| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2208013870091 |
| Дугаар | 2023/ДШМ/494 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2023/ДШМ/494
2023 5 9 2023/ДШМ/494
К.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ганчимэг,
шүүгдэгч К.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч К.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2208013870091 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дархчууд овгийн К.Б, 1986 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /......................./;
Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 2 хоногийг өршөөн хэлтрүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Шүүгдэгч К.Б нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд иргэн Б.Мыг гар утас хулгайллаа гэж хардан түүний цээж, толгой, нүүрэн тус газруудад цохих, өшиглөх зэргээр зодож биед нь “цээжний зүүн талын 7, 8, 9, 10 дугаар хавирга, баруун талын 7, 9 дүгээр хавирганы далд хугарлууд, дээд үүдэн нэг шүдний сулрал, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацар, зүүн шанаа, хамар, дээд, доод уруул, зүүн чихэнд цус хуралт, зулгаралт, шарх зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: К.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Дархчууд овогт К.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Бд 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бын цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.М нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч К.Баас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч К.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлдсэн хэрэгтээ буруутай гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогч Б.Маас хамт явсан гэрч болох Цэнгэлбаярын утас гарч ирсэн, миний утас алга болсон байсныг үндэслэн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурч зодсон. Би Мөнхбаярыг зодох явцдаа олон тооны гэмтэл учрах байсныг мэдэх, хүсэх боломж байгаагүй, тийм санаа агуулаагүй. Шинжээчийн дүгнэлтэд “Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн зэргийг үндэслэн миний үйлдлийг буруу зүйлчилсэн байна гэж үзэж байна. Би хохирогч Мөнхбаярт мөрдөгчийн дэргэд 300.000 төгрөг өгсөн нь хэрэгт авагдаагүй боловч хохирол нөхөн төлсөн. Хохирогч тухайн үед бусдын /Цэнгэлбаярын/ утсыг авч зүй бус үйлдэл гаргасан. Би одоо тэтгэвэрт байдаг эцэг, эх болон тархины саажилт өвчтэй 6 настай хүүгээ харж хандах үүрэгтээ байгааг шүүх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцох байсан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж надад хорихоос өөр төрлийн ял оноож өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч К.Бын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч К.Б нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд хэргийн зүйлчлэл болон үйлдэл дээр маргаагүй байдаг. Шүүгдэгч К.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх нь тогтоогдохгүй байна гэх дүгнэлт хийж анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан. Хавтас хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзсэн. Шүүгдэгч К.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримт болон хүүхдийнхээ хувийн байдлын талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Иймд шүүгдэгч К.Бд торгуулийн ял, эсхүл зорчих эрх хязгаарлах ялын аль нэгийг оногдуулж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч К.Бын үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүх тохирсон ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч К.Б нь эцэг, эхтэйгээ хамт амьдардаг гэх боловч хамт амьдардаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан. Эхнэр, хүүхдээсээ салсан. Үеэлийнхээ компанид ажилладаг гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч яг ажилладаг эсэх нь эргэлзээтэй. Хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч К.Б нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд иргэн Б.Мыг гар утас хулгайллаа гэж хардан түүний цээж, толгой, нүүрэн тус газруудад цохих, өшиглөх зэргээр зодож биед нь “цээжний зүүн талын 7, 8, 9, 10 дугаар хавирга, баруун талын 7, 9 дүгээр хавирганы далд хугарлууд, дээд үүдэн нэг шүдний сулрал, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацар, зүүн шанаа, хамар, дээд, доод уруул, зүүн чихэнд цус хуралт, зулгаралт, шарх зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
хохирогч Б.Мын “...2022 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө бид гурав архи ууж хоносон бөгөөд 31-ний өдөр Баярцэцэг 10 цаг орчимд бид гурав дээр ирсэн. Тэгээд тэр гурав сууж байгаад Батжаргал, Цэнгэлбаяр хоёр “бид хоёрын утсыг чи хулгайлсан байна” гэж хэлээд ...Батжаргал намайг зодож цохиж миний биед учирсан хүндэвтэр гэмтлийг учруулсан юм. Харин Цэнгэлбаяр намайг зодож цохисон зүйл байхгүй. Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг хагас дутуу санаад тэр хоёр л байсан юм чинь намайг нийлж зодсон гэж мэдүүлэг өгсөн юм. Миний биед учирсан гэмтлийг К.Б намайг зодож цохиж учруулсан. Одоо надад бэлэн баримт байхгүй байна. Эмнэлгээр явсан эмчилгээний зардлаа Батжаргал гэх хүнээс гаргуулж авмаар байна. ...” /хх 17-18, 21-22/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:
Б.Б: “...Батжаргал над руу залгаад "Би архи уучихсан намайг ирээд авчих" гэхээр нь таксидаад тухайн дэн буудалд ороод нэг өрөөнд ороход хамтран амьдрагч Батжаргал, түүний найз Мөнхбаяр, Цэнгэлбаяр нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Тэр үед Батжаргал “миний гар утас байхгүй байна, хэн авчив, би өчигдөр гадуур ууж байхдаа хаячихсан юм болов уу” гэж хэлээд уурлаад Мөнхбаярын нүүр лүү нь гараараа цохих үед Мөнхбаяр газарт унахаар нь дахин хөлөөрөө цээж, хавирга орчим 2,3 удаа өшиглөөд зодож цохисон юм. Тэр үед Цэнгэлбаяр нь дундуур ороод боль та хоёр гээд салгаад Батжаргалыг тайвшруулаад архи хийж өгсөн юм. Тэгсэн хохирогч Мөнхбаяр буудлын өрөөнөөс гараад зугтчихаар нь би Батжаргалыг аваад нийтийн байр луугаа явсан. Батжаргал нь Мөнхбаярыг зодохдоо миний гар утас хаана байна гэж хэлээд зодож цохиод байсан. Өөр хүн Мөнхбаярыг зодож цохисон зүйл байхгүй юм. Миний нүдэн дээр Мөнхбаярыг Цэнгэлбаяр нь зодож цохисон зүйл байхгүй. ...” /хх 29/,
шүүгдэгч К.Бын яллагдагчаар өгсөн: “...Би хохирогч Мөнхбаярыг гар утас авч байхыг хараагүй, байж магадгүй гэж бодоод Мөнхбаярыг зодож цохих болсон. Би өмнөх өдрүүдэд нь гадуур архи уусан, тэр хугацаанд хаягдсан юм шиг байна лээ. Цэнгэлбаяр нь хохирогч Мөнхбаярыг зодож цохисон зүйл байхгүй. Зодоон болох үед миний хамтран амьдрагч Баярцэцэг байсан. Тэр хүн болсон асуудлыг бүгдийг нь харсан. Би Мөнхбаярын нүүр лүү 2-3 удаа цохиж, цээж хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөсөн. 5-10 минут орчим үргэлжилсэн байх. Баярцэцэг миний хойноос татаад байсан. ...” /хх 89-90/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 5179 дугаартай “...Б.Мын биед цээжний зүүн талын 7, 8, 9, 10-р хавирга, баруун талын 7, 9-р хавирганы далд хугарлууд, дээд үүдэн нэг шүдний сулрал, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацар, зүүн шанаа, хамар, дээд, доод уруул, зүүн чихэнд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 33-34/ гэсэн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.
Гэмт хэрэг гарсан тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүйн гадна, шүүгдэгч нь өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрчээ.
Шинжээч Т.Сэлэнгэд хууль сануулсан, тэрээр шинжилгээ хийх явцдаа болон дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүйгээс гадна, уг дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Б.Мын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч К.Бын цохиж, зодсон үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд тухайн цаг хугацаанд хөндлөнгийн этгээдээс хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч К.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс К.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч К.Б “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч К.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх үндэслэлд харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Бын гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин Сэлэнгэ аймаг Орхон сумын Эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 36 тоот тодорхойлтоор шүүгдэгч К.Бын төрсөн хүү Б.Түмэншагай /РД:УО17230958/ нь тархины саа саажилт, дөрвөн мөчний чангарал оношоор тус сумын эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг бөгөөд /хх 43/ түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Анхан шатны шүүх К.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний хүүхэд Б.Түмэншагайгийн асран хамгаалагч, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар К.Бын хүүхдийн асран хамгаалаах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч К.Б нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Батжаргал овогтой Түмэншагай /РД:УО17230958/-н асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар К.Бын 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ