Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б-н,

Хариуцагч: “ББЭХС” ТӨХК-д холбогдох,

ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Т.Уянга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/128 тоот тушаалаар ББЭХС ТӨХК-д ашиглалт засварын албаны монтёрын ажилд түр тушаалаар орсон. Би ажиллаж байх хугацаандаа 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/179 тоот тушаалаар ашиглалт засварын албаны монтёрын үндсэн ажилтнаар томилогдож ажиллаж эхэлсэн. Тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа зөрчил болон сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Миний бие нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүйгээс гадна удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь саадгүй хийж гүйцэтгэж ирсэн юм. ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бгын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 тоот тушаалыг миний бие үндэслэлгүй гэж үзэж тус шүүхэд хандаж байна. Миний хийж байсан ашиглалт засварын хэлтсийн монтёрын орон тоо хасагдсаны улмаас намайг үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж цуцалсан шийдвэр гаргасан. Миний бие бүтэц орон тоонд өөрчлөлт орсон талаар ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас авснаас хойш удаа дараа шинэ бүтэц орон тооны талаар танилцахаар хандаж байсан боловч энэ талаар надад танилцуулаагүй явсаар Увс аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурал дээр мэдээлэл авсан. Иймд миний өмнө нь эрхэлж байсан ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн зүйлгүй тул, мөн миний ажлын байрыг хассан. Тус миний эрхэлж байсан ажлын байрыг хассан боловч ямар нэгэн шалгалт, шалгуургүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсанд хууль бус гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлт гаргаж байна. Ямар нэгэн миний ажлын байртай дүйцэх хэмжээний ажлын байрны санал гаргах боломжтой байхад энэ талаар надад ямар нэгэн санал гаргаагүй болно. Намайг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш тус байгууллага нь шинээр 20 гаруй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан байсан. Намайг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь анх намын дотоод сонгуулиас болсон гэж бодож байгаа. Яагаад гэвэл миний аав Монгол Ардын Намын дотоод ажилд идэвхтэй оролцдог намын идэвхтэн хүн байгаа. Манай захирал П.Бга нь намын дотоод сонгуульд өрсөлдсөн. Энэ сонгуульд манай аавыг миний эсрэг санал өгсөн гэдэг үндэслэлээр намайг ажлаа өг гэж хэлсэн. Бүтэц орон тоо батлахдаа монтёрын орон тоог хассан. Бүтэц орон тоо өөрчилж баталсан талаар байгууллагынхаа ажилтнуудын хэнд ч хэлээгүй. Энэ талаар санал хүсэлт гаргасан боловч үзүүлээгүй байгаа. Байгууллагын бүтэц орон тоо нь ямар ч ажилтан, иргэдэд нээлттэй ил тод байх ёстой. Ямар шалтгаанаар бүтцийн өөрчлөлт хийснийг ойлгохгүй байна. Иймд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нь хүнийг хэрэгт авагдаагүй баримтад үндэслэж гүтгээд байгаа асуудал биш. ББЭХС ТӨХК-д ажиллаж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасны дагуу хэргийн оролцогч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Ж.Быг халагдах үед яагаад бүтцийн өөрчлөлт хийсэн бэ гэдгийг ажиллаж байхдаа мэдэж байсан учраас тухайн үед болсон зүйлийг үнэн зөв мэдүүлсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас тухайн байгууллага бүтэц орон тоогоо шинэчилж баталсан гэдэг нь тодорхой байгаа. Гэтэл бүтэц орон тоогоо өөрчлөх шалтгаан нь юу байсан бэ гэвэл нэхэмжлэгчийн хэлсэн тайлбар нь үнэн байх магадлалтай гэж үзэж байна. Энэ ярьсан асуудал нь албан бичгийн хүрээнд шийдэгддэггүй учраас гүтгэж байна гэж үзэх боломжгүй. Миний үйлчлүүлэгчийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тухайн орон тоо нь ББЭХС ТӨХК-ийн бүтцээс хасагдсан уу гэхээр хасагдсан зүйл байхгүй байна. Хасагдсан гэх ойлголтыг Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байдаг. Улсын дээд шүүхийн энэ тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ийм учраас хүчин төгөлдөр эрх зүйн акт гэж үзэж байна. Уг эрх зүйн актын 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу бүтэц орон тоо хасагдсан гэдэг нь тухайн хуулийн этгээд, байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаал, ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж заасан. ББЭХС ТӨХК-ийн бүтцээс Монтёр гэдэг 8 орон тоо нь бүгдээрээ байхгүй болсныг бүтэц орон тоо хасагдсан гэж ойлгоно. Гэтэл миний үйлчлүүлэгчийг бүтэц орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр чөлөөлсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамгийн богино хугацаанд ажилласан 2 хүнийг бүтэц орон тоо хасагпсан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэж хэлсэн. Ж.Бд орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр биш, орон тоо хассан гэдэг үндэслэлээр мэдэгдэл өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд 30 хоногийн өмнө мэдэгдэл өгнө гэж заасан. Нэхэмжлэгчид 6 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдлээ гардуулж өгсөн. Гэтэл уг өдрөөс хойш сарын хугацааг Иргэний хуулийн 77 дугаар зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу тооцвол сарын хугацаа өнгөрснөөс хойш буюу 8 дугаар сарын 02-ны миний үйлчлүүлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, Хөдөлөмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу 30 хоногийн дотор мэдэгдэл өгнө гэж тооцвол 8 дугаар сарын 02-ноос хойш 30 хоногийн өмнө өгөхийг хэлнэ. 7 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл өгөх ёстой байсан. Гэтэл 7 сард Ж.Бд мэдэгдэл өгсөн зүйл байхгүй байна. Тухайн ажлаас чөлөөлсөн тушаал болон мэдэгдлийн агуулгыг үзэхэд хөдөлмөрийн харилцааг орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажил олгогчийн шийдвэрээр цуцалсан байна. Тухайн байгууллагын бүтэц, орон тоонд монтёр гэдэг 6 орон тоо байна. Тийм учраас энэ байгууллагын бүтэц, орон тоо хасагдаагүй байна. Ийм учраас Ж.Быг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 заасан мэдэгдлийг өгсөн гэдэг нь хэлбэрийн төдий зүйл хийж мэдэгдэл өгөхийг хэлэхгүй. Энэ заалтын үндсэн зорилго нь хөдөлмөрийн маргаан нь хувийн эрх зүйн хэм хэмжээ тогтоох актаар зохицуулагддаг харилцаа байдаг. Ийм учраас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгддэггүй учраас хөдөлмөрлөх эрхийг чинь зөрчих гэж байна, хөдөлмөрийн харилцааг цуцлах гэж байгаагаа мэдэгдэж, энэ талаар санал тайлбараа гаргах нөхцөл боломжоор хангаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 тоот тушаалыг хууль бус учраас хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос Ж.Б гэдэг хүнийг анх монтёрын ажилд томилсон тушаалыг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй. Ж.Быг яаж томилсон нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Мэдэгдэл өгч байгаа асуудал нь хэлбэрийн төдий асуудал байж болохгүй. Энэ нь Үндсэн хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа асуудал учраас ажилтны ямар эрхийг зөрчих гэж байгаа талаараа мэдэгдэх үүрэгтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн үүрэг байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа болон хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хэлэлцүүлгийн явцад “...би тухайн байгууллагын шинчилсэн бүтэцтэй танилцах хүсэлтээ хүний нөөц, даргадаа удаа дараа танилцуулж байсан. Гэтэл надад шинэчилсэн бүтэц орон тоогоо танилцуулаагүй. Би хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороон дээр очиж ингэж өөрчлөгдсөн гэдгээ мэдсэн гэж хэлсэн. Тухайн байгууллагын ТУЗ-өөс баталсан бүтэц орон тооны мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй асуудал биш. Тухайн байгууллагын хамтын гэрээ хэрэгт авагдсан. Хамтын гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж, холбогдох байгууллагад бүртгүүлж хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус хамтын гэрээнийн 2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулсан, 2.2-т ажлын байрыг олноор цөөрүүлэх, хөдөлмөрийн хөлсний хэмжээг зохицуулах, орон тоо бүтэц зохион байгууллатын өөрчлөлтийг хийхэд аж ахуйн нэгж байгууллага буюу ажил олгогч нь бүтэц хийхээс 1 сарын өмнө холбогдох үйлдвэрчний эвлэлийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т хөдөлмөрийн хамтын гэрээг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. ТУЗ нь өөрийн санаачлагаараа тухайн байгууллагын бүтцийг өөрчлөх эрхтэй байгууллага биш. Бүтцийг батлах эрх нь ТУЗ-д байдаг боловч бүтэц орон тоог батлахдаа тухайн компанийн саналыг авдаг. Өөрөөр хэлбэл ББЭХС ТӨХК-ийн зүгээс ийм ийм орон тоотой байна гэсэн саналаа ТУЗ рүү явуулж, ТУЗ нь хуралдаж уг саналыг дэмжиж эсэхээ шийдвэрлэнэ. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-ийг болон мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 43.2.10 дахь хэсэгт заасан үүргүүдээ биелүүлээгүй. Мөн тогтоол нь хүчин төгөлдөр байх эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашиг, хөндөгдөж байгаа тохиолдолд тухайн бүтцийг батлах эрх нь ТУЗ-д байгаа гэсэн ч урьдчилж 1 сарын өмнө үйлдвэрчний эвлэлийн саналыг нь авах зохицууллалтай. Хавтаст хэрэгт Үйлдвэрчний эвлэл болон байгууллагын ажилчдаас бүтэцтэй холбоотой ийм асуудлыг хэлэлцүүлэх гэж байна гэж танилцуулсан баримт байхгүй. Мөн баталсан бүтцээ ч танилцуулаагүй. Бүтэц орон тоо баталсны дараа 6 сарын хугацаанд шинэчилж баталсан бүтцээ танилцуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох гэж байгаа үндэслэлээ хуульд заасан шаардлагыг хангасан уу гэдэг асуудал байна. Ажлаас чөлөөлнө гэдэг мэдэгдэл өгсөн боловч бүтэц орон тоо нь яаж өөрчлөгдсөнөө мэдэхгүй, шүүх дээр ирж мэдэж байна. Ажил олгогч байгууллага нь танилцуулах үүргээ биелүүлээгүй байна. Ямар үндэслэлээр чөлөөлөгдөж байгаагаа мэдэх эрхээр хангагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүрэгтэй гэж заасан. Хуульд заасан үүргээ ажил олгогч нь биелүүлээгүй байна. Миний үйлчлүүлэгч нь тухай байгууллагын бүтэц орон тооноос эрхэлж байсан ажил нь хасагдсан, цөөрсөн эсэхийг мэдээгүй. 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн бүтэц шинэчлэн тогтоож байгаа тогтоол нь хууль зөрчсөн асуудал байгаа. Ийм учраас ажилд нь эргүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Сая шинжлэн судалсан 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор баталсан тухайн байгууллагын бүтцийг харахад засварын монтёр гэдэг албан тушаал огт байхгүй болсон буюу хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан орон тоо хасагдсан гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайн байгууллагын шинчилсэн бүтцэд засварын монтёрын албан тушаалын тоо буруу байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т орон тоо хасагдсан, орон тоо цөөрсөн гэдэг хоёр үндэслэл байгаа. Ажил олгогчийн зүгээс тухайн орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр чөлөөсөн. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудад орон тоо хасагдсан гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Улсын дээд шүүхийн 33 дугаар тайлбарын 15 дахь хэсгийн 1.1-т заасанчлан орон тоо хасагдсан гэдэг нь тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаал, ажлын байр үгүй болсныг хэлнэ гэж заасан. Засварын монтёр гэдэг албан тушаал нь 2021 оны бүтцэд байсан бол 2023 оны бүцийн өөрчлөлтөөр тухайн ажлын чиг үүрэг байхгүй болсныг ойлгож байна. Нэхэмжлэгч нь Б/158 тоот тушаалыг үндэслэлтэй эсэхийг тогтоолгох гэж байгаа. Тухайн тушаалыг гаргахдаа орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцалчихаад шүүхэд ирчихээд орон тоог хэтрүүлж ажиллуулж байсан учраас цөөрүүлсэн. Ийм учраас хамгийн бага жил ажилласан 2 хүнийг ажлаас нь чөлөөлөсөн гэж яриад байгаа нь гаргасан тушаалын үндэслэлд нь нийцэхгүй байна. Б гэдэг хүнтэй байгжуулсан хөдөлмөрийн гэрээ болон ББЭХС ТӨХК-ийн дүрэм, хамтын гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т заасны дагуу тухайн ажилтантай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаж байгаа тохиолдолд шийдвэр гаргахаасаа өмнө мэдэгдлээ танилцуулж санал тайлбарыг нь авах үүрэг нь ажил олгогчид байна. Гэтэл ажил олгогч нь энэ үүргээ биелүүлээгүй. Хэдий мэдэгдэл өгч гарын үсэг зуруулсан байгаа боловч хэлбэрийн төдий байна. Нэхэмжлэгч нь үүнээс би сарын дараа чөлөөлөгдөнө гэдгээ мэдсэн болохоос тухайн байгууллагын бүтэц яаж өөрчлөгдөж байгааг мэдээгүй. Мэдэгдэл өгөхөөр хуульчилсэн хуулийн зорилго нь тухайн хүн нь яагаад чөлөөлөгдөх гэж байгаагаа мэдсэн байх ёстой. Гэтэл байгууллагынхаа бүтцийн өөрчлөлтөө танилцуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд саналыг авна гэж зохицуулаагүй боловч уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй байна. Тухайн байгууллагынхаа бүтцийг батлахаас өмнө үйлдвэрчний эвлэлд мэдээгдээгүй, баталсныхаа дараа ажилчдаа шинэчилсэн бүтцээ танилцуулаагүй. Ж.Быг аль үндэслэлээр нь чөлөөлж байгаагаа мэдэгдээгүй учраас мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Засварын монтёрын албан тушаал 3 байгаа болохоос байгууллагын бүтцийн орон тооноос хасагдсан зүйл байхгүй. Ийм учраас үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажил олгогч нь хөдөлмөрийн хууль, хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүйгээр чөлөөлсөн нөхцөл байдал байна. Ж.Быг ажлаас чөлөөлсөн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан засварын монтёрын албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн тухай хууль, хамт гэрээ хэлэлцээрт орон тоо цөөрсөн тохиолдолд хамгийн бага хугацаатай ажилласан хүнийг чөлөөлнө гэсэн зохицуулалт байхгүй учраас ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.  Шүүхээс хариуцагчийн бичгээр гаргасан тушаалын үндэслэлийг хянах ёстой. Ж.Быг анх томилсон тушаалын талаар маргаагүй. Энэ тушаал нь аль хэдийн хуулийн хүчин төгөлдөр болсон. Өмнөх дарга захирал нарын алдааг засах гэж авсан гэж яриад байна. Хэрвээ ингэж гаргасан бол Компанийн тухай хуулийн дагуу өөрийнхөө гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээтэй. Энэ заалтыг баримтлан өмнөх тушаалаа хүчингүй болгох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг баримтлан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Ийм учраас өмнөх хууль бус тушаалыг зөвтгөж байна гэж үзэх боломжгүй. Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхдээ андуурч буруу хэрэглэсэн нь тухайн байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн эрх зүйн зарчим байдаг. Монтёрын орон тоо нь хасагдаагүй байгаа учраас миний үйлчлүүлэгчийг ажлаас нь чөлөөлсөн үндэслэлгүй байна. Мөн ажил олгогчийн зүгээс мэдэгдэл өгөөгүй, бүтэц орон тоогоо танилцуулаагүй нь хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ББЭХС ТӨХК-ийн захирал П.Бгын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байна. Хувийн ашиг сонирхол, намын дотоод үйл ажиллагааны үзэл бодлын улмаас намайг ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн нь үндэслэлгүй. Энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй. Тухайн байгууллага нь монтёрыг илүү орон тоогоор ажиллуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. ББЭХС ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрээр монтёрын орон тоог 6 гэж тогтоосон байхад 8 орон тоотойгоор ажиллуулж байсан. Ж.Бын орон тоо нь анхнаасаа байхгүй байсан гэж үзэж байсан. С нь 6 жил, Ө 6 жил, П 10 жил, Ж 6 жил, А 4 жил, Ц 7 жил, Ж.Б 9 сар тус тус ажилласан. Хамгийн бага жил, богино хугацаанд ажилласан Ж.Быг ажлаас чөлөөлсөн захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй. Ж.Быг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Б/128 тоот тушаалаар ББЭХС ТӨХК-ийн монтёроор томилж ажиллуулсан. Үүнээс хойш 9 сар ажилласан. Дээрх хүмүүсийн ажилласан хугацааг тооцож үзэхэд ажлын дадлага туршлага, ажилласан жилийг нь харьцуулахад бусад ажилчдаас бага байсан учраас ажлаас нь чөлөөлсөн. Ж.Б нь манай аав ардын намын идэвхтэн гишүүн, намын дотоод сонгуульд П.Бга захиралд санал өгөөгүй учраас намайг халсан гэж хэлсэн. Ж.Бын аавыг П.Бга захиралд санал өгсөн эсэхийг хэн ч мэдэх боломжгүй. Тийм учраас нотлогдоогүй зүйлийг хэлж, хэн нэгэн хүний нэр хүндэд халдаж байгаа нь хууль бус байна. ББЭХС ТӨХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тушаалаар орон тоог 18, 2022 онд бүтэц орон тоог 22 болгож, дөрвөн хүний орон тоог нэмсэн. Эрчим хүчний сайдын тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ББЭХС ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа, санхүү эдийн засаг, хөрөнгө оруулалт, их засвар, хүний нөөц, дотоод үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ирүүлсэн дүгнэлтэд ТУЗ-өөс баталсан ашиглалтад засварын газрын орон тоог 2 орон тоогоор хэтрүүлж ажилласан гэж дүгнэсэн. Цаашдаа ТУЗ-өөс баталсан орон тоо, бүтцийг баримтлан хүний нөөцийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон. ББЭХС ТӨХК-ийн 64 хувь нь Эрчим хүчний яамны нээлттэй, 36 хувь нь төрийн бодлого зохицуулалтын албаны нэгжтэй төрийн өмчийн ашгийн төлөө байгууллага байдаг. Бүтэц, орон тоо нь байхгүй байхад авч ажиллуулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Дөрвөн хүний орон тоог илүү ажиллуулж байснаараа төрд хохирол учруулсан гэж үзэх боломжтой. Энэ ажилтнуудыг томилж байгаа албан тушаалтны үйлдэл буруу. Батцоожийг түр аваад жинхлэх хүртэлх хугацаанд дотоод аудит хийсэн. Ж.Б нь миний эрхэлж байсан ажлын байрыг хассан, ямар нэгэн шалгалт, шалгуургүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус байна гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл Ж.Бын ажиллаж байсан орон тоог хассан биш, байхгүй байсан орон тоонд авч ажиллуулсан байсан. Энэ нь байгууллагын удирдлага эрх мэдлээ хэтрүүлсэн алдаа байх магадлалтай. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд орон тоо үгүй болсныг ойлгоно гэж тайлбарласан. Ийм учраас энэ шийдвэр нь хууль зөрчөөгүй. ББЭХС ТӨХК-ийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн Б/158 тоот тушаалаар Ж.Быг ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй байгаа учраас ажилд нь эргүүлэн томилох боломжгүй байна. ББЭХС ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож чөлөөлөх тухай мэдэглийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өгсөн. Гэтэл Ж.Б нь тухайн мэдэгдлийг мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авахдаа уг мэдэглийг хүлээн авахаас татгалзаж, мэдлэг чадварын талаар сонгон шалгаруулалт хийж өгөх талаар санал хүсэлт гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. 2023 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн Б/158 тоот тушаалаар 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжлэгчийн 5064188913 тоот дансанд 3,624,046 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь ажлаасаа чөлөөлөгдсөнөө мэдэж байсан, хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн маргаангүй гэдгээ нотолж байна. Нэхэмжлэгч нь би ажилдаа эргэн орох ёстой, үндэслэлгүй халагдсан гэж үзэж байсан бол тэтгэмжээ байгууллагын дансанд хийх үүргээ биелүүлээгүй. Энэ нь эс үйлдэхүйгээр ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр байна. 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Ж.Быг ажиллаж байх хугацаанд хоёр өөр удирдлага ажилласан байна. Монтёрын орон тоог хэтрүүлж ажилласан гэх дүгнэлтийг хийж, тус хорооны гишүүд зөвшилцөлд хүрч чадахгүй, шүүхээр шийдвэрлүүл гэсэн тус хорооны шийдвэр гарсан байна. Тухайн байгууллагад хэдэн монтёр, хэн хэн ажиллах нь чухал биш, тухайн орон тоо байгаа эсэх асуудалд анхаарлаа төвлөрүүлж байна. П.Бга нь намын дотоод сонгуультай холбоотой үзэл бодол гаргаж ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй. Энэхүү шийдвэр нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. ББЭХС ТӨХК-ийн удирдлага бол ТУЗ-өөс гарсан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас ББЭХС ТӨХК-ийн ТУЗ-өөс баталсан бүтэц, орон тооны хязгаар, Эрчим хүчний сайдын баталсан удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын дүгнэлт зэргийг үндэслэн Б/158 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Тухайн байгууллагад ажиллаж байгаа 8 монтёрын дунд сонгон шалгаруулалт хийх шаардлагагүй, ажилласан жилийг нь харгалзан үзсэн учраас тухайн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хэрэв Ж.Быг ажилд аваагүй байсан бол ийм маргаан үүсэхгүй байсан. Төрийн өмчит компани нь ашгийн төлөө байгууллагын хувьд 6 хүний орон тоонд 8 ажилтан ажиллуулж байсан нь боломжгүй учраас Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, бусад хууль тогтоомж, бусад хууль журамд нийцүүлж тухайн тушаалыг гаргасан учраас хууль зүйн үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь үйлдвэрчний эвлэлийн саналыг аваагүй гэж хэлж байна. ББЭХС ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь тус байгууллагын ажилчдаас санал авах үүрэггүй. Бүтэц, орон тоог байгууллагын ТУЗ хийдэггүй, байгууллага нь өөрөө хийж байгаа гэж хэлж байна. Гэтэл үүнийг ТУЗ хянаад баталдаг, харин ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлдэг зохицууллалттай. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар заалтын 15.1.1-ийг хэлж байна. Орон хасагдсан асуудал болохоос монтёрын ажил хасагдсан зүйл биш гэдгийг хэлмээр байна. ББЭХС ТӨХК нь 6 орон тоогоор ажиллах нь хангалттай гэж үзсэн болохоос 2 орон тоо хассанаар уг орон тоог байхгүй гэж үзэх боломжгүй. Үүнийг эсрэгээр нь ойлгож тайлбарлаж байгааг гайхаж байна. Уг орон тоо нь 8 байсныг 6 болгож өөрчилсөн асуудал байгаа. Мөн өмнө нь гаргасан тушаал энэ хэрэгт холбогдолгүй гэж хэлсэн. Харин эсрэгээрээ маш их холбогдолтой. Орон тоо нь байхгүй байхад авч ажиллуулсан удирдлага учир дутагдалтай байна. ББЭХС ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор ББЭХС ТӨХК-ийн бүтэц, орон тооны өөрчлөлтөөр засварын монтёрын орон тоог хассан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч гарын үсгээ зурж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 17 дугаар заалтад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т сарын өмнө мэдэгдэх, 45 хоногийн өмнө мэдэгдэх, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т ажилтан 2 сараас дээш хугацааны өмнө мэдэгдэх зааалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээгээ өөрийн санаачлагаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө мэдэгдэж гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн Улсын дээд шүүхийн тайлбар байгаа. Энэ тайлбарыг хэрэгжүүлж ажилласан. Тийм учраас мэдэгдэл хугацаандаа өгөөгүй, үйлдвэрчний эвлэлээс санал аваагүй тухай асуудлуудад гомдол байхгүй байна. Хамтын гэрээний 2 дахь заалт нь ажлын байртай байсан хүнийг чөлөөлсөн гэсэн ойлголт биш, байхгүй байсан орон тоон дээр хүн авч ажиллуулсан асуудал яригдаж байгаа. Ж.Бын ажлын орон тоо нь анхнаасаа байхгүй байсан гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь бүтэц, орон тоо өөрчилж баталсан шийдвэрийг Бд танилцуулаагүй гэж хэлж байна. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 17 дугаар заалтад энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т сарын өмнө мэдэгдэх, 45 хоногийн өмнө, 2 сарын өмнө мэдэгдэх гэж заасан учраас хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Анх гаргасан санал тайлбараа дэмжиж байна. ББЭХС ТӨХК-ийн захирлын Б/158 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. ББЭХС ТӨХК-ийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нь ямар ажил, албан тушаалд эргүүлэн тогтоолгох гэж байгаа нь тодорхойгүй. Хэргийн оролцогчдийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой байх ёстой. Монтёрын албан тушаалд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй гэж үзэж байна. 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр туршилтын хугацаагаар ажиллаж 11 дүгээр сарын 08-ны өдөр монтёрын үндсэн ажилд томилогдсон. ББЭХС ТӨХК-ийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 тоот тушаалын үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасныг үндэслэж хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ж.Быг ажлаас чөлөөлөхийн өмнө хуульд зааснаар 30-аас доошгүй өмнө чөлөөлнө гэж заасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тайлбартаа 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой гэж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т жил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан. Ажил олгогчийн зүгээс 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр албан бичгээр 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн учраас хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Гэтэл өмгөөлөгч нь 7 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдээд 8 дугаар сарын 02-ны өдөр чөлөөлөх ёстой гэж тайлбарласан. Мэдэгдэл өгөх хуулийн шаардлага нь 30-аас доошгүй өмнө өгнө гэж хуулчилсан учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна. Ж.Бын ажиллаж байсан монтёрын ажил хасагдсан гэдэг үндэслэлээр ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. ББЭХС ТӨХК-ийн 2021 оны бүтэц орон тоо баталсан шийдвэр бол ашиглалт засварын алба нь бүрэн завсварын монтёртой байсан. 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор тухайн алба нь ашиглалт засварын хэлтэс болж 6 хүний орон тоотойгоор ажилласан. Нэхэмжлэгч нь тайлбартаа улс төрийн шинжтэй үйл ажиллагааны улмаас миний ажлыг хасаж баталсан гэж хэлсэн. 2021 оны бүтэц орон тоогоор 4 монтёрын орон тоотой байсан. 2023 оны бүтэц орон тоогоор 6 болгож хоёроор нэмэгдүүлсэн. Үүнийг буруу ойлгож байна гэж үзэж байна. Улс төрийн нөхцөл байдлын улмаас миний орон тоог хассан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тэгэхээр бүтэц орон тоог хоёроор нэмэгдүүлж 6 болгосон ч цаана нь дахиад 2 орон тоо илүү байгаа. Эрчим хүчний сайдын удирдамжийн дагуу батлагдсан дотоод хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр бүтэц орон тооны хэтрэлттэй байсан гэдэг нь харагддаг. Мөн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэг чиглэлийг өгсөн. Би шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд хийсэн танай байгууллагад хийгдсэн хяналт шалгалтыг мэдсэн үү. Монтёрын орон тоо нь илүү байгаа асуудлын талаар мэдсэн үү гэхэд мэдээгүй байсан гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн хяналт шалгалтын тайлан, дүгнэлт нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх онд нь хийгдсэн. Үүнээс үзэхэд жилийн өмнө бүтэц, орон тооны асуудал яригдаж байсан. Тухайн хяналт шалгалтын дүгнэлтээр бүтэц орон тоогоо хэтрүүлж ажилласан, цаашид бүтэц орон тооны хязгаартаа багтааж ажиллах гэсэн үүрэг чиглэлийг өгсөн байна. Нэхэмжлэгч нь байгууллагын бүтэц орон тоо хасагдсан гэдгийг би мэдлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эргүүлэн тогтоолгох тухай гэж гаргасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох зохицуулалт байдаг. Ж.Быг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилъё гэж бодоход урьд эрхэлж байсан ажлын байр нь байхгүй байна. Тухайн байгууллагад монтёрын албан тушаал байгаа боловч Бын хийж гүйцэтгэх ажлын байр байхгүй байна. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тотгоомжид нийцүүлэн өөрчлөх, боловсронгуй болгох эрхтэй субъект. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т заасан үүргээ биелүүлсэн. Гэтэл мэдэгдэл өгөх үүргээ зөрчсөн гэж тайлбарласан. Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохыг урьдчилж мэдэгдсэн. Гэтэл хөдөлмөрийн харилцааг ямар үндэслэлээр цуцалж байгааг шүүх дээр ирж байж мэдсэн гэх боловч нэхэмжлэлийн шаардлагадаа хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд маргаан шийдвэрлэхэд бүтэц орон тоо нь хасагдсан гэдгийг мэдсэн гэж тайлбарласан. Харин ажил олгогчийн зүгээс мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн учраас маргаад яваад байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тухайн орон тоо нь хасагдаагүй, цөөрүүлсэн гэж тайлбарласан. ББЭХС ТӨХК нь анх 8 орон тоотой ажиллаж байгаад 6 эсхүл 4 болгосон тохиолдолд цөөрүүлсэн гэдэг асуудал яригдана. Энэ тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлийг авч үзнэ. Байхгүй байсан орон тоог хэтрүүлж ажиллаж байсан. Удсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дахь хэсгийн 1.1-т заасан бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон болохыг ойлговол зохино гэж заасан. Энэ тохиолдолд хасагдсан орон тоонд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Монтёр гэдэг албан тушаал нь бүтэц орон тоонд байгаа боловч 6 хүн ажиллах орон тоо байгаа. Ийм учраас 8 хүн ажиллах боломжгүй. Хасагдсан орон тоонд ажиллаж байсан, хамгийн сүүлд хөдөлмөрийн харилцаанд орсон Б, Б нарын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь үндэслэлтэй байна. Хамгийн сүүлд ажилд орсон хүнийг ажлаас нь чөлөөлнө гэсэн зохицуулалт хөдөлмөрийн тухай хуульд байхгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Өмнө нь томилогдон ажиллаж байсан хүмүүс нь батлагдсан үндсэн орон тоонд ажиллаж байгаа. Батлагдсан орон тоон дээрээ ажиллаж байсан учраас ажлын байрандаа үлдсэн. Харин Батзориг, Б нар нь байхгүй орон тоонд ажиллаж байсан учраас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Яг ямар ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох гэж байгаа нь тодорхой бус байна. Эдгээр хоёр хүнийг буцаан томилох ажлын байр байхгүй. Ийм учраас ажил олгогчийн гаргасан Б/158 дугаартай тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч талаас  Ж.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, ББЭХС төрийн өмчит хувьцаат компанийн (цаашид ББЭХС ТӨХК гэх) гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/128 дугаартай, Ж.Быг ажиллуулах тухай тушаал, ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/179 дугаартай, Ж.Быг үндсэн ажилтнаар ажиллуулах тухай тушаал, ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаартай% ажлаас чөлөөлөх тухай тушаал, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай тэмдэглэл/шийдвэр, Ж.Б, өмгөөлөгч Т.Уянга нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас Увс аймгийн ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 574 дугаартай, Б.О-д олгосон итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар, ББЭХС ТӨХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, хавсралтуудын хамт, ББЭХС ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоол, нэг, хоёрдугаар хавсралтын хамт, ББЭХС ТӨХК-д хийсэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотоод хяналт шалгалтын ажлын тайлан, ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаартай, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэл хүлээн авсан тухай баримт, Увс аймгийн ББЭХС ТӨХК-аас Ж.Бд 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн 400 дугаартай мэдэгдэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл, өмгөөлөгч Б.Батгэрэл нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О төлөөлөх бүрэн эрхээс татгалзсан тухай баримт, хариуцагч П.Бгын зүгээс иргэн Ж.Од олгосон итгэмжлэл, Ж.Оы иргэний үнэмлэхийн хуулбар, ББЭХС хувьцаат компанийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 162 дугаар тушаал, ББЭХС ТӨХК-ийн захирлын 2016 ооы 11 дүгээр сарын 04-ний өдрийн 147 дугаар тушаал, ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 256 дугаар тушаал, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр тушаал, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/197 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/218 дугаар тушаал, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаал, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/72 дугаар тушаал, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ББЭХС ТӨХК-ийн хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг тус компаниас нотлох баримтаар гаргуулав.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд үйлдэгдсэн Б тушаалын баримтад үзлэг хийв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.Б нь ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаартай, Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч, хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ханджээ. Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос “...талууд тохиролцоогүй” үндэслэлээр 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр маргаан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тул нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд хандаж, ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...хариуцагч байгууллагын итгэмжлэл нь Улаанбаатар хотын дүүргийн нотариатаар хийлгэсэн итгэмжлэл байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийн этгээдийг итгэмжлэлээр төлөөлөх эрхтэй бол тухайн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т хуулийн этгээдээс авч байгаа итгэмжлэлд тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга дарна гэж заасан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон итгэмжлэл нь нотариатын тамгатай боловч хуулийн этгээдийг төлөөлж байгаа гэсэн нөхцөл байдал харагдахгүй байна. Энэ хэргийн хариуцагчаар хувь хүн П.Бга биш ББЭХС ТӨХК татагдсан. Ийм учраас тухайн хариуцагч хуулийн этгээдээс олгосон итгэмжлэл нь хуулийн этгээдийн хэвлэмэл хуудас дээр тухайн байгууллагын захирлын гарын үсэг, тамга тэмдэг дарагдсан байх ёстой. Гэтэл тухайн итгэмжлэлд ББЭХС ТӨХК-ийг төлөөлж байгаа нөхцөл байдал харагдахгүй байна. Иргэн П.Бга гэдэг хүнээс Ж.О гэдэг хүнд итгэмжлэл олгосон нөхцөл байдал харагдаж байгаа учраас өнөөдрийн олгосон байгаа итгэмжлэлээр Ж.О нь хариуцагч байгууллагыг төлөөлөх боломжгүй байна гэж үзэж байна. Ийм учраас итгэмжлэлийн асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэх санал гаргасан ба шүүхээс хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал П.Бгаас иргэн Ж.Од олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэв. Тодруулбал, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ББЭХС ТӨХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал П.Бгаас иргэн Ж.Бын нэхэмжлэлтэй, ББЭХС ТӨХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон байх бөгөөд тухайн итгэмжлэлд төлөөлүүлэгч буюу хуулийн этгээдийн эрх баригч гарын үсэг зурж, нотариат гэрчилсэн, тухайн итгэмжлэлээс хариуцагч ББЭХС ТӨХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал нь төлөөлж хэлцэл хийх замаар иргэн Ж.Од тухайн байгууллагыг төлөөлөх бүрэн эрх олгосон болох нь илэрхий ойлгомжтой  байх тул байгууллагын хэвлэмэл хуудсан дээр үйлдэгдээгүй, байгууллагын тамга дарагдаагүй гэсэн үндэслэлээр итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх заалтад заасан бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэж төлөөлүүлэгч болон төлөөлөгч нарын хүсэл зоригийг үгүйсгэх, иргэн Ж.Оыг тухайн байгууллагыг төлөөлөх эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч ББЭХС ТӨХК-ийг иргэн Ж.О төлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй гэж дүгнэв.

4. Нэхэмжлэгч талаас ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон талаар мэдэгдээгүй, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас авснаас хойш удаа дараа шинэ бүтэц, орон тооны талаар танилцахаар хандаж байсан боловч энэ талаар нэхэмжлэгчид танилцуулаагүй. Ж.Бд орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр биш, орон тоо хассан гэдэг үндэслэлээр мэдэгдэл өгсөн. Тухайн ажлаас чөлөөлсөн тушаал болон мэдэгдлийн агуулгыг үзэхэд хөдөлмөрийн харилцааг орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажил олгогчийн шийдвэрээр цуцалсан байна. Орон тоо хасагдсан гэх ойлголтыг Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг. Улсын дээд шүүхийн энэ тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг эрх зүйн актын 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу бүтэц, орон тоо хасагдсан гэдэг нь тухайн хуулийн этгээд, байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаал, ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж заасан. ББЭХС ТӨХК-ийн бүтцээс монтёр гэдэг 8 орон тоо нь бүгдээрээ байхгүй болсныг бүтэц орон тоо хасагдсан гэж ойлгоно. Тухайн байгууллагын бүтэц, орон тоонд монтёр гэдэг 6 орон тоо байна. Тийм учраас энэ байгууллагын бүтэц орон тоо хасагдаагүй байна. Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхдээ андуурч буруу хэрэглэсэн нь тухайн байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн эрх зүйн зарчим байдаг.

4.2. Нэхэмжлэгчийн ажлын байртай дүйцэх хэмжээний өөр ажлын байранд ажиллуулах боломжтой байхад энэ талаар ямар нэгэн санал гаргаагүй.

4.3. Ямар нэгэн шалгалт, шалгуургүйгээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус. Нэхэмжлэгч Ж.Бын аав Монгол ардын намын дотоод ажилд идэвхтэй оролцдог намын идэвхтэн хүн байдаг. Гүйцэтгэх захирал П.Бга нь намын дотоод сонгуульд өрсөлдсөн. Энэ сонгуульд нэхэмжлэгчийн аавыг түүний эсрэг санал өгсөн гэдэг үндэслэлээр ажлаа өг гэж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хууль, хамт гэрээ хэлэлцээрт орон тоо цөөрсөн тохиолдолд хамгийн бага хугацаатай ажилласан хүнийг чөлөөлнө гэсэн зохицуулалт байхгүй учраас дээрх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд 30 хоногийн өмнө мэдэгдэл өгнө гэж заасан. Нэхэмжлэгчид 6 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдлээ гардуулж өгсөн. Гэтэл уг өдрөөс хойш сарын хугацааг тооцвол Иргэний хуулийн 77 дугаар зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу тооцвол сарын хугацаа өнгөрснөөс хойш буюу 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Хөдөлөмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу 30 хоногийн дотор мэдэгдэл өгнө гэж тооцвол 8 дугаар сарын 02-ноос хойш 30 хоногийн өмнө өгөхийг хэлнэ. 7 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл өгөх ёстой байсан. Гэтэл 7 сард Ж.Бд мэдэгдэл өгсөн зүйл байхгүй байна.

4.5. Байгууллагын хамтын гэрээнийн 2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулсан байна. Тус гэрээний 2.2-т ажлын байрыг олноор цөөрүүлэх, хөдөлмөрийн хөлсний хэмжээг зохицуулах, орон тоо, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхэд аж ахуйн нэгж байгууллага буюу ажил олгогч нь бүтэц хийхээс 1 сарын өмнө холбогдох үйлдвэрчний эвлэлийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т хөдөлмөрийн хамтын гэрээг ажил олгогч дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй байна. Тухайн байгууллагынхаа бүтцийг батлахаас өмнө үйлдвэрчний эвлэлд мэдэгдээгүй, баталсныхаа дараа ажилчдадаа шинэчилсэн бүтцээ танилцуулаагүй. Ж.Быг аль үндэслэлээр нть чөлөөлж байгаагаа мэдэгдээгүй учраас мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.

5. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.

5.1. Эрчим хүчний яамны  Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хийгдсэн шалгалтын хүрээнд ашиглалт засварын алба нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан бүтцийг 2021 онд 2 орон тоогоор, 2022 онд 4 орон тоогоор хэтрүүлэн ажиллаж байгаа гэх дүгнэлт гарсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолоор компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан ба тус тогтоолд ашиглалт засварын алба нь ашиглалт засварын хэлтэс нэртэйгээр, хэлтсийн дарга 1, ашиглалт засварын ахлах инженер 1, механик инженер 1, ашиглалт засварын инженер 1, шугамын мастер 1, монтёр 6, монтёр жолооч 2, тоноглолын инженер 1, тоноглолын мастер 1, машин механизмын техникч 3, гагнуурчин 1, жолооч 3 нийтдээ 22 бүтэц орон тоотойгоор батлагдсан. Тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаж ажиллах үүрэг чиглэл ирүүлсэн тул засварын монтёроор ажиллаж байсан Ж.Б, Батзориг нарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж, зөрчлийг арилгаж, шинээр батлагдсан бүтцийн хүрээнд ажиллаж байна. Ж.Быг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/128 тоот тушаалаар ББЭХС ТӨХК-ийн монтёроор томилж ажиллуулсан. Бусад монтёрууд болох С нь 6 жил, Ө 6 жил, П 10 жил, Ж 6 жил, А 4 жил, Ц 7 жил, Ж.Б 9 сар тус тус ажилласан. Дээрх хүмүүсийн ажилласан хугацааг тооцож үзэхэд ажлын дадлага туршлага, ажилласан жилийг нь харьцуулахад бусад ажилчдаас бага байсан учраас ажлаас нь чөлөөлсөн. Хамгийн бага жил, богино хугацаанд ажилласан Ж.Быг ажлаас чөлөөлсөн захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй. Хамгийн сүүлд ажилд орсон хүнийг ажлаас нь чөлөөлнө гэсэн зохицуулалт хөдөлмөрийн тухай хуульд байхгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Өмнө нь томилогдон ажиллаж байсан хүмүүс нь батлагдсан үндсэн орон тоонд ажиллаж байгаа. Батлагдсан орон тоон дээрээ ажиллаж байсан учраас ажлын байрандаа үлдсэн. Харин Батзориг, Б нар нь байхгүй орон тоонд ажиллаж байсан учраас чөлөөлөгдсөн.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх мэдэгдлийг бичгээр ажил олгогчийн зүгээс ажилтанд мэдэгдсэн.

5.3. Хувийн ашиг сонирхол, намын дотоод үйл ажиллагааны үзэл бодлын улмаас намайг ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн нь үндэслэлгүй. Энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй.

5.4. Нэхэмжлэгч нь шалгалт, шалгуургүйгээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус байна гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл Ж.Бын ажиллаж байсан орон тоог хассан биш, байхгүй байсан орон тоонд авч ажиллуулсан байсан. Энэ нь байгууллага удирдлага нь эрх мэдлээ хэтрүүлсэн алдаа байх магадлалтай.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Ж.Быг ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/128 дугаар тушаалаар тус компанийн Засварын албаны монтёрын ажлын байранд туршилтын хугацаагаар ажиллуулахаар томилжээ. Улмаар туршилтын 3 сарын хугацаа дууссаны дараагаар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар Ашиглалт, засварын албаны засварын монтёрын ажлын байранд авч ажиллуулжээ.

6.2. ББЭХС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” 04 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар ББЭХС ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ. Тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлахаас өмнө ББЭХС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 02 дугаар тогтоолоор баталсан бүтцийн дагуу тус компани нь Ашиглалт засварын албатай, тус алба нь засварын монтёрын 4 орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан бол Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Ашилалт засварын алба нь Ашиглалт засварын хэлтэс болж өөрчлөгдөж, монтёрын орон тоо 6 болж нэмэгдсэн болох нь хэрэг авагдсан тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тогтоогдож байна. Тодруулбал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд ББЭХС ТӨХК-ийн Ашиглалт засварын хэлтсийн монтёрын орон тоо хасагдсан, цөөрсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх ба монтёрын орон тоо нэмэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Гэвч хариуцагч байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны зүгээс 2021 онд ашиглалт засварын албаны монтёрын 4 орон тоон дээр 6 ажилтан ажиллуулсан бол 2022 онд 8 ажилтан ажиллуулж, батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлэн ажилтан ажиллуулсан болохыг Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газраас ББЭХС ТӨХК-д хийсэн хяналт шалгалтаар тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дүгнэлт үйлджээ.

Хариуцагч талаас хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг залруулж, батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд үйл ажиллагаа явуулах зорилгоор тухайн байгууллагын бүтцээс Ашиглалт засварын албаны монтёрын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, гүйцэтгэх захирлын онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 3.19 дэх заалт, хамтын гэрээний 6.7 дахь заалтыг баримтлан Ж.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. Ажил олгогчийн зүгээс ийнхүү нэхэмжлэгч Ж.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд тус мэдэгдэлд “...бүтэц орон тооны өөрчлөлтөөр засварын монтёрын орон тоог танасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх болсныг үүгээр мэдэгдье” гэжээ.

Байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан батлагдсан орон тооноос хэтрүүлэн ажилтан авч ажиллуулсан нь ажилтныг буруутгах үндэслэл болохгүй. ББЭХС ТӨХК-ийн бүтцээс монтёрын орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй харин монтёрын орон тоо нэмэгдэж 6 болсон байхад хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан орон тоо хасагдсан гэж үзэж, батлагдсан орон тооноос илүү ажиллаж байсан 4 монтёроос хамгийн сүүлд томилогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэв. Тодруулбал, ажил олгогчийн зүгээс байгууллагын батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд үйл ажиллагаа явуулах зорилгоор зарим монтёрын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхтэй боловч ажил олгогчийн шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх ёстой. Энэ тохиолдолд хариуцагч байгууллага нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ТУЗ-ийн 04 дүгээр тогтоолоор батлагдсан бүтцийн дагуу Ашиглалт засварын хэлтэст шинээр нэмэгдсэн монтёрын 2 орон тоон дээр тухайн байгууллагад монтёрын орон тоон дээр илүү ажиллаж байсан 4 монтёроос Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан журмын дагуу сонгон шалгаруулж томилох байжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс тухайн нөхцөлд монтёрын орон тоон дээр илүү ажиллаж байсан 4 монтёроос шинээр нэмэгдсэн 2 монтёрын орон тоон дээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын наймдугаар бүлгийн 8.1.1, 8.1.2, 8.1.5 дахь заалтад заасан журмын дагуу сонгон шалгаруулж томилсон бол ажил олгогчийн шийдвэр бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий болно. Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.2 дахь хэсэгт “байгууллагын өмнө тавигдсан зорилтуудыг ханган биелүүлэх явцад зайлшгүй шаардлагатай ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор зохих мэргэжил эзэмшсэн иргэнийг ажилд авахдаа үнэнч шударга байдал, ажиллах сонирхол, боловсролын түвшин, мэргэжил эзэмшсэн болон урьд ажил эрхэлж байсан байдал, дадлага туршлага, мэдлэг чадвар, эрүүл мэнд, сахилга бат зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасныг баримтлан сонгон шалгаруулалт хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул өмнөх ажил олгогчийн алдааг засварлах зорилгоор хамгийн сүүлд ажилд томилогдсон Ж.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэх ажил олгогчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Иймд тухайн байгууллагын бүтцээс монтёрын орон тоо хасагдсан гэх агуулгатай мэдэгдэл хүргүүлж, хамгийн сүүлд ажилд томилогдсон гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгч Ж.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаал нь тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 14.3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн нийцээгүй гэж дүгнэв.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Быг өмнө эрхэлж байсан ББЭХС ТӨХК-ийн Ашиглалт, засварын хэлтсийн монтёрын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Түүнчлэн, хариуцагч байгууллагын удирдлагын зүгээс тухайн нөхцөлд Ашиглалт, засварын хэлтсийн монтёрын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13.2.16 дахь хэсэгт “...хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах” гэж заасныг биелүүлээгүй байх ба ажил олгогчийн дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтад заасан ажил олгогчийн хүлээх үүргийг мөн зөрчсөн шинжтэй байна.  Иймд нэхэмжлэгч Ж.Бын адил чанарын өөр ажлын байр санал болгоогүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ББЭХС ТӨХК-ийн ТУЗ-аас 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас саналыг аваагүй, хамтын гэрээг зөрчсөн гэж маргаж байгаа боловч энэ тохиолдолд ББЭХС ТӨХК-ийн бүтцийг шинэчлэн баталсан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоол үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгч талаас Монгол ардын намын дотоод сонгуульд нэхэмжлэгч Ж.Бын аав оролцож, ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бгын эсрэг санал өгсөн тул гүйцэтгэх захирал П.Бга нь дээрх шалтгаанаар нэхэмжлэгч Ж.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал П.Бга нь улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж нэхэмжлэгч Ж.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасан 30 хоногийн хугацааг зөрчсөн гэж маргаж байгаа боловч хариуцагч нь 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Ж.Бд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлж, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гаргасан байх тул хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацааг баримтлаагүй гэж буруутгах боломжгүй байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх тухай зохицуулалт нь 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн бол 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гаргахыг ажил олгогчид үүрэгжүүлсэ зохицуулалт бус харин ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд 30 буюу түүнээс доошгүй хоногийн өмнө ажилтанд мэдэгдэхийг үүрэгжүүлсэн шинжтэй зохицуулалт байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...нэхэмжлэгч Ж.Б нь тухайн мэдэгдлийг мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авахдаа уг мэдэглийг хүлээн авахаас татгалзаж, мэдлэг чадварын талаар сонгон шалгаруулалт хийж өгөх талаар санал хүсэлт гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. 2023 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн Б/158 тоот тушаалаар 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжлэгчийн 5064188913 тоот дансанд 3,624,046 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь ажлаасаа чөлөөлөгдсөнөө мэдэж байсан, хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн маргаангүй гэдгээ нотолж байна. Нэхэмжлэгч нь би ажилдаа эргэн орох ёстой, үндэслэлгүй халагдсан гэж үзэж байсан бол тэтгэмжээ байгууллагын дансанд хийх үүргээ биелүүлээгүй...” гэж маргаж байгаа боловч шинээр нэмэгдсэн 2 монтёрын орон тоон дээр илүү ажиллаж байсан 4 монтёроос сонгон шалгаруулалт хийж ажилд авах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд ажилтны хүсэлтээр явагддаг ажиллагаа биш юм. Иймд нэхэмжлэгч Ж.Б сонгон шалгаруулалт явуулах тухай хүсэлт гаргаагүй байх нь түүнийг ажлаас чөлөөлөгдөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг  үндэслэлтэй эсэхийг маргаан шийдвэрлэх байгууллагаах хянан шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгчийг ажил олгогчоос олгосон тэтгэмжийг буцаан шилжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээж, түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл шаардах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн ББЭХС хувьцаат компанийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 162 дугаар тушаал, ББЭХС ТӨХК-ийн захирлын 2016 ооы 11 дүгээр сарын 04-ний өдрийн 147 дугаар тушаал, ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 256 дугаар тушаал, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр тушаал, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/197 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/218 дугаар тушаал, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаал, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/72 дугаар тушаал, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалуудыг хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан шүүхэд гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “44.2.Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.... гэх нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

7. Ж.Бын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ББЭХС ТӨХК-с улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Быг өмнө эрхэлж байсан ББЭХС ТӨХК-ийн Ашиглалт, засварын хэлтсийн монтерын ажлын байранд эгүүлэн тогтоосугай.

2. Ж.Бын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ББЭХС ТӨХК-с улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА