| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2025/00025/и |
| Дугаар | 318/ШШ2025/00067 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 318/ШШ2025/00067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цийн,
М.Чы ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь М.Чы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. М.Ч нь 1976 онд 1 дүгээр ангид орж, 3 дугаар анги төгсөөд амьдралын эрхээр сургуулиас завсардаж эцэг эхийн хамт хөдөө амьдарч байсан. М.Чы эцэг Мягмар Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд насаараа мал малласан нэгдлийн гишүүн хүн байсан. М.Чы эцэг нэгдэлд мал маллаж байхдаа хүүгээ сургуулиас гаргаж авч насанд хүрэх үед буюу 1984 оноос эхлэн өөрийнх нь нэр дээр хонь авч маллаж эхэлсэн байна. М.Ч Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1984 оноос эхлэн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хоньчноор ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэрэг татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Тэрээр цэргээс ирээд үргэлжлүүлэн тус нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан. Мөн М.Ч 1990-2000 он хүртэл 11 жилийг нөхөн тооцуулж авсан байдаг. Одоо тэтгэвэрт гарах нас өнгөрсөн ч бичиг баримт байхгүйгээс маш их хохирч байгаа. Иймд М.Чыг Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үүгэжээ.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Увс аймгийн Архивын тасгаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан Мягмарын Чулууны Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 3-6, 9-10, 1985 оны 2-3, 11-12, 1986 оны 1-6, 8-9, 11-12, 1987 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архиваас 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, баталгаажилтын хуудас, М.Дийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 864 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Дын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 73 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч М.Д, М.Д нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн М.Чы Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч М.Чы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.Ч нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Увс аймгийн Архивын тасгаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан Мягмарын Чулууны Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 3-6, 9-10, 1985 оны 2-3, 11-12, 1986 оны 1-6, 8-9, 11-12, 1987 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
БНМАУ-ын хүн амын регистрийн карт №010-д Мягмарын Чулуун, Ховд сумын Хөгжил нэгдэлд хоньчин, 1984 онд ажилд орсон гэж бүртгэгджээ.
3.1. Шүүхээс гэрч М.Д, М.Д нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч М.Д Би М.Чыг хүүхэд байхаасаа таньж мэднэ. М.Ч нь сургуульд сурч боловсрол эзэмшээгүй, эцэг эхийгээ дагаж мал маллаж амьдардаг байсан. Би 1985-1989 оны хооронд Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн Шивэр бригадад ээж аавынхаа хамт мал маллаж байсан. Тухайн үед М.Ч мөн ээж аавынхаа хамт уг бригадад мал маллаж байсан. Бид Хөгжил нэгдлийн эвлэлийн хуралд хамт оролцож байсан. Би 1989 оноос эхлэн их сургуульд суралцахаар явсан бөгөөд М.Ч Ховд сумын Хөгжил нэгдлийн Шивэр багт мал маллаж амьдарсан хэвээр байсан. Одоо хүртэл мал маллаж амьдарч байгаа гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 864 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч М.Д М.Ч нь 1984 оноос нэгдэл тарж хувьчлагдах хүртэл хугацаанд Ховд сумын Хөгжил нэгдэлд мал маллаж амьдардаг байсан. Би тухайн үед Ховд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажиллаж байсан. Ажил төрлийн шугамаар М.Чы гэрт очиж амьдрал байдалтай нь танилцдаг байсан учраас түүнийг сайн мэднэ гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Ховд суманд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч М.Ч нь Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Ховд сумын Хөгжил нэгдэлд хоньчин, 1984 онд ажилд орсон гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, Увс аймгийн Архивын тасгаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан Мягмарын Чулууны Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 3-6, 9-10, 1985 оны 2-3, 11-12, 1986 оны 1-6, 8-9, 11-12, 1987 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч М.Д, М.Д нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М.Чы Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Мягмарын Чулууны Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР