Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 09

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч О.Д , түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                         11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэндондов овгийн Оюунчимэгийн Д д холбогдох эрүүгийн 1726000480049 дугаартай хэргийг хянан хэлэлцэв

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цэрэндондов овгийн О.Д .Шүүгдэгч О.Д  нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-нд шилжих шөнө  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын хашаанд иргэн С.Ц-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч О.Д  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн газрын дуудлагын жолоочоор ажилдаа гарч байсан. Тэр өдрийн орой 21 цаг 40 минутын орчимд Ц  жолооч Бат-Өлзий сумаас ирээд над руу залгаж “би ирчихлээ, гражид байна хүрээд ир” гэсэн тэгээд намайг очиход “хүн өгсөн юм гээд” 1.5 литрийн савтай нэрмэл архи гаргаж ирсэн. Бид хоёр тэр архийг удаан хугацаанд уусан. Тэгээд бид хоёр маргалдсан. Юунаас болж маргалдсан бэ гэхээр өглөө нь намайг жижүүрт гарч байхад 09.00 цагийн үед машинтайгаа гарч ирж байсан. Би Ц ыг хаачих нь вэ гэхэд “Бат-Өлзий сум руу явах болчихлоо, би өнөөдөр ургийн баярт явах байсан юм” гэж дурамжхан ярьж байсан. Тэгэхэд нь би  “чи ажилтай байгаа юм бол хөгшин чинь явчихаад ирье” гэхэд “за яахав би өөрөө явъя, чи ажилтай юм чинь” гэж хэлээд явчихсан юм. Тэгээд орой уулзахдаа тэрнийгээ яриад “би ургийн баярт явах байсан юм гэхээр нь хөгшин чинь явъя гэж байхад чи өөрөө явчихсан шүү дээ” гэсэн зүйл ярьсан. Тэгсэн чинь “би та нарт зөндөө лай болж байгаа, хоёр хүүхдээрээ далимдуулаад та нарт зөндөө лай болдог биз дээ” гэсэн. Тэгэхээр нь “би хэзээ тэгж байсан юм. Бие биенээ ойлгоод л ажил төрлөө явуулж байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгээд маргаад сүүлдээ согтоод хүүхэд ад үздэг гэсэн юм ярьсан. Тэгээд өөрөө намайг түрүүлээд нүүр самардахаар нь би зөрүүлээд нүд рүү нь цохьсон. Тэгээд бид хоёр гражид байгаа машин дотроо хэд, хэдэн удаа цохилцсон. Тэгээд би машинаас бууж Цагдаагийн гуанзны дэргэдүүр гарч яваад хэсгийн байцаагч нарын тамбар руу орсон чинь араас орж ирсэн. Тэнд бид хоёр дээр доороо ороод нилээд барьцалдаж, ноцолдсон. Тэгээд би дээр нь гарч хэвтээд уур нь гарахаар нь босоод гарсан чинь араас гүйж ирээд намайг бариад авахаар нь би гарыг нь тавиулсан. Намайг гарыг нь тавиулсан чинь уурлаад иймэрхүү зүйл болсон. Тэгсэн чинь жижүүр гарч ирээд “та нар болиоч цаашаа яваач” гэхээр нь би яваад өгсөн. Ц  ойчсон газраасаа босч ирээгүй. Эрүүлжүүлэхийн цагдаа тэр үед хүрч очиж байсан. Ц  намайг бариад авахаар нь би гарыг нь тавиулах гээд түлхсэн чинь арагшаа саваад ойчсон. Хохиролд 1700000 төгрөг төлсөн. Хохирогчтой эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна.Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэв.

Хохирогч С.Ц ын мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ээлжийн амралтаа аваад 07 дугаар сарын 28-наас 30-ны өдөр хүртэл Арвайхээр сумын 290 жилийн ойн наадмын хамгаалалтанд гарсан. 2017 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 07 цагт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу дуудлага гараад ШША-наас Ч.Бямба, Ц.Халтархүү нарын хамт Бат-Өлзий сум руу явахаар болсон. Бат-Өлзий сум руу 08 цагт гараад Бат-Өлзий суманд очоод буцаад 21 цагийн орчим Арвайхээр суманд ирсэн. Арвайхээр суманд ирээд Ч.Бямба, Ц.Халтархүү нарыг гэр гэрт нь хүргэж өгчихөөд Цагдаагийн газарт ирж Цагдаагийн газрын арын хашаанд автомашинаа оруулж тавьсан. Цагдаагийн газрын жолооч О.Д тай таарсан ба миний автомашинд байсан том цэвэр усны савтай Монгол архийг хувааж уусан. Архи ууж дууссанаас хойш сайн санахгүй байна. Нэг мэдэхэд толгой өвдөөд харанхуй оргиод явсан. Тэгээд баахан хүмүүс бужигналдаад байх шиг байсан. Би бодохдоо эмнэлэгт байна гэж бодсон. ..О.Д тай машинд маргалдсан талаараа санахгүй байна. ..Би О.Д тай урд нь маргалдаж байсан. Юунаас болж маргалдсан гэхээр намайг хоёр хүүхдээрээ шалтаглаж ажлаас зугтсан гэх мэтийн зүйл ярихаар нь маргалдсан. Үүнээс болж нэг удаа барилцаж авч байсан. ..Тархины хүнд хагалгаанд орсон, одоо оёдолтой байгаа, босохоор толгой эргэнэ, зүүн гар хавантай, мэдээ муутай, нүд хөхөрсөн байна. Бие зүгээр болвол гомдол санал байхгүй, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 хуудас/,

Хохирогч С.Ц ын мөрдөн байцаалтанд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн: “...Одоо ямар нэгэн зовиур шарх байхгүй, надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал нийт 5000000 төгрөг гарсан байх. О.Д  надад 1200000 төгрөг дансаар өгсөн. Зөрүү мөнгөө нэхэмжлэхгүй. ..Тэр өдөр хамгийн сүүлд О.Д тай гражид машин дотороо архи хувааж ууж байснаа санадаг юм. Мөн хэсгийн байцаагчийн таамбар дотор О.Д  миний дээр суучихсан 2 гар бариад хэрэлдээд байж байсан юм. Бас эмнэлэгт үсээ хусуулж байснаа санадаг. Өөр зүйл санахгүй байна. ..Би тэр өдөр саарал фудволк, бараан цэнхэр өмдтэй, хар өнгийн гуталтай явж байсан. ..Цэвэрхэн байсан. Тэгэхдээ тэр өдөр би Бат-Өлзий суманд дуудлаганд явж байгаад машины кардан салж унаад би шууд өмсөж явсан хувцастайгаа доогуур нь ороод янзалсан юм. Тэгээд шороо тоос болсон байж магадгүй. ..Шар хүрэн өнгийн зүйл нь бол эрүүлжүүлэхэд бөөлжсөн гэсэн. О.Д тай зууралдаж байхад урагдсан байх. ...Толгойнд байгаа 16х0.2 см хагас сар хэлбэртэй шархыг бол тархины хагалгаанд ороод авсан. Харин баруун тохойны гадна хэсэгт байгаа 3.4х2.8 см зулгаралтыг бол хөдөө ажлаар яваад кардан эвдрээд засаж байхдаа хаданд гэмтээсэн юм. Мөн нуруунд үүссэн шархыг бас машин янзалж байгаад авсан байх. Харин бусад гэмтлийг О.Д  учруулсан гэж бодож байгаа. Би О.Д тай ноцолдож байхдаа авсан байх. О.Д тай архи ууж зодоон хийхээс өмнө ийм гэмтлүүд байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85 хуудас/,

Гэрч Э.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 31-ний 01 цаг 30 минутын орчимд эрүүлжүүлэх байранд байж байхад сонсогч Б нь гадаа согтуу хүмүүс зодолдоод байна гэхээр нь гарахад хэсгийн байцаагч нарын өрөөний үүдэнд цагдаагийн дэд ахлагч М  зогсож байхаар нь наагуур чинь юу болоод байна гэхэд манай хоёр албан хаагч хоорондоо маргалдаад байна гэсэн. Хэсгийн байцаагч нарын өрөөний таамбарт ороход Ц  дээшээ хараад хэвтсэн дээр нь Д  Ц ын цээжин дээр дарсан байдалтай, Д  Ц т хандаж чи намайг жижүүртэй байхад хүн хорлох гээд ирчихээд гээд байсан. Би Ц , Д  хоёрт хандан эрүүлжүүлэхэд хүн байна боль гээд Д ыг боль гээд салгах гэтэл салахгүй байхаар нь ерөнхий жижүүр болон эрүүлжүүлэх байрны цагдаа Г нарыг дуудаж салгуулъя гээд эрүүлжүүлэх байр руу орох гээд алхтал ард чимээ гарахаар нь эргээд харахад Ц , Д  нар хэсгийн байцаагч нарын байрны таамбараас гараад ирсэн. Ц  нь Д ыг цохих гээд дайраад Ц  Д ын нүүр рүү цохиод авсан. Тэгэхээр нь би болиоч гэж хэлтэл Ц , Д  нар нэгнийгээ цохих гэж байгаад Ц  хойшоо унасан. Ц ыг унахаар нь очиход дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь судсыг нь барьж үзээд толгой хэсгийг нь дарж үзэхэд толгой нь дагзны баруун дээд хэсэгт бага зэрэг овойсон байхаар нь босоорой гэж хэлчихээд Ц ын хажууд утас нь байхаар нь М  цагдаад гар утсыг нь өгөөд Д ыг цаанаа зогсож байгаа гэж хэлээд байж байтал ерөнхий жижүүр Э гарч ирсэн. Тэгээд Э  юу болов гээд Д тай уулзаад байсан. Би хэсгийн байцаагч нарын өрөөний баруун талаар хойш өхсөхөд Г  урдаас автомашинтайгаа гараад ирэхээр нь Ц , Д  нар хэсгийн байцаагч нарын өрөөний үүдэнд байгаа, Ц  газар унасан байгаа, хүнд хүлээлгэж өгөөрэй, их согтуу байна шүү, эмнэлэгт үзүүл гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би эрүүлжүүлэх байр руу орсон. Ажил дээрээ байхад Г  орж ирэхээр нь Ц  яасан талаар асуухад Ц ыг машиндаа унтуулчихлаа гэсэн. Удалгүй дахиад орж ирэхээр нь Ц ыг дахиад асуухад оруулж ирээд өрөөнийхөө орон дээр унтуулчилаа, гэрт нь хүн байхгүй, ургийн баярт гэрийхэн нь явсан гэж хэлсэн. Тэгээд Г  гадаа гараадхъя гэхээр нь би Ц  дээр очоод Ц ын даралт, пүлс, захын цусан хангамж, уушиг, зүрх, судасыг үзэхэд үзүүлэлтүүд хэвийн байсан. Тэгээд өрөөндөө ороод ажлаа хийж байхад Г  манай өрөөнд орж ирээд Ц ыг орон дээрээс унасан байна гэхэд нь би Г т газар ор засаад хэвтүүл гэж хэлсэн. Тэгээд 02 цаг 50 минутын орчим Ц  дээр очоод дахиж биеийн байдлыг нь үзээд гар нүүрний алчуур норгож авчруулаад нүүрийг нь арчиж цэвэрлэсэн. Тэгээд Ц  нь хурхираад байхаар нь ерөний жижүүр Э ыг дуудаад биеийн байдлыг нь танилцуулсан чинь Э  түргэн дуудсан. Түргэний эмч ирээд Ц ын биеийг үзээд амин үзүүлэлтүүд хэвийн байна гэж хэлсэн. Би түргэний эмчид Ц ыг арагшаа унасан, толгойн ар хэсэг нь овойж хавдсан, гэмтэл авсан байж магадгүй, та аваад явах уу, тархины зураг авахуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгтэл эмч хэлэхдээ Ц ыг согтуу хурхираад унтаад байна, маргааш өглөө ирээд зургаа авахуул гэж хэлсэн. Тэгээд 05 цаг арай болоогүй байхад Ц  бөөлжсөн байхаар нь бөөлжсийг нь үзэхэд их хэмжээний мах, архины нихүүн үнэр үнэртэж байсан. Бөөлжисөнд цусны хольц байгаагүй. Өглөө 07 цаг орчим Д ыг дуудаад Д тай хамт Ц ыг эмнэлэг рүү явуулсан. ...Баруун талын дохой хэсэгт нь шарх, зүүн талын хацрын дээд хэсэг, хамрын доод хэсэгт хатсан цус болсон байсан. Баруун талын шанаа хөхөрсөн, уруулын дээд, доод талд хатсан цус болсон байсан. ..Ц  өөрөө газар савж унасан. ..Цагдаагийн дэд ахлагч М  байсан. ..Ц  Д ын нүүр рүү нь цохьсон, Д  нь Ц ыг цохиогүй. Д  нь хэлэхдээ чи намайг жижүүртэй байхад хүн хорлох гэж ирчихээд гээд байсан. ...Ц  их согтуу байсан, Д ыг согтуу байна гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87 хуудас/,

Гэрч Э.Г ы мөрдөн байцаалтанд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн: “..Би Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт эрүүлжүүлэх байрны эмчээр ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. ...Би тэр хоёрын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй. Би тэр өдөр жижүүртэй байсан ба ямар ч байсан шөнө болсон байсан. Тэгтэл манай цагдаа Балжинням эрүүлжүүлэхэд орж ирээд гадаа хүмүүс зодолдоод байна гэж хэлэхээр нь би цагдаагийн газрын үүдэнд ямар хүмүүс зодолддог юм гээд гарсан чинь манай хэсгийн байцаагч нарын өрөөний үүдэнд надтай хамт ажилладаг М  ирээд зогссон. Харин Ц , Д  хоёр таамбар дотор орсон байсан ба М  надад хэлэхдээ манай хоёр жолооч энэ дотор ороод зодолдоод байна гэхээр нь ортол Ц  нь доор нь орсон, Д  нь дээр нь биеэрээ дараад хэвтэж байсан. Тэгээд би очоод Д ыг татаад, боль гэтэл болихгүй байсан. Тэгээд салахгүй байхаар нь ерөнхий эргүүлд хэлье гэж бодоод эрүүлжүүлэх байр руугаа алхаж байтал ард чимээ гарахаар нь эргээд хартал Д , Ц  хоёр боссон, бие бие рүүгээ дайраад нэгнийгээ цохих гээд байсан ба тэр үед Д , Ц ын нүүр рүү гараараа түлхээд газар унагасан юм. Тэгж унахдаа Ц  арагшаа толгойгоороо унасан. Тэгээд би больцгоо гээд очтол Д  нь хэсгийн байцаагчийн өрөөний буланд очоод зогссон. Тэгээд би Ц ыг үзэхэд ар хэсгээр нь хавдсан байсан. Тэгээд л тэр үед М  цагдаа ирэхээр нь би Ц ын гар утсыг авч өгсөн ба цаанаас ерөнхий жижүүр Э  хүрч ирээд Д тай уулзаад зогссон. Тэгээд манай эрүүлжүүлэхийн цагдаа нар гарч ирэхээр нь гэр орны хүмүүст нь хэлээрэй, нэлээн эвгүй унасан гэж хэлээд доошоо орсон. ...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө буруу тайлбарлаж хэлсэн байна. Түүнээс биш худлаа яриагүй, өнөөдөр өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Өмнө нь өгсөн мэдүүлэгээ буруу тайлбарлаж хэлсэн байна. ..Гараараа бол яг цохиогүй, гэхдээ тэр ахархан хугацаанд өөрийнхөө харсан зүйлийг л хэлж байна. Өөрөөр хэлбэл Д  Ц ыг хүмүүсийн ярьдагаар мангасдаж унагаасан. Дүрсэлж хэлбэл Д  ч гараа сарвайлгаад Ц ын нүүр рүү түлхээд, Ц  ч Д ын нүүр рүү хүрэх гээд ядаад байсан. Хамгийн сүүлд Д д түлхүүлж унаад ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Би очоод бие чинь яаж байна гэж асуухад зүгээр гэж хэлж байсан. Ц  3-4 минут газар хэвтсэн. ...Өөрөө босоогүй, Г  гэдэг цагдаа машинтай ирээд босгосон байх, би сайн санахгүй байна. Босч ирээд дахин хэрүүл маргаан болон зодолдох үйлдэл хийгээгүй. Намайг харахад толгойн ар хэсэг овойж хавдсан, хамар амны хэсгээр цус гараад хатсан байсан. Гэхдээ яг одоо бол санахгүй байна. Урдны мэдүүлэг дээрээ хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-90 хуудас/,

Гэрч Ц.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 31-ний 01 цагийн орчим цагдаагийн газарт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад цагдаагийн газарт ирсэн. Цагдаагийн газрын зүүн хойд талд Д тай таарсан. Д  хэлэхдээ Ц  ах чинь лай болоод байна, нааш ир гэхээр нь цагдаагийн газар, хэсгийн байцаагч нарын байрны дундуур урагш яваад хэсгийн байцаагч нарын байрны таамбар руу орсон. Д ын араас дагаад ороход Ц  араас орж ирсэн. Тэгээд Ц , Д  нар хүүхдийн талаар яриад маргалдаад байхаар нь би хэсгийн байцаагч нарын өрөөний үүдний таамбараас гараад цагдаагийн газрын жижүүр рүү орсон. Тэгсэн цагдаагийн газрын жижүүрийн туслах Ц.Батзориг надад хэлэхдээ Ц , Д  нар зодолдоод байна гэнэ, чи гараад очоодох гэхээр нь хэсгийн байцаагч нарын байрны таамбарт очиход Д  нь Ц ыг дарсан, Ц  доор нь дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би Ц , Д  нарыг салгах гээд байж байхад эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн ахмад Г  орж ирсэн. Тэгээд Ц , Д  нарыг салгахад Д  түрүүлээд гараад явсан. Араас нь Ц  гарсан. Д ыг хэсгийн байцаагч нарын байрны таамбараас гараад хэсгийн байцаагч нарын байрны урд талын турникийн хажууд явж байхад Ц  араас нь гүйж очоод Д ын араас цохиод авсан. Хаана нь цохьсон талаар хараагүй, тэгээд Ц , Д  нар хоорондоо зодолдоод бие биенийгээ цохиод байхаар нь би гүйж очоод Д  ахыг араас нь тэврэхэд Д  Ц ыг түлхсэн. Ц  Д д түлхүүлээд хойш хий гишгэх шиг болоод бөгсөөрөө газар суугаад хойш толгойгоо саваад унасан. Тэгээд би Д ыг тэврээд хэсгийн байцаагч нарын байрны зүүн талд байх граж руу аваад явсан. Г  эмч Ц  дээр очсон. Д ыг боль гэж хэлчихээд буцаад Ц , Г  нар дээр очоод зүгээр үү гэхэд Г  эмч мэдэхгүй байна, жаахан эвгүй уначих шиг боллоо гэж байсан. Ц  юм дуугарахгүй хэвтээд байсан. Тэгээд жижүүрээс дуудлага гарлаа гээд намайг дуудахаар нь би явсан. 20-30 минутын дараа цагдаа дээр ирэхэд эрүүлжүүлэх байрны цагдаа Г  намайг дуудаад хоёулаа хамт Ц ыг гэрт нь хүргээд өгье гэж хэлсэн. Би хэсгийн байцаагч нарын байрны урд очиход Г ын машины арын суудал дээр Ц  сууж байсан. Тэгээд Г  Ц ыг хүргээд өгье гэхэд Ц  хэлэхдээ гэртээ харина гэсэн. Г  Ц т хадмынд чинь хүргээд өгье гэхэд Ц  үгүй, гэртээ харина гэж хэлсэн. Г  Ц аас гэрт чинь хүн байгаа юм уу, хэнтэй байгаа юм бэ гэхэд Ц  хэлэхдээ гэрт хүн байхгүй, гэрийнхэн хөдөө явсан гэж хэлсэн. Гэрийн түлхүүр алга байна гээд байсан. Тэгээд би Г ын машинаас буугаад Ц ын гэрийн түлхүүрийг хайж байгаад олдохгүй байхаар нь цагдаагийн газрын жижүүр дээр ирсэн. ..Хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй байна. Ц  Д  нар зодолдоод, нүүр нүүр рүүгээ цохиод байсан. Тэр хоёр хоорондоод зодолдож байгаад салахдаа Д  Ц ыг түлхсэн. Тэгээд Ц  газар эхэлж бөгсөөрөө суугаад дараа нь толгойгоороо саваад арагшаа унасан. ..Д  Ц ын цээж рүү түлхэх шиг болсон. ..Г  эмч бид хоёр байсан, өөр хүн байгаагүй. ..Тэр хоёр зодолдохдоо гараараа зодолдсон. Хэсгийн байцаагч нарын байрны таамбар, урд байдаг турник хоёрын хооронд шороон дээр унасан. Тухайн хэсэгт цемент байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94 хуудас/,

Гэрч Ц.М ын мөрдөн байцаалтанд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн: “...Би Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт Монгол банкны гэрээт цагдаа хийдэг юм. Би цагдаагийн байгууллагад 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж ажиллаж байгаа ба одоо цагдаагийн дэд ахлагч цолтой. ...С.Ц  ах газар унаад хэвтсэн ба би О.Д  ахыг араас нь тэврээд холдуулаад гражын зүг аваад явсан. Тэгээд О.Д аас салаад С.Ц  дээр буцаад ирээд яасан бэ гээд Г  эмчээс асуухад харин жоохон эвгүй уначихлаа гэж хэлэхээр нь би гайгүй юу Ц  ахаа гэж асуутал аанхаан гэж зөөлхөн дуугарсан юм. Тэгээд л би цаашаа дуудлага аваад явсан. ..С.Ц  ах газар хэвтэж байхдаа юм яриагүй. Би хэр удаан газар хэвтсэнийг бол мэдэхгүй байна. Би хэвтэж байхад нь явсан болохоор яаж боссон талаар мэдэхгүй байна. Би ахиж зодолдох үйлдэл хийсэн үгүйг мэдэхгүй. Дараа нь машинд суусан хойно нь ирсэн чинь гэрийнхээ түлхүүрийг хайгаад байсан юм. ...Юм хум ярьсан талаар санахгүй байна. ...Намайг харахад С.Ц  ахын хаанаас гарсныг нь мэдэхгүй цус болсон байсан. Намайг харахад нүүр хэсэг нь цус болсон байсан. ...Толгойн ар хэсгээрээ пэд гээд дуу гаргаад унасан юм. Би толгой хэсэгт ямар гэмтэл учирсныг хараагүй. Тэрнээс хойш таараагүй байж байгаад саяхан ажилдаа орохоор нь харсан. ..Би бол цохих түлхэх 2-ыг бол ялгаж хараагүй харин түлхээд унагаасан шиг л харагдсан. ..Би одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан С.Ц  О.Д  ахын араас хөлөөрөө өшиглөөд тэгсэн О.Д  ах түлхээд газарт унагаасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96 хуудас/,

Гэрч П.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт эрүүлжүүлэх байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаад Цагдаагийн газрын жижүүр дээр орчихоод буцаад эрүүлжүүлэх байр руу явж байхад эрүүлжүүлэх байрны эмч цагдаагийн ахмад Э.Г , сонсогч Балжинням нартай таарсан. Г  эмч ярихдаа эрүүлжүүлэх байранд байхад хүмүүс зодоон хийгээд байхаар нь гарч харахад Д , Ц  нар байсан. Ц  нь газар унасан байсан гэж надад хэлсэн. Тэгээд эрүүлжүүлэх байрны зүүн талд хэсгийн байцаагч нарын өрөөний үүдэнд очиход Ц  баруун талаараа, толгой нь баруун зүг рүү байрлалтай нүүрэн хэсэг нь урд зүг рүү харсан газар хэвтэж байхаар нь ерөнхий жижүүр цагдаагийн ахлах дэслэгч Д.Э ыг дуудаад Ц  цагдааг газар унасан байна гэж хэлсэн. Э  Ц  дээр ирээд яасан юм гээд Д  дээр ирээд яриад байхаар нь би Э т Ц ыг гэрт нь хүргэж өгье гэж хэлээд 111-ээс Чогдон гэх хүнийг дуудаж хамт өргөлцөөд өөрийнхөө автомашины ард талын суудал дээр суулгаад гэрт нь хүргэж өгөх гэж байхад эрүүлжүүлэх байранд цагдаагийн дэд ахлагч М  хүн өгөх гэхээр нь эрүүлжүүлэх байр руу буцаж орж хүнээ хүлээж авсан. 20-30 минутын дapaa гарч ирээд Ц аас гэрт чинь хүргээд өгье гэрт чинь хүн байгаа юу гэхэд Ц  нь эхнэр хүүхэд хөдөө явсан, хүн байхгүй, бас гэрийн түлхүүр байхгүй гэхээр нь 111 -ээс Чогдонг дуудаад эрүүлжүүлэх байр руу 2 талаас

нь сугадаж оруулаад эрүүлжүүлэх байрны жижүүрийн өрөөний орон дээр унтуулчихаад
Цагдаагийн газрын жижүүр рүү орж хүн хүлээлгэж өгчихөөд буцаад эрүүлжүүлэх
байранд орж ирэхэд Ц  орон дээрээсээ унаад хажуу тийш хараад хэвтэж
байхаар нь орон дээрээс гудас буулгаад газар ор засаад хэвтүүлсэн. Тэгсэн
эрүүлжүүлэх байрны жижүүр эмч Г  нь Ц ыг харчихаад наадах чинь сонин байна, эмч дуудаж үзүүлье гэхээр нь 01 цагт ерөнхий жижүүр Э ыг дуудаж өөрийнхөө утсаар 103 руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй 103-ын эмч ирж Ц ын даралт, пүлсийг үзээд амин үзүүлэлт нь хэвийн байна, маргааш өглөө ажип цуглахаар тархины зураг авахууп гэж хэлсэн. Шөнө 03 цагийн орчим Ц  бөөлжихөөр нь зүгээр үү гэж нэрийг нь дуудахад хурхираад унтаад байсан. Бөөлжсийг нь 111-ийн Чогдон гэх хүнээр цэвэрлүүлсэн. 07 цагийн орчим Ц ыг эмнэлэгт үзүүлэх гэж томилгоот жолооч О.Д ыг дуудаж эмнэлэг рүү хамт явуулсан. Би жижүүртэй байсан учраас БОЭТ-рүү яваагүй. .. Зүүн билүү баруун нүднийх нь доод зовхиноос, амнаас нь цус гарсан байсан. Баруун талын гарын тохой хэсгээрээ зулгарсан байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй. Би эрүүлжүүлэх байранд оруулж ирээд цусыг нь арчиж өгсөн. Ц аас согтууруулах ундаа үнэртэж байсан. Хэр зэрэг согтуу байсныг нь мэдэхгүй байна. ...Д аас согтууруулах ундаа үнэртэж байсан. Тулж уулзаагүй болохоор хэр зэрэг согтуу байсныг мэдэхгүй байна. ...О.Д ын биед эл харагдах шарх байсныг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “..2017 оны 07 дугаар сарын 31-ний 00 цагийн үед Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар мэдээлэл хүлээн авагчаар жижүүрт гарч байхад жижүүрийн утсанд дуудлага ирэхээр нь томилгоот жижүүр О.Д ыг дуудахад за гэж хэлсэн. Удалгүй Ц  жолооч залгаад дуудлагаа зохицуулаад хөдөлгөөнт эргүүл явуулчих би Д тай хамт явна гэхээр нь юм хэлэлгүй утсаа тасалсан. 20-30 минутын дараа дуудлага өгсөн хүн дуудлагаа буцаагаад жижүүрийн утас руу ярьсан. Би Д  руу залгаад юу болж байна ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй Д  Цагдаагийн газрын хашаагаар орж ирсэн, араас нь Ц  орж ирээд 2-уулаа Цагдаагийн газрын арын хашаа руу орсон. 10-20 минутын дараа олон нийтийн цагдаа Балжинням жижүүрийн утас руу залгаад Цагдаагийн газрын арын хашаанд хүмүүс маргалдаад зодолдоод байна гэхээр нь хөдөлгөөнт эргүүлд гарч байсан цагдаагийн дэд ахлагч М ыг арын хашаанд орчихоод ир Д , Ц  нар маргалдаж байж магадгүй, тэр хоёроос өөр хүн арын хашаанд ороогүй гээд явулсан. Удалгүй цагдаагийн дэд ахлагч М  эргэж орж ирээд Ц , Д  нар хоорондоо маргалдаж байгаад салчихлаа гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. ..Машин нь цагдаагийн газрын урд зогсоол дээр байсан. О.Д  нь хашаагаар явган орж ирсэн. ....Д , Ц  нарыг согтууруулах ундаа хэрэглсэн талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99 хуудас/,

Гэрч Х.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 00 цаг дөнгөж өнгөрч байхад эрүүлжүүлэх байрны цагдаагийн өрөөнд сууж байхад гадаа хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь согтуу хүмүүс зодолдоод байна гэж бодчихоод гараад хэсгийн байцаагчийн өрөөний таамбарын үүд рүү гэрэл тусгахад цагдаагийн дэд ахлагч М  байсан. Цаана нь хоёр хүн маргалдаад байсан. Юу гэж маргалдаж байгааг нь сонсоогүй. М  намайг цаашаа гээд гараараа дохиод байхаар нь би буцаад эрүүлжүүлэх байр руу орсон. Удалгүй эргүүлд гарах гээд явсан. ..Тэр талаар нь сонсоогүй, амжих уу гээд орилоод байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101 хуудас/,

Гэрч Б.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын З0-ны өдөр 23 цаг 50 минутын орчим Өвөрхангай аймгийн Цагдаагийи газарт ерөнхий жижүүрийн үүрзг гүйцэтгэж байгаад хөдөлгөөнт эргүүлийн жолооч, цагдаагиин ахлагч Цэрэнлхагвын хамт Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа баар, пабуудыг шалгахаар гарсан. Шалгалтаар явж байгаад 00 цаг 50 минутын орчим цагдаагийн газар буцаж ирсэн. Тухайн үед мэдээлэл хүлээн авагч цагдаагаар гарч байсан цагдаагийн ахлагч Ц.Батзориг нь хэлэхдээ сая Ц , Д  нар маргалдаад салсан гэж хэлэхээр нь Цагдаагийн газрын арын хашаанд орж хэсгийн байцаагч нарын байрны урд талд очиход Д , Ц , эрүүлжүүлэх байрны эмч Г , эрүүлжүүлзх байрны цагдаа Г  нар зогсож байсан. Би очоод юу болоод байгаа юм бэ гэхэд Д  жолооч надад хэлэхдээ Ц  бид 2 сая маргалдсан, өөр зүйп болоогүй гэж хэлсэн. Тэгээд би Г т Ц ыг гэрт нь хүргээд өгчих гээд Д ыг дагуулаад автомашин дээрээ оч гэж хэлэхэд Д  Цагдаагийн газрын баруун талын талбай дээр байх автомашин руугаа явсан. Тэгээд би Цагдаагийн газар руу орсон. 30 орчим минутын дараа Г  над руу утсаар яриад Ц  гэртээ ганцаараа байгаа гэнэ, гэрийнхаэ түлхүүрийг олохгүй байна гэнэ, одоо машинд унтаж байна гэхээр нь Д аас эхнэрийх нь дугаарыг асуугаад залгаж үзэхэд гар утас нь холбогдохгүй байхаар нь Г т наанаа жаахан унтуулчих, архи нь гарахаараа гайгүй болох байлгүйдээ гэж хэлсэн. Тэгээд 03 цагийн орчим Г  дахиж утсаар залгаад эрүүлжүүлэх байр руу ороод ирээч гэхээр нь эрүүлжүүлэх байр руу ороход Ц  зрүүлжүүлэх байранд цагдаагийн өрөөнд гудас дэвсээд унтаж. Байсан. Г  эмч хэлэхдээ Ц  сонин сонин хурхираад байна, 103 дуудаж үзүүлэх үү гэхээр нь тэгье гээд Г ын утсаар 103 дуудчихаад цагдаагийн газар руу буцаад орсон. 30 минутын дараа Г  руу залгаж 103-аас эмч ирж Ц ыг үзсэн үү гэхэд Г  хэлэхдээ сая ирж үзээд явсан, зүгээр байна гэнэ, өглөө ирж тархи толгойны зураг авахуулаарай гэж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104 хуудас/,

Гэрч Э.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод 07 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар 14 хоногийн хугацаагаар баривчлагдсан. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 00 цагийн орчимд эрүүлжүүлэх байрны цагдаа Г  намайг дуудаад гараад ир гэсэн. Би гарахад Г  цагдаагийн машины ард талын суудал дээр нэг эрэгтэй хүн унтаж байсан. Г  цагдаа надад хэлэхдээ энэ хүнийг эрүүлжүүлэх байр руу оруулъя гэхээр нь Г  цагдаа бид хоёр тухайн хүнийг сугадаж эрүүлжүүлэх рүү оруулаад цагдаагийн өрөөний 2 давхрын орны доод талын орон дээр хэвтүүлсэн. Тухайн хүнийг Эрүүлжүүлэх баривчлах байрны эмч ирж үзсэн. Эмч хэлэхдээ тухайн хүнийг согтуу байна, толгойдоо гэмтэл авсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд намайг Г  цагдаа тухайн хүнийг харж байгаарай гэсэн. Тухайн хүн орон дээрээ унтаж байгаад ёо, ёо гээд ёолоод байсан. Би эрүүлжүүлэх байрны цагдаагийн өрөөнөөс гараад баривчлах байр орчихоод буцаад цагдаагийн өрөөнд ороход тухайн хүн орон дээр 2 гараа тавиад доош тонгойгоод 2 хөлөөрөө өвдөглөсөн байсан ба тэгж байж байгаад газар шалан дээр хэвтсэн. Тухайн хүнийг хэвтсэний дараа Г  цагдаа орж ирээд надаар гудас авч ирүүлээд тухайн хүний доор дэвсээд газар унтуулсан чинь ёолоод байхаар нь эрүүлжүүлэх байрны эмчийг дуудаж үзүүлэхэд эмч хэлэхдээ түргэн дуудаж үзүүлсэн нь дээр байх гээд түргэн дуудсан. Тэгээд би баривчлах байранд орсон. Үүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106 хуудас/,

Гэрч Б.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би С.Ц тай 2006 онд танилцаад 2008 онд гэр бүл болоод бид 2-ын дундаас хүүхэд гараад нэг гэрт орсон юм. Одоо амьдраад 12 жил болж байна. ..Би тэр өдөр хөдөө Төгрөг сумын нутаг дэвсгэрт С.Ц ын аав ээжтэй нь хамт байсан. ..2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр би гэнэт С.Ц тай яримаар санагдаад дүү Наранбаатар руу залгасан чинь ах эмнэлэгт байна, хагалгаанд орох гэж байна гэсэн. Тэгээд би шууд хөдөөнөөс аав, ээжтэй нь аймгийн төв орж ирээд шууд эмнэлэг дээр ирэхэд ухаангүй шахуу толгой өвдөөд байна гээд байж байсан. Тэгээд л хагалгаанд орсон юм. Тэгээд би яав ийв гээд асуусан чинь тодорхой юм хэлсэн зүйл байхгүй байсан. Дараа нь харин мэдсэн чинь ажлынхаа газрын О.Д тай архи уугаад зодолдсон гэж дуулсан. ..Уул нь бол амралт нь эхэлсэн юм. Тэгсэн Арвайхээр сумын хамгаалалтанд гарна гээд хамт явж чадаагүй юм. ..Ямар ч шарх сорви байхгүй байсан. ...Намайг эмнэлэг дээр ирэхэд хөл гар нь шалбарсан, ар талын нуруу хэсэг нь зулгарсан, мөн нэг гар нь ерөнхийдөө саажилттай болсон байсан. Мөн зүүн нүд зовхи нь хөхрөөд аймаар хавдсан байсан. Тэгээд хагалгаанд орох гээд үсийг нь хуссан байсан. ...Өөрөөс нь буюу хүмүүсээс асуухаар хамт ажилладаг О.Д тай архи уугаад зодолдсон л гэж сонссон. Тэгээд л ийм гэмтэл авсан байх гэж бодож байна. ..Өнөөдөртөө ингээд эмнэлгийн ачаар босоод ирлээ. Харин дараа нь ямар үр дагавар гарах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэгээд нас явах тусам манай нөхөр гэмтлийн гаралтай ямар нэгэн өвчтөй болчих вий дээ гэж бодож байна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-110 хуудас/,

Гэрч Л.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт 1, 2, 9 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч ажилтай. Би энэ ажил албан тушаалыг 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхэлж хийж байна. Энэ ажлыг хийхээс өмнө жижүүрийн офицер байсан. ...Би тэр өдөр гэртээ байсан. Би тэр өдөр 18 цаг өнгөрөөгөөд гэртээ харьсан. ..Миний ажлын байр цагдаагийн газрын хашаан дотор ертөнцийн зүгээр зүүн талд нь байрладаг ба нийт 1 өрөөтөй, энэ өрөөнд 4 хэсгийн байцаагч сууж ажилладаг юм. …Би тэр өдөр 09 цагт ажилдаа ирсэн. Би ирээд бол мэдээгүй. Харин нэгдсэн яриа болоод л мэдсэн. …Намайг өмнөх өдрийн орой гарахад зүгээр байсан ба маргааш нь өглөө ажилдаа ирэхэд ийм зүйл болсон байсан. Тэгээд О.Д , С.Ц  нар хоорондоо зодолдоод ийм юм болсон. Би өөрөө цус болон эмтэрсэн хэсгийг харж байсан. ..Би хараагүй маргааш нь ажил дээр ирэхэд С.Ц  эмнэлэгт хэвтсэн гэж сонссон. Тэгээд мөн газрын гэмт хэргийн рапортоор орсон байсан. ..Би тэрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан хамгийн сүүлд С.Ц тай таарахад биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-113 хуудас/,

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би шинжилгээний байгууллагад нийт 8 жил ажиллаж байна. ...2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай Өвөрхангай аймгийн прокурорын  газрын  хяналтын  прокурор  Б.Мөнгөншагайн дахин шинжилгээ хийх тогтоолын дагуу шинжээч эмч Ц.Бадрал, Б.Долгормаа нарын хамт хавтаст хэргээр дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн. …Дүгнэлтээр С.Ц ын биед тархины баруун чамархайн хатуу хальс дээрх цусан хураа, тархи дарагдал, зүүн зовхи, баруун бугалга, хоёр гуянд цус хуралт, баруун тохой, нуруу, гуянд зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Яагаад гэвэл амь насанд аюултай гэмтэлд хамаардаг ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасан байгаа. ...Дүгнэлтэнд тусгагдсан байгаа уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи дарагдал, тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна.  ...Гэмтэл үүсгэгч хүчин зүйлийг мохоо болон хурц ир үзүүртэй багаж зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл гэж ангилах ба мохоо зүйлээр зулгаралт, цус хуралт, хугарал, мултрал гэх мэт үүсэж болох бол харин хурц ир үзүүртэй зүйлээр хатгагдах, зүсэгдэх, цавчигдах зэрэг гэмтлүүд үүсдэг. Мохоо зүйлд ир үзүүр бүхий зүйлээс бусад бүх зүйл хамаарагдана. Эдгээр нь бүгд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...С.Ц ын биед учирсан гэмтлүүд мохоо зүйлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Уг гэмтэл цохих, цохигдох, унах ойчих зэргийн аль алинд үүсэх боломжтой. Уг гэмтлийг авсан хүн гэмтсэн судас, алдаж буй цусны хэмжээнээс хамаарч тодорхой хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Хэр удаан гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Энэ гэмтлийн үед толгой эргэх, өвдөх, огих бөөлжих, зарим тохиолдолд ухаан алдах зэрэг төв мэдрэлийн системийн талаас голомтот өөрчлөлт илрэнэ..” гэсэн дүгнэлт /хх-ийн 134-136 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дугаар шинжээчийн: “...О.Д ын биед хамар, 2 хацар, дээд уруул, баруун сарвууны ар, 2 далны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 115/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 265 дугаар шинжээчийн: “...С.Ц ын биед тархины эдийн дарагдалт, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, хагалгааны дараах байдал, зүүн нүдний зовхи, баруун бугалга, 2 гуяны цус хуралт, баруун тохой, нуруу, баруун гуяны зулгаралт, зүүн гар хөлний булчингийн хүчдэл суларсан, хуйхны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 117 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 265 дугаар дүгнэлтийн нэмэлт шинжээчийн: С.Ц ын биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ц.С-н биед үүссэн тархины хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. С.Ц ын биед үүссэн гэмтэл нь толгойн ар, хажуу хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. С.Ц ын биед үүссэн гэмтэл нь хойшоо савж унаснаас үүсэх боломжтой. Хохирогч С.Ц ын  биед учирсан тархины хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлийн улмаас амь тэнссэн байдал үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 120 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1059 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “...С.Ц ын биед тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, зүүн нүдний зовхи, баруун бугалга, хоёр гуянд цус хуралт, баруун тохой, нуруу, баруун гуянд зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. С.Ц ын биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйчлэлээр цохих, цохигдох, унах ойчих зэргийн аль алинд үүсэх боломжтой. Гэмтэл учрах үед О.Д , С.Ц  хоёр ямар хэмжээний зайтай ямар байрлалд байсан болон цохилтын хүчийг нарийвчлан тогтоох боломжгүй. С.Ц т 2017 оны 07 дугаар сарын 31-нд Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв эмнэлэгт амь насны заалтаар тархины хатуу хальсан дээрх цусан хурааг авах, тархи дарагдлыг чөлөөлөх яаралтай мэс ажилбар хийгдсэн байна. Тархины баруун чамархайн хатуу хальс дээрх цусан хураа, тархи дарагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь тус журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 125-127 хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-20/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-23/,

Хохирогч С.Ц ын өвчний түүх /хх-25-44/,

Шүүгдэгч О.Д ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-159/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-160/,

Хохирогч С.Ц ын “Би О.Д  түлхүүлсний улмаас хүнд гэмтэл авсан. О.Д аас хохиролд 1700000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн. Хуульд зааснаас доогуур ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг зөвшөөрч байна” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Д  нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багт байрлах Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын хашаанд хохирогч С.Ц тай маргалдан зодож, түүнийг түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Ц ын “...Цагдаагийн газрын жолооч О.Д тай таарсан ба миний автомашинд байсан том цэвэр усны савтай Монгол архийг хувааж уусан. Архи ууж дууссанаас хойш сайн санахгүй байна. Нэг мэдэхэд толгой өвдөөд харанхуй оргиод явсан. Тэгээд баахан хүмүүс бужигналдаад байх шиг байсан. Би бодохдоо эмнэлэгт байна гэж бодсон. Толгойнд байгаа 16х0.2см хагас сар хэлбэртэй шархыг бол тархины хагалгаанд ороод авсан. Би О.Д тай ноцолдож байхдаа авсан байх. О.Д тай архи ууж зодоон хийхээс өмнө ийм гэмтлүүд байгаагүй.” /хх-81-85/, гэрч Э.Г ы “...М  надад хэлэхдээ манай хоёр жолооч энэ дотор ороод зодолдоод байна гэхээр нь ортол Ц  нь доор нь орсон, Д  нь дээр нь биеэрээ дараад хэвтэж байсан. Тэгээд би очоод Д ыг татаад, боль гэтэл болихгүй байсан. Тэгээд салахгүй байхаар нь ерөнхий эргүүлд хэлье гэж бодоод эрүүлжүүлэх байр руугаа алхаж байтал ард чимээ гарахаар нь эргээд хартал Д , Ц  хоёр боссон, бие бие рүүгээ дайраад нэгнийгээ цохих гээд байсан ба тэр үед Д , Ц ын нүүр рүү гараараа түлхээд газар унагасан юм. Тэгж унахдаа Ц  арагшаа толгойгоороо унасан. …Тэгээд би Ц ыг үзэхэд ар хэсгээр нь хавдсан байсан. …манай эрүүлжүүлэхийн цагдаа нар гарч ирэхээр нь гэр орны хүмүүст нь хэлээрэй, нэлээн эвгүй унасан гэж хэлээд доошоо орсон. ..Өөрөөр хэлбэл Д  Ц ыг хүмүүсийн ярьдагаар мангасдаж унагаасан. Дүрсэлж хэлбэл Д  ч гараа сарвайлгаад Ц ын нүүр рүү түлхээд, Ц  ч Д ын нүүр рүү хүрэх гээд ядаад байсан. Хамгийн сүүлд Д д түлхүүлж унаад ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Би очоод бие чинь яаж байна гэж асуухад зүгээр гэж хэлж байсан. Ц  3-4 минут газар хэвтсэн. ...Өөрөө босоогүй, Г  гэдэг цагдаа машинтай ирээд босгосон байх, би сайн санахгүй байна. Босч ирээд дахин хэрүүл маргаан болон зодолдох үйлдэл хийгээгүй. Намайг харахад толгойн ар хэсэг овойж хавдсан, хамар амны хэсгээр цус гараад хатсан байсан…” /хх-88-90/, гэрч Ц.М ын “...Толгойн ар хэсгээрээ пэд гээд дуу гаргаад унасан юм. Би толгой хэсэгт ямар гэмтэл учирсныг хараагүй. Тэрнээс хойш таараагүй байж байгаад саяхан ажилдаа орохоор нь харсан. ..Би бол цохих түлхэх 2-ыг бол ялгаж хараагүй харин түлхээд унагаасан шиг л харагдсан. ..Би одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан С.Ц  О.Д  ахын араас хөлөөрөө өшиглөөд тэгсэн О.Д  ах түлхээд газарт унагаасан юм.” /хх-ийн 93-94/, гэрч П.Г ын “...эрүүлжүүлэх байрны жижүүр эмч Г  нь Ц ыг харчихаад наадах чинь сонин байна, эмч дуудаж үзүүлье гэхээр нь 01 цагт ерөнхий жижүүр Э ыг дуудаж өөрийнхөө утсаар 103 руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй 103-ын эмч ирж Ц ын даралт, пульсийг үзээд амин үзүүлэлт нь хэвийн байна, маргааш өглөө ажип цуглахаар тархины зураг авахуул гэж хэлсэн. Шөнө 03 цагийн орчим Ц  бөөлжихөөр нь зүгээр үү гэж нэрийг нь дуудахад хурхираад унтаад байсан. 07 цагийн орчим Ц ыг эмнэлэгт үзүүлэх гэж томилгоот жолооч О.Д ыг дуудаж эмнэлэг рүү хамт явуулсан. Би жижүүртэй байсан учраас БОЭТ-рүү яваагүй. Зүүн билүү баруун нүднийх нь доод зовхиноос, амнаас нь цус гарсан байсан. Баруун талын гарын тохой хэсгээрээ зулгарсан байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй.” /хх-97-98/, гэрч Ц.Б-н “..М ыг арын хашаанд орчихоод ир Д , Ц  нар маргалдаж байж магадгүй, тэр хоёроос өөр хүн арын хашаанд ороогүй гээд явуулсан. Удалгүй цагдаагийн дэд ахлагч М  эргэж орж ирээд Ц , Д  нар хоорондоо маргалдаж байгаад салчихлаа гэж хэлсэн...” /хх-99/, гэрч Х.Б-н “...2017 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 00 цаг дөнгөж өнгөрч байхад эрүүлжүүлэх байрны цагдаагийн өрөөнд сууж байхад гадаа хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь согтуу хүмүүс зодолдоод байна гэж бодчихоод гараад хэсгийн байцаагчийн өрөөний таамбарын үүд рүү гэрэл тусгахад цагдаагийн дэд ахлагч М  байсан. Цаана нь хоёр хүн маргалдаад байсан. Юу гэж маргалдаж байгааг нь сонсоогүй. М  намайг цаашаа гээд гараараа дохиод байхаар нь би буцаад эрүүлжүүлэх байр руу орсон...” /хх-101/, гэрч Б.Э ын “...Д , Ц , эрүүлжүүлэх байрны эмч Г , эрүүлжүүлэх байрны цагдаа Г  нар зогсож байсан. Би очоод юу болоод байгаа юм бэ гэхэд Д  жолооч надад хэлэхдээ Ц  бид 2 сая маргалдсан, өөр зүйп болоогүй гэж хэлсэн...” /хх-103-104/, гэрч Э.Чогдонгийн “...Г  цагдаа надад хэлэхдээ энэ хүнийг эрүүлжүүлэх байр руу оруулъя гэхээр нь Г  цагдаа бид хоёр тухайн хүнийг сугадаж эрүүлжүүлэх рүү оруулаад цагдаагийн өрөөний 2 давхрын орны доод талын орон дээр хэвтүүлсэн. Тухайн хүнийг Эрүүлжүүлэх баривчлах байрны эмч ирж үзсэн. Эмч хэлэхдээ тухайн хүнийг согтуу байна, толгойдоо гэмтэл авсан байж магадгүй гэж хэлсэн.” /хх-105-106/, гэрч Л.Адъяатөмөрийн “...Намайг өмнөх өдрийн орой гарахад зүгээр байсан ба маргааш нь өглөө ажилдаа ирэхэд ийм зүйл болсон байсан. Би өөрөө цус болон эмтэрсэн хэсгийг харж байсан.” /хх-ийн 111-113/, шинжээч эмч Б.Ганзоригийн “...Би шинжээч эмч Ц.Бадрал, Б.Долгормаа нарын хамт хавтаст хэргээр дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн.Дүгнэлтээр С.Ц ын биед тархины баруун чамархайн хатуу хальс дээрх цусан хураа, тархи дарагдал, зүүн зовхи, баруун бугалга, хоёр гуянд цус хуралт, баруун тохой, нуруу, гуянд зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Яагаад гэвэл амь насанд аюултай гэмтэлд хамаардаг ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасан байгаа. Дүгнэлтэнд тусгагдсан байгаа уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи дарагдал, тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна.  ...С.Ц ын биед учирсан гэмтлүүд мохоо зүйлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Уг гэмтэл цохих, цохигдох, унах ойчих зэргийн аль алинд үүсэх боломжтой. Уг гэмтлийг авсан хүн гэмтсэн судас, алдаж буй цусны хэмжээнээс хамаарч тодорхой хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Хэр удаан гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Энэ гэмтлийн үед толгой эргэх, өвдөх, огих бөөлжих, зарим тохиолдолд ухаан алдах зэрэг төв мэдрэлийн системийн талаас голомтот өөрчлөлт илрэнэ.” /хх-134-136/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч О.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Ц ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 265 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-117/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-120/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1059 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-125-127/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-20/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-23/, хохирогч С.Ц ын өвчний түүх /хх-25-44/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын албан шалгалт явуулсан материал /хх-45-72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Цэрэндондов овгийн О.Д д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Д ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан  хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч О.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэнэ гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.Д  нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүхэд гаргасан хүсэлт, хохирогч С.Ц ын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 1700000 төгрөг хүлээн авсан, шүүгдэгчтэй эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, хуульд зааснаас доогуур ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, прокурорын санал, шүүгдэгч О.Д ын Хаан банкны 5540341813 тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Д д ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч О.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1700000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Цэрэндондов овгийн О.Д ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэрэндондов овгийн О.Д ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.  Шүүгдэгч О.Д   нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1700000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.       

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Д д авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ