Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 202/МА2020/00024

 

 

Б.Д-н нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 137/ШШ2020/00179 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Б.Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Д-д холбогдох

Орон сууцны үнэд шилжүүлсэн төлбөр болон байранд засвар хийсний төлбөр нийт 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний бие 2019 оны 07 сарын 08-ны өдөр Д.Цын 87,5 м.кв байр 48 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Би байрны урьдчилгаанд Приус-20 маркийн автомашинаа 12 000 000 төгрөгөөр бодож дээр нь 6 000 000 төгрөг төлж нийт 18 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг төрийн банкны санхүүжилтээр 2019 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу үлдэгдэл 30 000 000 төгрөгийг өгөх гэсэн боловч Д.Ц 35,66 м.кв байраа 87,5 м.кв гэж худал ярьж маргаан гарсан. Энэхүү үл ойлголцлоос болж Б.Д миний бие Приус-20 маркийн автомашинаа буцаан авсан боловч үлдэгдэл 6 000 000 төгрөг, байрны ариун цэврийн өрөөнд засвар хийсэн 2 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг авч чадаагүй тул гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжлэхдээ: “...Д.Цад өгсөн 6 000 000 төгрөг болон гэрт нь засвар хийсэн мөнгөтэй нийлээд 7 291 000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна...” гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...миний бие Д аймгийн З сумын 1-р баг, 79-р байр, 2б тоот орон сууцыг Б.Дд 48 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. 2012 оны Приус-20 маркийн  автомашин 12 000 000 төгрөгөнд тооцож аваад үлдэгдэл мөнгөө сард 1 000 000 төгрөг өгч байгаад 2019 оны 12 сарын 31-ний өдөр тооцоо дуусгана гэж цаасан дээр хувь гэрээ хийсэн. 2019 оны 07 сарын 02-ны өдөр Приус-20 маркийн автомашинаа авч ирж өгсөн. Бид хоёр амьдралын шаардлагаар 4 өрөөгөө 2 айлд сард 600 000 төгрөгөөр түрээслээд өөрөө сарын 380 000 төгрөгийн түрээстэй байранд амьдарч байсан. Б.Д урьдчилгаа өгсөн учир байраа суллаж өг гэсний дагуу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр айлуудаа гаргасан. Ах байрны үнэд оролцуулсан машиныг заръя, гэрчилгээг харъя гэсний дагуу зургийг нь дараад явуулахад 2019 онд биш 2009 онд үйлдвэрлэгдсэн машин байсан. Намайг машин мэдэхгүй болохоор хуурсан байсан. Б.Д нийт 6 000 000 төгрөг өгсөн нь үнэн. Өгсөн мөнгөнөөс нь сар бүр өөрийн амьдарч байгаа байрны түрээсээ төлж байсан. Анх гэрээ байгуулагдахад байранд засвар хийх, түрээслэх асуудал тусгагдаагүй. Иймд засварын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцоо бүрэн дуусаагүй өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байж дур мэдэн өрөөнүүдийг эзний зөвшөөрөлгүйгээр түрээслэж орлого олж байсан ба түрээсийн мөнгийг өөрөө ашигласан байна. Байрны хувьд би анх хэлэхдээ 88,05 м.кв гэж хэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр 35 м.кв гэж байсан м.кв нэмүүлж амжихгүй ах банкинд тавьж зээл авсан. Гэтэл байрыг чинь авахгүй, хүйтэн байна. Надад 20 000 000 төгрөгийн зээл олдоно, өөр мөнгө нэмж өгч чадахгүй гэснээс болж наймаа буцсан болно. Өгсөн 6 000 000 төгрөгөөс 4 117 826 төгрөгийг амьдарч байсан байрны түрээсэнд төлсөн. Мөн Приус-20 маркийн автомашинд шинэ акумлятор 120 000 төгрөг, өндгөн тулгуур 120 000 төгрөг, 4 ширхэг свеча 50 000 төгрөг, 4 ширхэг дугуй 100 000 төгрөг, засварын хөлс 90 000 төгрөг, нийт 480 000 төгрөгийн засвар хийсэн. Б.Д байрнаас гарахад цахилгаан байхгүй байсан бөгөөд цахилгааны гал хамгаалагчийг буудуулснаас болоод цахилгааны утас, гал хамгаалагч, залгуур зэргийг сольж 150 000 төгрөг болсон. Цахилгааны төлбөр 126 000 төгрөг, ус, дулааны төлбөр 150 000 төгрөг төлөөгүй байсныг төлсөн. Байр авна гэж олон сар хүлээлгэсний эцэст нийт 5 023 826 төгрөгийн зардал гарч өрх толгойлсон эмэгтэй надад маш хүндээр тусч байна...” гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ч.Дээс орон сууцны төлбөр болон орон сууцанд засвар хийсний төлбөр 7 291 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 709 000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Дээс 131 606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгож,

 

            Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан нь нийцэж байна гэсэн нь хуулийн бодит шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд Б.Д нь уг байрыг 6 сар гаруй хугацаагаар эзэмшсэн нь надад байрыг худалдаж авах нь ойлгомжтой болох бүрэн итгэлийг төрүүлж, өөрийн өмчлөлөөс өөрцгүйгээр ашиглаад уг байрны квадратын зөрүү гарангуут түүн дээр дөрөөлж гэрээнээс татгалзаж байгаа нь хууль бус. Гэрчилгээнд бичигдсэн квадратын зөрүү бг байрыг эзэмшиж буй талбай хоёрыг харьцуулаад хэн ч харсан мэдэгдэм 2 дахин том ба энэ бүхнийг худалдан авагч тал биет байдлаар нь мэдэж байсан, талбай том, ашигтай байсан нь гэрээнээс татгалзах хууль зүйн ямар нэгэн үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөрчиж эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн нь нотлогдож байна гэсэн нь үндэслэл муутай бөгөөд уг байрны энэхүү доголдол гэж үзээд байгаа талбайн хэмжээний хувьд худалдан авагч тал байрыг тодорхой хугацаагаар эзэмшиж ашиглаж байсан учраас хэн ч нүдээр хараад ойлгогдохоор байсан. Энэ байрны талбайн хэмжээ буруу бичигдсэнээс болоод худалдан авагч талд учраад байгаа хор уршиг байхгүй, харин ч өөрт ашигтай, талбай том, үнэ өртөг дээр ямар ч өөрчлөлтгүй учраас энэ доголдолтой эд хөрөнгө биш. Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэсэн заалтыг шүүхээс харьцуулж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл байрны үнэд оролцуулсан Приус-20 маркийн автомашин нь доголдолтой, бичиг баримт нь барьцаанд байсны улмаас ашиглах боломжгүй гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байхад шүүхээс энэ талаар харьцуулж дүгнэлт хийхгүйгээр Б.Ды үйлдлийг илтэд зөвтгөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Б.Д нь төлбөрөө бүрэн төлөөгүй учраас байрыг өөрийн эзэмшилдээ шилжүүлж өмчлөх эрх байхгүйтэй холбогдуулан уг байрыг хууль бусаар эзэмшиж байсны төлбөр тооцогдох нь ойлгомжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хууль хэрэглээний тал дээр алдаа гаргасан учраас гомдол гаргасан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Дэлгэрсайханы хувьд талууд харилцан энэ хугацаанд олсон ашгаа адил тэнцүү буцааж өгөх үүрэгтэй. Учир нь уг байрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн эзэмшилд ашигласан байдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээг 2020 оны 12 дугаар сарын сүүлээр авахад энэ доголдол нь илэрсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд 35.4 м2 зөрүүтэй үндэслэл байсан. Гэтэл уг байр нь 88.5м2 гэсэн байдаг. Дэлгэрсайхан нь байрны мөнгөний урьдчилгаанд приус-20 маркийн автомашинаа 12 000 000 төгрөгт өгсөн байдаг. Автомашиныхаа бичиг баримтыг албан ёсоор өгөөгүйн улмаас Д.Цын хувьд тухайн машиныг бүрэн ашиглах боломжгүй байсан. Тухайн машин нь банк бус санхүүгийн байгууллагын  барьцаанд байсан. Тухайн байрыг 88.5м2 байр гэдгийг хэн ч гэсэн нүдний баримжаагаар хараад мэдэх боломжтой. Байрыг өөр хүнд нэмж түрээслүүлээд ашиг олж байсан байдаг. Хэдийгээр квадратын зөрүү байгаа, гэрчилгээнд бүрэн бичигдээгүй гэхээс биш, анх тохирсон 48 000 000 төгрөгөөрөө л байрыг үнэлсэн. Энэ бүгдэд анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслээд дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай. Хэтэрхий нэг талын өрөөсгөл дүгнэлтээр асуудлыг хэлэлцсэн. Хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан Оюунцэцэгийн мэдүүлэгт Д.Цын тайлбараас тэс өөр улсын бүртгэлийн гэрчилгээнд талбайн хэмжээ нь 35м2 гэж бичигдсэн учраас зээл олгох боломжгүй байсан гэдэг. Гэхдээ үүнээс үүдээд уг байр нь хамаагүй том байсан учраас үнийн дүнгийн зөрүүгээр, зөрчилдөөн үүссэн гэдэг нөхцөл байдал үүссэн байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд метр квадрат болон үнийн дүн дээр ямар нэгэн маргаан гаргаагүй. Засвар үйлчилгээ хийсэн нь гэрч Бы мэдүүлгээр тогтоогдож байна гэдэг. Бы мэдүүлэгт 2019 оны хавар байх гээд цаг хугацаа тодорхой бус, худалдах, худалдан авах гэрээнд зааснаар ямар ч засвар үйлчилгээ хийх шаардлагагүй гэсэн гэрээ байдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээнд байрны метр квадратыг буруу бичсэн. Энэ нь 2020 оны 02-р сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээг хийхэд доголдолтой байсан гэдэг. Дэлгэрсайханы нэхэмжлэл дээр цаг хугацаа, нэхэмжлэл гаргасан огноо байдаггүй. Анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны бүртгэлийн хуудсанд уг нэхэмжлэл 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэн байсан. Гэрчилгээ нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гарсан. Уг доголдол арилсанаас хойш уг нэхэмжлэл өгөгдсөн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар хууль зүйн талаасаа эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Анхан шатны шүүх хэргийг эргэлзээгүй, тал бүрээс нь бодитоор дүгнэж чадаагүй нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Ч.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 6000000 төгрөг, гэрээнээс татгалзсан хохиролд буюу засварын зардал 2000000 төгрөг, нийт 8000000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардлыг багасгаж өөрчлөн нийт 7291000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц эс зөвшөөрч “...2019 оны 07 дугаар сараас 2020 оны 01 сар хүртэл хугацаанд орон сууцанд амьдарсан, бусдад түрээслэж ашиг олсон тул нэхэмжилж буй мөнгийг түрээсийн төлбөрт суутган тооцно...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц эс зөвшөөрч “... доголдолтой эд хөрөнгө хэмээн үзэх хууль зүйн үндэслэлгүй ..., 7 сая гаруй төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй ... гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Д нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цтай харилцан тохиролцож, Ч.Дийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр амаар, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бичгээр гэрээг байгуулж, уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авч, тухайн орон сууцанд амьдарч байсан, улмаар талууд гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгч Б.Д гэрээний үүргийн зарим хэсэгт урьдчилгаа болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цын эзэмшилд шилжүүлсэн байсан автомашиныг буцаан авсан, нэхэмжлэгч Б.Д нь мөн бэлнээр нийт 6000000 төгрөгийг гэрээний үүрэгт шилжүүлсэн байсан зэрэг хэргийн үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна.

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй боловч гэрээнээс татгалзсан асуудлыг эд хөрөнгийн эрхийн доголдолтой холбоотой гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлаагүй, энэ талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, энэхүү дүгнэлт нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйл болон 252 дугаар зүйлд нийцээгүй.

 

Зохигчдын тайлбар болон тэдний хооронд бичгээр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд уг үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны талбайн хэмжээ  35,66 м2 болох нь тодорхой байсан, зохигчид гэрээг анх байгуулахдаа уг эд хөрөнгийн талбайн хэмжээний талаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах нөхцөлтэй байсан болох нь тогтоогдсон байх ба Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий шаардлагыг хангаагүй буюу биет байдлын доголдолтой, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахаар эрхийн доголдолтой эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Улмаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах бөгөөд орон сууцны талбайн хэмжээ 35,66 м2 болон 87,5 м2 гэж илтэд зөрүүтэй байгаа нөхцөлд түүнийг мэдэгдэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын гэрээг цуцлах болсон шалтгаан нь нэхэмжлэгч Б.Дд орон сууцны талбайн хэмжээтэй холбоотойгоор үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зээл олгогдоогүйгээс тэрээр гэрээнээс татгалзах санал гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч орон сууцыг буцаан өгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч урьдчилгаа төлбөрт авсан байсан автомашиныг буцаан өгчээ.

 

Зохигчдын энэхүү гэрээнээс татгалзсан үйл баримт нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан ... гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх ... гэснийг зөрчөөгүйн гадна Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд  хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, агуулгыг тодорхойлох эрхтэй байдаг тул тэдний гэрээнээс татгалзсан явдлыг буруутгах хууль зүйн үндэслэлгүйн гадна энд гэрээний зөрчилтэй холбоотойгоор буюу талуудын хэн аль нь гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээг цуцалсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар “... гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй” тул хариуцагчаас гэрээний үүрэгт авсан бэлэн мөнгө 6000000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцож,  хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар нэхэмжлэгч нь ... гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч энэ нь хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол дээрх хохирлыг шаардах эрхгүй болно.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Д нь гэрээнээс татгалзсан явдалд хариуцагч буруутай болох нь тогтоогдоогүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээний талаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах нөхцлийг талууд гэрээ байгуулах үедээ тохирсон байсан, хариуцагчийг уг үүргээ биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй үүрэг гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүний орон сууцанд хийсэн засварын зардал 1291000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэггүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь  хариуцагчтай тохиролцсоноор засвар хийж зардал гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул дээрх зардлыг гэрээнээс татгалзсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь дээрх нийт 7291000 төгрөгийг өөрөө байр түрээслэж зардал гаргасан, мөн нэхэмжлэгчийг маргаан бүхий эд хөрөнгийг түрээслэж орлого олсон тул буцаан төлөхгүй гэж маргасан нь дээрх хуулиудад нийцээгүй, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан гэрээ биелснээс ашиг олсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орон сууц түрээслэж зардал гаргасан явдал энэхүү гэрээнд хамааралтай үйл баримт биш, зохигчид ийнхүү түрээсийн төлбөр төлөх талаар тохиролцоогүй, эдгээрийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасан хооронд нь тооцож дуусгавар болгох харилцан шаардлага бүхий үүрэг гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 709000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлээ багасгаж өөрчилсөн байхад уг 709000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т нийцээгүй гэж үзнэ.

 

Дээрх бүгдийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасан тул түүний гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 131606 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 137/ШШ2020/00179 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ч.Дээс 6000000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1291000 /нэг хоёр зуун ерэн нэг мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дугаар заалтыг “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ды улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131606 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ