Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 318/ШШ2025/00057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.А,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь З.Аы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. З.А нь 1983 оны 6 дугаар сарын 1-ний өдөр цэргийн албанд татагдан 151 дүгээр ангид 1983 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 1986 оны 6 сарын 15-ны хүртэл цэргийн хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1987 оны 2 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар /хашаа барих, худаг гаргах, малчдад туслах гэх мэт/ ажиллаж байсан. З.А нас өндөр болж тэтгэвэрт гарах болох үед тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон ажлаас гарсан туршил олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан юм. Ийид аймгийн архивын лавлагаа бусад бичиг баримтыг үндэслэн З.Аы Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1987 оны 2 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үүгэжээ.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, өөрийн хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Ц.Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан З.Аы Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 2-3, 5, 7-8, 10, 1988 оны 1, 3-5, 9-11, 1989 оны 9, 1990 оны 6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архиваас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06/1527 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, П.Бгийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 237 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Бийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 246 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 72 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч П.Б, Б.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн З.Аы Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1987 оны 2 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч З.Аы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.А нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Увс аймгийн Архивын тасгаас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан З.Аы Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 2-3, 5, 7-8, 10, 1988 оны 1, 3-5, 9-11, 1989 оны 9, 1990 оны 6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

БНМАУ-ын хүн амын регистрийн карт №068-д З.А, Увс аймгийн Завхан сум, соёлын байгууллага, клубын эрхлэгч, 1988 онд ажилд орсон гэж бүртгэгджээ.

3.1. Шүүхээс гэрч П.Б, Б.Б нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч П.Б З.А 1983-1986 онд цэргийн алба хааж ирээд 1987 оноос 1990 он хүртэл Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 237 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Б.Б З.А 1986-1990 оныг дуустал надтай хамт Увс аймгийн Завхан сумын Үйлдвэр бригадад ажиллаж байсан. Тэрээр хашаа худаг, барилга байшин барьдаг байсан... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 246 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч З.А нь Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1987 оны 2 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан З.Аы Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 2-3, 5, 7-8, 10, 1988 оны 1, 3-5, 9-11, 1989 оны 9, 1990 оны 6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Завхан сум, соёлын байгууллага, клубын эрхлэгч, 1988 онд ажилд орсон гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, гэрч П.Б, Б.Б нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч З.Аы Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1987 оны 2 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А овогт З.Аы Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1987 оны 2 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.БОЛОР