Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/516

 

   

 

 

 

 

   2023            5             16                                       2023/ДШМ/516

 

 

Ц.О, Р.Энарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

            хохирогчийн хууль ёсны хууль ёсны төлөөлөгч Д.И, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

           иргэний хариуцагч Д.Гансүх,

           цагаатгагдсан этгээд Р.Э, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

           нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Оы өмгөөлөгч Э.Шинэзориг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Иийн өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох эрүүгийн 1908033131545 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Дашбуу овгийн Ц.О, 1967 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эмэгтэй, 53 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Дай цэцэн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ...................... тоотод түр оршин суух, /...................../;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 427 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд багтаан нийт 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2. Жиндүү овгийн Р.Э, 1965 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эмэгтэй, 57 настай, дээд боловсролтой, усан хангамжийн инженер мэргэжилтэй, Усан хангамжийн ариутгах татуургын ашиглалтын Монгол улсын зөвлөх инженер, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, охины хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /..................../;

Шүүгдэгч Ц.О, Р.Энар нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зарим зүйл, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн холбогдох заалтаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон Сүү” ХХК-ийн хашаанд байрлах бохирын цооногт “Дайцэцэн” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай З.Б бохирын худгийн бөглөөсийг гаргах ажил үүрэг гүйцэтгэх явцдаа амьсгалын дээд зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал нь бүтэж, ОСНААУ газарт ариутгах татуургын машины жолооч ажилтай Б.У, З.Бг аврах үйлдэх хийх явцдаа амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар тус тус нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.О, Р.Энарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908033151545 дугаартай хэргээс Р.Эд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, шүүгдэгч Ц.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  заасан хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж, Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Ц.Од оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан гурван жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Ц.Оаас 16.200.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цолмонд олгож, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.И нь нөхөн олговор, бусад зардалтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ээлж хүлээлцсэн А4 хэмжээтэй дэвтэр 1 ширхэг, цагаан өнгийн А4 хэмжээтэй зааварчилгааны дэвтэр, шар өнгийн А4 хэмжээтэй “Дай сэцэн” ХХК-ийн аюулгүй ажиллагааны дэвтэр нэг ширхгийг тус тус энэ хэрэгт хавсарган хадгалуулахаар эрүүгийн хэргийн архивд шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О, Р.Энар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, цагаатгагдсан этгээд Р.Энь яллагдагчаар татагдсаны улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус гэм хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан эрхийн дагуу төрөөс нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Оы өмгөөлөгч Э.Шинэзориг давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, түүнчлэн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Уг хэрэг нь өмнө 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдаж байсан бөгөөд тус шүүхээс гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хэрэгт авагдсан НМХГ-ын ХАБ-34 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан амь хохирогч Б.Уын өмнө хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Р.Энхтайвныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хоёр хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт яллагдагчаар татсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Р.Энхтайвны үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл тогтоогдсонгүй...амь хохирогч Б.У нь ажлын цагаар зохих зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явж байх үедээ...амь хохирогч З.Бд туслах гэж хүн чанар гарган иргэн хүний хувиар аврах үйлдэл хийх явцдаа...нас барсан...үүнийг золгүй явдал ...гэж үзнэ...З.Б ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан...” гэжээ. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Дай цэцэн” ХХК-ийн захирал Ц.О нь тухайн осол болсон гэх худагт гарсан гэмтлийг арилгуулахаар бохирын бөглөөсийг гаргуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллага болох ОСНААУГ-т дуудлага өгч, төлбөрт үйлчилгээ авсан, дуудлагын дагуу ОСНААУГ-с ирж бохирын худгийг буудуулах, бөглөөсийг гаргах үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Ийнхүү ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх явцад хоёр хүний амь нас болгоомжгүй байдлаар хохирсон хэрэг учрал болсон бөгөөд Ц.О нь тухайн өдөр ажилтан З.Бг худаг руу орж ажиллуулах үүрэг даалгавар, зөвшөөрөл өгөөгүй /энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй/ байдаг бөгөөд өмнөх өдрүүдэд буюу 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.Оы хяналтад ажилтан Ж.Б, Б.Энхманлай болон талийгаач З.Б нар нь тухайн осол болсон гэх худгийн бөглөөсийг тросс гүйлгэж, гаргах оролдлого ажиллагаа хийсэн боловч тэд бөглөөсийг гаргаж чадаагүй учраас Ц.О нь тэдэнд “...1 дэх өдөр бохирын машин авчирч буудуулна...” гэж мэдэгдэж хэлсэн байдаг ба энэ талаар гэрч Ж.Б мэдүүлсэн байдаг. /1хх 87-88, 90-93, 95-98, 100-103, 105, 111х, 192-193, Зхх 86-87/

Түүнчлэн “Дай цэцэн” ХХК-д сантехникийн слесарь ажилтай З.Бгийн ажил үүргийн хуваарьт худгийн бөглөөс гаргах гэдэг ажил үүрэг тусгагдаагүй /1хх 186, 188/ учраас ажил олгогч Ц.Оы зүгээс ОСНААУГ-т дуудлага өгч, төлбөрт үйлчилгээ авах явцад ОСНААУГ-ын холбогдох албан тушаалтны хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй, мөрдөөгүй, зохих хяналтыг хэрэгжүүлээгүй, тэдний буруутай, болгоомжгүй эс үйлдлийн улмаас хоёр хүний амь нас хохирсон байхад /1хх 90-93, 95-98, 100, 102-103, 105, 108, 155-159, 165-166, 174-175, 199-200, 209, 212-21З, 214-215, 216-219, 229, 231-233, 2хх 21, 22-24, 25-34, 36-43, 48, 161/ Ц.Оыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь шударга ёсны зарчимд нийцээгүй. Тухайн үед ОСНААУГ-ын ариутгах татуургын жолооч Д.Бнь бохирын худаг руу “Дай цэцэн” ХХК-ийн сантехникийн слесарь З.Бг оруулах, өөрийн дангаар хийж гүйцэтгэх ёстой ажилдаа татан оролцуулах шаардлагагүй байсан. /1хх 87-88, 90-93, 95-98, 100, 102-103, 105, 111, 199-200, 212-213, 2хх 161, Зхх 18-20/ ОСНААУГ-ын ажилтан нь тухайн бохирын худгийг цэвэр усаар бус өмнө нь тухайн бохирын автомашинд хуримтлагдан ирсэн бохироор буудуулснаас болж, амь хохирогч З.Б, Б.У нар бохирын хорт хийнд хордох, амь насаа алдах орчин, шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Мөн тухайн 87-54 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бохир соруулах зориулалттай ба харин бохир буудуулах бөглөөс гаргах зориулалттай биш байдаг. /Зхх 11, 13, 18-20, 26-28, 31-36, 55-58/ Барилга хот байгуулалтын сайдын “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрмийн 3.4.11-д “Угсардаг металл шаланг эсвэл усалгааны машины насостод холбосон тусгай суулгацтай шалангаар бөглөөг усаар угаах замаар арилгана” гэж заасантай ОСНААУГ-ын бохир соруулах ажил үйлчилгээ нь нийцээгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарах болсон бас нэгэн шалтгаан, нөхцөл нь НМХГ-ын ХАБ-34 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...ОСНААУГ-ын захирал Ж.Батсайхан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Р.Э, инженерийн бодлого хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамц, захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Намжилмаа нар нь хууль, дүрэм, журамд заасан үүргээ биелүүлээгүй...” талаар тусгасан ба шинжээч Г.Гантөмөрийн “...ОСНААУГ-ын инженерийн бодлого хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамц нь худагт ажиллах, тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр хуучин бөглөө гаргахад техникийн болон аюулгүй ажиллагааны дүрэм журамд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс осол гарах шалтгаан болсон...” талаар мэдүүлсэн. /1хх 102-103, 108, 155-159, 165-166, 2хх 48/

Мөн ОСНААУГ-ын даргын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар батлагдсан “Жолооч нарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-нд “заагдсан маршрут, объектод хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх, зөвшөөрөгдөөгүй маршрут, заагдаагүй ажилд явахыг хориглоно” гэснийг мөн тус газрын даргын тушаалаар батлагдсан “Худагт" орж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-нд тавигдах шаардлагад “Үзлэгийн худагт орж ажиллах бригад 3-аас доошгүй хүнтэй байна, нэг хүн нь худагт, 2 дахь нь гадна ажиллах, 3 дахь хүн шаардлагатай үед худагт ажиллаж хүнд тусламж үзүүлэх ба ажлыг хянана” гэж заасныг ОСНААУГ-ын ажилтан жолооч Д.Ббаримтлаагүйгээс, мөн холбогдох хууль, дүрэм, журамд хяналт тавих эрх, үүрэг бүхий албан тушаалтнуудын болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болж, хоёр хүний амь нас хохирсон. /1хх 100, 102-103, 108, 155-159, 165-166, 212-213, 231-233, 247- 250, 2хх 1-6, 21, 22-24, 25-34, 36-43, 48/

Мөн прокурорын яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, тодорхой бус, ойлгомжгүй байдлаар үйлдэгдсэнийг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”, 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг тус тус нотлохоор заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “гэм буруу” гээд 3 дахь заалтад “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 634 дүгээр тогтоолд “аливаа болгоомжгүй гэм буруу нь ... хөнгөмсгөөр найдах... хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг” 242 дугаар тогтоолд “...амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан бол хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ...” гэжээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад Ц.О нь хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлэхдээ “...2019 оны 6 дугаар 20-ны өдөр худаг бөглөрсөн манай ажилчид троссоор бөглөөг гаргах гэсэн боловч чадаагүй учир  2019 оны  6 дугаар сарын 24-ний өглөө ОСНААУГ-ын шуурхай удирдлагын утсанд болсон асуудлын талаар дуудлага өгсөн ба уг компанийн хоёр ажилтан бохир соруулдаг машинтай ирсэн. Манай компанийн зүгээс ажилтандаа худаг руу оруулах зөвшөөрөл өгөөгүй, худаг руу орж болохгүй талаар ОСНААУГ-ын ажилтанд мэдэгдсэн. тухайн бохирын худаг 2019 оны 6 дугаар сарын 21-ний орой худаг бөглөрсөн гэж талийгаач Б надад хэлсэн, тэгээд бөглөрсөн худаг руу засварчин Алтангэрэл, талийгаач, Энх-Амгалан бид дөрөв цуг очсон. Алтангэрэл, талийгаач хоёр орж бөглөөг гаргах гэж тросс гүйлгэсэн боловч бөглөө гараагүй. Тэгээд би Алтангэрэл болон талийгаач нарыг бохирын худгийн бөглөөг машин дуудаж гаргах хүртэл худагт орж болохгүй гэж сануулж хэлсэн. Тухайн үед Алтангэрэл, талийгаач нар ойлголоо гээд үлдсэн. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Батбаяр жолоочтой холбогдоход 2 дуудлагын дараа очно гэж хэлсэн. Ажил руу орж явахад миний урдаас талийгаач Б болон дагалдан Энх-Амгалан нар гарч байхаар нь би хаашаа явж байгаа юм гэж асуухад талийгаач бохирын машин ирээд худаг асууж байна, зааж өгөөд ирье гээд явсан. Худаг бөглөрсөн тохиолдолд буудуулж гаргах, бохир соруулах үйлчилгээ авахын тулд дуудлага өгч төлбөртэй үйлчилгээ авдаг. Дуудлага өгөхөөр 2-3 хүн ирж үйлчилгээ үзүүлдэг байсан, би засварчин, жолооч нар явж байна гэж ойлгодог байсан. Би төлбөр төлж дуудлага өгсөн болохоор 100 хувь үйлчилгээ үзүүлдэг гэж бодож байсан. ОСНААУГ-ын хоёр ажилтан нь манай ажилтанг худагт орж ажиллуулсан байна...ОСНААУГ-т дуудлага өгсөн. Манай байгууллагад үйлчилсэн, үйлчлэх явцад нь миний зүгээс тухайн худагт орж ажиллах зөвшөөрлийг хэнд ч өгөөгүй, яагаад гэвэл мэргэжлийн байгууллагад дуудлага өгсөн, техникээр ажил гүйцэтгэх учраас үүрэг өгөх шаардлага байгаагүй. ...” гэж мэдүүлсэн. /1хх 111, 2хх 144-148, шүүх хуралдааны тэмдэглэлд/

Түүний дээрх мэдүүлгүүдээс үзэхэд “Дай цэцэн" ХХК-ийн захирал Ц.Оы зүгээс бохирын худгийн бөглөөсийг гаргуулах, бохир соруулах асуудлаар өмнө нь ОСНААУГ-т дуудлага өгч, хэд хэдэн удаа төлбөртэй үйлчилгээ авч байсан, үйлчилгээ авах үед дуудлагаар 2-3 хүний бүрэлдэхүүнтэй ирж, үйлчилгээ үзүүлдэг буюу үйлчилгээг бие даан өөрсдөө хийж гүйцэтгэдэг байсан, ингэхдээ тус компанийн ажилтныг ажил үйлчилгээндээ татан оролцуулж байгаагүй учраас тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад төлбөр төлсөн учраас 100 хувь үйлчилгээ үзүүлнэ гэж ойлгож, бодож байжээ. Түүний энэхүү сэтгэхүйн буюу субьектив хандлагыг хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалтай холбож үзвэл хор уршиг гарч болно гэдгийг тэрээр урьдчилан мэдэх боломжгүй, мэдээгүй тул түүнийг хайхрамжгүй эсхүл хөнгөмсөг хандлагаар буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүйг шүүх анхааралдаа авахыг хүсье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Иймд гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмыг удирдлага болгож, Ц.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож буюу цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Иийн өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 7 дахь заалтад ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.И нь нөхөн олговор, бусад зардалтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг заасугай гэсэн нь шүүх Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар хүний амь насаа алдсан шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох хуулийн заалтад нийцүүлэхгүйгээр буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 15 дугаар хуудаст Амь хохирогч Б.У нь ажлын цагаар зохих зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхин явж байх үедээ “Дайцэцэн” ХХК-ийн засварчин амь хохирогч З.Бд туслах гэж хүн чанар гарган иргэн хүний хувиар аврах үйлдэл хийх явцдаа амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар нас барсан үр дагаварт шүүгдэгч Р.Эг буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, золгүй явдал буюу хууль зүйн агуулгаар учрал гэж үзнэ гэжээ. Энэ нь шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Идэрийн зүгээс хэрэгт хавсаргуулсан нэхэмжилсэн баримт, дүгнэлт болон бусад баримтуудыг шинжлэн судлахгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ХАБ-34 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 155-159/, цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судалсанд тооцож, харин бусад баримтыг сүүлийн байдлаар гарсан дүгнэлтийг шинжлэн судлахгүйгээр энэ нь хэрэг шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. /Талийгаачийн хэрхэн юунаас болж амь хохирсонг нотолсон энэ хэрэгт ач холбогдол бүхий баримтын гарын үсэг дутуу тавигдсанаар шүүхэд ирүүлсэн байсан ба өмгөөлөгчгүй орсон тул сүүлийн цаг хугацаагаар бүрэн гүйцэт дүгнэлт гарсан байдлаар авхуулж чадаагүй гэж тайлбарлахаар байна/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ...улсын яллагчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахаар хуульчилсан бөгөөд үйл баримтын хувьд шүүх улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг өөр баримтаар няцаан үгүйсгэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд улсын яллагч, бусад оролцогч нарын шинжлэн судалсан баримтаар үйл баримтыг шинжлэн тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, прокурор хэргийн үйл баримт тогтоохдоо нотлох баримтын агуулгын буруу үнэлсэн гэж үзэхээр байна гээд ...Тодруулбал, амь хохирогч Б.У нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т ариутгах татуургын машины жолооч ажилтай бөгөөд тухайн өдөр өөрийнх нь автомашин эвдрэлтэй байсан тул ажилд гараагүй. Гэтэл тэрээр өөрийн ажлын байрыг орхин удирдлагын зөвшөөрөлгүйгээр жолоооч Д.Батбаяртай хамт явсан, дараа нь албан үүргийн хувьд биш иргэн хүний хувиар бусдын амь насыг аврах гэж байгаад амиа алдсан болохыг улсын яллагчийн шинжлэн судалсан болон яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтууд мөн адил байна гэж амь хохирогчийн буруутай мэтээр дүгнэсэн. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт, мөн хуулийн 2.5 дахь хэсэгт заасан хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан бол хэрэгсэхгүй болгосон яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тогтоолд тодорхой тусгасан байх хуулийн шаардлагыг хангаагүй тогтоол үйлдсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг хангасангүй. Учир нь, шүүх шүүгдэгч Ц.Оыг З.Бгийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутай гэж дүгнэсэн атлаа энэ хэргийн улмаас 2 хүний эрдэнэт амь нас хохирсон, гэмт хэрэг гарах болсон шалтгаант холбоог зөв үнэлж хуульд байгаа иргэний хариуцагчаар амь хохирогчийн гарсан хохирлыг хариуцуулж Эрүүгийн хуульд зааснаар хохирогчийн эрх ашгийг хангах байсан. Энэ хэрэгт иргэний хариуцагч татсан байх ба шүүгдэгч Р.Эд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй болгож шийдвэрлэсэн ч нөхөн олговрыг Р.Эаас дахиад өөр журмаар шаардах эрхийг нээлттэй үлдээж байгаа нь Эрүүгийн журмаар шийдвэрлэх боломжтой асуудлыг хуулийн байгууллагаас нэг мөр шийдвэрлэхгүй иргэдийг чирэгдүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан байх бөгөөд уг шийтгэх тогтоол иргэний хариуцагчийн тогтоож, захирамж гаргаагүйгээс үүдэн амь хохирогчийн ар гэр өөрт учирсан хохирол цаашид гарах хохирол нөхөн төлбөрөө хэнээс хэрхэн шийдүүлэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй үлдлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Иээс нэхэмжилсэн нөхөн төлбөр, нэхэмжлэлийг иргэний хариуцагчаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

          Хохирогчийн хууль ёсны хууль ёсны төлөөлөгч Д.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар ажил олгогч тал миний дүүгийн хийсэн үйлдлийг хүний амь нас аврах үйлдлээс болж нас барсан гэж үзсэн байдаг. Миний дүү Б.У нь нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлсний төлөө хохирогч болсон. Миний дүүгийн амь нас ажил олгогч талд хэдийн үнэ цэнэгүй байж болох ч өнчирч үлдсэн гурван хүүхдийн эрх ашиг яригдана. Гурван хүүхдийн ирээдүйд гарах зардал байгаа. Хэдий тус зардал насан туршид нь эцгийг нь орлож чадахгүй ч тодорхой хэмжээнд хэрэгтэй юм болов уу. Шүүхээс 3 хүүхдийн эрх ашгийг хамгаалж, иргэний хариуцагчийг нь тодорхой болгож,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

           Иргэний хариуцагч Д.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын иргэний хариуцагчаар оролцож байна. Анхан шатны шүүхийн 163 дугаар шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрх зүйн дүгнэлт хийхдээ амь хохирогч Б.У нь хүч чанар гаргаж, амь хохирогч З.Бд туслах гэж аврах үйлдэл хийх явцдаа золгүй байдлаар нас барсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Хэрэг учрал болсон газар нь “Дай цэцэн” ХХК-ийн ажлын байранд болсон. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажлын байр биш. Хэргийн материалтай танилцахад орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар гэхээр бүх хувийн байгууллагуудыг нийтэд нь удирддаг байгууллага гэж харагддаг. “Дай цэцэн” ХХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь яг адил мэргэжлийн байгууллага юм. Гэхдээ нэг нь том үйл ажиллагаа явуулдаг, нөгөө нь жижиг байгууллага үүгээрээ ялгаатай. Манай байгууллагын машин, техникийг гуйж тухайн үед ашиглаж байгаад золгүй явдал болсон нь харагдаж байгаа. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан ажил олгогчийн удирдлага дор ажлын байрандаа ажиллах ёстой. Гэтэл амь хохирогч Б.У өөрийнхөө ажлын байранд ажиллаагүй, өөр хүний машинд сууж хүний амь аврах гэж байгаад нас барсан. Ажил олгогч тал хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд ямар нэгэн гэм буруу байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “ажлын байрандаа нас барсан” гэж бичсэн байгаа гэж байна. Үйлдвэрийн осол гарсан тохиолдолд 24 цагийн дотор комисс хуралдсан. Зарим мэдээгүй ажилчид ажлын байрандаа ажлаа хийж явж байгаад нас барсан гэх ойлголт авсан байдаг. Миний хувьд тухайн осол гарахад хэрэг гарсан газар дээр нь очиж үзэхэд үйлдвэрийн осол биш гэсэн дүгнэлтийг өгсөн. Хавтас хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг судалж үзэхэд Б.У өөрийнхөө ажлын байранд биш, хүний машинд явж байсан, ажлын байр нь өөр газар байсан гэдэг нь нотлогдоно. Ийм учраас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хохирлыг өлөх боломжгүй юм. ...” гэв.

           Цагаатгагдсан этгээд Р.Этус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Уын хувьд өөрийнх нь машин эвдэрсэн, аж ахуйн хашаанд машинаа засварлаж байх ёстой хүн. Өглөө болгон манай жолооч нар ахлах инженерээсээ зааварчилгаа авч, ажилдаа гардаг. Тухайн өдөр ахлах инженер нь амарсан байсан учраас хэлтсийн дарга Баяр ажилтнууддаа тухайн өдрийнх нь үүрэг, даалгаврыг өгч гаргасан. 6 дугаар сарын 24-ний өдөр Батбаяр гэх жолооч гадуур дуудлагад явах ёстой байсан. Талийгаач Б.Уад машинаа засварлах үүрэг өгөгдсөн байсан. “Дай цэцэн” ХХК-ийн бохирын худагт манай жолооч нас барлаа, осол гарлаа гэхэд нь бид бүхэн шоконд орсон. Миний хувьд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт инженер бодлогын хэлтэст Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого хариуцсан инженер мэргэжилтэй. Тухайн үед хүний амь нас эрсэдсэн учраас 24 цагийн дотор яаралтай хуралдсан. Тухайн үед техник бодлогын хэлтсийн жолооч нараас болон хэлтсийн даргаас нь ойлголт авахдаа манай бохирын жолооч бохирын худгийн бөглөө гаргах гэж байгаад амь насаа алдсан гэж ойлгосон. Амь хохирогч Б.Уыг машин нь эвдэрсэн, аж ахуйн нэгжийн хашаанд байх ёстой талаар мэдээгүй, бохирын бөглөө гаргах гэж байгаад нас барлаа гэж ойлгосон учраас бид маш яаралтай хуралдаж, ажлын 8 цагийн үеэрээ нас барсан юм байна гэж дүгнэсэн. Тухайн үед судлан бүртгэх комисс хуралдаад “үйлдвэрийн осол мөн байна” гэсэн акт гаргасан. Тус комиссын 7 хүний 5 нь үйлдвэрийн осол мөн гэж зөвшөөрч, хуулийн зөвлөх, хэлтсийн дарга 2 татгалзсан байдаг. Ослыг судлан бүртгэх, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор ямар ослыг үйлдвэрийг осол болохыг тодорхойлж заасан байдаг. Тус тодорхойлолтод Б.Уын үйлдэл хамаарахгүй байгаа. Гэсэн хэдий ч тухайн үед эхнэр нь жирэмсэн, хоёр хүүхдийн хамт үлдсэн учраас хэлтсийн дарга, бид бүхэн ажилтнаа бодсон. Комиссын актыг улсын байцаагч нь “танайх комиссын актаа буруу гаргасан байна” гэж баталж өгөөгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

           Шүүгдэгч Р.Эы өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Иийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлын миний үйлчлүүлэгчтэй холбоотой хэсэг үндэслэлгүй байна. Өмгөөлөгч Н.Нарантуяа анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын миний үйлчлүүлэгч Р.Этай холбоотой заалтуудыг бүрэн гүйцэт ойлгоогүй, давж заалдах гомдол гаргасан харагдаж байна. Учир нь, тус цагаатгах тогтоолын хохирол, хор уршигтай холбоотой хэсэгт “...шүүгдэгч Р.Эд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж зааснаар гэм хорын асуудлыг бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд зааснаар шийдвэрлэх боломжтойг дурдаж, харин Хөдөлмөрийн хууль тогтоомжоор нөхөн олговор олгох асуудлыг нээлттэй үлдэж байгааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ит тайлбарлан өгөх нь зүйтэй...” гэж маш тодорхой заасан. Үүнээс үзэхэд өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болох нь харагдаж байна. Мөн шүүгдэгч Ц.Оы өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлын миний үйлчлүүлэгч Р.Этай холбогдох заалтууд мөн үндэслэл муутай болох нь харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Р.Эг буруутгах гэсэн, нотлох баримтаар нотлогдоогүй зүйлүүдэд үндэслэж давж заалдах гомдол бичсэн харагддаг. Шинжээчийн 34 дугаар дүгнэлт үндэслэлгүй гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, үндэслэлтэй. Миний үйлчлүүлэгч Р.Э, иргэний хариуцагч Д.Гансүх нар тодорхой хэлсэн байдаг. Ослын акт бол албан ёсны акт биш, хавтас хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.3 дугаар зүйл, мөн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.10 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн улсын байцаагч батлаагүй учраас албан ёсны акт биш юм. Нөгөөтэйгөөр, амь насаа алдсан Б.Уыг “ажил үүргээ гүйцэтгэж явсан” гэх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Иийн өмгөөлөгч Н.Нарантуяа хэлж байгаа нь үндэслэл муутай. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий хуульд нийцсэн байх тул миний үйлчлүүлэгч Р.Этай холбоотой заалтуудыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт эрх зүйн асуудал, хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлага, бусад асуудлыг маш дэлгэрэнгүй ойлгомжтой дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналыг гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Иийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдолдоо “хохирол, хор уршгийн хувьд ойлгомжгүй гарсан” гэж байна. Гэм буруугийн дүгнэлтдээ тодорхойлохдоо “Б.Уын үйлдэлтэй Ц.Оыг буруутгах үндэслэлгүй” гэж жич тайлбарласан байдаг. Хохирол, хор уршигтай холбоотой Р.Эд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргасан тул гэм хорын асуудлыг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг дурдаж, харин Хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу нөхөн олговор шаардах асуудлыг нээлттэй үлдэж байгааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ит тайлбарлан өгөх нь зүйтэй хэмээн ойлгомжтой дүгнэсэн. Иймд иргэний журмаар нэхэмжлэх асуудлыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг иргэний хариуцагчаар татсан байгаа учраас уг байгууллагаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь ойлгомжтой байна гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Ц.О нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зарим зүйл, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”-ийн холбогдох заалтаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон Сүү” ХХК-ийн хашаанд байрлах бохирын цооногт “Дай цэцэн” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай З.Б бохирын худгийн бөглөөсийг гаргах ажил үүрэг гүйцэтгэх явцдаа амьсгалын дээд зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал нь бүтэж, ОСНААУ газарт ариутгах татуургын машины жолооч ажилтай Б.У, З.Бг аврах үйлдэх хийх явцдаа амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар тус тус нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн улмаас хоёр хүний амь насыг хохироосон болох нь:

гэрч Б.Э“...ажилдаа ирээд байж байтал, талийгаач З.Б ах Ц.О захиралд “бохирын нэг худаг бөглөрчхөөд бохироо гаргаж чадахгүй байна” гэж хэлж байсан. Тэгсэн Ц.О захирал “бохир соруулдаг машин дуудчихъя” гэж хэлээд, утсаар яриад дуудаж байсан... Баясаа ах бид хоёр хамт гараад Мон сүү ХХК-ийн хашаанд байх бөглөрсөн гэх худаг руу бохир сордог машиныг аваачсан. Тухайн үед бид хоёроос гадна би танихгүй хоёр ах байсан ба нэг нь бохирын машины жолооч, нөгөөдөх нь хамт явсан хүн байсан. Тухайн үед тэр хүмүүс худгийг буудуулна гэж яриад байсан. З.Б ах хар өнгийн зориулалтын ажлын хувцас цуваа /усны гуталтай, үргэлжээрээ өмсгөл/ өмсөөд, дээгүүрээ амны хаалт, баг байхгүй бээлий өмсөөд, худаг руу эхлээд ганцаараа ороод бохирын хоолойд бохирын машины шланкийг углаад, даавуугаар жийрэглэж, гарсан зайг нь чигжиж хийгээд, хоолойн залгасан залгаасыг хөлөөрөө жийж бариад, шатан дээр сууж байсан ба тухайн үед байсан нэг ах “чи сайн барьж байгаарай. Даралттай ус өглөө шүү” гээд машиныхаа крантыг нээж, онгойлгож, даралттай ус шахаж байгаад бөглөөс нь гаргаад их хэмжээний бохир ус/лаг/ уг хоолойгоор хүчтэй гарч эхэлсэн ба энэ үед Баясаа ахыг дээр байсан ах “за одоо гараарай" гэж хэлсэн. Тэгээд Баясаа ах дээшээ гарч ирж байгаад шатнаас гараа тавиад доошоо унасан. Тэгсэн чинь бохирын машинтай хамт ирсэн хөгшин ах бид 2 худгийн аман дээр байсан ба “хүн уначихлаа” гээд орилсон чинь машины жолооч ах цаанаас гүйж ирээд уг худаг руу ороод удаагүй дахиад өөрөө ухаан алдаад уначихсан... уг компанид дагалдангаар ажилд орох үед хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Ажилд томилсон тушаал гараагүй. Намайг ажилд орсноос хойш хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга гэсэн хаягтай дэвтэр дээр сантехникийн ах нар өөрсдөө уншиж танилцаад гарын үсэг зурдаг ба би ажилд орсноосоо хойш 2 удаа л гарын үсэг зурсан. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер байдаг гэсэн ба намайг ажиллаж хугацаанд ирж зааварчилгаа өгч байгаагүй. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр би аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зураагүй. З.Б ах танилцаж гарын үсэг зурсан эсэхийг мэдэхгүй байна. З.Б шланкийг салгасан чинь нөгөө залуу дээрээс нь татаж авсан. Машины жолооч настай ах бид нар луу хүрч ирээд талийгаач З.Б луу хараад “одоо гараа” гэж хэлсэн. Тэгээд талийгаач З.Б шатаар авираад дээшээ алхаж байгаад буцаад унахаар нь би “хүн уначихлаа” гээд орилсон чинь жолоочтой хамт ирсэн ах машины хажуугаас гүйж ирээд үгийн зөрүүгүй бохирын худаг руу шатаар бууж ороод талийгаач З.Бг аваад бас чимээгүй болоод хөдлөхөө больсон.../2хх 161/

            гэрч Д.Б“...орон сууцны конторын слесарь залуу очсон худаг руу орж манай машины шланкийг бохирын шугам руу чигжиж, даралттай усаар шүршсэн. Тэгээд бөглөрсөн хэсэг нь арилсан... Тэгээд надтай хамт явсан талийгаач Б.У машины шланкийг татаж авсан. Тэгээд би хоосон худаг дээр ирээд дотор байсан слесарь залууг “хурдан гар” гэж хэлээд, нөгөө слесарь залуу шатаар гарч ирж яваад, гэнэт ухаан алдаад доошоо унасан. Тэгсэн надтай хамт явсан Б.У араас нь ороод унасан слесарийг тэврээд ухаангүй болсон...Би болон талийгаач өглөө ажилд гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурсан байгаа. Ажил үүргийн дагуу тухайн бохирын худгийг слесарь орж ажилладаг. Бид нар бол техникээр үйлчилдэг буюу машинтай ирж даралттай усаар шүршиж өгдөг. Талийгаач Б.У болон би зүгээр жолооч бөгөөд худаг руу орж ажилладаггүй. Худаг руу ороход хариуцсан инженерээс зөвшөөрөл авдаг... Бөглөрсөн бохирын шугамыг... болохгүй бол даралттай усаар шүршиж гаргадаг юм. Манай байгууллага бол хариуцсан инженерээс зөвшөөрөл авдаг. Орон сууцны контор бол өөрсдөө шийддэг юм. Талийгаач Б.Учралд слесарийг дотор уначихлаа гэж хэлсэн чинь шууд өөрөө бохирын шугам руу шатаар орсон. Хэн нэгэн хүн орохыг шаардаагүй. Бохирын шугам руу орсон слесарь маань дотор байсан слесарийг гаргах гэж орсон. Тэгээд өөрөө бас угаартаад унасан. Тухайн бохирын худаг нь 4 орчим метр гүнтэй 1.5 метрийн бөөрөнхий худаг байсан. Дотор нь 150 шугамтай байсан. Талийгаач унах үед бохирын шугам нээгдээд бохир урсаж байсан. Орон сууцны конторын слесарь залуу 5 орчим минут болсон. Б.Учрал болохоор худаг руу ороод нөгөө залууд хүрээд удаагүй унасан. Бүгд архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан...Би ариутгах татуургын жолооч буюу бохирын авто машины жолооч ажилтай байсан. Жолоочийн ажил үүргийн хуваарь бөглөрсөн бохирын шугамын бөглөө гаргах, гэрээт газруудын бохир соруулж, татан зайлуулах үүрэгтэй ажил юм. Ариутгах татуургын жолооч нь ганцаараа машинаа барьж очдог юм. Өөр хүн цуг явдаггүй. Бохирын хоолойг тухайн бохирын худаг хариуцсан слесарь нь орж холбодог юм. Би 2019 оны 06 дугаар сарын 24-ний өглөө ажил дээр ирээд талийгаачтай таарсан. Тэгээд байж байхад талийгаач нь “би тантай хамт явж байгаад үдээс хойш би эхнэртэйгээ хамт хүнсний зүйл цуглуулахаар явна гэж хэлсэн. Тэгээд би хамт явахыг зөвшөөрсөн... Бид 2 цугтаа 2 газрын бохир соруулаад явж байхад над руу эмэгтэй хүн яриад “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны бохир бөглөрсөн. Ирээд гаргаад өг” гэж хэлсэн. Тухайн үед би “даргад хэл” гэж хэлээд, дарга Баярын утас өгсөн. Тэгээд удалгүй уг эмэгтэй над руу дахин залгаад “даргад чинь хэлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд Баяр луу залгаад асуухад “дуудлагад очоод эргээд мэдэгдээрэй” гэж хэлсэн... Талийгаач нь “би үдээс хойш хувийн ажил амжуулах гэсэн юм. Тантай цуг явж байгаа гээд дарга нарт хэлчихье” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд машиндаа суулгаад явсан... Хүн ухаан алдаад унахаар нь би сандраад олс руу гүйх хооронд талийгаач худаг руу орсон байсан. Би харсан бол оруулахгүй байсан. Жолооч нарт худаг руу орох зөвшөөрөл байхгүй. Бид нарыг бохирын худаг руу орж болохгүй үүрэг өгдөг юм. Тухайн үед талийгаач Б.У нь худаг дээр огт ажиллаагүй байж байхад хүн ухаан алдахад аврах гээд гүйгээд орсон. Талийгаачийг худагт ор гэж хэн ч хэлээгүй. Хүн чанарын хувьд хүн аврах гээд талийгаач ороод өөрөө эндсэн. ..." /1хх 95-98, 105/,

            гэрч Ж.П“...Манай байгууллага нь гэрээгээр тохирч хөлсөөр хувийн байгууллагын бохирын бөглөө гаргах, бохир соруулах үйлчилгээ хийдэг. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бохирын худаг бөглөрсөн талаар дуудлага инженер дээр ирээгүй. Шууд техник үйлчилгээний дарга Баярт ирсэн байсан. Гэрээнд заасны дагуу шууд Баяр даргад дуудлага, мэдээлэл өгч болно. Манай зөвхөн машин болон жолооч очих ёстой. Өөр хүн очихгүй. Дуудлага өгсөн байгууллага нь худагт ажиллаж, ажилтан нарыг бэлдэж өгөх ёстой. Манай зүгээс машин очиж соруулах үүрэгтэй. Бохир соруулах машины жолооч нь худагт ажиллах эрхгүй юм. Талийгаач яагаад бохирын машинд сууж очсон талаар мэдэхгүй. Манай зүгээс бохирын машин, жолоочийн хамт очих үүрэгтэй. ...”                    /1хх 102-103/,

            гэрч Д.Бгийн “...Жолооч нарт хариуцсан инженер Лхагвасүрэн өглөө бүр хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа өгч, гарын зуруулж, ажилд гаргадаг юм...хувийн орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбооноос диспетчерт захиалга өгөөд хөлсөөр бохирын авто машинаар бөглөө гаргуулдаг юм. Манай орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын техник үйлчилгээний хэлтсийн авто машинууд нь зөвхөн жолоочтой явдаг юм. Өөр хүн явдаггүй. Жолооч нарт худагт ажиллах зөвшөөрөл байхгүй. Дуудлага өгсөн газрын слесарь, засварчид ажилладаг юм. Техник үйлчилгээний хэлтсийн жолооч нар зөвхөн авто машинаа хариуцдаг юм. Бүх жолооч нарт өглөө бүр зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулдаг ба 24-ний өдөр зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан...Осол болдог өдөр Батбаяр ажиллах ёстой байсан. ...” /1хх 109/,

            гэрч Ж.Бийн “...2021 оны 06 дугаар сарын 25-ны өглөө намайг ажил дээрээ ирэхэд манай ээлжийн сантехникч З.Б бохирын худаг буудуулж байгаад ус сувгийн нэг залуутай хоёулаа нас барчихсан гэж хэлсэн юм ... манай ажил хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар өгдөггүй байсан. Ямар ч байсан өглөө ажилд ирэх үед зааварчилгааг дэвтрэн дээр биччихсэн байхаар нь уншиж танилцаад гарын үсэг зурж байсан юм. Бохирын худаг руу “Дай цэцэн” ХХК-ийн захирал Ц.Оы зөвшөөрлөөр асууж тодруулж байгаад ордог юм. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр талийгаач З.Б ах бид хоёр бохирын бөглөө гаргах гээд хамгаалалтын цув өмсөөд бөглөөг гаргах гэсэн боловч чадаагүй юм. Тус өдөр орой ажил тарах үед захирал Ц.О бид хоёрт хандаж “нэг дэх өдөр бохирын машин авчирч буудуулна” гэж хэлээд яваад өгсөн юм. Тэрнээс өөрөөр захирал Ц.О бид хоёрт машин дуудаж бохирын бөглөө гаргах хүртэл худагт орж болохгүй гэж хэлж сануулсан зүйл байхгүй юм. ...” /3хх 86-87/,

            гэрч Д.Аын “...манай гал унтраах анги дээр өөрийн биеэр ирээд “бохирын худагт хүн уначихлаа” гэхээр нь тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар ангийн хашааны баруун талын хашааг даваад би аврах олсоор өөрийгөө бэхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн “Мон Сүү” ХХК-ийн хашаанд байх бохирын худаг руу харахад нэг хүн усанд живсэн, гар болон өмссөн хувцас нь цухуйж байхаар нь амьд байж магадгүй гэж бодоод дотор байсан шатан дээр нь гишгэж байгаад доошоо тонгойгоод баруун гараа сунгаад татагч дэгээгээр татах гэж байгаад өөрөө ухаан алдсан. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан цуг аврах ажиллагаа хийж байсан алба хаагчид намайг бэхэлсэн олсоор татаж гаргаад 2 орчим минутын дараа сэрсэн гэсэн юм. Сэрэх үед миний хамраас бага зэргийн цус гарсан, дотор муухай болоод байсан юм. Тэгээд цэргийн госпиталд очиж нэг хоног хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Намайг эмч нар химийн хоронд хордсон байна гээд хордлого тайлах эмчилгээ хийсэн. ...” /3хх 89/,

Шүүгдэгч Ц.Оы яллагдагчаар өгсөн “...Шүүгдэгч Ц.Оы яллагдагчаар өгсөн: “...Би “Дай цэцэн” ХХК-ийн захирлаар ажилладаг. 2019.06.21-ний орой манай компанийн хариуцдаг “Мон Сүү” ХХК-ийн хашаанд байдаг бохирын худаг бөглөрсөн гэж талийгаач Б надад хэлсэн. Манай ажилчид тросс гүйлгэсэн боловч бөглөө гараагүй. Баасан гариг, ажил тарж байсан тул дуудлага өгөөгүй. Би Алтангэрэл, талийгаач нарыг бөглөөг машин дуудаж гаргах хүртэл худагт орж болохгүй гэж сануулж хэлсэн. 2019.06.24-ний өглөө ажилдаа ирээд ОСНААУГ-ын 325595 дугаарын утас руу 2 залгаад холбогдож чадаагүй. Манай ажил дээр үйлчилгээ үзүүлж байсан хүмүүсийн дугаар байхаар нь залгасан. ...Ажил руу орж явахад Б, дагалдан Энх-Амгалан нар гарч байхаар нь “Хаашаа явж байгаа юм” гэхэд талийгаач “бохирын машин ирээд худаг асууж байна, зааж өгөөд ирье” гээд явсан. Би өрөөндөө ороод байхад удалгүй Энх-Амгалан ирээд “Баясаа ах худаг руу уначихлаа” гээд гүйгээд явсан. ...Талийгаач Бд бохирын худагт ажиллах зөвшөөрөл өгөөгүй. Засварчин нар бохирын худагт ажиллах журамтай, урьд өмнө ажиллаж байсан. Аж ахуй нэгж байгууллага бүрт бохирын машин байхгүй тул худаг бөглөрсөн тохиолдолд буудуулж гаргах, бохир соруулах үйлчилгээ авахын тулд дуудлага өгч төлбөртэй үйлчилгээ авдаг. Дуудлага өгөхөөр 2-3 хүн ирдэг. Би засварчин, жолооч нар ирдэг гэж ойлгодог. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахад жолооч нь ганцаараа ирдэг талаар мэдэж авлаа. Би төлбөр төлж дуудлага өгсөн болохоор 100 хувь үйлчилгээ үзүүлдэг гэж бодож байсан. Дуудлагаар ирсэн 2 ажилтан нь манай ажилтанг худагт оруулж, ажиллуулах эрх бүхий хүмүүс биш байж манай ажилтанг худагт оруулж ажиллуулсан байна. ...ОСНААУГ нь төлбөр үйлчилгээ үзүүлэхдээ хийгдэх ажил, үүрэг нь тодорхой биш байгаагаас болж дээрх осол гарсан гэж үзэж байна. ...” /2хх 144-148/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 1426 дугаар “...З.Б нь амьсгалын дээд зам шингэнээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлтээр нас баржээ. ...” /1хх 114-116/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 1427 дугаар “...Б.Уын цогцост зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, баруун шуу, зүүн тохой, шуу, баруун ташааны зулгаралт, баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт, баруун тохой, баруун ташааны зулгаралт /нас барсны дараа үүссэн/ гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогч нь амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. ...” /1хх 121-125/, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХАБ-34 дүгээр дүгнэлт /1хх 155-159/ гэсэн дүгнэлтүүд,

            2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1хх 174-175/,  “Дай цэцэн ХХК болон З.Б нарын хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ /1хх 186-188/,  2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1хх 192-193/, Комиссын акт тогтоох хурлын тэмдэглэл /1хх 199-200/, ОСНААУГ-ын даргын 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Б/68 дугаар “Баярсайханы Уыг ажилд авсан тухай” тушаал /1хх 209/, Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн, авсан, хяналт тавьсан талаарх бүртгэл /1хх  216-218/, Аюулгүй ажиллагааны давтан зааварчилгаа өгсөн, авсан талаарх бүртгэл /1хх 219/, Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл - эзэмшигч нь Ариутгах татуургын машины жолооч Б.У /1хх 219/, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны журам /1хх 231-233/, ОСНААУГ-ын даргын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Худагт орж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа /2хх 22-24/, ОСНААУГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээ /2хх 25-35/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/113 тоот “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны журам батлах тухай” тушаал /2хх 48/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

                   Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж, хор хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.

Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа нь дангаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотлохгүй ба хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэгт ч энэ шинж хадгалагддаг болно. Эдгээр гэмт хэргүүд нь  гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо ялгагдаж хүнийг санаатай алах гэмт хэргийг шууд санаагаар үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийн үхлийг хүссэн байдаг бол шууд бус санаагаар үйлдсэн тохиолдолд хохирогчийн үхлийг чухалчлаагүй боловч  хохирогч үхэхийг мэдэж зориуд хүргэсэн байдаг. Харин хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандлагаар, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан бол хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Р.Эд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж, шүүгдэгч Ц.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  заасан хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж, Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Оыг “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироож үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан тухайн зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг   ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Ц.Од оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэнийг хууль зөрчсөн гэж үзсэнгүй.

Давж заалдах гомдлын тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Дайцэцэн” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “...12.2.4. цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; 12.2.5.орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; 12.2.6.ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ; 12.2.7. бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; 12.2.8.бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ,..." зэрэг чиг үүргийг хариуцсан тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ажээ.

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ХАБ-34 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар “Дайцэцэн” ХХК нь үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үндэслэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг томилон ажиллуулах ба аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүргээ зөрчсөн байна.

2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс Ц.Оыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн /12хх 58/ байх ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна" гэж заасан тул шүүгдэгч Ц.О нь засварчин слесарь З.Бгийн ажлын байрны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй этгээд мөн.

Өөрөөр хэлбэл “Дай цэцэн” ХХК-ийн компанийн хамаарал бүхий хариуцдаг талбай болох “Мон Сүү” ХХК-ийн хашаанд байрлах бохирын цоорхойд гарсан бөглөрлийн асуудлыг шийдвэрлэх нь “Дай цэцэн” ХХК-ийн хамаарал бүхий асуудал гэсэн хэдий ч тухайн техникийн нөхцөл байдлаас шалтгаалж, Орон сууц нийтийн аж ахуйн газраас тусламж авахаар бохирын машиныг дуудсан асуудал байна.  

Орон сууц нийтийн аж ахуйн газарт албан ёсоор диспичерт дуудлага өгч мэдэгдээгүй, албан ёсны бүртгэлгүй гэж байгаа боловч “Дай цэцэн” ХХК-ийн хамаарал бүхий талбайд орон сууц нийтийн аж ахуйн газрын хамаарал бүхий тээврийн хэрэгсэл, жолооч очсон байдаг. Тээврийн хэрэгслийн жолооч Д.Бнь хэдийгээр тухайн үед ганцаараа явах ёстой гэдэг шаардлагыг мэддэг боловч амь хохирогч Т.Учралыг гуйж авч явсан гэдгээ үгүйсгэдэггүй. “Дай цэцэн” ХХК-ийн үйл ажиллагаанд Орон сууц нийтийн аж ахуйн газрын хамаарал бүхий тээврийн хэрэгсэл албан хаагч очсон гэдэг нь тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах нь “Дай цэцэн” ХХК-ийн хамаарлын асуудал. “Дай цэцэн” ХХК “Мон Сүү” ХХК-ийн хашаанд байгаа бохирын цооног бөглөрлийг гаргах ажиллагаанд Ц.Оы үйл ажиллагаа шууд хамааралтай. Энэ үйлдлийн улмаас тухайн компанийн ажилтан З.Б нас барсан үйлдэлтэй бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, мөн Хөдөлмөр аюулгүй байдлын инженерийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд амь хохирогч З.Бгийн үйлдэлд Ц.Оы үйлдэл шалтгаант холбоотой байх тул түүнд холбогдох хэргийг цатгаатгаж, хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин Орон сууц нийтийн аж ахуйн газрын тээврийн хэрэгсэл жолоочийн хувьд “Дай цэцэн” ХХК-ийн хамаарал бүхий талбай дээр үйлчилгээ үзүүлэхээр очсон байдаг. Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Жолооч нарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны /2хх 21/ 3 дахь хэсэгт “Заагдсан маршрут, объектод хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх ба зөвшөөрөгдөөгүй маршрут заагдаагүй ажилд явахыг хориглоно” гэж заажээ.

Заагдсан маршрут, хуваарийн дагуу үүрэг гүйцэтгүүлэхэд хяналт тавих үүрэг нь Орон сууц нийтийн аж ахуйн газарт байгаа. Нэгэнт байгууллагынхаа хяналтгүйгээр “Дай цэцэн” ХХК-ийн үйл ажиллагаанд туслахаар очихдоо жолооч Д.Батбаяр, амь хохирогч Т.Учралыг хажуудаа суулгаж явсан байдаг. Энэ талаар Д.Бнь “Т.У нь тухайн цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй” /1хх 105/ гэдгийг мэдүүлдэг боловч амь хохирогч Т.У нь тухайн цаг хугацаанд эрсдэлд орсон “Дай цэцэн” ХХК-ийн ажилтны амь насыг аврахаар өөрийн амь насыг алдсан золгүй явдал болсон.

Дээрх байдлаас дүгнэн үзэхэд “Дай цэцэн” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн газраас тухайн  компанийн эзэмшил өмчлөл бүхий тээврийн хэрэглэл, ажилтан нь очсон. Энэ нөхцөл байдлуудын улмаас ажил үүргээ гүйцэтгэж байсан хүний амь насыг аврахаар оролдож эрсдсэн иргэнийг хийх ёсгүй үйлдэл хийснээс амь насаа алдсан золгүй байдлаар алдсан гэж үзэх ёсгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй, “Дай цэцэн” ХХК болон Орон сууц нийтийн аж ахуйн газараас амь хохирогч Т.Учралын хууль ёсны төлөөлөгч  хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь аль аль талд хамааралтай  байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.И, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын нөхөн олговор, бусад зардалтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг “Дай цэцэн” ХХК болон Орон сууц нийтийн аж ахуйн газар нар тэдгээрийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээх заалтыг тодорхой болгож  оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтын “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.И нь нөхөн олговор, бусад зардалтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг заасугай. ...” гэснийг “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.И нь нөхөн олговор, бусад зардалтай холбоотой нэхэмжлэлээ “Дай цэцэн” ХХК болон “Орон сууц нийтийн аж ахуйн газар”-с нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг заасугай. ...” гэж өөрчилж,  тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Иийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.О өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                       М.АЛДАР        

ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ