Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2024/05719

 

 

 

 

 

 

2024 12 02

Дугаар 101/ШШ2024/05719

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ******* аймаг,******* баг******* хороо .... тоотод оршин суух,******* овогтой******* /рд:............./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............. дүүрэг, ...-р хороо,*******,******* гудамж .... байр, .... тоотод оршин суух,******* овогтой /рд:.........../-д холбогдох, 

4,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Б.Бадамлянхуа нь ******* аймгийн суманд амьдардаг. 2023 оны 06 сарын 13-ны өдөр өөрийн УНК улсын дугаартай Марк икс зио маркийн авто машины хропыг хариуцагчэс худалдаж авахаар тохиролцож хропны төлбөр 2,300,000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэсэн фэйсбүүк хаяг болон гэсэн дугаараар холбогдоход хариуцагч нь манайх Токио авто сэлбэг гэдэг газар манайх орж ирсэн хроп зардаг, найдвартай, баталгаатай асуудал байхгүй асуудал гарвал буцаагаад солиод өгнө гэж байсан. Үүний дагуу нэхэмжлэгч нь хөдөө орон нутагт амьдардаг тул дээрх хропыг очиж үзэж харж авах боломжгүй гэдгээ тайлбарлаж ******* аймаг руу ачуулж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан. ******* аймагт байрлах машин засварын газрын засварчин нь хөдөө явсан байсан тул 2023 оны 06 сарын 25-ны өдөр хропыг сольж тавиулсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа 2023 оны 06 сарын 28-ны өдөр ******* аймгаас сум руу машинаа унаад явж байхад машинд үе үе хий хааз авах, хөдлөх болон хөдөлгүүрийн эргэлт нэмэгдэхэд хааяа ер бусын чимээ гарах зэрэг доголдол үүсэж эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь тухайн үед орж ирсэн хроп тавиулсан учраас өөр эвдрэл гэмтэл үүссэн байх гэж бодоод суманд ирээд үзтэл хроп эвдэрсэн байсан. Тухайн үед баяр наадмын өдрүүд эхэлсэн байсан тул машин засварын газар байхгүй, үзэж мэдэх хүн байхгүй тул хариуцагчийн гэсэн цахим хаягаар холбогдож машин хяхтнаж дуугараад сонин чимээ гаргаад, хий хааз аваад гаднаа чимээ ихтэй доголдол үүсээд байна. Юундаа байгаа юм бол гэж асуутал хариуцагч Японд байна. Засварчнаасаа асууя гэсэн хариуг хэлсэн. Машин эвдрэл үүссэн тулт бэлнээр 500,000 төгрөгийн хөлс өгч ******* аймаг руу ачуулж авчирсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 07 сарын 17-ны өдөр ******* аймгаас ачааны машинаар ачуулж Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар авч ирсэн ачилтын хөлс 500,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 310,000 төгрөг, 2023 оны 07 сарын 22 өдөр 190,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хариуцагчтай 98001004 дугаараар холбогдон учир байдлыг хэлэхэд Цайз худалдааны төвийн хажууд байрлах Токен нэртэй авто засварын газар авч ирээд оношлуул гэсний дагуу 150,000 төгрөгөөр ачилтын компанитай холбогдон чирүүлж авчруулсан боловч хропыг үзэж хараагүй хэр нь хропыг эвдэрхий дахин худалдан авч солиул гэсэн хариуг өгсөн. Нэхэмжлэгч нь танайхаас авсан кроп ажиллахгүй байна. Танайх анх худалдан авахад асуудалтай бол сольж өгнө гэж байсан дахин худалдан авах боломжгүй энэ хропоо солиод тавиад өг 1000 гаруй км газраас өчнөөн зардал гаргаад ирж байна гэж тайлбарласан боловч үл тоон явдаг газраараа яваад олоод аваарай гэсэн хариултыг өгсөн. Хариуцагч нь эвдрэлтэй буюу биет байдлын доголдолтой ердийн журмаар ашиглах боломжгүй хропыг худалдсанаар нэхэмжлэгчид дараах зардлууд гарсан байдаг. Улаанбаатар хотоос ******* аймаг руу хропны тээврийн хөлс 50,000 төгрөг, хроп угсралтын ажлын хөлс 310,000 төгрөг, тосны үнэ 210,000 төгрөг, автомашиныг сумаас ******* аймаг руу ачуулсан тээврийн хөлс 500,000 төгрөг, автомашиныг ******* аймгаас Улаанбаатар хот руу ачуулсан тээврийн хөлс 500,000 төгрөг, Улаанбаатар хотод ирээд автомашиныг ТЭЦ4-ын хашаанаас цайз хүртэл ачуулсан тээврийн хөлс 150,000 төгрөг, автомашиныг цайзаас баруун салаа хүртэл ачуулсан тээврийн хөлс 100,000 төгрөг нийт 1,820,000 төгрөгийн зардлууд гарсан. Иймд хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хроп худалдаж авсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж гэрээний үүрэгт шилжүүлсэн 2,300,000 төгрөг, учирсан хохирол 1,820,000 төгрөг нийт 4,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Б.Бадамлянхуа 2023 оны 6 сарын 13-нд холбогдоод Марк икс зио маркийн машинд хроп авъя гэсний дагуу 2,300,000 төгрөгөөр худалдсан. Б.Бадамлянхуа нь хөдөө орон нутагт байдаг, машинаа авч ирэх боломжгүй Нарантуул зах дээрээс унаанд тавиад өгөөч гэж гуйсан тул тохиролцож 6 сарын 15-ны өдөр нарантуул захаас хөлсний тэргэнд тавьж өгсөн. Унаанд тавьчхаад өөрт нь хэлсэн би ийм дугаартай унаанд тавьчихлаа. Хропоо тавихдаа холбогдоод заавар зөвлөгөө аваарай. Гүзээ диск гэдэг зүйлийг дутуу суулгавал хроп эвдрэнэ шүү, буруу тос хийж болохгүй шүү, зөв тос хийгээрэй гээд заавар зөвлөгөөг анх утсаар хэлж байсан. Ингээд 6 сарын 15-нд явуулснаас хойш надтай нэг ч удаа холбогдоогүй. Хроп зарснаас хойш 28 хоногийн дараа 7 сарын 11-нд юм дугараад байн гэж чатаар бичсэн. 7 сарын 13-нд гүзээ диск эвдэрсэн юм шиг байна. Ачуулаад явж байна гэж хэлсэн. Хропоо угсрахдаа надтай ярьж зөвлөгөө аваарай гэсэн. Та яриагүй. Гүзээ дискээ дутуу суулгачихсан юм бишүү эвдэрхий хроп байсан бол угсраад хөдлөхөд машин чинь хөдлөхгүй шүү дээ. Асуудалтай байсан бол тэр дороо мэдэгдэнэ шүү дээ. Би тэр үед Японд ажилтай байсан. Яасан юм бэ гээд асуусан чинь явж байхдаа машины гадна дуу чимээ гараад байна, доошоогоо тос гоожоод байна гэсэн. Би засварчнаасаа асуугаад эргээд холбогдъё гэж хэлсэн. Маргааш нь надад явахаа байгаад ачуулаад явж байна гэсэн. Би засварчнаасаа тодруулахад гүзээ дискээ дутуу хийснээс болж доошоо тос гоождог. Тосоо хаяад хроп эвдэрсэн байх магадлалтай гэж хэлсэн. Би энэ талаар хэлсэн. Гүзээ дискээ дутуу хийсэн байна, наад хроп чинь дахиж ашиглагдахгүй, засвар авахгүй. Солино, хэрэггүй болсон байна, угсралтын алдаа гарсан байна гэж хэлсэн. Тэрнээс хойш надтай холбогдоод би хот руу ачаад очъё, чи хропоо үзээд өг, янзлаад солиод өг гэсэн. Манайх үзээд өгч болно, аваад ир харин сольж өгч чадахгүй, манайхаас дахин хроп авч болно. Гэхдээ бид нар сольж өгч чадахгүй. Яагаад гэвэл хроп тавихад машин хөдлөөд явсан бол манайх хариуцахгүй, угсралтын алдаан дээр хариуцлага хүлээхгүй. Манайх эвдэрхий хроп өгсөн бол машин чинь тэр дороо хөдлөхгүй шүү дээ гэдгийг ойлгуулж хэлэх гэсэн боловч ойлгохгүй, олон юм бичээд над руу дайраад байсан. Машинаа авчраад манай цайз салбар дээр үзүүлсэн. Засварын хүн доогуур нь тонгойж хараад ямар өнгийн тос, хаагуураа хаясан байгааг хараад, энэ ойлгомжтой байна, гүзээ дискээ дутуу хийснээс болоод хропны тос шингэрч гоожоод дууссан байна. Тэгээд хроп эвдэрсэн байна гэж анхны оношоор хэлсэн. Тэгээд хэлээд явуулсан чинь над руу олон юм бичээд танайх энэ хропоо сольж өг гэсэн. Солих боломжгүй, угсралтын алдаанаас болж гарсан эвдрэл байна. Энэ хроп эвдрэлтэй байсан бол машин чинь сар шахуу явахгүй шүү дээ гэдгийг тайлбарлаж хэлэх гэж оролдсон. Заавар зөвлөгөөг утсаар өгч байсан. фэйсбүүк мессенжерээр бичиж явуулж байсан. Хропоо аваад солиулахдаа над руу видео колл хийгээрэй. Буруу тос хийв ээ, гүзээг чинь 3 шатлалтай суудаг шүү, гүзээгээ дутуу суулгаж болохгүй шүү гэсэн. Сиви-тэй хропнууд гүзээ диск дутуу суулгаснаас болж эвдэрдэг. Сайн хэлж ойлгуулсан. Угсарч байхдаа над руу нэг ч залгаагүй, юм ч бичээгүй. Баталгаат хугацаанд хропыг угсраад тухайн үедээ асуудалтай бол сольж өгнө. 28 хоногийн дараа хроп чинь эвдэрчихлээ гэхэд манайх хариуцлага хүлээхгүй... гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 5-29, 41-49-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 65-82, 97-103, 105-р тал.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Бадамлянхуа хариуцагчд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 2,300,000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол болох Улаанбаатар хотоос ******* аймаг руу хроп тээвэрлүүлсний тээврийн хөлс 50,000 төгрөг, хроп угсралтын ажлын хөлс 310,000 төгрөг, тосны үнэ 210,000 төгрөг, автомашиныг сумаас ******* аймаг руу ачуулсан тээврийн хөлс 500,000 төгрөг, автомашиныг ******* аймгаас Улаанбаатар хот руу ачуулсан тээврийн хөлс 500,000 төгрөг, Улаанбаатар хотод ирээд автомашиныг ТЭЦ 4-ийн хашаанаас Цайз хүртэл ачуулсан тээврийн хөлс 150,000 төгрөг, автомашиныг цайзаас баруун салаа хүртэл ачуулсан тээврийн хөлс 100,000 төгрөг, нийт 4,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч гүзээ дискийг дутуу суулгасанаас хропноос тос гарч эвдэрсэн, 5 хоногийн баталгаа өгсөн, 1 сар ашиглачихаад эвдэрсэн гэдэг нь ажиллаж байсан гэсэн үг гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Зохигчдын хооронд 2023 оны 06 сарын 13-ны өдөр аман хэлцэл байгуулагдаж, худалдагч тоёота маркийн Марк икс зиа авто машинд таарах Япон Улсаас импортоор оруулж ирсэн хуучин хроп буюу хурдны хайрцаг худалдах, худалдан авагч Б.Бадамлянхуа 2,300,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Худалдан авагч Б.Бадамлянхуа 2023 оны 06 сарын 13-ны өдөр Д.Баяр-Эрдэнийн Хаан банкны тоот данс уруу 2,300,000 төгрөгийг шилжүүлсэн, худалдагч тал ******* аймаг уруу явах ачааны машинаар хропыг тээвэрлүүлж хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

Худалдан авагч 2023 оны 6 сарын 16-ны өдөр ГАА-ийн төвд хропыг хүлээн авч, ГАА-ийн төвд ажилладаг засварын газарт 2023 оны 06 сарын 17-ны өдөр өгч хропыг өөрийн эзэмшлийн Марк икс зио авто машинд суурилуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г.Ганбөхийн мэдүүлэг, Б.Бадамлянхуагаас 2023.06.16-нд ачааны зардалд 50,000 төгрөг, 2023.06.17-нд хроп төлбөр, машин засвар утгатай 310,000 төгрөг тус тус шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-44, 71-72/

Худалдан авагч Б.Бадамлянхуа нь хропыг мэргэжлийн засварын газраар суурилуулсан, суурилуулах үед зүгээр хөдөлгөөнд оролцоод явсан боловч ГАА-ийн төвөөс сум уруу явах замд хроп дуугарч, тос гарсан, энэ талаар худалдагчид мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Г.Ганбөхийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хропод доголдол үүссэн талаар худалдагчид 2023.06.28-нд мэдэгдсэн гэж, хариуцагч хропод доголдол үүссэн талаар 2023.07.11-нд мэдэгдсэн гэж тус тус тайлбарлаж байх боловч эдгээр тайлбараа тус тус баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.,

253.1-д Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй. гэж заажээ.

Талууд эд хөрөнгийн чанарын талаар тохирсон баримтгүй байх ба худалдан авагч Б.Бадамлянхуа нь худалдагчд хроп дуугарч, тос гарч доголдол үүссэн талаар мэдэгдэж, улмаар өөрийн эзэмшлийн авто машинаа 2023 оны 7 сарын 20-ны орчим ГАА-ийн сумаас Улаанбаатар хот уруу тээвэрлэн ирж, худалдагчийн заасан Цайз худалдааны төвийн ойролцоох Токен нэртэй авто засварын газарт үзүүлэхэд засварчин гэх ажилтан гүзээ дискээ дутуу суулгаад, хроп эвдэрсэн гэсэн хариуг амаар өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилоход хурдын хайрцгийг хэзээ, хаана үйлдвэрлэснийг тодорхойлох боломжгүй, ашиглалтын хугацааг тогтоох боломжгүй, ямар эвдрэл гэмтэлтэй, засварлах боломжтой эсэхийг тухайн чиглэлийн засвар үйлчилгээ хийдэг мэргэшсэн газарт тогтоож, харьцуулж байж тогтоох боломжтой, хурдны хайрцгийг сольж, угсрах явцад эвдрэл авах эрсдэл бага, хурдын хайрцгийг угсрах явцад эвдрэл үүсэх магадлал бага.. гэсэн дүгнэлт гарсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 1001 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-76-82/

Шүүхээс шинжээч томилоход хроп буюу хурдны хайрцгийн тоног төхөөрөмжийг шинжлэх тусгай төхөөрөмж байхгүй гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргаагүй болох нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 714 дугаартай хариугаар тогтоогдож байна. /хх-97-101, 105/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй. гэж заажээ.

Худалдагч тал хропны баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй, заавар зөвлөгөө өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, 5 хоногийн баталгаат хугацаа өгсөн, зааварчилга өгсөн гэх тайлбар нь шинжээчийн 1001 дугаартай дүгнэлтийн ашиглалтын хугацааг тогтоох боломжгүй, ямар эвдрэл гэмтэлтэй, засварлах боломжтой эсэхийг тухайн чиглэлийн засвар үйлчилгээ хийдэг мэргэшсэн газарт тогтоож, харьцуулж байж тогтоох боломжтой, хурдны хайрцгийг сольж, угсрах явцад эвдрэл авах эрсдэл бага, хурдын хайрцгийг угсрах явцад эвдрэл үүсэх магадлал бага гэх дүгнэлтээр няцаагдаж байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.,

254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж заажээ.

Худалдан авагч Б.Бадамлянхуа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу 6 сарын дотор худалдсан эд хөрөнгийнх нь доголдолтой холбоотой засварлуулах, өөр хропоор солиулахаар худалдагчд хандахад сольж өгөөгүй, засварчин гэх ажилтан нь амаар хариу өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцлахаар шаардах эрхтэй байна.

Худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагчаас хропны үнэд төлсөн 2,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж заасны дагуу худалдан авагч гэрээнээс татгалзснаас нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохирол шаардах эрх үүссэн байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заажээ.

Доголдолтой хроп өгснөөс нэхэмжлэгч Улаанбаатар хотоос ГАА-ийн төв рүү худалдсан барааны тээврийн зардалд 50,000 төгрөг, хроп суурилуулсан ажлын хөлсөнд 310,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар Б.Бадамлянхуагийн Хаан банкны тоот дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагчаас 360,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д нийцнэ гэж үзэв.

Худалдагч хропыг авто машинтай нь хамт Улаанбаатар хот уруу тээвэрлэж ирэхийг хүлээн зөвшөөрөөгүй гэж маргаж байх тул худалдан авагчийн авто машиныг ГАА-ийн сумаас ГАА-ийн төв, ГАА-ийн төвөөс Улаанбаатар хот, Улаанбаатар хот ТЭЦ-ийн орчмоос Цайз 16 орчмын авто засварын газар, Цайз 16 орчмын авто засварын газраас Баянхошуу хүртэл тээвэрлэсэн гэх хөлсийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан шаардлага болох нийт 1,250,000 төгрөгийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн хропонд 210,000 төгрөгийн тос хийсэн гэх шаардлагыг нотлох баримт байхгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Иймд хариуцагчэс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 2,300,000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс худалдан авагчид учирсан хохиролд 360,000 төгрөг, нийт 2,660,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамлянхуад олгож, нэхэмжлэлээс худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол болох 1,460,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,660,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 57,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчэс 2,660,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамлянхуад олгож, нэхэмжлэлээс 1,460,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 57,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  Д.БАТЦЭЦЭГ