Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/510

 

 

 

 

 

 

  2023             05            16                                        2023/ДШМ/510

 

 

       О.М-т холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/415 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ............................дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.М нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ............ хорооны нутаг дэвсгэрт байрлах Д худалдааны төвд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Т.М-ны лангуунаас бэлэн хувцас авсан,

мөн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ...................... хорооны нутаг дэвсгэрт байрлах Д худалдааны төвийн .......... дугаар лангуунаас ноолууран хувцас худалдан авахаар мөнгөө дансаар шилжүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Х.Б-ын худалдан борлуулж буй ноолууран хувцаснуудыг авч хохирогч Х.Б-д 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.М-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 726 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил, 9 сар, 01 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жил, 4 сар, 01 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т оногдуулсан 6 жил, 4 сар, 01 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 726 дугаар магадлалаар оногдуулсан 3 жил, 11 сар, 17 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Д......... аймгийн Г..........сумын нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.М-ээс нийт 880.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.М-д 300.000 төгрөгийг, хохирогч Х.Б-д 580.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч О.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.М давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 7 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, биеэр эдлэх ялаас багасгаж өгнө үү. Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын алдааг залруулж өгнө үү. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, мөн миний регистрийн дугаарыг буруу бичсэнийг тус тус залруулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор П.Д тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс О.М-ийн үйлдсэн үйлдэлд тохирсон ял оногдуулсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч О.М нь шийтгэх тогтоолтой бүрэн танилцаж, сайн ойлгоогүй юм шиг байна. Регистрийн дугаар алдаатай бичигдсэн бол үүнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх О.М-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.М нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ..................хорооны нутаг дэвсгэрт байрлах Д худалдааны төвд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Т.М-ы лангуунаас бэлэн хувцас авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ................ хорооны нутаг дэвсгэрт байрлах Д худалдааны төвийн ..... дугаар лангуунаас ноолууран хувцас худалдан авахаар мөнгөө дансаар шилжүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Х.Б-ын худалдан борлуулж буй ноолууран хувцаснуудыг авч хохирогч Х.Б-д 580.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.М-ны “...2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед лангуун дээрээ иртэл 30 орчим насны эмэгтэй хүн намайг хүлээж байгаад манайхаас нийт 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий хувцаснуудыг аваад төлбөрийг нь дансаар шилжүүлчихлээ гээд надад дансаа үзүүлсэн. Гэтэл миний дансанд мөнгө нь орж ирэхгүй байхаар нь интернэт банк руугаа орж харах хооронд нөгөө хүүхэн явчихсан байсан. ...” /хх 37-38/,

хохирогч Х.Б-ын “...2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр .............. хорооны нутаг дэвсгэрт байрлах Д худалдааны төвийн ..... дугаар лангуун дээрээ сууж байтал 25 орчим насны эмэгтэй хүн ирээд манай лангуунаас нийт 615.000 төгрөгийн үнэлгээ бүхий хувцсыг худалдаж аваад тооцоогоо хийхдээ “Хас” банкны карт гаргаж ирсэн. Тэгэхээр нь би манайх пос машин байхгүй байна, та шилжүүлж болно гэхэд тэр эмэгтэй “за” гэж хэлээд миний дансны дугаарыг авч гүйлгээ хийчихлээ гэж хэлсэн боловч надад мэдээлэл ирэхгүй байсан. Тэгэхээр нь миний дансанд орлого ороогүй байна гэж хэлтэл “Хас” банк руу яриадахъя гээд утсаар яриад өөрийнхөө мэдээллийг хэлээд байсан. Ингээд ярьж дуусаад надад хандан миний данснаас гүйлгээ гарчихсан байна гэж хэлэхээр нь би та дугаараа өгчих гээд ............... дугаарыг нь тэмдэглэж аваад мөнгө нь ороод ирэх байх гэж найдаад итгээд явуулсан. Ингээд хэсэг хүлээсэн боловч мөнгө нь орж ирэхгүй байхаар нь тэр хүүхний ..............дугаарын утас руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. ...” /хх 141-142/,

яллагдагч О.М-ийн “...Прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. .......... дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Д худалдааны төвөөс 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан...” /хх 122/ гэсэн мэдүүлгүүд,

эд зүйл,  баримт баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 35/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 31-32/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 127-128/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.М-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Т.М, Х.Б нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж 880.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч Т.М, Х.Б нарын мэдүүлгүүд болон бусад баримтуудаар шүүгдэгч О.М-ийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг залилж, хохирол учруулсан, энэхүү үйлдлээ шунахайн сэдлээр үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Хавтас хэргийг судлан үзэхэд, О.М нь хохирогч Т.М, Х.Б нарыг “бэлэн хувцас авна, ноолууран хувцас худалдан авахаар мөнгөө дансаар шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 880.000 төгрөгийн хохирол учруулсан, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж болох “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан гэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгч О.М-т тухайн зүйл хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор буюу 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 726 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил, 9 сар, 01 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жил, 4 сар, 01 хоногийн хугацаагаар тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон байна.

Шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хорихоос өөр төрлийн ялаар солих, биеэр эдлэх ялаас багасгаж өгөхийг хүссэн шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах  хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх, О.М-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх ялаас эдлээгүй үлдсэн ялд сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биеэр эдлэх хорих ялын хэмжээг тогтоож Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоосон бөгөөд шүүх хохирол төлбөрөө төлөөгүй нөхцөл байдлыг харгалзан 7 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. 

Харин шүүгдэгч О.М нь давж заалдах гомдолдоо “...регистрийн дугаар буруу бичсэн. ...” талаар дурдсан хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт бичигдсэн шүүгдэгчийн биеийн байцаалтад түүний регистрийн дугаарыг “РД:.............” гэж нэг цифр орхиж бичсэн техникийн шинжтэй алдааг “РД:................” гэж залруулж магадлалаар зөвтгөж шийдвэрлэв. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-ийн гаргасан ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/415 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

          2. Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт бичигдсэн шүүгдэгч О.М-ийн регистрийн дугаарыг РД:...................... гэж зөвтгөсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                                

                                ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

 

 

                                ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ