Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/493

 

 

 

    

 

 

     2023           5              9                                         2023/ДШМ/493          

 


Б.Бт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор М.Гансувд,

            хохирогч Н.Эий өмгөөлөгч Ц.Туяа,

            хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.Эгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

            яллагдагч Б.Бийн өмгөөлөгч О.Анхбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/713 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Гансувдын бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцлээр яллагдагч Б.Бт холбогдох эрүүгийн 2009022871063 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ногоон хуулар овгийн Б.Б, 1988 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эмэгтэй, 34 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, 2 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /.................../.

Яллагдагч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” сонины байранд үйл ажиллагаа явуулдаг “Гуртын тавилан” ЗГБХ /РД:5086248/ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлд бэлэн мөнгөний кассын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, Т.Өгийн тус байгууллагаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хооронд бусдад худалдан борлуулсан 33 тээврийн хэрэгслийн төлбөр болох 207.800.000 төгрөгийг хохирогч Т.Өд олгосон мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгө болох 207.800.000 төгрөгийг,

мөн Н.Нын тус байгууллагаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хамтран ажилладаг дүү Н.Сэрээтэрийн нэрээр нэр бүхий 8 иргэнд худалдах, худалдан авах гэрээгээр зарж борлуулсан 8 тээврийн хэрэгслийн төлбөр болох 83.300.000 төгрөгийг хохирогч Н.Над олгосон мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгө болох 83.300.000 төгрөгийг,

Н.Эгийн тус байгууллагаар дамжуулан 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хооронд хамтран ажилладаг найз нарынхаа нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэж, Монгол улсад орж ирсэн нэр бүхий 4 иргэнд худалдах, худалдах авах гэрээгээр зарж борлуулсан 4 тээврийн хэрэгслийн төлбөр болох 46.100.000 төгрөгийг хохирогч Н.Эд олгосон мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгө болох 46.100.000 төгрөг буюу нийт 3 иргэний 45 тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 400.200.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ззасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт, мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Нын тус байгууллагаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хамтран ажилладаг дүү Н.Сэрээтэрийн нэрээр нэр бүхий 8 иргэнд худалдах, худалдан авах гэрээгээр зарж борлуулсан 8 тээврийн хэрэгслийн төлбөр болох 83.300.000 төгрөгийг хохирогч Н.Над олгосон мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгө болох 83.300.000 төгрөгийг, Н.Эгийн тус байгууллагаар дамжуулан 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хооронд хамтран ажилладаг найз нарынхаа нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэж, Монгол улсад орж ирсэн нэр бүхий 4 иргэнд худалдах, худалдах авах гэрээгээр зарж борлуулсан 4 тээврийн хэрэгслийн төлбөр болох 46.100.000 төгрөгийг хохирогч Н.Эд олгосон мэтээр бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгө болох 46.100.000 төгрөг буюу нийт 3 иргэний 45 тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 400.200.000 төгрөгийг хувьдаа завшсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татжээ. Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах захиран зарцуулах үйлдлийг хэлнэ. Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн сэдэлт, зорилго нь ашиг олох зорилготой, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг дурдсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ,  хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг шалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг заасан байна. Иймд яллагдагч Б.Б нь “Гуртын тавилан” ЗГБХН-ийн хэдэн төгрөгийг завшсан эсэхийг шалгах, бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж гэж яллах дүгнэлтийг үйлдсэн тул хуурамч хэвлэмэл маягт ашигласан эсэхийг тогтоох, “Гуртын тавилан” ЗГБХН аж ахуйн нэгж байгууллага буюу хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах, Иргэний хариуцагч Ч.Б, Б.Н нар тухайн хэрэгт ямар байдлаар оролцсон эсэх, яллагдагч Б.Б иргэний хариуцагч Ч.Бнар нь эд хөрөнгийг хэрхэн хүлээлцсэн эсэх, яллагдагч Б.Б болон “Гуртын тавилан” ЗГБХН нь хохирогч Т.Ө, Н.Н, Н.Э нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэх болон тухайн тээврийн хэрэгслийг Б.Бт итгэмжлэн хариуцуулж өгсөн эсэхийг тус тус шалгах шаардлагатай.

Б.Эрдэнэбаатар өмгөөлөгчийн залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Дээрх дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна. Иймд яллагдагч Ногоон хуулар овогт Б.Бт холбогдох эрүүгийн 2009022871063 дугаар хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон цагаан өнгийн цаасан дээр “processor ID500426-OEM-89926620040 computer name5 Windows-QQ8VUGK болон кассын процессор Уранчимэг" гэж гар бичмэлээр бичиж хаягжуулсан хар өнгийн гадартай процессор 1 ширхэг, цагаан өнгийн цаасан дээр Наранцэцэгийн ширээний хажуу талын процессор гэж тэмдэглэн Product ID:0046-OEM-899266200497 гэж хаягжуулсан Intel /R/ Core /TM/ i3-2120 CPU@ 3630GHz 3.30 GHz гэсэн үзүүлэлттэй процессор 1 ширхэг, нягтлан бодогч Наранцэцэгийн ашиглаж байсан WINDOWS-GE31 00426-OEM-8992662-00400 гэж хаягжуулсан хар өнгийн процессор, “Хан Агьт” ХХК нь Гуртын тавилан ЗГБХ нөхөрлөлийн ашиглаж байсан процессоруудад үзлэг хийн хураан авсан бүхий /NAAYSG33/ зөөврийн хард диск 1 ширхэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эдийн засгийн дүгнэлт гарган ирүүлсэн цагаан өнгийн хатуу диск 5 ширхэг, хавтаст хэргийн 9 дүгээр хавтаст хавсаргасан 1 ширхэг диск зэргийг хэргийн хамт хүргүүлж  шийдвэрлэжээ.

Прокурор М.Гансувд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Гэвч шүүх “...дээрх дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна” гэж дүгнээд хэрэгт хийгдсэн ажиллагааг дахин шалгуулахаар, мөн хэрэгт шалгах шаардлагагүй ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж байгааг хүлээн авах боломжгүй байна. Тухайлбал:

1. Шүүгчийн захирамжид “...Яллагдагч Б.Б нь “Гуртын тавилан” ЗГБХН-ийн хэдэн төгрөгийг завшсан эсэхийг шалгах” шаардлагатай гэж дурджээ. Эрүүгийн 2009022871063 дугаартай хэрэгт шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр гаргасан 58 дугаартай дүгнэлт /4хх 152-174/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр гаргасан 57 дугаартай дүгнэлт /7хх 245-250, 8хх 1-8/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр гаргасан 59 дугаартай дүгнэлт /8хх 119-132/-үүдийг гаргуулж, яллагдагч Б.Б нь бусдад гэмт хэргийн улмаас 400.200.000 төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон бөгөөд эдгээр дүгнэлтүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанарыг тогтоосон байхад шүүхээс хохирлын хэмжээг тогтоогоогүй мэтээр дүгнэж, дахин шалгуулахаар заасан нь үндэслэлгүй байна.

            2. “Бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж гэж яллах дүгнэлтийг үйлдсэн тул хуурамч хэвлэмэл маягт ашигласан эсэхийг тогтоох” гэжээ. Прокуророос яллах дүгнэлтдээ яллагдагч Б.Бийг тухайн мөнгийг хэрхэн ямар аргаар авч завшсан болох аргыг дурдсан бөгөөд Б.Б нь хохирогч нарт тээврийн хэрэгслийн 70 хувийн үнэ болох мөнгийг олгосон мэтээр бичилт хийсэн талаар бичиж, тэмдэглэсэн байхад шүүхээс тухайн бичилт хийсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны санхүүгийн баримт болох бэлэн мөнгөний зарлагын баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг шалгуулахаар заасан нь ойлгомжгүй, хуурамч хэвлэмэл маягт гэж үзэх үндэслэлгүй байна.

            3. Мөн шүүгчийн захирамжид “Гуртын тавилан ЗГБХН аж ахуйн нэгж байгууллага буюу хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах” гэж заасан байна.  Гэвч хэргийн 8 дугаар хавтасны 166-173 хуудсанд “Гуртын тавилан” ЗГБХ нөхөрлөлийг хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол, уг нөхөрлөлийг төлөөлж захирлаар томилогдсон Д.Эгийн өгсөн мэдүүлгүүд тус тус авагдсан. Иргэний хариуцагч “Гуртын тавилан” ЗГБХ нөхөрлөлийг төлөөлж, уг нөхөрлөлийн захирлаар ажиллаж байгаа Д.Э нь уг тогтоолтой танилцаж, мэдсэн боловч мөрдөгчийн иргэний хариуцагчаар татах тухай тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан тул энэ талаар мөрдөгчөөс тэмдэглэл үйлдэж, хэрэгт хавсаргасан.

Иргэний хариуцагчийг төлөөлж тус нөхөрлөлийн захирлаар ажиллаж байгаа Д.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолд гарын үсэг зурсан бөгөөд иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зураагүй үйлдлийг “Гуртын тавилан” ЗГБХ нөхөрлөлийг иргэний хариуцагчаар татаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүхийн уг заалтын дагуу хэрэгт “Гуртын тавилан” ЗГБХ нөхөрлөлийг дахин иргэний хариуцагчаар татах шаардлагагүй байна.

4. Шүүх “Иргэний хариуцагч Ч.Б, Б.Н нар тухайн хэрэгт ямар байдлаар оролцсон эсэх”-ийг тогтоох шаардлагатай гэж үзжээ. Яллагдагч Б.Б нь хэрэгт яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлэгтээ 2016 оноос 2019 оны хооронд “Гуртын тавилан” ЗГБХ нөхөрлөлийн бэлэн мөнгөний кассын ажилтнаар ажиллах хугацаандаа хамт ажиллаж байсан Ч.Бт мөнгө зээлдүүлж байсан үүнийгээ буцааж бүрэн аваагүй, Б.Н хамтран амьдарч байхдаа түрээсийн байрны төлбөр, хамтран бизнес хийх зорилгоор тухайн нөхөрлөлийн кассаас бэлэн мөнгө авч ашиглаж байсан, түүнчлэн тус нөхөрлөлөөс дотоод санхүүгийн шалгалт хийхэд завшиж хэрэглэсэн мөнгөө өөр хүнээс авч хийх, зээлдэгч нараас төлсөн мөнгөөр нөхөж хийн тоолуулах зэргээр тооллогын шалгалтыг өнгөрөөж байсан талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд уг мэдүүлэг нь холбогдох бусад бичгийн баримтуудаар давхар тогтоогдсон.

Харин прокуророос яллагдагч Б.Бийг 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хооронд гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад тухайн яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэний хариуцагч Ч.Б, Б.Н нь тухайн үйлдэлд хамтран оролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй, түүнчлэн прокуророос Б.Бтэй бүлэглэн Ч.Б/8хх 181-183/, Б.Н /8хх 186-189/ нарыг гэмт хэрэг үйлдсэн талаар эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татан шалгаагүй байхад тэдгээрийг тухайн хэрэгт ямар байдлаар оролцсон талаар шалгуулахаар заасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

  1.  Яллагдагч Б.Б, иргэний хариуцагч Ч.Бнар нь эд хөрөнгийг хэрхэн хүлээлцсэн эсэх” гэжээ. Шүүхийн энэхүү заалт нь ойлгомжгүй байх ба Ч.Б, Б.Б нарын хэн аль нь ямар нэгэн эд хөрөнгийг хүлээлцсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, Б.Б /8хх 197-202 хуудас/ нь 2016-2019 оны хооронд Ч.Быг мөнгө зээлээч гэж хэлэхэд бэлэн мөнгөний кассаас мөнгө авч өгч байсан, уг мөнгийг өгөхдөө баримт үйлдэж байгаагүй талаар мэдүүлэгтээ хэлсэн, хэрэгт мөнгө хүлээлгэж өгсөн талаарх нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байхад энэ талаар шалгахыг даалгасан нь үндэслэлгүй байна.
  2. “Яллагдагч Б.Б болон “Гуртын тавилан” ЗГБХН нь хохирогч Т.Ө, Н.Н, Н.Э нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэх болон тухайн тээврийн хэрэгслийг Б.Бт итгэмжлэн хариуцуулж өгсөн эсэхийг тус тус шалгах” гэжээ.

Хохирогч Т.Ө /1хх 151-152, 155-157, 160, 163/, Н.Н /7хх 69-70, 74-75/, Н.Э /8хх 59, 62-64/ нар нь “яллагдагч Б.Б болон “Гуртын тавилан” ЗГБХ  нөхөрлөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй” талаараа мэдүүлсэн бөгөөд яллагдагч Б.Б нь “Гуртын тавилан” ЗГБХ нөхөрлөлийн бэлэн мөнгөний кассаар ажиллахдаа хохирогч Т.Ө, Н.Н, Н.Э нарын бусдад худалдсан тээврийн хэрэгслийг “Гуртын тавилан” ЗГБХ нөхөрлөл нэр дээрээ шилжүүлэн авч, тухайн тээврийн хэрэгслийн үнийг төлөх нөхцөлтэйгөөр барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулж, зээлийн гэрээний үнийн дүн болох тээврийн хэрэгслийн 70 хувийг хохирогч нарт шилжүүлэх итгэлцэл дээр үүссэн итгэмжлэн хариуцуулан өгсөн үйлдэл хийгдсэн гэж үзэж байгаа тул прокуророос яллагдагч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж шүүхэд яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн болно.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.Бт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад шүүх хэрэгт шалгаж тогтоосон үйл баримтыг шалгуулахаар заасан, шүүгчийн захирамжид дурдсан чухал ач холбогдолтой гэж үзсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/713 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Н.Эгийн өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Бт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 713 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэзээ, хэрхэн яаж үйлдэгдсэн, гэм буруугийн хэлбэр, хор уршиг шинж чанарын талаар дутуу шалгасан гэж тодорхой үндэслэлүүд заагаад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Гуртын тавилан нөхөрлөл нь Мөнхсүлдийн худалдан авагч нартай зээлийн гэрээ байгуулсан нийт тээврийн хэрэгслийн 70 хувь болох 41.100.000 төгрөгийг хариуцан төлөхөөр байна гэсэн аудитын дүгнэлт гарсан. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлт давхар гарсан байдаг. Б.Б нь тээврийн хэрэгсэл зарсан хохирогч нартай огт гэрээ байгуулаагүй. Гуртын тавилан нөхөрлөл нь тээврийн хэрэгслийн жолооч нартай гэрээ байгуулсан байдаг. Гуртын тавилан нөхөрлөлд хоёр хохирогч хүүтэйгээ зээлээ төлөөд дууссан байдаг. Бусад нь графикийн дагуу хүү, зээлээ төлөөд явж байдаг. Яллах дүгнэлтийн 24 дүгээр талд Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг байдаг. Уг мэдүүлэгтээ “нийтдээ 381,900,000 төгрөгийн төлбөр гарсан. Хохирогч Өлзийд өгөх ёстой 270.000.000 төгрөг, Нармандахад өгөх ёстой 70.800.000 төгрөг, Энхтүвшинд өгөх ёстой 4.100.000 төгрөгийг Гуртын тавилан нөхөрлөлд өгсөн. Гуртын тавилан эдгээр мөнгийг цааш нэр бүхий хохирогч нарт олгохгүйгээр Гуртын тавилан нөхөрлөл уг мөнгийг өөртөө татан авч кассандаа төвлөрүүлсэн” гэж хэлдэг. Тэгэхээр Гуртын тавилан нөхөрлөлийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татаж хохирогч нарын мөнгийг олгох нь зүйтэй гэх саналыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. Уг саналаа дэмжиж байна. Яллах дүгнэлтэд Энхтуяа гэдэг хүнийг иргэний хариуцагчаар татсан гэж прокурор яриад байдаг. Яллах дүгнэлтийн 19 дүгээр хуудсанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Энхтуяа гээд бичсэн байдаг. Яагаад иргэний хариуцагч болоод байгаа, яагаад хохирогч болоод байгаа, яагаад иргэний нэхэмжлэгч болоод байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал байдаг учраас хэргийг дутуу шалгасан байна гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.Эгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл хохирогчийг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй гэж үзсэн. Хохирогч Н.Н, Н.Э, Т.Ө нарыг хохирогчоор тогтоосон. Эдгээр хүмүүст хохирол учирсан гэж үзэж байгаа. Харин Гуртын тавилан нөхөрлөлд ямар хохирол учирсан гэдэг нь тодорхойгүй. Шүүхээс Гуртын тавилан нөхөрлөлд ямар хохирол учирсан болохыг тогтоох шаардлагатай гэсэн. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөрөнгө завших гэмт хэрэг биш байна. Хөрөнгө завших гэмт хэрэг дээр бодит хохирол гэмт үйлдэл хорын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Мөн Гуртын тавилан нөхөрлөлийг хохирогч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч гэж тодорхойлсон. Прокурорын зүгээс хохирлыг Гуртын тавилан нөхөрлөлөөр төлүүлэх байр суурьтай байдаг. Төлүүлэх юм бол Гуртын тавилан нөхөрлөлд хохирол учирна. Тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл шийдвэрлэлгүйгээр хөрөнгө завших гэмт хэрэг үйлджээ гэж хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилж шүүхэд шилжүүлсэн гэж үзэж байна. Харин залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Тухайн ченжүүдэд хэлэхдээ “манай байгууллагын санхүүгийн асуудал хүндрэлтэй байна. Түр хүлээж байгаарай” гэдэг байдлаар бодит байдлыг гуйвуулсан. Мөн Энхбаяр гэдэг хүнд хэлэхдээ тухайн кассын баримт бичиг бүрэн байгаа мэтээр харагдуулж өнөөдрийг хүртэл болсон байдаг. Баттамир, Н гэх хүмүүс ямар оролцоотой байгааг хэрхэн яаж шалгасан нь тодорхойгүй. Ямар байдлаар шалгаад холбогдолгүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Шүүгчийн захирамжид Гуртын тавилан нөхөрлөлийг аж ахуйн нэгж буюу хуулийн этгээд гэж иргэний хариуцагчаар татах гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гуртын тавилан нөхөрлөл нь иргэний нэхэмжлэгчээр оролцох үндэслэлтэй. ...” гэв.

Яллагдагч Б.Бийн өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс 6 агуулгаар хэргийг прокурорт буцаах захирамж гаргасныг прокурор эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байсан. Миний хувьд хариу тайлбараа бичгээр шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид 1 дүгээр асуудал дээр хохирол төлбөр гэхээс илүүтэй өмнөх дурдаад байгаа завших гэмт хэргийн шинжийг дурдаад байдаг. Үүнийг ойлгохдоо Б.Б нь ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ, тушаал, шийдвэргүй ажиллаж байсан тул итгэмжлэн хариуцсан этгээд мөн үү гэдэг нь тодорхойгүй байх тул дахин шалгах шаардлагатай гэж шүүх дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Бэлэн мөнгөний зарлагын баримт гэдэг. Тэр баримтыг хуурамчаар үйлдээд байна уу, эсхүл өмнө нь ашиглаж байсан байгууллагын бланкыг ашиглаад байна уу гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Гэтэл уг байдлуудыг тогтоогоогүй, ямар учиртай баримтууд болохыг нарийвчилж шалгаагүй атлаа прокурор үндэслэлгүй гэж үздэг. Прокурорын эсэргүүцэл өөрөө үндэслэлгүй. Гуртын тавилан нөхөрлөл иргэний хариуцагч мөн үү гэж байна. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэдэг. Гишүүн нь Батчулуун, Энхтуяа гээд хоёр хүн л байдаг. Хэн нь бүрэн хариуцлагатай гишүүн юм. Нэг нь бүрэн хариуцлагагүй гишүүн болох гээд байдаг. Энэ байдал дүрэмд нь тусгагдаагүй. Энхтуяа нь иргэний хариуцагчаар татагдсан байдаг. Гэтэл бүрэн хариуцлагатай гишүүн биш болж таарвал яах вэ. Гуртын тавилан нөхөрлөлийн ажилчид бүгд гэрчээр асуугдсан. Гэрч нар бүгд ““Хан Агьт” ХХК-руу Гуртын тавилан нөхөрлөлийн мөнгө байнга шилждэг. Эзэд нь нэг” гэж мэдүүлсэн. Зарим нь “Хан Агьт” ХХК-ийг Гуртын тавилан нөхөрлөлийн охин компани гэж ярьдаг. “Хан Агьт” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэхээр шүүх үндэслэлтэй гэж үзсэн. Б.Б мэдүүлэхдээ “Н, Баттамир хоёр мэдэж байсан. Зарим тохиолдолд надаас мөнгө аваад өгдөг байсан. Миний асуудлыг мэдэж байсан” гэдэг. Шүүгдэгч гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг шууд нэрлээд зааж өгсөн байхад мөрдөгч, прокуророос шалгаагүй. Иргэний хариуцагчаар татаад орхисон. Батцэцэг Баттамирт мөнгө өгсөн болохоо тодорхой мэдүүлдэг боловч баримт байхгүй гээд прокуророос шалгаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Яллагдагч Б.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс “гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаадаг.

Шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь гэмт хэрэг гарсан байдал болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой.

Яллагдагч Б.Б болон “Гуртын тавилан” ЗГБХН нь хохирогч Т.Ө, Н.Н, Н.Э нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэх болон тухайн тээврийн хэрэгслийг Б.Бт итгэмжлэн хариуцуулж өгсөн эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгэхээр буцаасан анхан шатны дүгнэлт үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин анхан шатны шүүхийн захирамжид заасан Б.Б нь “Гуртын тавилан” ЗГБХН-ийн хэдэн төгрөгийг завшсан эсэхийг шалгах, бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж гэж яллах дүгнэлтийг үйлдсэн тул хуурамч хэвлэмэл маягт ашигласан эсэх, “Гуртын тавилан” ЗГБХН аж ахуйн нэгж байгууллага буюу хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах, иргэний хариуцагч Ч.Б, Б.Н нар тухайн хэрэгт ямар байдлаар оролцсон эсэх, яллагдагч Б.Б иргэний хариуцагч Ч.Бнар нь эд хөрөнгийг хэрхэн хүлээлцсэн эсэх талаар дахин мөрдөн шалгах шаардлагагүй бөгөөд эдгээр ажиллагааг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Иймд прокурор М.Гансувдын бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээж авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/713 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/713 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ 

ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ