Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 116/ШШ2024/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:  байрлах, “******* групп” ХХК /РД:*******/

            Хариуцагч: Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын хооронд үүссэн “Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “******* групп” ХХК-ийн зүгээс Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдуулан, “Халхгол сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/03 дугаар захирамжаар “...Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т “Сум дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж, Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолыг 8 дугаар хавсралт “Иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэх газрын дээд хэмжээ нь Байгалийн хадлан бэлтгэлийг дагнах эрхлэх зориулалтаар аймагт 1500 га хүртэл” гэж тус тус заасныг зөрчиж “ ” ХХК-д 10000 га, “******* групп” ХХК-д 20000 га газрыг хадлан хадах зориулалтаар 15 жилийн хугацаатай, “******* групп” ХХК-д 5000 га газрыг хадлан хадах зориулалтаар 10 жилийн хугацаатай, “******* групп” ХХК-д 5000 га, Улаанбаатар хотын иргэн С.*******д 5000 га газрыг хадлан хадах зориулалтаар 5 жилийн хугацаатай тус тус ашиглуулсан сумын Засаг даргын 2015 оны А/08, А/09, А/17, А/27, 2016 оны А/173 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, ... захирамж гарсантай холбогдуулан хадлан хадах гэрээг цуцалж, ...”******* групп” ХХК-д мэдэгдэхийг газрын даамалд үүрэг болгож” [1] шийдвэрлэсэн байна.

2.2. “******* групп” ХХК-аас Халхгол сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Дорнод аймгийн Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хандсан[2] бөгөөд, аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/50 дугаар албан бичгээр “...Захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн байна.

2.3. “******* групп” ХХК-аас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд хандаж Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. [3]

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “******* групп” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/09 дугаар захирамжийн дагуу ...Халхгол сумын Ялалт багийн нутаг дэвсгэрт байрлах “Малын тэжээл бэлтгэх, хадлан бэлтгэх” зориулалттай, 20000 га газрыг 15 жилийн хугацаатай ашиглах болсон. Гэтэл Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/03 дугаар захирамжаар манай компаний газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтын 3 дахь хэсгийг тус тус үндэслэн цуцалж, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Засаг дарга нь тухайн захиргааны актыг гаргахдаа хуульд нийцүүлэх, хууль баримтлах үүрэгтэй атал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасныг зөрчин хуульд нийцээгүй захиргааны акт гаргасан байх бөгөөд ийнхүү шийдвэр гаргаснаа ч хуульд заасан журмын дагуу манай компанид мэдэгдээгүй. Түүнчлэн сумын Засаг дарга захирамжийнхаа хууль эрх зүйн үндэслэлээ хууль журмыг үндэслэлгүйгээр буруу тайлбарлан хэрэглэсэн байгаа нь уг захирамж хуульд нийцээгүйг илтгэж байна. Манай компани газрыг гэрээ, гэрчилгээ болон холбогдох хууль дүрэм, журамд заасны хүрээнд зориулалтын дагуу ашиглаж байсан бөгөөд ийнхүү манай эрхийг хууль бусаар цуцалж байгаа нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна. Улмаар манай компаний Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох Дорнод аймгийн Засаг даргад энэхүү асуудлаар 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасан боловч аймгийн Засаг даргаас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1/50 дугаар албан бичгээр манай гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн атлаа “Халхгол сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/03 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэх хариуг өгсөн тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/03 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж нь эрх зүйн зөрчилтэй хууль бус байх тул захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт нь хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар захирамж гаргасан байсан. Өмнөх Засаг даргын шийдвэр хуульд нийцээгүй бол дээрх хуулийн зохицуулалтыг удирдлага болгох хэрэгтэй. Мөн Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасныг баримталж, Засгийн газрын тогтоолыг дурдсан.  Маргаан бүхий акт нь Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримталсан байх ёстой юм. Анх газар олгосон шийдвэр нь маргаан бүхий акт хоёрын дунд зөрчилдөөнтэй зохицуулалт байх ёстой гэж үзэж байна. Маш тодорхой бие даасан зохицуулалттай заалт байгаа. Тиймээс ойлгомжгүй гэж хэлмээр байна. Анх газар олгохдоо иргэдийн Хурлаас санал авсан эсэх нь тодорхой бус байна. Эсвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 44 дүгээр тогтоол нь үндэслэлгүй, хуурамч эсэх нь мэдэгдэхгүй байна. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь тодорхой, бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий байх ёстой байтал нийцэхгүй байна гэж харж байна. Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолыг баримталсан гэж дурдсан бөгөөд уг тогтоол нь эрс өөр тогтоол юм. Тиймээс техникийн алдаа гэж үзэж байна.. Захиргааны акт гаргах ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хийгдээгүй, зарчим бүхэлдээ зөрчигдсөн, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжээгүй байна. Одоо худалдаад авчихсан байгаа тоног төхөөрөмж болон үйл ажиллагаагаа төлөвлөсөн бол яах вэ? Мөн гаргасан шийдвэрээ хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, өөрийнх нь тайлбараас харахад шийдвэр гаргасны дараа ажилтанд мэдэгдсэн гэж ярьж байна. Энэ нь хуулийн шаардлагыг хангаагүй болохыг харуулж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

 

3.3. Хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын 2015 оны А/09 дүгээр захирамжаар “Ялалт” багийн нутаг дэвсгэр ******* модоос *******ийн нуур хүртэлх газарт хадлан хадах зориулалтаар “******* групп” ХХК-д 20000 га газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу үндсэн үүргээ хэрэгжүүлсэн. Тухайн газар нь Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийг бүхэлд нь ноцтой зөрчсөн учраас тухайн захирамжийг гаргах болсон. Газрын тухай хуульд хадлангийн талбайг жил бүр олгож явахаар заасан байдаг. Гэтэл энэ хуулийг зөрчиж 15 жилээр олгосон нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хадлангийн газрын талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хувьд гэрээний дагуу жил бүр олгох ёстой байдаг. Мөн Засгийн газрын 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтад “Байгалийн хадлан бэлтгэлийг дагнан эрхлэх ААН-д 1500 га хүртэл үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх” заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хамгийн дээд хэмжээг заасаар байтал их хэмжээгээр газар олгосон гэж үзэж байгаа.

Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 44 дүгээр тогтоолыг зөрчиж газар олгосон гэж үзэж байна. ******* мод ******* гэдэг газар нь 23 км-ийн зайтай газар бөгөөд уг газрыг олгосон нь үндэслэлгүй юм. Иймээс өмнөх Засаг даргын гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд, нэхэмжлэгч “******* групп” ХХК-аас “... Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэх шалтгааны улмаас гадаад улсад зорчсон тул хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулан хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн хүсэлт[4] ирүүлж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд “Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх” санал гаргасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ыг шүүх хуралдаанаас чөлөөлж, түүнийг оролцуулалгүйгээр хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн болно.

3. Нэхэмжлэгчээс, “Засаг дарга нь тухайн захиргааны актыг гаргахдаа хуульд нийцүүлэх, хууль баримтлах үүрэгтэй атал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасныг зөрчин хуульд нийцээгүй захиргааны акт гаргасан байх бөгөөд ийнхүү шийдвэр гаргаснаа ч хуульд заасан журмын дагуу манай компанид мэдэгдээгүй.” гэж тайлбарладаг.

4. Хариуцагчаас, “Газрын тухай хуульд хадлангийн талбайг жил бүр олгож явахаар заасныг зөрчиж, 15 жилээр олгосон нь хуулийг ноцтой зөрчиж, мөн Засгийн газрын 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтад “Байгалийн хадлан бэлтгэлийг дагнан эрхлэх ААН-д 1500 га хүртэл үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх” гэж заасныг зөрчиж “******* групп” ХХК-д газар олгосон байсан.  Хуульд заасан үүргээ биелүүлж, захирамжийг хүчингүй болгосон” гэж маргадаг.

5. Маргаан бүхий Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/03 дугаар захирамжаар: ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн ... “******* групп” ХХК-д 20000 га газрыг хадлан хадах зориулалтаар 15 жилийн хугацаатай ашиглуулсан сумын Засаг даргын 2015 оны А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож[5] шийдвэрлэсэн байна.

6. Халхгол сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Хадлангийн талбай ашиглуулах тухай” А/09 дүгээр захирамжаар: “... Улаанбаатар хотын “******* групп” ХХК-д Ялалт багийн нутаг ******* модоос *******ийн нуур хүртэлх газарт 20000 га газрыг хадлан хадах зориулалтаар  15 жилийн хугацаатайгаар ашиглуулсугай” гэжээ.

7. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д “Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заажээ.

8. Дээрх заалтаас, хадлан авах талбайг хуваарилах эрх хэмжээг сум, дүүргийн Засаг даргад олгохдоо “жил бүр хуваарилах” эрх хэмжээтэйгээр олгосон, өөрөөр хэлбэл тухайн жилийн хувьд хадлангийн талбай ашиглуулахаар зохицуулжээ.

9. Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Тайлан хэлэлцэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 44 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар  сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн газар зохион байгуулалтын 2015 төлөвлөгөөг баталж[6], уг тогтоолын хавсралтаар “Гэрээгээр ашиглуулах хадлангийн талбайн хэмжээ, байршил”-ыг тогтоосон бөгөөд, Ялалт баг, Ташгай багт, Тамсаг, Нитр, Сангийн далай Ахай худаг, Адаг дулаан, Хулстай гэсэн байршилд, ашиглах талбайг 50.000 га, сэлгэж хадах хугацаа, сарыг 7, 8, 9 дүгээр сар, сайжруулалт хийх арга хэмжээг 7, 8, 9 дүгээр сард байхаар тогтоосон байна. [7]

 10. Гэтэл Сумын Засаг даргын 2015 оны А/09 дүгээр захирамжаар “******* групп” ХХК-д “15 жилийн хугацаатай ашиглуулсугай” гэж, хадлангийн талбайг 15 жилийн хугацаагаар олгосон нь Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д заасныг болон дээрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “2015 онд, 7-9 дүгээр сард гэрээгээр хадлангийн талбай ашиглуулах”-аар тогтоосныг зөрчсөн байна.

11. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай /Газрын төлөв байдал, чанарын баталгаа хийх журам/ 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар “Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээ”-г баталсан бөгөөд, “байгалийн хадлан бэлтгэлийг дагнан эрхлэх аж ахуйн нэгжид аймагт 1500 га хүртэл” хэмжээгээр олгохоор тогтоосон[8] байна.

12. Гэтэл Сумын Засаг даргын 2015 оны А/09 дүгээр захирамжаар “******* групп” ХХК-д “Ялалт багийн нутаг ******* модоос *******ийн нуур хүртэлх газарт 20000 га газрыг” ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Засгийн газрын дээрх тогтоолд заасан байгалийн хадлан бэлтгэлийг дагнан эрхлэх аж ахуйн нэгжид аймагт 1500 га хүртэл олгох хэмжээнээс хэтрүүлэн олгосон, хууль бус болжээ.

13. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

Маргаан бүхий 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/03 дугаар захирамжаар, “******* групп” ХХК-д хуульд заасан газар ашиглуулах хугацаа болон хадлангийн зориулалтаар ашиглуулах газрын хэмжээг зөрчиж,  20000 га газрыг 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах шийдвэр гаргасан 2015 оны А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, дээрх зохицуулалтын агуулга, зорилгод нийцсэн шийдвэр гаргасан байна.

14. Нэхэмжлэгчээс, Халхгол сумын Засаг дарга нь маргаан бүхий  2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/03 дугаар захирамжийг гаргахдаа “******* групп” ХХК-д урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэж мэдүүлдэг бөгөөд хариуцагч “сонсох ажиллагаа хийгээгүй” болохоо хүлээн зөвшөөрдөг.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулах нь шаардлагатай тайлбар, мэдээллийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдээс урьдчилан гаргуулах, үүгээрээ шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилготой. Энэ тохиолдолд сонсох ажиллагаа явуулснаар бодит нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийг зөрчиж гаргасан шийдвэр зөвтгөгдөх боломжгүй, шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхгүй тул энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна.

15. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “******* групп” ХХК-ийн Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Халхгол сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* групп” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    В.ДАВААНЯМ

 

[1] Хавтаст хэргийн 33-р хуудас

[2] Хавтаст хэргийн 19-20, 36 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 1-3-р хуудас

[4] Хавтаст хэргийн 104 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 79 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас