Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 202/МА2020/00026

 

“Ш ББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2020/00279 дүгээр шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.М,

 

Хариуцагч: Ц.Б нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 359 464 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Д.М-н давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ш ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Д.М, Ц.Б нартай 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 19/95 тоот Зээлийн гэрээ байгуулан 7 350 000 төгрөгийн зээлийг, жилийн 40 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч Д.М, Ц.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, удаа дараа зөрчил гарган 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй байна. Д.М, Ц.Б нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6 330 510 төгрөг, хүү 1 014 273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 680 төгрөг, нийт 7 359 464 төгрөгийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна...” гэжээ.

 

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие хариуцагч Ц.Бтай хувааж нэхэмжлэлийн шаардлага болох 7 359 464 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна...” гэжээ. 

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие “Ш  ББСБ” ХХК-иас Хонда Инсаит маркийн автомашиныг зээлээр авсан. Машиныг Д.Мөнх-Эрдэнийн нэр дээр авсан бөгөөд батлан даагчаар би бүртгүүлж гар хөлийн үсэг зурсан. Д.М нь холбогдохгүй, удаан хугацаагаар байхгүй байгаа тул хөөцөлдөх машины бичиг баримтаас эхлээд ажил их байгаа тул энэ хүнийг яаралтай ирүүлэхийг хүсэж байна...” гэжээ.

 

 Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “...Миний бие энэ оны 02 дугаар сарын 08-ны өдөр Мөнх-Эрдэнийг ажилд нь хүргэх гэж явж байгаад аваарт орж бие эрс муудсанаас эхлээд энэ хүн миний нүдэнд цөөхөн харагдсан. 3 сард нурууны хагалгаанд ороход 1 харагдсан. Хонда Инсаит автомашиныг 2019 оны 08 сард “Ш ” компаниас зээлээр авсан нь үнэн болно. Б миний хувьд эрхэлсэн ажилгүй, нэг ч төгрөгийн орлогогүй, өмнө нь ч тийм байсан. Тус машиныг худалдаж авахад 4 000 000 төгрөгийг “Нэт капитал ББСБ” ХХК-иас Ц.Б би дангаараа зээлж авсан. 2019 оны 08 сараас 2020 оны 02 сар хүртэл 6 сарын хугацаанд Ц.Б би л төлж байсан нь үнэн. Миний биеийн байдал ослын дараа тархи, нурууны гэмтлээр 90 хувьтай тогтоогдсон. Иймд төлбөрийг хамтран төлөх боломжгүй тул Д.Мэр төлүүлж өгнө үү...” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Мэс зээлийн гэрээний үүрэгт 7 359 464 төгрөгийг гаргуулж “Ш ” банк бус санхүүгийн байгууллагад олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132 701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 132 701 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч Д.М давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш  ХХК-иас зээлийн төлбөр 7 359 464 төгрөгийг Ц.Б бид хоёроос төлүүлэхээр нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх ганцхан надаас гаргуулахаар шийдвэрлэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ц.Бг групптэй, хөдөлмөрийн чадвар алдсан гэдэг шалтгаанаар төлбөрөөс чөлөөлсөн нь буруу. Ц.Б ажил хийхгүй байгаа ч төлбөр төлөх бүрэн чадвартай, хувьдаа малтай, 2 байртай. “Ш ” банк бус санхүүгийн байгууллагаас худалдаж авсан Хонда Инсаит машиныг осол гаргахад Ц.Бгийн хүү Сүндалай жолоодож явсан учраас хохирол төлбөрийг Сүндалай төлж барагдуулах хуулийн асуудал яригдсанд энэ асуудлыг дахин сөхөх болно. Иймд хэргийг дахин хянаж хамтран зээлдэгч Ц.Бгаас зээлийн төлбөрийг хувааж, хамтран төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш  ББСБ-аас 2 хариуцагчид буюу Д.М, Ц.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7359464 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хамтран зээлдэгч Ц.Бг хасаад, хариуцагч Д.Мэс дангаар гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт хариуцагч Д.М давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа, миний зүгээс шүүх хуралдаан дээр аль аль талаас нь асуусан, Ц.Б шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа “танай байгууллагаас зээл авсан нь үнэн, зээлээ төлөөгүй нь үнэн, төлөх нь үнэн, танай тал дээр маргахгүй, зөвшөөрч байгаа, Д.М бид хоёрын хооронд маргаан байдаг” гэж хэлж байсан. Тиймээс би Ц.Бг энэ мөнгийг төлье гэж байгаа юм байна гэж анхан шатны шүүх хуралдааны үеэр ойлгож байсан. Гэтэл шүүхийн шийдвэр ингэж гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг харахад Ц.Бг хөдөлмөрийн чадвараа нэг жилийн хугацаагаар 90 хувь алдсан учраас төлбөрийн чадваргүй гэж үзээд төлбөрөөс чөлөөлж, төлбөрийн чадвартай хариуцагчид ногдуулж шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ хууль зүйн хувьд төлбөрийн чадваргүй байдал, хөдөлмөрийн чадваргүй байдал бол өөр ойлголт. Ц.Бг төлбөрийн чадваргүй гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Ц.Б нь нэг жилийн хугацаанд буюу тодорхой хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул Ц.Бг зээлийн гэрээний үүргээс үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байна. Тийм учраас хариуцагч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч “Ш  ББСБ” ХХК нь хариуцагч Д.М, Ц.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 6330510 төгрөг, хүү 1014273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14680 төгрөг, нийт 7359464 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.М нь төлбөрийн тал хувийг хариуцан төлнө гэж, хариуцагч Ц.Б төлбөрийг бүхэлд нь хариуцагч Д.Мэр хариуцан төлүүлнэ гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7359464 төгрөгийг бүхэлд нь   хариуцагч Д.Мэс гаргуулж, нэхэмжлэгч “Ш ” банк бус санхүүгийн байгууллагад олгохоор шийдвэрлэснийг хариуцагч Д.М эс зөвшөөрч "... хамтран зээлдэгч Бгаас зээлийн төлбөрийг хувааж, хамтран төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Мөнх-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нар нь нэхэмжлэгч “Ш  ББСБ” ХХК-аас 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ, фидуци буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан, өрхийн хэрэглээний зориулалтаар  7350000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 40 хувийн хүүтэй зээлж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, хариуцагч Д.М, Ц.Б нар нь зээл авах үед хамтран амьдарч байсан,  зохигчид энэ талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

 

            Анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хүлээх үүрэг, хариуцлагыг зөв тодорхойлж чадаагүй, энэ талаарх хуулийг буруу  тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх бөгөөд нэгэнт зохигчдын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нар нь хамтран үүрэг хүлээхээр тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан байх тул тэднийг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

 

Улмаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.5-д “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол ББСБ үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.” гэж заасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасан хуулийн агуулга, зарчимд нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд энэ утгаараа нэхэмжлэгч “Ш  ББСБ” ХХК нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүйн гадна хариуцагч нар нь нэгэнт гэрээгээр хамтран үүрэг хүлээхээр тохиролцсон, гэрээнд үүргийг хэрхэн хариуцахыг тодорхой зааж хэмжээг тохиролцоогүй тул үүргийг хуваах боломжгүй буюу тэднийг зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах үндэслэлтэй гэж үзнэ.

 

            Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байдаг тул хариуцагч Ц.Бгийн эрүүл мэндийн байдал нь ийнхүү түүнийг үүргээс чөлөөлөх, үүргийг хэсэгчлэн хувааж хариуцуулах үндэслэл болохгүйг анхан шатны шүүх анхаараагүй Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

            Энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-д заасан “Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна” гэдэг нь энэхүү заалтын өмнөх заалт болох хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-д зааснаар “хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч”-д хамааралтай буюу тэрээр бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд ногдох хэсгээр шаардах эрхтэй бөгөөд тэдгээр үүргээ гүйцэтгээгүй бусад үүрэг гүйцэтгэгчдийн хэн аль нь төлбөрийн чадваргүй бол ... гэж ойлгогдоно.

 

Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж аль нэг үүрэг гүйцэтгэгч түүнийг дангаараа гүйцэтгэсэн бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийг шаардахад дээр дурдсанаар үүргийг тодорхойлно гэж үзнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байхад хариуцагч Ц.Бг “... хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон буюу төлбөрийн чадваргүй болсон...” гэсэн дүгнэлт хийж хамтран хүлээх үүргийг хариуцагч Д.Мд дангаар хариуцуулсан нь дээрх хуулиудад нийцээгүй байна.

            Түүнчлэн хариуцагч Ц.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан нь түүний төлбөрийн чадваргүйг тодорхойлох цорын ганц шалтгаан нөхцөл биш бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд амьжиргааны түвшинг нь хэрхэн тодорхойлсон, тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн эсэх нь төлбөрийн чадвартай эсэхийг тодорхойлох аргачлал болохыг анхаараагүй, энэ талаарх нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн.

 

            Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч Д.Мэс гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа хариуцагч Ц.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2-т нийцээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Б нь хамтран хүлээх гэрээний үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч Д.Мөнх-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7359463 төгрөгийг хариуцагч Д.М, Ц.Б нараас гаргуулж нэхэмжлэгч “Ш  ББСБ” ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Хариуцагч Д.Мөнх-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хангасан тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73826 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2020/00279 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч Д.М, хариуцагч Ц.Б нараас зээлийн гэрээний үүрэгт зээл 6330510 төгрөг, хүү 1014273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14680 төгрөг, нийт 7359463 төгрөгийг гаргуулж “Ш  ББСБ” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.М-н давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73826 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ