Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 202/МА2020/00023

 

КХХК дахь Банкны эрх хүлээн

 авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 137/ШШ2020/00174 дүгээр шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: “ К ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б

 

Хариуцагч: Д.Б нарт

 

Үндсэн зээл 8225651.51 төгрөг, хүү 4908081.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 484103.94 төгрөг, нийт 13617836.80 төгрөг, нотариатын хөлс 2000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагч Б.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй, хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.Б нь К банктай 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ-297 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 15 000 000 төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк зээлийн гэрээний 2.5-т зааснаар Б.Бгийн К банкан дахь 2006019754 тоот харилцах дансанд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 000 000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 6 774 348.49 төгрөг, зээлийн хүү 4 650 619.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 318 729.22 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 8 225 651.51 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 4 908 081.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 484 103.94 төгрөг, нийт 13 617 836.80 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 13 617 836.80 төгрөг, нотариатын зардал 2 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

           Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Энэхүү зээлийг тус банкны салбарын эрхлэгч Д.Б намайг гуйж холбогдох баримт бичиг дээр гарын үсэг зуруулж өөрөө авсан. Цалингийн зээл учраас хэдийгээр би тэр үед ажилгүй байсан ч бичиг баримтын бүрдлийг Д.Б зохицуулсан байх. Би өөрөө гар дээрээ нэг ч төгрөг энэ зээлээс аваагүй, эргэн төлөлтийг ч Д.Б хийж байсан. Тухайн үедээ ямар нэгэн асуудал гараагүй, хэвийн үргэлжилж байсан боловч энэ зээлтэй холбогдуулан КД.Бг эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргасан. Ингээд зээлийн эргэн төлөлт зогссон байх. Харин 2018 онд Д.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болоод банкны хохирлыг иргэний шүүхээр өөрөөс нь нэхэмжлэн гаргуулах шийдвэр гарсан гэж ойлгосон. Гэтэл надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. К банкны эрх хүлээн авагчийн гаргасан энэ нэхэмжлэлийн хариуцагч нь би биш банкны салбарын эрхлэгч байсан Д.Б болох ёстой тул хариуцагч намайг энэ хэргийн жинхэнэ хариуцагч болох Д.Бгаар сольж өгнө үү. Д.Б нь энэ хэргийн хариуцагчаар оролцохоо хүлээн зөвшөөрсөн...” гэжээ.

 

           Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би К банкны Замын-Үүд сум дахь салбарын эрхлэгчээр 2014 оны 12 сараас 2016 оны 07 сар хүртэлх хугацаанд ажилласан. К банкны дотоод хяналт шалгалт тус салбарт орж надад холбогдуулан гарсан зөрчилд хуулийн хариуцлага хүлээлгэх агуулга бүхий гомдлыг Цагдаагийн байгууллагад гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би хуурамч нийгмийн даатгалын дэвтрийг Б.Бгийн нэр дээр үйлдэж 15 000 000 төгрөгийг хувьдаа авсан талаар тодорхой мэдүүлсэн. Хэрэг мөрдөж байсан мөрдөгч надад холбогдуулан нотлох баримтыг тал бүрээс судлан шинжилж тогтоосон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх саналтай прокурорт шилжүүлж Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгосон...” гэжээ.   

 

            Хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бгийн нэр дээр гаргасан зээлийн гэрээний дагуу Д.Б нь мөнгө төлөх үүрэг хүлээхгүй. Хэрвээ төлнө гэж үзвэл зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ бус учир анх авсан 15 000 000 төгрөгөөс төлсөн 11 000 000 төгрөгийг хасч үлдэх 4 000 000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна...” гэжээ.  

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Бгаас үндсэн зээл 8225651.51 төгрөг, зээлийн хүү 1840022 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368004 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг, нийт 10435677.51 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч КХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3184159.29 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т тус тус зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Бгаас 181921 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор,

 

            Хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

            Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа давж заалдсан гомдолдоо:  “...Б.Б нь Иргэний хуулийн 62 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар хуульд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарган хариуцагч Б.Б, Д.Б нарын эрхийг ноцтой зөрчсөн. Миний бие шатнаас унаж хөлөө гэмтээсэн, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан. Иймд бидний гаргасан хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг явуулснаар шүүх хэргийг тал бүрээс нь харах зарчим алдагдсан. Мөн нэхэмжлэгч КХХК болон Б.Бгийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул зээлийн гэрээний төлбөрөө гаргуулахаар Б.Бгаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Шаардаад байгаа мөнгөн төлбөрийг Д.Б албаны эрх мэдлээ урвуулж банкнаас мөнгө гаргуулсан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж КХХК нь гомдол гаргаж байсан атлаа одоо болохоор эрүүгийн хэрэг биш зээлийн гэрээг Б.Бтай байгуулсан байна гэж нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Б.Бгаас зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй ба харин Д.Б нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, банкны мөнгийг хувьдаа авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байх тул энэ мөнгийг Д.Бгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулахаар шаардах нь зүйтэй. К банкны Замын-Үүд салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Д.Б нь Б.Бгийн нэрийг ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлж, К банкнаас 15 000 000 төгрөг хувьдаа авсан талаар Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар зэрэг хуулийн байгууллага 2 жил шалгаж, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн боловч тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага тооцох боломжгүй гэсэн Прокурорын хүчин төгөлдөр тогтоол гарсан, энэ талаар нотлох баримтыг Нийслэлийн Прокурорын газраас гаргуулан авч хавтаст хэрэгт хангалттай цугларсан боловч шүүх маргааныг шийдвэрлэхдээ өөр хуулийг хэрэглэснээс шүүхийн үнэн зөв шийдвэр гарч чадсангүй гэж миний бие үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүн хариуцагч Д.Б нь шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж байгаа атлаа сөрөг нэхэмжлэлийг өөрийн нэрээр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь дараах байдлаар хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж шүүхийн шийдвэр үнэн зөв, хууль ёсны байх шаардлагад сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар хариуцагч нар нь өөрсдөө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг ямар ч байгууллага хязгаарлах, зөрчих эрхгүй. Уг эрхийг шүүх хангаж, хамгаалах ёстой. Хуульд ч уг эрхийг хязгаарласан заалт байхгүй. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлийг заагаагүй болно.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь заалтыг хариуцагч нар зөрчөөгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд оролцож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн болно.  

3. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй холбоотой бөгөөд сөрөг нэхэмжлэл хангагдсан нөхцөлд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул эцсийн дүнд Б.Б төлбөрийг хариуцахгүй, Д.Б К банканд гэм хор учруулсан гэх үндэслэлээр хариуцах юм. Ийнхүү хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөнөөс шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ өөр хуулийг хэрэглэж, шүүхээс үнэн зөв шийдвэр гарч чадсангүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Б.Б нь К банктай 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 15 сая төгрөгийг, сарын 1,8 хувийн хүүтэй, жилийн 21,6 хувийн хүүтэй авсан. Банк зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б.Бгийн дансанд 15 сая төгрөгийг шилжүүлсэн. Энэ зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр зээлийн гэрээ юм. Б.Б, Кхооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж байна. Тухайн үед салбарын захирлаар ажиллаж байсан Д.Б гэдэг хүн нь ямар хохирол учруулсан байна гэдэг талаар хандсанаас биш, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж цагдаагийн байгууллагад хандаагүй...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч КХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч  Б.Б, Д.Б нарт холбогдуулан зээл 8225651,51 төгрөг, хүү 4908081,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 484103,94 төгрөг, нийт 13617836,80 төгрөг, нотариатын хөлс 2000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... тус банкны салбарын эрхлэгч Д.Б намайг гуйж холбогдох баримт бичиг дээр гарын үсэг зуруулж өөрөө авсан. ... Би ... энэ зээлээс аваагүй, ... хариуцагч нь би биш ... Д.Б ...” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх хариуцагч Б.Бгийн хариуцагчийг Д.Бгаар солих тухай хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 137/ШЗ2020/00392 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүйн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Д.Бг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 137/ШЗ2020/00406 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, Д.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон байна.

 

            Хариуцагч Д.Б, Б.Б нар нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... төлсөн мөнгөө авсан мөнгөнөөсөө хасаад үлдэгдэл мөнгийг төлнө...” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Б.Бгаас гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал эс зөвшөөрч “... шүүх ... сөрөг нэхэмжлэлийг хүлээн авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагч нарын хуулиар олгогдсон шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн ...” гэсэн, хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа нь “...анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Б.Б, Д.Б нарын эрхийг ноцтой зөрчсөн, ... шүүх хуралдаан хойшлуулж өөрийн биеэр хуралд оролцох хүсэлтийг гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж ... шүүх хуралдааныг явуулснаар хэргийг тал бүрээс нь харах зарчим алдагдсан, ... хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломжуудыг хаасан ... , Б.Бгаас зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй, ... анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг тус тус гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласнаас шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

 

Энэ нь анхан шатны шүүх хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүхэд ирүүлснийг өөрсдийн нэрээр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчсөн, сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанд гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж тус тус дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 26 дугаар зүйлийн 26.3-т заасантай нийцээгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д  “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ.” гэж заасан боловч энэ нь дээрх хуульд заасан “... сөрөг нэхэмжлэл гаргах ...” эрхийг хязгаарлах үндэслэл болох учиргүй.

 

Учир нь хариуцагч Д.Б нь Д.Мөнхжаргалд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийгөө төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгож, итгэмжлэлээр сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг олгосон боловч сөрөг нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч биш хариуцагч өөрөө бичгээр гаргаж, түүнийг нь шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулсныг хариуцагчийг дээрх хуульд заасныг зөрчиж итгэмжлэл олгож төлөөлөгч томилсон атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцсон гэсэн агуулга бүхий үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т нийцээгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, сөрөг нэхэмжлэл нь хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхаар зохицуулагджээ.

 

Гэтэл анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нийцээгүйн гадна нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гаргасан гэж үзэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т  сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх, бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр зааснаас үзэхэд хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн хариуцагч нар нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийг бичгээр гаргасныг шүүх, шүүх хуралдааныг хойшлуулах арга, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад хийж байгаа хэлбэр гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т нийцээгүй ба энэхүү хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос хүсэлт гаргах, ... шүүх шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхтэй.

 

            Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргалын давж заалдсан гомдлыг хангасан тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181921 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаагийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 137/ШШ2020/00174 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргалын давж заалдсан гомдлыг хангаж, хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181921 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ