Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 202/МА2020/00022

 

“Г банк” ХХК-ийн Замын-Үүд салбарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 137/ШШ2020/00162 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ... байрлах, “Г банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух Г.Э,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух Ц.О нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 123201792.34 төгрөг гаргуулах, үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Г.Э-н давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэрэлтуяа, С.Өлзийбаатар, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г банк” ХХК-ийн Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Э, Ц.О нар нь 2019 оны 01-р сарын 30-ны өдөр Г банктай ........ дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж, 130 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай авсан. Дээрх ........... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 01-р сарын 30-ны өдрийн ............... дугаартай Ипотекийн гэрээгээр Г.Эын өмчлөлийн Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2-р баг, Мобиком 2-7а тоот 143 м.кв, улсын бүртгэлийн ................ дугаар бүхий Дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... тоот 139 м.кв, улсын бүртгэлийн ........ дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ........... тоот, 588 м.кв, нэгж талбарын 100502672 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 2019 оны 01-р сарын 30-ны өдрийн ............ дугаартай Ипотекийн гэрээгээр Ц.Оийн өмчлөлийн ......... тоотод байрлах 41.5 м.кв, улсын бүртгэлийн ............ дугаар бүхий нэг өрөө орон сууц бүхий дээрх барьцаа хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасны дагуу тохиролцсон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2020 оны 03-р сарын 09-ний  өдрийн байдлаар 135 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд үндсэн зээлийн төлбөр 122 666 666.72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10 456 142.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 78 983.02 төгрөг, нийт 123 201 792.34 төгрөг төлөгдөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-т заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 123 201 792.34 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, ......., .......... дугаартай ипотекийн гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдийг хууль тогтоомжийн дагуу худалдан .......... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэжээ.

 

Хариуцагч Г.Э, Ц.О нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Г банкнаас гаргасан зээлийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний хугацаа нь 2024 оны 01 сард дуусна. Гэрээний хугацааг хэвээр нь үргэлжлүүлэх шаардлагатай байна...” гэжээ. 

   

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Замын-Үүд салбар, хариуцагч Г.Э, Ц.О нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Г.Э, Ц.О нараас зээлийн төлбөр 112 666 666.72 төгрөг, зээлийн хүү 8 979 984 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78 983.02 төгрөг, нийт 121 725 633.74 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Замын-Үүд салбарт олгож, үлдсэн 1 476 159 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Г.Э, Ц.О нарын өмчлөлийн ......тоот 143 м.кв, улсын бүртгэлийн ......... дугаар бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, .......... тоот 139 м.кв, улсын бүртгэлийн ............. дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ........... тоот 588 м.кв нэгж талбарын 100502672 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ...... тоотод байрлах 41.5 м.кв, улсын бүртгэлийн ......... дугаар бүхий нэг өрөө орон сууц зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж, борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 827 524.19 төгрөгийн 773 959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 53 565.19 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Э, Ц.О нараас улсын тэмдэгтийн хураамж 766 578 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож,


            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

            Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Э давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтад бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэгдүгээрт, шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 123201792.34 төгрөг гаргуулах, үүргийн биелэлтийг ипотекийн гэрээгээр барьцаалсан эд хөрөнгүүдээр хангуулах тухай гэсэн 2 шаардлагыг гаргасан. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээг нэг талын санаачилгаар цуцлах шаардлагыг гаргаагүй, анхан шатны шүүх энэ талаар шүүх хуралдаанд оролцогч нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас нэг ч удаа асууж тодруулаагүй хэрнээ өөрийн санаачилгаар нэхэмжлэгч талаас гаргаагүй буюу гэрээг цуцлах шаардлагыг нэмж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хоёрдугаарт, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгсөнгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 204, 221 дүгээр зүйлд зааснаар нэг тал гэрээнээс татгалзахад энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх, урьдчилан сануулах үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч банкны зүгээс хариуцагч нарт хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж байснаас урт хугацааны гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж байгаагүй болно. Гуравдугаарт, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд зээлийн гэрээ нь зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгснөөр байгуулагдсанд тооцогддог. Хэдийгээр талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 130 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зориулалт бүхий зээлийн гэрээ байгуулагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлдэгч нарын дансанд 130 000 000 төгрөгийг шилжүүлсэн хэдий ч түүний маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлдэгч нарын данснаас 20 430 091 төгрөгийг банк татаж авснаараа зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Банк харилцагч нарын зээлийн данснаас зөвшөөрөлгүйгээр өмнөх зээлийг хаах хүсэлт гаргаагүй байхад 20 430 091 төгрөгийг татсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан мемориалын баримтад харилцагчаар гарын үсэг зуруулаагүй байдлаар нотлогддог. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 24 500 000 төгрөгийн зээлийн гэрээ нь хугацаа хэтрэлттэй эсэх, хуваарийн дагуу төлөлт хийгдэж байсан эсэх зэргээр зээлийг зайлшгүй хаах нөхцөл байдал байсан эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр банк 20 430 000 төгрөгийг зээлийн данснаас татсан тухайн үед зээлдэгч нар гомдол гаргаагүй... гэж тайлбарлаж зээлдүүлэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, хариуцагч Ц.О нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Мөнхзулыг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Э.Даваасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч талаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 137/ШШ2020/00162 дугаар шийдвэрийг 4 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч “Г банк” ХХК-ийн Замын-Үүд салбараас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэгт 123201792.34 төгрөг гаргуулах, үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гэсэн 2 шаардлагын хүрээнд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрлэхдээ 3 шаардлагад дүгнэлт хийж шийдвэр гаргасан буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудал болох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 123201792.34 төгрөг гаргуулах, үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гэсэн 3 шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн байдаг. Гэрээг цуцалсан гэж үзээд түүний үр дагаварыг шаардах, гэрээг цуцалж түүний үр дагаварыг шийдвэрлүүлэх гэдэг нь хоёр тусдаа ойлголт. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээг цуцалсан гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргавал гэрээг цуцалсан тухайн өдрөөр үүргийн гүйцэтгэлийг гаргуулдаг. Харин гэрээг цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргавал гэрээг цуцлах хүртэл хугацааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудал яригдана. Нэхэмжлэгч “Г банк” ХХК-ийн Замын-Үүд салбараас гэрээг цуцалж,  2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 123201792.34 төгрөг гаргуулахаар зээлийн гэрээний үр дагаврыг шаардаж нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл шүүх уг асуудлыг шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлыг шийдвэрлэж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр уг асуудлыг шийдвэрлэсэн. Хоёрдугаарт, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь урт хугацааны гэрээнд хамаарна. Үүнээс шалтгаалж гэрээг цуцлах асуудал яригдана. Гэрээг цуцлахын тулд гэрээг цуцлах үндэслэл байгаа эсэх, мөн хуульд заасан журмын дагуу цуцалсан эсэх асуудлыг шүүх шалгаж, энэ талаар дүгнэлт хийх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал хариуцагч талд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар мэдэгдлийг хүргүүлээгүй байдаг. Иргэний хуулийн 204, 225 дугаар зүйлд гэрээг цуцлах үндэслэлийг зохицуулсан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар нэг тал гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Хэдийгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан мэдэгдэл авагдсан байгаа боловч уг мэдэгдэл нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх талаар мэдэгдэл байдаг. Мөн талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ 60 сарын хугацаатай байгуулагдсан. Хариуцагч 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарыг хүртэл нийт 6 сарын хугацаанд үүргээ биелүүлж чадаагүй байдаг. Ингэж 6 сарын хугацаанд үүргээ биелүүлж чадаагүйг гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн гэж үзэх үү, ноцтой зөрчсөн гэж үзэх үү гэдэг асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.  Хариуцагч тал шүүхэд тайлбарлахдаа зээлийн гэрээний үүргээ биелүүлээд гэрээний төлбөрөө төлөөд зээлийн гэрээг үргэлжлүүлэх талаар тайлбар гаргасан. Гуравдугаарт, талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 130 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, 21,6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагч нарын дансанд  130 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл маргааш нь 20 430 000 төгрөгийг банк татаад авчихсан байдаг. Яагаад татаад авчихсан гэхээр 2 сарын өмнө буюу 2018 оны 12 дугаар сард зээл авах талаар хүсэлт гаргахдаа зээлийн задаргаанд Г банк дахь зээлийг хаах талаар хүсэлт гаргасан тул 20 430 000 төгрөгийг татаж авсан талаар тайлбарладаг. Энэ талаар баримт хэрэгт авагдсан ба тухайн баримтад хариуцагчийн гарын үсэг байдаггүй. Иймд банкийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, хариуцагч Оюунцэцэгийн зүгээс шүүх хурал болдог өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байдаг. Гэтэл тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүргийг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хэргийн материалтай танилцуулах ажиллагааг анхан шатны шүүх хийгээгүй. Энэ нь хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцах эрхийг нь олгоогүй шүүгчийн туслахтай холбоотой алдаа гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн алдааг зөвтгөх боломжгүй учраас шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэрэлтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэг талын санаачилгаар цуцлах шаардлагыг гаргаагүй, энэ талаар харилцагчид мэдэгдээгүй гэж байна. Манай банкны зүгээс харилцагчид утсаар болон аман байдлаар удаа дараа мэдэгдэж байсан. Анх 12 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгөхөд тухайн харилцагч хариу тайлбар өгсөн байдаг. Энэ нь хэрэгт хавсаргасан байгаа. Мөн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг шүүхэд өгдөг өдөр харилцагчийг дуудаж уулзсан. “Шүүхэд нэхэмжлэл өгөх гэж байна, болж өгвөл зөвшилцөе, шүүхэд өгөх өдөр хоног болчихлоо” гэхэд тухайн харилцагч банкин дээр ирж уулзаад, “за, би яаж ч чадахгүй, шүүхэд өг” гэж мэдэгдлээ өгсөн. Тэгээд бид нар тэр өдөр нь шүүхэд нэхэмжлэлийг өгсөн. Хоёрдугаарт, зээлийн гэрээний хавсралт 2.4-т “Зээлдэгч хавсралт №1-т заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, хүүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэ гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж заасан. Үүний дагуу удаа дараа зөрчсөн учраас зээлийг эргэн дуудсан. Мөн гэрээний 4 дүгээр бүлэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 4.2-т “Дараах тохиолдолд зээлийг гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг эргэн төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй” гэж заасан. Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу эргэн төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлана гэж заасан байгаа. Тэгэхээр хариуцагч зээлийг гэрээний хуваарийн дагуу 6 сарын хугацаанд төлөөгүй учраас ноцтой зөрчил гэж үзсэн. 12 дугаар сарын 26-ны өдөр харилцагч хариу тайлбар бичиж өгөхдөө “Г.Э миний бие Г банкнаас 130 000 000 төгрөгийг авсан. 2019 оны 09 дүгээр сар хүртэл хэвийн төлж байгаад 10 дугаар сараас эхлэн зээлийг хугацаанд нь төлөх чадваргүй болсон. Үүний шалтгаан нь эхнэр Оюунцэцэг нь 2019 оны 01 дүгээр сард автомашины осолд орж, маш удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болсон. Хоёрдугаарт, саалийн 10 үнээ авч чадаагүйн улмаас өөрийн орлогын эх үүсвэргүй болсонтой холбоотой зээлийг төлөхөд хүндрэлтэй болсон” гэсэн байна. 10 үнээ авч чадаагүй шалтгаанаар манай банкинд зээл хүссэн байдаг. Гэхдээ уг харилцагч нь анх зээл авахдаа хүнсний дэлгүүр буюу бөөний худалдаа эрхэлж байснаа 2019 оны 12 дугаар сард саалийн үнээ авна гэж зээл хүссэн. Саалийн үнээ гэдэг бол шинэ бизнес. Шинэ бизнесийг 1 жил үйл ажиллагаа явуулсан байхыг шаарддаг учраас банкны зүгээс хөрөнгө оруулалт хийж чадахгүй, өмнө нь авсан зээлийг төлүүлэхээр татгалзсан. Үүний дараа “танай банк зээл олгоогүй учраас би дампуурсан” гэдэг. Гэтэл тухайн харилцагч эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх гэсэн юм, манай дэлгүүр хүнд байдалд орлоо гэж зээл хүссэн бол нэг өөр, гэтэл шал өөр шинэ бизнес болох саалийн 10 үнээ буюу фермийн аж ахуй эрхлэх зориулалтаар манай банкнаас зээл хүссэн. Зээл төлөхгүй эхлэл нь ингэж тавигдсан. Тэгээд харилцагч нь дэлгүүрээ хүнд зарж зээлийг төлөх талаар тайлбар гаргасан. Банкны зүгээс 2020 оны 03 дугаар сар хүртэл уг харилцагчийг зээлээ төлөхийг хүлээсэн. Банк зээл олгох журмыг зөрчсөн гэж тайлбарлалаа. Уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нөгөө талд түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Зээлдэгч Г.Э нь 12 дугаар сард банкинд хүсэлт гаргасан. Анх хүсэлт өгөхдөө Хаан банк дахь зээлийг хааж, танай банк руу шилжүүлэх, Г банкинд байгаа 21,9 сая төгрөгийн зээлийг хаах, ачааны машин авах, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх гэсэн 4 шаардлагатай 150 000 000 төгрөгийг зээлэхээр хүсэлт өгсөн. Банкны зүгээс материалыг нь судалж үзээд 130 000 000 төгрөгийг олгох боломжтой талаар танилцуулсан. Харилцагч тухайн шийдвэртэй танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа зээлийн гэрээг байгуулдаг. Зээл олгох шийдвэр гарлаа гээд зээлийн гэрээг хийгээд гарын үсэг зуруулдаггүй. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээл олгох шийдвэр гараад харилцагчид танилцуулсан. Тухайн харилцагч 130 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй зээлж авахаар өөрөө хүсч, үүний үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан. Мөн 20 сая төгрөгийг харилцагчид мэдэгдэлгүй авсан гэсэн асуудал яригдсан. Харилцагч нь анх хүсэлт гаргахдаа манай банк дахь автомашин авах, зээлийг хаах талаар хүсэлт өгсөн. Банкны зүгээс эргэлтийн хөрөнгөө татаад түүнийхээ ашигаар та автомашин авч болно гэж үзсэн. Тухайн зээл олгосон үе нь 1 сар буюу цагаан сар болж, эргэлтийн хөрөнгө нь нэмэгдэх үе байсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийг олгож, Хаан банк дахь зээлийг хаасан байдаг. Учир нь ажлын цаг дуусах гэж байсан учир өөр банк дахь зээлийг тухайн өдөрт нь хаалгаад ажлын цаг дууссан учир маргааш нь өөрийн банк дахь зээлийг хаалгасан байгаа. Хаан банкнаас тухайн зээлийг шилжүүлэхдээ манай банкин дээр хүүг буулгаж, 1,9 хувийн хүүтэй зээлийг 1,8 болгож, эргэн төлөх нөхцөлөө багасгаж авчирсан байдаг. Хаан банк дахь зээлийг хаалгах, эсвэл зээлийг нэгтгэхгүй бол тухайн харилцагчид хүндрэл учрах буюу зээлийг төлөх чадваргүй байдалд орох учир зээлийг нэгтгэсэн. Мөн манай банк зээлийг олгохдоо тухайн харилцагчийн орлогод үндэслэн зээлийг судалдаг учир 130 000 000 төгрөгийг олгох боломжтой байна гэж үзсэн. Харилцагч зээл олгох үед хүсэлт өгч манай банкинд судалгаа хийгдсэн, судалгааны үндэслэлд уг 4 үндэслэлийг авч үзсэн. Тухайн харилцагч зээлийг хаана гэдгийг мэдэж байсан, зөвшөөрсөн. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийн дэд данснаас 20 гаран сая төгрөг алга болсон байгаа. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан 2 удаа хойшилсон. Эхний удаа эхнэр Оюунцэцэг нь өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, хоёр дахь удаа банкны дотоод журам болон 2018 онд олгосон 24 сая төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой материалуудыг авахаар хүсэлт өгсөн. Ингэж шүүх хуралдааныг хойшлуулахдаа банкны зүгээс миний 20 сая төгрөгийг илүү авсан байна гэдэг талаар хүсэлт өгөөгүй. Мөн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай зүгээс нэхэмжлэл гаргахад 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргахдаа “Г.Э, Оюунцэцэг нар нь Г банкны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэлийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сард дуусна. Гэрээний хугацааг хэвээр үргэлжлүүлэх шаардлагатай байна” гэсэн тайлбар гаргасан. Ингэж тайлбар гаргах болон 2 удаагийн шүүх хуралдаанд энэ талаар яриагүй. Эхний шүүх хуралдаанд эхнэр нь өвчтэй гэж байсан. 2 дахь шүүх хуралдаанд ирэхдээ зүгээр л нэг цаас барьж орж ирж байсан. Тэгээд шүүгчээс асуулт асуухаар мэдэхгүй, манай өмгөөлөгч үүнийг өг гэсэн, би юуг нь мэдэхгүй байна гэж байсан. Хариуцагч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 20 сая төгрөгийн талаар огт ярихгүй байснаа 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл буюу шүүх хуралдаан болдог өдөр хүртэл банкинд нэг ч гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл, миний данснаас 20 сая төгрөг алга болчихлоо, юун мөнгө алга болов гэж гомдол гаргаагүй. Тэгэхээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн уг харилцагч манай банкинд 24 сая төгрөгийн зээлтэй байсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тухайн зээлийг яагаад төлөөгүй юм бэ, 130 сая төгрөгийн эргэн төлөлт ч гэж байгаа. Яагаад би зээлээ төлөхгүй байгаа вэ, миний зээл яагаад гарч ирэхгүй байгаа билээ гэж тухайн харилцагч нэг ч удаа асууж ирж байгаагүй. Тэгэхээр уг харилцагч 20 сая төгрөгөөр нөгөө зээлийг хаасан гэдгийг мэдэж байсан, хүлээн зөвшөөрдөг гэж үзэж байна. Гуравдугаарт, зээлдэгч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарладаг. Зээлдэгч тайлбар гаргахдаа зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, 74 сая төгрөгийг төлнө гэж байгаа нь уг зээлийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Зээлийг хасах сонирхолтой ч юм уу, зөвшөөрөөгүй гэсэн утга байхгүй байна гэж үзэж байгаа...” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өлзийбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Банкны зүгээс харилцагчийг 130 000 000 төгрөгийн дарамтад оруулсан асуудал биш. Хаан банкинд сарын 1,9 хувийн хүүтэй байсан зээлийг 1,8 хувийн хүүтэй болгож татсан. Г банкинд байсан 20 000 000 төгрөгийн 2 хувийн хүүтэй байсан зээлийг нэгтгэж, 1,8 хувийн хүүтэй болгосон. Ингэснээр зээлийн сарын төлөлт нь буурч, зээлийн дарамт үүсэхгүй. Банкны зүгээс харилцагчийн орлого болон барьцаа хөрөнгийг үндэслэн тохирсон зээлийг олгосон ба харилцагч нь түрээсийн болон бизнесийн давхар орлоготой учир 130 000 000 төгрөгийн зээлийг төлөөд явах хангалттай боломжтой гэж үзсэн. Энэ үндсэн дээр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулагдсан. Хаан банк болон Г банк дээрх зээлийг төлсөн ба үлдсэн мөнгийг нь эргэлтийн хөрөнгөд хангалттай гэж үзсэн. Тэгэхээр банкны зүгээс харилцагчид ямар нэгэн дарамт үүсгээгүй. Автомашин нь бараа зөөх гэж авч байгаа учир эргэлтийн хөрөнгөд нөлөө байхгүй. Харин ч автомашин авах нь харилцагчид дарамт болно гэж үзсэн. Эргэлтийн хөрөнгөөр бараа авч, ашигаараа автомашин авах боломжтой...” гэв.

 

ХЯНАВАЛ:

           

            Нэхэмжлэгч Г банк Замын-Үүд салбар нь хариуцагч Г.Э, Ц.О нарт холбогдуулан зээлийн төлбөрт 112666666,72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10456142,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78983,02 төгрөг, нийт 123201792,34 төгрөг гаргуулах, гэрээг хугацаанаас өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгааг зөвшөөрөхгүй гэрээний хугацааг хэвээр үргэлжлүүлнэ гэж маргасан боловч шүүх хуралдаанд хариуцагч Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул “хөрөнгө оруулалтын зориулалтаар 150000000 төгрөгийг зээл хүссэн боловч 130000000 төгрөг олгож, үүнээс ХААН банкны 66 сая төгрөг, Г банкны 20 сая төгрөгийг зээлийг хаасан нь бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон, ... банк зээлийн үйл ажиллагааны журам зөрчиж зээл олгосон” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Замын-Үүд салбар, хариуцагч Г.Э, Ц.О нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Г.Э, Ц.О нараас зээлийн төлбөр 112 666 666.72 төгрөг, зээлийн хүү 8 979 984 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78 983.02 төгрөг, нийт 121 725 633.74 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Замын-Үүд салбарт олгож, үлдсэн 1 476 159 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Г.Э эс зөвшөөрч “... нэг талын санаачилгаар гэрээг цуцлах шаардлага гаргаагүй байхад нэмж шийдвэрлэсэн, ... 20430091 төгрөгийг өмнөх зээлийг хаах хүсэлт гаргаагүй байхад харилцагч нарын зээлийн данснаас зөвшөөрөлгүй татсан,... итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзулд хэргийн материал танилцуулаагүй, ... анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Г.Эын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нар нь хөрөнгө оруулалтын зориулалтаар 130000000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн, зээлийн барьцаанд нэр бүхий нийт 4 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж, ипотекийн гэрээ байгуулсан, хариуцагч нар нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй тухай үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй ба хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн, улмаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчээс гэрээний үүргийг шаардаж байсан, хариуцагч нар гэрээний үүргийг биелүүлээгүй 135 хоног хугацаа хэтрүүлснээс тэднийг үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх гэрээг хугацаанаас өмнө цуцалж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцсэн.

 

            Харин хариуцагч нар нэхэмжлэгч банкийг зээлийг олгохдоо гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломж олгоогүй, зээл олгох журам зөрчсөн гэж маргасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй, зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т нийцээгүй гэж үзнэ.

 

Шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөхийн тулд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалтад нийцсэн эсэхэд буюу зээлийн гэрээний зорилго, агуулга, зээл олгосон байдал зэрэгт үндэслэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх бөгөөд энэ нь хуулийн 20 дугаар зүйлийн 1-д зааснаар ... тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, батлан даалттайгаар зээлдүүлэх нь банкны зээлийн гэрээний агуулгыг тодорхойлох юм.

 

Энэ нь банкны байгууллага өөрийн болон хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг бусдад зээлүүлдэг тул зээлийг буцаан төлөх найдвартай нөхцөл бүрэн хангагдсан тохиолдолд зээл олгох, улмаар хадгаламж эзэмшигчдийн банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгийг алдах эрсдэлийг бий болгохгүй байх үндсэн зорилготой гэж ойлгогдоно.

 

            Хариуцагч Г.Э нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 150000000 төгрөгийн зээлийг хүссэнээр нэхэмжлэгч банк зээлийг судалж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 130000000 төгрөгийн зээлийг олгож, уг зээлийн 20430092,35 төгрөгөөр хариуцагч нарын тус банкин дахь өмнө буюу 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эргэлтийн зориулалтаар авсан зээлийг, мөн хариуцагч нар ХААН банк дахь 65749615,14 төгрөгийн зээлийг тус тус хаасан болох нь тогтоогджээ.

 

            Нэхэмжлэгч Г банкны Зээлийн үйл ажиллагааны журмын 4.1.1-д хөрөнгө оруулалтын зээл гэдгийг тодорхой төрлийн хөрөнгө худалдан авах, бий болгох зориулалтаар олгох зээлийн бүтээгдэхүүн гэж тодорхойлсноос үзэхэд хөрөнгө оруулалтын зориулалтаар олгож байгаа зээлийн хөрөнгөөр өөр зээлийг хаах тухай агуулга тусгагдаагүй, ийнхүү зориулалтаар зээл олгохыг хөрөнгө оруулалтын зээл гэж нэрлэх нь хуульд нийцэхгүй гэж үзнэ.

 

            Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т аливаа этгээд хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заажээ.

 

Гэтэл хариуцагч нар нь дээрх зээлийг хүсэхдээ анхнаасаа нэхэмжлэгч банкин дахь зээл болон ХААН банкин дахь зээлийг төлөх зорилготой болохоо бичгээр илэрхийлсэн байсан ба бусдад төлөгдөх ёстой зээлийг төлүүлэх зорилгоор дахин зээл олгох замаар мөнгөн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлж байгаа үйлдэл нь баялаг хөрөнгө бий болгосон гэж үзэхээс илүүтэй өр авлага үүсгэж, зээлийн хөрөнгө өөрөө үр ашиггүй болж байгаагаас тухайн зээлийг хөрөнгө оруулалт гэж үзэх хууль зүйн агуулга алдагджээ.

 

            Мөн Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-193/228 тоот тушаалаар батлагдсан “Активыг ангилж, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын /2019.06.10-ны өдрийн А-155/134 дүгээр тушаалаар хүчингүй болсон/ 2.4-т зааснаар төлбөр хариуцагчид учирсан санхүүгийн хүндрэлээс шалтгаалан банкны дүгнэлт эсвэл төлбөр хариуцагчийн хүсэлтийг харгалзан активын нөхцөлд хөнгөлөлт үзүүлж  ... төлбөрийн хэмжээг өөрчлөн тогтоох, ... хүүгийн авлагыг ... хөнгөлөх, чөлөөлөх байдлаар бууруулах, ... хүүгийн авлагыг ... үндсэн төлбөрт шингээн шинэ үндсэн төлбөрийг тогтоох, ... эргэн төлөгдөх хугацаа, хуваарийг хойшлуулахдаа хүүгийн түвшинг ижил эрсдэлийн төлөвтэй, шинээр олгож буй активын хүүгийн ерөнхий түвшингээс доогуур тогтоох, ... ижил эрсдэлийн төлөвтэй активын эргэн төлөгдөх хугацаанаас материаллаг түвшинд ялгаатайгаар буюу урт хугацаагаар сунгах зэргээр активын бүтцийг өөрчилж болох боловч дээрх тохиолдлыг ийнхүү бүтэц өөрчилсөн актив гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

            Тодруулбал дээр дурдсанаас үзэхэд зээлдүүлэгчид санхүүгийн хүндрэл учирсантай холбоотойгоор түүний хүсэлтээр эрсдэл үүсч болзошгүй зээл, активыг дээр дурдсан нөхцлөөр тухайлбал хүүгийн авлагыг хөнгөлөх чөлөөлөх, эргэн төлөлтийн хуваарийг зээлдүүлэгчийн санхүүгийн боломжид нийцүүлэн багасгаж тогтоох зэрэг нөхцлөөр өмнөх гэрээг өөрчилж  дахин байгуулж болох тухай агуулгатай гэж ойлгогдоно.

 

Хариуцагч нарын нэхэмжлэгчид зээл хүсч гаргасан өргөдөл болон зохигчдын тайлбараас үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар хариуцагч нарын Г банкнаас өмнө авсан зээл болон ХААН банкин дахь зээлд эрсдэл үүссэн, хариуцагч нарын санхүүгийн байдал хүндэрсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба  2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн хувьд хүүгийн хувь буурсан боловч шинэ зээлийг олгохдоо энэ гэрээнд заасан эргэлтийн зориулалтаар олгоогүй, зээлийн зориулалтыг хөрөнгө оруулалт гэж зааснаас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон зээлийг бүтэц өөрчлөгдсөн актив гэж үзэх үндэслэлгүй ба харин шинээр зээл олгосон гэж үзэхээр байна.

 

            Түүнчлэн Г банкны Зээлийн үйл ажиллагааны журмын 8.2-т “урт хугацааны санхүүгийн хүндрэл, мөнгөн урсгалын доголдлын улмаас зээлийн сарын төлбөрийг бууруулах зорилгоор  шинэ зээл, актив үүсгэн өмнөх зээлийг хаасныг бүтэц өөрчлөгдсөн зээл” гэж үзэхээр заасан, мөн харилцагч татах зорилгоор өөр банкны зээлийг хааж болохыг тус журмаар хориглоогүй хэдий ч энд заасан урт хугацааны санхүүгийн хүндрэл, мөнгөн урсгалын доголдол зэрэг нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба хариуцагч нар нь нэхэмжлэгчийн хувьд шинэ харилцагч биш болно.

 

Мөн Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-193/228 тоот тушаалаар батлагдсан “Активыг ангилж, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.4.14 –д “банк төлбөр хариуцагч болон түүний холбогдох этгээдэд актив болон харгалзах хүүг нэмж актив олгох, ... зэргээр төлүүлэхийг хориглоно.” , Г банкны Зээлийн үйл ажиллагааны журмын 3.3.1-т “Зээлийг өмнө үүссэн аливаа зээл, өр төлбөрийг барагдуулах зориулалтаар ашиглахгүй байх”  гэж тус тус заажээ.

 

Дээрх бүгдээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх салбар нь хариуцагч нарт 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 130000000 төгрөгийн зээлийг гэрээнд заахдаа хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон боловч хариуцагч нарын өмнөх өөр зээлийн төлбөр нийт 86179706,49 төгрөгийг /Г банк 20430091,35 төгрөг +ХААН банк 65749615,14 төгрөг/ төлүүлэх зорилгоор буюу нийт зээлийн 66,2 хувийг зориулалт бусаар олгож, зээлдэгч нарт зээлийг ашиглах, түүний үр шимийг хүртэх боломжийг хязгаарласнаар зээл эрсдэлд орсон нь тогтоогдсон.

 

Энэ нь нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчиж хэлцэл хийсэн гэж үзэх тул зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ1915115708 дугаартай зээлийн гэрээ нь дурдсан 86179706,49 төгрөгийн хувьд хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нар нь зээлийн зарим хэсгийг өөр зээлийн төлбөрт зарцуулах байсан нь үгүйсгэгдээгүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч энэ нь хуулийн хүрээнд байх ёстойгоос гадна тухайн зээлийн гэрээг байгуулах талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээнд заасан хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах тухай агуулгаас өөр байсан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй ба нэгэнт тодорхой зориулалт зааж олгосон зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй, ашиглаагүйг зөвтгөх нь дээрх хууль тогтоомжид нийцэхгүй болно.

 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний зарим хэсэг буюу 86179706,49 төгрөгийн хувьд хүчин төгөлдөр бус гэж үзэх боловч Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар уг хэлцлийн зорилтыг хангаж байгаагаас хэлцэл хүчин төгөлдөр хэвээр тул хариуцагч буюу зээлдэгч нараар үлдэх 43820293,51 төгрөгийн /130000000-86179706,49/ хувьд гэрээгээр хүлээсэн үүргийг тооцож төлүүлэх нь зүйтэй.

 

Хариуцагч нар нь 2019 оны 10 дугаар сарын 25–ны өдөр хүртэл зээлд нийт 17333333,28 төгрөг, зээлийн хүүд  17133928,77 төгрөг төлсөн байх ба энэ өдрөөс хойш зээлийг төлөөгүй 135 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг 43820293,51 төгрөгийн хувьд тооцсныг хүснэгтээр харуулбал:

 

Зээлийн хэмжээ

Зээл төлсөн дүн

Зээлийг ашигласан хоног

Хүүгийн хувь

Хүүгийн хэмжээ

1

43820293,51

2166666,66

25 хоног /2019.02.25/

1,4794520547925

648300,2

2

41653626,85

2166666,66

28 хоног  /2019.03.25/

1,6569863013676

690194,8

3

39486960,19

2166666,66

31 хоног /2019.04.25/

1,8345205479427

724396,3

4

37320293,53

2166666,66

30 хоног /2019.05.25/

1,775342465751

662563

5

35153626,64

2166666,66

31 хоног /2019.06.25/

1,8345205479427

644900,5

6

32986959,98

2166666,66

30 хоног /2019.07.25/

1,775342465751

585631,5

7

30820293,32

2166666,66

31 хоног /2019.08.25/

1,8345205479427

565404,6

8

28653626,66

2166666,66

31 хоног /2019.09.25/

1,8345205479427

525656,6

9

26486960

 

30 хоног /2019.10.25/

1,775342465751

470234,2

 

Нийт

17333333,28

 

 

5517281,7

 

            Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ ёсоор талууд зээлийн хүүг жилийн 21,6 хувь буюу сарын 1,8 хувь байхаар тохиролцсон байх ба улмаар 1 хоногийн хүүг тооцвол 0,0591780821917 хувь /21,6:365/ болох ба 43820293,51 төгрөгийн зээлийн ашигласан хугацааны нийт хүү 5517281,7 төгрөг, хариуцагч нар нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хүртэл зээлийг төлөөгүй 135 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээлийн үлдэгдэл 26486960 төгрөгийн хэтэрсэн хугацааны хүү 2116054,1 төгрөг болно.

 

            Эндээс үзвэл хариуцагч нарын төлбөл зохих нийт хүүгийн хэмжээ 7633335,8 төгрөг /5517281,7+2116054,1/, нэмэгдүүлсэн хүү  33810,4 төгрөг (хэтэрсэн 135 хоногийн хүүгийн хувь 7,9890410958795 /135 хоног х 0,0591780821917 нэг өдрийн хүүгийн хувь/ үүний 20 хувь нь 1,5978082191759 хувь буюу хэтэрсэн хугацааны хүү 2116054,1 төгрөг х 1,5978082191759%), нийт 7667146,2 төгрөгийг хүүгийн төлбөрт төлөх ёстой болж байх ба хүүнд төлсөн нийт 17133928,77 төгрөгөөс хасч тооцвол зөрүү 9466782,57 төгрөг, үүнийг төлбөл зохих зээлийн үлдэгдлээс хасвал /26486960-9466782,57/ хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 17020177,43 төгрөг төлөх үндэслэлтэй.

 

            Дээрх зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хийхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.9-д заасан “Нэмэгдүүлсэн хүү гэж гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг хэлнэ”, 2.2-д заасан “хүү бодох давтамж нь ... өдрөөр бол жилийн хүүг 365-т хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно.” 5.2-т заасан “Нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцно.”, 5.3-т заасан “Зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү бодохгүй.” гэсэнд болон зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3, 2.5-д тус тус үндэслэсэн болно.

 

            Нэхэмжлэгч банкинд болон ХААН банкинд төлсөн 86179706,49 төгрөгийн хувьд  хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул энд гэрээний үүрэг тооцогдохгүй боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч нар нь хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх үүрэгтэй.

 

            Иймд хариуцагч нар нь нийт 103199883,92  төгрөгийг /17020177,43+86179706,49/ нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй ба нэхэмжлэлээс үлдэх 20001908,42 төгрөгийг /123201792,34-103199883,92/ хэрэгсэхгүй болгох нь зүйтэй тул хариуцагч Г.Эын давж заалдсан гомдлыг хангаж, энд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

           

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан хэдий ч дээрх тохиолдолд хэлцэл бүхэлдээ биш хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон, үлдэх хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж байгаа тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэх ба Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага болон барьцааны эрх нь салгаж үл болох эрх тул зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ипотекийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

 

            Мөн хариуцагч Г.Э нь давж заалдсан гомдолдоо хариуцагч Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзулд хэргийн материал танилцуулаагүй гэсэн байх боловч Б.Мөнхзул нь анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлаж өгсөн, тэрээр шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийг түүнийг эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч Г.Эын давж заалдсан гомдлыг хангасан тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766578 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 137/ШШ2020/00162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.9, 56.5, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь салбар болон хариуцагч Г.Э, Ц.О нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 86179706,49 төгрөгийн хувьд хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь салбар болон хариуцагч Г.Э, Ц.О нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Г.Э, Ц.О нараас зээлийн гэрээний үүрэгт 17020177,43 төгрөг, нийт 103199883,92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20001908,42 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дугаар заалтын “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 ...” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2” гэж,

 

“... хариуцагч Г.Э, Ц.О нараас улсын тэмдэгтийн хураамж 766,578 төгрөгийг ...” гэснийг “хариуцагч Г.Э, Ц.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 673949 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Г.Эын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766 578 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

 

                                                     ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       Н.БА