Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/01172

 

“Авто вишн сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/03970 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1296 дугаар магадлалтай,

“Авто вишн сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Их-Инхмэл” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохиролд 11 429 925 төгрөг аргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Автомашин болон олох байсан орлого 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Их-Инхмэл” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч П.Баатарсүрэн, өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Их-Инхмэл” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр “Авто вишн сервис” ХХК-ийн халаалтын системийг суурилуулах ажлыг 4 хоногийн дотор гүйцэтгэхээр тохиролцсон ч “Их-Инхмэл” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас талууд ярилцаад 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж акт үйлдэн 8 012 000 төгрөгийг “Их-Инхмэл” ХХК манайд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлөх, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нөхцөлд алданги төлөхөөр тохирсон. Нэхэмжлэл гаргаснаас хойш “Их-Инхмэл” ХХК 4 ширхэг радиатор өгсөн тул 5 073 500 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцуулна. Иймд 8 021 000 төгрөгийг, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны алданги 882 310 төгрөг нийт 10 675 741 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Манайх халаалтын системийн 9 000 000 орчим төгрөгийн бараа материал авсан бөгөөд эднийх халаалтын системийг бүрэн суурилуулж дуусаагүй, 3 янзын тогоо тавьсан боловч байр халаагүй, энэ нэхэмжлээд байгаа 8 021 000 төгрөг бол манай компанийн худалдаж авсан бараа материалын үнэ байгаа. Уг бараа материал манай гараашид байгаа. Бараа материалын үнийг төлөхөөр байгуулсан гэрээгээ дүгнэж акт үйлдсэн ч одоо ашиглах боломжгүй, эднийх хуучин халаалтын системийг авахдаа тасдаж аваад дараагийн системийг тавихдаа нөхөж хийсэн. Тэр материалууд чанарын шаардлага хангахгүй учраас хариуцагчид өгөөд бараа материалын үнийг гаргуулах хүсэлтэй байна, эдний хийсэн ажил шаардлага хангаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагын дүнд эднийд төлсөн ажлын хөлсний 1 400 000 төгрөг орсон, үүнийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулж нэхэмжлэгч материалаа авч, манайх ажлыг хийж ажлын хөлсөнд 2 500 000 төгрөг өгөхөөр тохиролцож 6 600 000 төгрөгөөр материал авч, манайд ажлын хөлсөнд 1 400 000 төгрөг өгсөн бөгөөд манайх ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. Уг халаалтын системийг эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч олон байгууллага айлд тавьсан ч нэхэмжлэгч болохгүй байна гээд хуучин халаалтын системийг тавьж өгсөн ч манай машин, багаж хэрэгслийг хурааж авчхаад өгөхгүй байхаар нь очиж уулзахад “танайд байгаа материалыг борлуулаад өгье” гэж тохиролцож акт үйлдээд гарын үсэг зурсан ч тамга дарагдаагүй. Уг материалыг аваад явъя гэхэд нэг ч материал өгөөгүй учраас тохиролцож чадаагүй. Тэр үед материалыг надад өгчихсөн бол бараа материалын үнийг өгчих боломжтой байсан. Бараа материалаа өөрсдөө авчихаад дээрээс нь мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй, би хуучин радиатор болон бүх материалаа надад өгчих зараад өгье гэхэд зөвшөөрөхгүй байсан, тухайн үед тэр материалуудыг зарах боломж байсан ч урьдчилгаа 1 000 000 төгрөг авна гэсэн учраас тохирч чадаагүй, одоо дулааны улирал эхэлсэн учраас зарагдахгүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж хүлээлгэж өгсөн гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Дээрх ажлын явцад П.Баатарсүрэнгийн эзэмшлийн “Кантер” маркийн 25-37 УБА улсын дугаартай ачааны зориулалттай авто машиныг эзний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн 2015 оны 02 дугаар сард барьцаанд авснаас хойш машинаа авч чадахгүй байна. Би 3 сарын хугацаанд машинаараа олох байсан өдрийн орлогыг 10 000 төгрөгөөр бодож 900 000 төгрөг, “Кантер” маркийн 25-37 УБА улсын дугаартай ачааны машиныг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Талуудын хооронд машин барьцаалсан гэрээ байгуулаагүй, П.Баатарсүрэнг ирж хийсэн ажлаа ирж үзээч гэхэд ирдэггүй байсан. Эдний ажилтан н.Ганбаттай баримт үйлдэж машиныг барьцаанд авч одоо өгөхөд татгалзахгүй, харин олох ёстой байсан орлого 900 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/03970 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар “Их-Инхмэл” ХХК-аас 10 675 741 төгрөг гаргуулахыг хүссэн “Авто вишн сервис” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “Их-Инхмэл” ХХК-ийн авто машин болон 900 000 төгрөгийг “Авто вишн сервис” ХХК-аас гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 203 төгрөг, хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1296 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/03970 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар хариуцагч “Их-Инхмэл” ХХК-аас 8 021 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 408 925 төгрөгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “...178 203...” гэснийг “...254 378...” гэж, “...үлдээсүгэй...” гэснийг “...үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 41 599 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч “Их-Инхмэл” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 143 286 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК-д олгож...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Их-Инхмэл” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний хугацаа 4 хоног байхаар харилцан тохиролцсон. Гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй байна гэсний дагуу “Монбуйлант групп” ХХК-ийн “Авто вишн сервис” засварын газарт угсарсан халаалтын системээ буцаан авч, хуучин байсан халаалтын системийг суурилуулсан. Нэхэмжлэгчийн засварын газарт шинээр халаалтын систем суурилуулах тухай хэлцлээсээ татгалзаж “Их-Инхмэл” ХХК нь шинээр тавьсан халаалтын систем нь чанарын шаардлага хангаагүйгээс ажлын талбай, дэлгүүр, нягтлан бодогчийн өрөө болон хоолны заал хүйтэн байна. “Их-Инхмэл” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс “Монбуйлант групп” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр худалдаж авч тавьсан шинэ халаалтын системийг “Их-Инхмэл” ХХК-д буцаан өгч хуучин байсан халаалтын системийг сэлбэн янзлуулж суурилуулж гэрээний улмаас учруулсан хохирол 8 021 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн гэх акт үйлдсэн. Уг актыг харахад “Монбуйлант групп” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр худалдаж авч тавьсан шинэ халаалтын системийг сэлбэн янзлуулж суурилуулсан гэх ч үлдэгдэл бараа материалыг “Их-Инхмэл” ХХК-д хүлээлгэж өгөөгүй юм. 8 021 000 төгрөгт худалдаж авсан бараа материал “Монбуйлант групп” ХХК-ийн өмчлөлд байгаа мөн “Их-Инхмэл” ХХК-д төлсөн ажлын хөлсний 1 400 000 төгрөг багтаж байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгчийн авсан бараа материал өөрийнх нь өмчлөлд байгаа учраас “Их-Инхмэл” ХХК-аас авах зүйлгүй, харин “Их-Инхмэл” ХХК нь нэхэмжлэгчийн хуучин халаалтын системийг буцаан сэлбэн суурилуулж өгсөн тул ажлын хөлс 1 400 000 төгрөгийг буцаан өгөх ёсгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.3.-т “Хэрэв үүрэг гүйцэтгэгч нь гэрээ ёсоор хариу ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн бол мөнгөн төлбөрийн оронд хариу гүйцэтгэсэн үүргийг орлуулж болно” гэж заасны дагуу ажлын хөлсөнд авсан 1 400 000 төгрөгийг хуучин халаалтын системийг буцаан сэлбэж суурилуулан гүйцэтгэсэн үүрэгт нь орлуулан тооцож болохоор байх бөгөөд улмаар алданги тооцож нэхэмжлэх үндэслэлгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Иймд магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Авто вишн сервис” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон маргааны ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.           

Нэхэмжлэгч “Авто вишн сервис” ХХК нь хариуцагч “Их-Инхмэл” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 8 021 000 төгрөг, алданги 2 526 615 төгрөг нийт 11 429 925 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр “шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчаас 4 радиатор өгснийг хасаж үлдэх 7 447 500 төгрөгөөс алданги тооцохоор нэг өдрийн алданги 37 237 төгрөг 63 хоногоор үржүүлэхээр 2 345 931 төгрөг болж байна гэсэн атлаа 8 021 000 төгрөг, алданги 882 310 төгрөг нийт 10 675 741 төгрөгийг” шаардана гэжээ. /хх-91-ийн ар тал/ Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаярын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт “...“Их-Инхмэл” ХХК нь 4 ширхэг радиатор өгсөн тул 5 073 000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцуулах хүсэлтэй байна...” /хх-113/ гэж тусгасан байх ба эдгээр зөрүүтэй шаардлага, үндэслэлтэй холбоотойгоор шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь зөв байжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс хууль бусаар эзэмшилдээ авсан “Кантер” маркийн ачааны автомашин болон уг машинаар үйл ажиллагаа явуулж олох байсан орлого 900 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.  Нэхэмжлэгч нь машиныг барьцаанд авсан, одоо өгөхөд татгалзахгүй, харин хохирол 900 000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргажээ.

Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар захиалагч буюу нэхэмжлэгч нь материалыг гаргах, хариуцагчид  ажлын хөлс 1 880 000 төгрөг төлөхөөр тохирсон талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн акт гэх баримтанд “гэрээг дуусгавар болгож, “Их-Инхмэл” ХХК нь нэхэмжлэгчид материалын үнэ 8 021 000 төгрөгийг төлөх ийнхүү төлөхөд нэхэмжлэгчийн зүгээс авсан материалаа хариуцагчид шилжүүлж өгөх” агуулгатай тохиролцоо тусгагджээ. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан материалыг өөртөө хадгалж байгаа гэсэн тайлбар гаргасан, хариуцагч нь материалыг өгөөгүй учраас зарж борлуулах боломжгүй байсан гэснээс гадна 4 радиаторыг өгсөн учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хасаж тооцно гэсэн байхад шүүх дүгнэлт өгөөгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан материал нэхэмжлэгчид байгаа тохиолдолд хариуцагч уг материалын үнийг төлөх гэрээний эрх зүйн үндэслэлийг тогтоож маргааныг шийдвэрлэхээр байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/03970 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1296 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч “Их-Инхмэл” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 144 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА