 88-89 хуудас/,

Техникийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 133 дугаартай:

  1. “Зам тээврийн осол" зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний

амь, бие эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгслийн болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. "Замын хөдөлгөөн" нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа гэсэн нь тухайн хэрэг нь зам тээврийн осол мөн байна.

2. Тухайн үед осолд холбогдсон “Соната-5” маркийн 71-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б  нь МУ-н ЗХДүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-р  заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, МУ-ын ЗХДүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. 2.5а “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5б “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, 2.5в “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин дайрсан хүн дээрээ эргэж ирж харчихаад жолоочийн үүргээ биелүүлэлгүй хэргийн газраас орхиж явсан буруутай байна.

Явган зорчигч О.Э  нь МУ-ын ЗХДүрмийн 3.9б “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчин зорчих хэсэг дээр байсан буруутай байна.

3. Уг зам тээврийн осол нь жолооч Ж.Б  нь зам дээрх аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байна гэсэн заалтыг зөрчсөнөөс шалтгаалан уул осол хэрэг гарсан байна.

4. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй ..” гэсэн дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаартай криминалистикийн шинжээчийн: “...Талийгаач О.Э ы өмсөж явсан цамцанд ханзралт, урагдалтууд байна. Харин цооролт байхгүй. Талийгаач О.Э ы өмсөж явсан цамцан дахь урагдалтууд нь хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэх явцад нэдрэгдэж нэг удаагийн үйлчлэлтээр үүссэн урагдалт, ханзралт нь харилцан хоёр тийшээ татагдсаны улмаас үүссэн тул зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Талийгаач О.Э ы өмсөж явсан цамцан дахь урагдлууд нь шинэ урагдал байна. Шинжилгээнд ирүүлсэн цамцны утаслаг сэмэрдэс, цахилгааны хэлтэрхий нь О.Э ы өмсөж явсан гэх хар хөх өнгийн куртканы эдлэлийн хэсэг мөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68-72 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10057 дугаартай химийн шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн О ы Э , 31 настай, эр гэж хаягласан цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 0.6 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-14 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20 дугаар хуудас/,

Хувцсанд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-26 дугаар хуудас/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Б ын хувийн байдлыг тодорхойлсон Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-117/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-118/, ял шалгуулах хуудас /хх-120/, “Жигжид Ч” хийдийн тодорхойлолт /хх-123/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-124/, хүү Б.Б-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-125/, хүү Б.Н-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-126/, гэрлэлтийн бүртгэлийн хуулбар /хх-127/,

Хохирогч Д.О д хохиролд 3130000 төгрөг төлсөн тухай тэмдэглэл  /хх-ийн 158 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар байгийн нутаг дэвсгэр “Сод монгол” шатахуун түгээх станцын хойд талд орон нутгийн чанартай засмал зам дээр 71-42 УНЯ улсын дугаартай “Соната-5” маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас О.Э ы амь нас хохирсон,

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар байгийн нутаг дэвсгэр “Сод монгол” шатахуун түгээх станцын хойд талд орон нутгийн чанартай засмал зам дээр 71-42 УНЯ улсын дугаартай “Соната-5” маркийн автомашин жолоодож яваад О.Э ыг дайрч, амь насыг нь хохироон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.О ы: “…Тухайн хэрэг учрал болсон өдрийн өмнөх өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим О.Э  бид хэд хоолоо идчихээд ороо засаад унтацгаасан юм. Тэгээд би 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим сэрээд хартал О.Э  ор дэвсгэрээ хураагаад хувцасаа өмсчихөөд гараад явчихсан байсан. Тэгэхээр нь би босоод хажуу айл руу ороод би сайн танихгүй 30 гаруй насны эрэгтэй хүнд хандаж "манай хүүхэд алга болчихлоо хайгаад өгөөч" гэж хэлтэл тухайн хүн зөвшөөрөөд 01 цаг өнгөрч байхад гарч хайгаад 1 цаг шахуу яваад олдсонгүй гээд эргээд ирсэн. Тэгээд тэр шөнөө унтчихаад өглөө 07 цагийн орчим такси дуудаад хүүхдээ хайх гэж байтал эмнэлгээс над руу залгаад хүүхэд чинь машинд шүргүүлчихсэн байна, хурдан хүрээд ир гэхээр нь би яваад очтол нас барчихсан байсан...” /хх-42/, гэрч Д.Батбилэгийн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний өглөөний 06 цагийн үед Бат-Өлзий сумаас Арвайхээр сум руу орж ирэх гээд явж байтал автомашины шатахуун дуусаад “Сод Монгол” шатахуун түгээх станцаас шатахуун авчихаад хөдлөхөд шатахуун түгээх станцаас баруун зүг Арвайхээр сумын чигт ойролцоогоор 100 метрийн зайд байх, нэг хүн зам дээр тийчлээд хэвтэж байсан, гэтэл цаана нь 100 метр орчмын зайд нэг жижиг суудлын “Соната-5” маркийн автомашин эргэж байсан. Ингээд би цаанаас нь дөхөж очоод засмал замын хойд тал руу замаа чөлөөлөөд хажууд нь зогссон. Тэгэхэд тэр хүн босч ирээд өндийгөөд суучихсан, би машины цонхоо онгойлготол нөгөө “Соната-5” маркийн 71-42 УНЯ улсын дугаартай машин ирээд тэр хүний хажууд ирээд юм яриад байсан. Яг юу гэж ярьсныг нь би сонсоогүй, дайрсан машин нь ирчихсэн болохоор би хөдлөөд явсан. Ингээд би гэртээ очиж мөнгөө аваад шатахуун түгээх станцад ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Би болсон зүйлийн талаар цагдаа нарт хэлсэн...” /хх-55/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч Д.О ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 112 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-59/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-88-89/, техникийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 133 дугаартай дүгнэлт /хх-68-72/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт /хх-68-72/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-20/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-21-26/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27-34/, шүүгдэгч Ж.Б ыг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-115-116/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Мөнгөө овгийн Ж.Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлаг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх  нь  зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлгээр,

Хохирогч Д.О д хохиролд 3130000 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.О ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн /хх-158/ баримтаар,

Шүүгдэгч Ж.Б  нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-120/ тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Б ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан, бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  ”энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Ж.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн  төлсөн, хор уршгийг арилгасан,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ж.Б д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар

зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Ж.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3130000 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Б ын №853804 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин болмогц  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Шүүгдэгч Ж.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мөнгөө овгийн Ж.Б ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон,  

Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мөнгөө овгийн Жаргалын Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Ж.Б д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг,  7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д оногдуулсан 4 /дөрөв/  жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Шүүгдэгч Ж.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3130000 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Б ын №853804 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ