| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2024/0023/З |
| Дугаар | 116/ШШ2024/0018 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 116/ШШ2024/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сонгуулийн хорооны хооронд үүссэн “Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, И.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах тухай” захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.*******, хариуцагч Ж.*******, нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч И.*******ын зүгээс Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, И.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолоор “******* овогтой ******* нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй тул Баянтүмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж”[1] шийдвэрлэсэн байна.
2.2. Нэхэмжлэгч И.******* 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд хандаж Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, И.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. [2]
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэсэн нь бие даан нэр дэвшүүлэхтэй холбоотой бусад этгээдийн дэмжлэг авч гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг ойлгож байгаа ба миний хувьд тогтоосон хугацаанд дэмжиж гарын үсэг цуглуулах үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Хуульд гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг зогсоох эцсийн хугацааг хуульчилсан байхад сумын сонгуулийн хорооноос намайг 9 дүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зуруулж явсан мэтээр дүгнэж бүртгэхээс татгалзсан.
Сонгуулийн хуульд заасан нэр дэвшүүлэх үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд бүрэн зогсоож, дуусгасан. Бие даан нэр дэвшигчийн хувьд нэр дэвших хүсэлтээ илэрхийлж сонсогчдоос зөвшөөрлийг авсан нь баримтаар нотлогдоно. Гарын үсэг зуруулахдаа хүснэгтэд нэг бүрчлэн дэмжсэн иргэдээр гарын үсгийг нь зуруулж зөвшөөрлийг нь авсан бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3 дахь хэсэгт заасан тооноос илүү олон сонгогч иргэн намайг дэмжихээ илэрхийлсэн.
Тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна... гэж заасны дагуу дэмжсэн сонгогч нар маань мэдээллээ үнэн зөв бичсэн.
Монгол Улсын Үндсэн хуулинд заасан үндсэн эрх болох сонгогдох эрхээ эдлэхээр нэр дэвших хүсэлтээ гаргасан И.******* миний бие яаралтай ажлаар хөдөө явах болсон тул дэмжигчдийн гарын үсэг зуруулахад минь туслаад өгье гэсэн иргэн *******т зарим гарын үсэг цуглуулах хуудсыг үлдээж явсан. ******* нь хуульд заасан хугацаанд буюу 09 дүгээр сарын 02-ны өдрөөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар 30.2.3 дахь хэсэгт заасан тооноос илүү дэмжсэн иргэдийн гарын үсгийг цуглуулсан байсан бөгөөд огноо хэсгийг бөглүүлээгүй нөхөж бичихдээ тухайн өдрөөр зарим иргэдийн гарын үсгийн ард огноог нөхөж бичсэн нь иргэн миний сонгогдох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэж байна. ...*******ийн хувьд хуулийн талаар өргөн мэдээлэлгүй жирийн иргэн бөгөөд надад хуудсыг өгөх өдрөөрөө огноог бөглөсөн нь гэрч нарын болон өөрийн тайлбараар тогтоогдоно.
Бие даан нэр дэвшигчээс үл хамаарах дээрх техникийн зөрчлөөр миний сонгогдох эрхийг хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн бүр шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...” Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг зөрчсөн явдал юм. Уг зүйлд зөрчилтэй гарын үсэг гэсэн ойлголт байгаагаас зөрчилтэй огноо гэсэн ойлголт байхгүй байна. Зөрчилтэй гарын үсэг гэдгийг иргэн миний бие сонгуулийн насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй, хорих байгууллагад ял эдэлж байгаа, гадаад улсын иргэн, эсвэл засаг, захиргааны өөр нэгжид амьдарч байгаа гэх мэт этгээдийн гарын үсэг гэж ойлгож байна.
Иймд дээрх хуулийн заалтуудыг үндэслэн иргэн миний сонгогдох эрх, намайг дэмжсэн иргэдийн сонгох эрхийг хүндэтгэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын сонгуулийн хорооноос гаргасан нэр дэмшигч И.*******ыг бүртгэхээс татгалзах тухай 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, И.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг Баянтүмэн сумын сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.*******ын хувьд сонгогч нарын дэмжлэгийг авах гарын үсэг зуруулах ажиллагааг хуулийн хугацаанд зуруулж эхэлсэн ба мөн хугацаанд дуусгавар болгож, баримтаа сонгуулийн хороонд гаргаж өгсөн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар И.******* өөрөө гарын үсэг зуруулж явсан бол “зөрчил” гэж үзэх боломжтой. Гэтэл өөр этгээд гарын үсэг зуруулж явсан бол тухайн этгээд хариуцлага хүлээх ёстой харагдаж байна. Сонгуулийн хорооноос үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй. Хуулинд овог нэр, гэрийн хаяг зэрэг зүйлс л дурдагдахаар зааснаас биш огноог заавал байршуулах ёстой гэж дурдсан зүйл байдаггүй. Яг аль зөрчлийг гаргасан болох нь тодорхой бус. Хэд хэдэн зүйл заалтыг зөвхөн дурдаж бичсэн байна. Тиймээс одоог хүртэл яг аль үйлдэл нь зөрчил болсон гэдгийг мэдэхгүй хэвээр байна. Мөн сонсох ажиллагааг огт хийлгүйгээр шийдвэрийг гаргасан байна. И.*******ын хувьд ажил ихтэй байсан учраас өөрийн хамт ажилладаг *******ийг гуйж ажиллуулсан. Ингээд С.*******тэй 09 дүгээр сарын 04-ний өдөр уулзсан. Энэ хугацаанд ******* зарим иргэдээр гарын үсэг зуруулсан болох нь харагддаг. Гэхдээ хуулинд нэр дэвшигч өөрөө сонгуулийн хугацаанаас бусад үед зуруулах боломжгүй гэж дурдсан. И.*******ыг сонгогдох эрхээ хэрэгжүүлэх биш сонгох эрхээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 69 иргэдийн эрхийн асуудал яригдаж байна. Энэ хүмүүс хэнийг дэмжих вэ гэдгээ илэрхийлж гарын үсэг зурсан байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Сонгуулийн хорооноос хэзээ тухайн баримтыг *******т өгсөн бэ гэдгийг судлах ёстой байсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг харж үзэх хэрэгтэй. Үүнээс 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг баримталж татгалзаж болохгүй гэдгийг нарийн заасан. Хэрэв сонгуулийн хороонд хангалттай бүрэн эрх нь байгаа бол тэгш үйлчлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй нэр дэвшигчийг бүртгээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.
Хуралдааны тэмдэглэлд И.******* дээр ганц өгүүлбэр хэлсэн байна. Ярих шаардлага байхгүй гэж хэлж. Гэтэл ижил утгатай хүн дээр бүтэн хоёр хуудас өмөөрсөн үг ярьсан байх юм. 16 хүн тухайн маягтыг хэзээ гардаж авсан нь тодорхойгүй. 7 хоногийн дотор гарын үсэг зуруулах ёстой бол тухай бүрт нь гардуулж өгсөн байх үүрэгтэй.
Дараагийн дугаарт 03-ны өдөр гэж үзсэн баримт дотор Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга байна. Ядаж энэ хүнээсээ лавлаад үзчихэж болохгүй юм уу? Дээр нь нэг удаа 03-ны өдөр гэж бичигдсэн учраас бүгд 03 гэж үзэж болдог юм уу?
Гарын үсэг зурсан гэдэг иргэдээс нэг ч удаа тайлбар аваагүй байх юм. Хүний сонгох эрхэд ямар ч хариуцлага хандаж, халдаж байна.
Мөн хариуцагчийн төлөөлөгч “сонсох ажиллагаа хийгээгүй, нөхцөл байдал тогтоогоогүй” гэж яриад суугаад байх юм. Нотлох баримтыг нөхөж бүрдүүлэх ажиллагааг хийсэн гэдгээ илэрхийлж байна. Баянтүмэн сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 08 тоот тогтоол нь хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчиж шийдвэр гаргасан. Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээг бүхэлд нь зөрчсөн, төрийн албан хаагч бусдад давуу байдал олгож шийдвэр гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй. Өөрөө хүртэл сөрөг үйлчлэлтэй захиргааны акт гаргасан гэдгээ мэдэж байж сонсох ажиллагаа хийж болно шүү дээ. Эдгээр нөхцөл байдлыг үндэслээд №8 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.
3.3. Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сонгуулийн хорооны дарга Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Баянтүмэн сумын сонгуулийн хороо нь Дорнод аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №01 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Төрийн захиргааны 6 албан хаагч, төрийн үйлчилгээний 1 албан хаагч, нийт 7 гишүүнтэй. Нэр дэвшигч И.******* сумын сонгуулийн хорооны гишүүдийг намын захиалгаар нэр дэвшүүлэх ажиллагаанд саад учруулж байгаа мэтээр иргэдэд ойлгуулах, сонгуулийн хорооны дарга, нарийн бичиг нарыг дотроо хамт ажилладаг байж нэр дэвшүүлэх ажиллагааг 09 дүгээр сарын 03-ны өдрөөр гэж зуруулсныг 02-ны өдөр болгож зассангүй, материал хүлээн авахдаа хурлын нарийн бичгийн дарга Чулуунтуяаг 09 дүгээр сарын 02-нд хуулийн хугацаа дуусна гэж хэлээгүй, хэлсэн бол хуулийн хугацааг засах байсан гэж төрийн жинхэнэ албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд дарамт учруулж байгаа мөртлөө нэхэмжлэлд хуулийн хугацаанд гарын үсгээ цуглуулж бүрэн зогсоосон, сонгуулийн хорооноос 09 дүгээр сарын 03-ны өдөр зуруулж явсан мэтээр дүгнэж бүртгэхээс татгалзсан гэж худал мэдүүлснийг утсан дээрх яриа нотолно.
2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Бие даан нэрээ дэвшүүлэх үйл ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэж заасны дагуу хуулийн хүрээнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулаагүй. Энэ нь нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхээр дэмжсэн иргэдийн гарын үсэг, он сар, өдрөөр нотлогдоно. Тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т зааснаар мэдээллээ үнэн зөв бичсэн, нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурсан иргэдийн нэрсийн ард огноог бичихийг шууд хуульчлаагүй ч хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлснийг гарын үсэг, сар өдрөөр нотолно. Нэр дэвшигч өөрөө 09 дүгээр сарын 01-02-ны өдөр 14 иргэнээр, 09 сарын 03-04-ний өдрүүдэд хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад 40 иргэнээр, 15 иргэнээр он саргүй гарын үсэг зуруулсан байсан. Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч С.******* гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг явуулж Хэрлэн, Жигмид хорооллын айл өрхөөр явсан. Энэ талаар С.*******ээс ярилцлага хийхэд 03-ны өдөр гарын үсэг цуглуулсан талаараа хэлсэн.
3. 1 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Ц.******* 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 04-ний өдөр 59 иргэнээр дэмжсэн гарын үсэг зуруулснаас 51 иргэн хуулийн хугацаанд зурсан тул нэр дэвшүүлсэн. 1 тойрогт нэр дэвшигч И.******* нь дэмжсэн гарын үсэг зуруулахдаа 09 дүгээр сарын 01-нээс 04-ний хооронд зуруулсан байсныг аймгийн Сонгуулийн хорооны даргаас зөвлөгөө авсан арилгах боломжгүй зөрчил байна гэдгийг илэрхийлсэн.
Дээрх асуудлыг сумын сонгуулийн хорооны 7 гишүүн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасан хугацаанд нь нэр дэвшүүлээгүй тул 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээс татгалзсан.
Сонгуулийн хороо нь 7 гишүүнтэй. Дээд шатны шийдвэрийн дагуу томилогдож ажиллаж байгаа. Санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж 7 хоногийн өмнө дуусгахаар хуульд нарийвчлан заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.4. Гэрч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр надад өгсөн. Тухайн өдөр хоёр иргэнээр гарын үсэг зуруулсан. Би ажил ихтэй байсан учраас тэр өдөр ажлаа амжуулаад 09 дүгээр сарын 03-ны өдөр гарч гарын үсэг зуруулсан. Намайг гадаа сууж байхад И.******* дарга гарч ирээд гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн. 09 дүгээр сарын 03-ны өдөр хамт ажилладаг хүн маань өрөөгөө түгжээд хөдөө явсан байсан. Тиймээс би 04-ний өдөр И.******* даргад өгсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Нэр дэвшигч И.*******ыг бүртгэхээс татгалзах тухай” 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, И.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагчаас, И.******* нь хуулийн хүрээнд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлж буюу 2024 оны 09 дүгээр сарын 02-ноос хойш нэр дэвшүүлэх ажиллагааг явуулсан тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэж тайлбар гаргаж маргадаг.
4. Хэрэгт авагдсан баримтуудаар, И.******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэрээ дэвшүүлэхээр хуульд заасан материалуудыг бүрдүүлж, сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн бөгөөд хуульд заасан материалын бүрдүүлбэр болон бүртгүүлэхээр хүргүүлсэн хугацааны талаар талууд маргаагүй.
5. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногиийн хугацаанд дуусгана” гэж заасныг зөрчсөн эсэх, нэр дэвшүүлэх ажиллагааны хүрээнд сонгогчийн гарын үсэг зуруулах маягтад зарим иргэдээр 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зуруулсан үйл баримтын талаар маргаж байгаа тул шүүхээс дээрх үйл баримтад дүгнэлт өглөө.
6. Хэрэгт авагдсан баримтуудаар, И.******* нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Дорнод аймгийн Баянтүмэн сумын тойрогт бие даан нэрээ дэвшүүлэхээр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу тус сумын 1 дүгээр багийн 69 иргэний гарын үсэг зуруулж, холбогдох мэдээллийг бичиж хавсарган[3], сумын Сонгуулийн хороонд хуульд заасан хугацаанд хүргүүлсэн байна.
7. Маягтад иргэдийн гарын үсэг зурсан огноог авч үзвэл, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 4 иргэн, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 10 иргэн, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 38 иргэн, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2 иргэн, огноогүй гарын үсэг зурсан 14 иргэн байна.
8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан.
9. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 19 дүгээр тогтоолоор “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар” тогтоосон[4] байна.
10. Бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг дээрх хугацаанаас 45 хоногийн өмнө эхлүүлэх бөгөөд хуанлийн хугацаагаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлэхээр байх бөгөөд дээрх хугацааны талаар талууд маргаагүй, харин хуульд заасан “долоо хоногийн хугацаанд дуусгана” гэж заасныг зөрчсөн эсэх талаар маргаан үүссэн.
11. Нэр дэвшүүлэх ажиллагаа 2024 оны 08 дугаар сарын 27-нд эхэлсэн тул, хуанлийн хугацаагаар долоо хоногийг тоолоход, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дуусахаар байна.
12. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн дараах тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна, 30.2.3-т “Сумын Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 51-ээс доошгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч И.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 01-нээс 2024 оны 09 дүгээр сарын 03-ны хооронд зуруулсан 52 иргэний гарын үсэг бүхий маягтыг сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
13. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна” гэж тус тус заасан бөгөөд дээрх маягтад зуруулсан гарын үсэг бүхий иргэдийн мэдээлэл нь хуулийн шаардлагад нийцсэн байна.
14. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж, 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Сонгуулийн зарчим нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ” гэж тус тус заасан.
15. Баянтүмэн сумын Сонгуулийн хороо нь бие даан нэр дэвшүүлэх хуульд заасан хугацааг буруу тодорхойлон, нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг зөрчсөн байна.
16. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий тогтоолыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 30.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Нэр дэвшигч И.*******ыг бүртгэхээс татгалзах тухай” 08 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, И.*******ыг нэр дэвшигчээр бүртгэхийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын Сонгуулийн хороонд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ДАВААНЯМ