Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/551

 

      2023         05           25                                         2023/ДШМ/551

Ц.Аод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

хохирогч Х.Бын өмгөөлөгч Г.Ичинхорол,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Аод холбогдох 2205013252127 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Ц-ийн А, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э...., боловсролгүй, жолооч, тогооч мэргэжилтэй, “...” ХХК-д хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 3 сар, 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 2 сар 20 хоногийг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сар 20 хоногийн хорих ял оногдуулж, 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 914 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 54 дүгээр захирамжаар 2 жил 8 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож, 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 22/43 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

            Ц.А нь 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Энэрэл” дэлгүүрийн агуулахад нэвтэрч, зөөврийн компьютерүүд, гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Х.Бд нийт 4.257.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овгийн Ц-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Аод 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аод оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Аын цагдан хоригдсон нийт 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Аоос 390.000 /гурван зуун ерэн мянга/-н төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Т.Оюунцэцэгт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ц.А нь хохирогч Х.Бд 3.968.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Аод өмнө авсан “Хувийн баталгаа гаргах” болон “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Аод өмнө авсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг сануулж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Ц.А нь өөрийн хийсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдсэн гэм буруу дээр огт маргаагүй ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдаг. Мөн Ц.А нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны гудамж, 10а тоотод өөрийн ээж Д.Байгальхүүгийн хамт амьдран суудаг ба түүний ээж болох Д.Байгальхүү нь нурууны хүнд өвчний улмаас байнгын асаргаа сувилгаанд байдаг бөгөөд миний үйлчлүүлэгч өөрийн гэр бүлийн амьжиргааг залгуулж ажил хөдөлмөр эрхэлж ээжийгээ асардаг. Түүнчлэн Ц.А нь эцэг хүний үүргээ биелүүлж өөрийн төрсөн охин А.Энэрэлийг тэжээн тэтгэж, байнгын туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Миний үйлчлүүлэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдаг ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангасан байгааг харгалзан үзэж, энэ зүйл заалтыг хэрэглэж оноосон ялыг багасгаж өгнө үү.” гэв.

            Хохирогч Х.Бын өмгөөлөгч Г.Ичинхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч “миний үйлчлүүлэгч урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан боловч хүндрүүлэх нөхцөл байдал байгаагүй” гэж тайлбарласан боловч шүүгдэгч Ц.А нь дахин гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хэдийгээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг заавал хэрэглэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Аын үйлдсэн гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Аын хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдлыг харгалзан хуульд заасан хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ц.А нь 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Энэрэл” дэлгүүрийн агуулахад нэвтэрч, зөөврийн компьютерүүд, гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Х.Бд нийт 4.257.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Бын “...2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ...манай агуулахын ажилчид болох н.Наранхүү менежер даргалаад, н.Мандах, н.Номин, н.Төрболд, н.Дэлгэрдаваа, н.Одгэрэл нар агуулахад ажиллаж байгаад орой 21 цагийн үед хаалгаа цоожлоод явсан байсан. Маргааш өглөө нь 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 09 цагийн үед над руу байгууллагын менежер болох н.Наранхүү утсаар залгаад “агуулахад хулгай орсон байна” гэж хэлсэн. Би цагийн дотор буюу 10 цагийн үед агуулах дээр ирэх үед хаалганы хажуу талын цонх онгорхой доторх эд зүйлс эмх замбараагүй, гутлын мөр ихтэй байсан. Манай агуулахаас байгууллагын “Самсунг А9 про” загварын гар утас, “Самсунг” загварын нөүтбүүк, “Делл” загварын нөүтбүүк, ТЖ загварын нөүтбүүк, Асер загварын нөүтбүүк, Ленова загварын нөүтбүүк нар алдагдсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Делл загварын нөүтбүүкийг 2022 оны 3 сард компьютер ландаас 1.850.000 төгрөгөөр худалдаж авсан, саарал нөүтбүүк, Самсунг загварын нөүтбүүкийг 2021 оны 09 сард 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан, саарал өнгийн нөүтбүүк, ТЖ загварын нөүтбүүкийг 2021 оны 9 сард 650.000 төгрөгөөр худалдаж авсан, хар өнгийн нөүтбүүк байсан, Асер загварын нөүтбүүкийг 2021 оны 9 сард 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан, саарал өнгийн нөүтбүүк байсан, Ленова маркын нөүтбүүкийг АНУ-аас 2011 онд худалдаж авсан, саарал өнгийн нөүтбүүк байсан, “Самсунг А9 про” загварын гар утсыг 2021 оны 9 сард 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Хар өнгийн гар утас байсан. Манай агуулахын камерын бичлэгт үл таних эрэгтэй орж ирээд дээрх эд зүйлсийг авч явж байгаа дүрс бичлэг байсан. ...” /1хх 22-23, 188-189/,

гэрч С.Наранхүүгийн “...2022 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагт ирээд ажлаа хийж байгаад орой 21 цагийн үед Мандах, Номин, Төрболд, Одгэрэл, Дэлгэрдаваа нарын хамт агуулахаас гараад үүдээ цоожлоод явсан. 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өглөө гэртээ байж байсан чинь Нарангэрэл залгаад “агуулахад хулгай орсон байна” гэж хэлсэн. Би өөрийн ажлын байр дээр ирсэн чинь хаалганы зүүн талд байх цонх онгорхой байдалтай байсан. Би хаалгаар ороод дотор байх эд зүйлээ бүртгэсэн чинь нийлүүлж тавьсан 2 ширээн дээр байсан 4 ширхэг Самсунг маркийн, Делл маркийн, Эл жи маркийн нөүтбүүк байхгүй байсан. Би уг ширээний цаад талд байх ширээн дээр очоод харсан чинь Делл маркийн нөүтбүүк, мөн Самсунг А9 про маркийн утас байхгүй байсан. ...” /1хх 29-30, 186-187/,

гэрч Б.Солонгын “...Би барьцаалан зээлдүүлэгч “Фон” ХХК-ийг ажиллуулдаг. Тухайн өдөр Туулайхүү гэдэг хүн ажиллуулж байсан. 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Цэнгэл овогтой Ариунболд гэх хүн гар утас, нөүтбүүк хоёрыг өөрийн иргэний үнэмлэхээр 300.000 төгрөгөөр тавьсан. Тухайн хүн нь дахин гар утас болон нөүтбүүкээ аваагүй. Мөн хугацаагаа сунгуулаагүй. Манай байгууллагын журамд 14 хоногийн дотор өөрийн эд зүйлээ аваагүй тохиолдолд байгууллагын өмч болно гэж үйлчлүүлэгчдэд сануулдаг. Тухайн хүн нь ирж өмчөө аваагүй учраас би хүмүүст зарсан. ...Ямар ч байсан Цэнгэл овогтой Ариунболд ЧО84121676 гэсэн регистртэй хүн өөрийн 5001650009 дугаарын дансаар 300.000 төгрөг авсан. ...” /1хх 32-34/,

гэрч Д.Туулын “...Би 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах “Фон” ХХК-д ажиллаж байсан. Манайхаас зээл хүсэж байгаа хүн өөрийн цахим иргэний үнэмлэх, мөн өөрийн гадаад паспорттой хүнд үйлчилдэг. Тухайн хүн манайд орж ирээд Леново маркийн нөүтбүүк, Самсунг загварын А-9 про маркийн гар утас барьцаанд тавихаар орж ирсэн. Би тухайн хүнээс бичиг баримтыг нь шаардаж Цэнгэл овогтой Ариунболд гэсэн өөрийнх нь иргэний цахим үнэмлэхээр үйлчилгээ үзүүлсэн. Тухайн хүн өөрөө мөн байсан. Тэгээд би үйлчилгээ үзүүлсэн. Харьцуулан хараад тулгалт хийхэд тухайн хүн өөрөө мөн байсан ба барьцааны тал мөнгийг нь тухайн Ариунболд гэж хүн өөрийн Хаан банкны дансаа хэлээд өөрийнхөө дансаар авсан. Тухайн барьцаанд тавьсан эд зүйлээ буцааж аваагүй манайх гэрээнд заагдсан эрх үүргийн дагуу тухайн хүний эд зүйлийг хураан авч худалдан борлуулж байгууллагын мөнгөө гарган авсан. ...” /1хх 43-44/,

иргэний нэхэмжлэгч Т.Оюунцэцэгийн “...Цэнгэл овогтой Ариунболд гэж хүнийг огт танихгүй ямар нэг харилцаа холбоо байхгүй. Тухайн 353571101252719 име дугаартай “Самсунг А-9 про” загварын гар утсыг одоо манай төрсөн хүү болох Э.Жавхлантөгс ашиглаж байгаа. Би 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Драгон төв”-ийн 2 дугаар давхраас 390.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн төвийн гар утас худалдааны 205 дугаар лангуунаас баталгааны хуудас бичүүлээд авсан. Тухайн лангууны худалдагч надад уг гар утсыг “Солонгос улсаас орж ирсэн, Монголд огт хэрэглээгүй утас” гэж зарсан. Тухайн гар утсыг худалдаж авахад гар утсанд ямар нэгэн гэмтэл байгаагүй, аваад ашиглаж байгаад манай хүү уг утасны урд талын нүүрэн дэлгэцийн шилийг зүүн дээд, доод буланд нь тус тус хагалсан байсан. Гар утас худалдаж авсан төлбөрөө төлөхдөө өөрийн Хаан банкны 5029950192 тоот данснаас Javkhlan utas гэсэн утгатай тухайн хүний данс руу шилжүүлсэн. ...” /1хх 26-27/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-17/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /1хх 110/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 121/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Ц.Аыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Аын Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Энэрэл” дэлгүүрийн агуулахад нэвтэрч, зөөврийн компьютерүүд /Dell брендийн, 2021 онд худалдаж авсан, хуучин, TG брендийн, 2021 онд худалдаж авсан, хуучин, Acer брендийн, 2021 онд худалдаж авсан, хуучин, Samsung  брендийн i5 8-р үе, 2021 онд худалдаж авсан, хуучин, Samsung брендийн A9 Pro загварын, 2021 онд худалдаж авсан, хуучин, Lenovo маркийн 2011 онд АНУ-аас худалдаж авсан зөөврийн/ гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Х.Бд нийт 4.257.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Аын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн “...Миний үйлчлүүлэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдаг ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангасан байгааг харгалзан үзэж, энэ зүйл заалтыг хэрэглэж оноосон ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Ц.А нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, учруулсан хор хохирлын гэм бурууд нь тохирсон ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Б.Солонго, Д.Туул нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.А нь өөрийн хулгайлсан эд зүйл болох “Леново” маркийн нөүтбүүк, “Самсунг” загварын А-9 про маркийн гар утас зэргийг барьцаалан зээлдүүлэх газар тавьж, ашиг олж өөрийн санхүүгийн хэрэгцээг хангаж байсан байна. Тодруулбал, хэргийн 1 дүгээр хавтасны 44 дүгээр хуудас дахь мэдүүлэг, 110 дугаар талд авагдсан барьцаат зээлийн гэрээний хуулбар зэргээр 300.000 төгрөгийн орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамааруулж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс гаргуулахаар Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан.

Гэтэл, анхан шатны шүүх шүүгдэгчийн дээрх гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 300.000 төгрөгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулаагүй орхигдуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Аоос гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.А нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны энэ өдрийг хүртэл 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ