Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 116/ШШ2023/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:  оршин суух овогт ийн /РД:/,

            Хариуцагч: Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга, Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газар,

Гуравдагч этгээд:  оршин суух, Хатиган овогт ийн /РД: / нарын хооронд үүссэн, “Нас барагч П.ийн албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулах” асуудлаар үүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч М. /цахимаар/, хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газрын өмгөөлөгч Д., гуравдагч этгээд /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Д.Алтанцэцэгээс “Нас барагч П.ийн ар гэрт олгох ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсаны нөхөн олговрыг 36 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр олгуулах”-аар маргаан үүсгэсэн.

1.2.Гуравдагч этгээд Б.гаас “Нас барагч П.ийн ар гэрт олгох төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсаны нэг удаагийн буцалтгүй тусламжийг Төрийн албаны тухай хуульд заасан 60 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцүү хэмжээгээр олгуулах”-аар шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. П. нь Дорнод аймгийн Баяндун суманд 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсныг бүртгэсэн[1] байх бөгөөд Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”[2] тогтоосон байна.

2.2. Нэхэмжлэгч Д.Алтанцэцэгээс нэг удаагийн тэтгэмж олгуулахаар Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга, Дорнод аймгийн Засаг даргад өргөдөл гарган шийдвэрлүүлэхэд эс зөвшөөрсөн хариу[3] өгсөн тул 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл  гаргасан байна.

2.3. Гуравдагч этгээд Б.гаас нэг удаагийн тэтгэмж олгуулахаар Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газрын дарга, Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өргөдөл[4] гаргасан бөгөөд асуудлыг шийдвэрлээгүй тул тус шүүхэд хүсэлт гарган, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага гарган оролцсон байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Алтанцэцэг миний бие овогт ын тай 2013 онд танилцаж, 2014 оноос П.тай хамт амьдарч, түүнийг нас барах хүртэл буюу 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Баяндун суманд хамт амьдарсан. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/0 дүгээр шийдвэрээр Д.Алтанцэцэг болон П. нарыг 2014 оноос 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон. Миний нөхөр П. нь Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газарт галчаар ажиллаж байгаад албан үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын байран дээрээ угаартаж нас барсан. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэн акт үйлдсэн. Миний нөхрийг нас барах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 97 дугаар зүйлд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх тухай зохицуулсан ба тус хуулийн 97.1.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэснийг үндэслэн Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга болон Засаг даргын тамгын газарт удаа дараа нөхөн олговор олгуулах тухай хүсэлтээ гаргаж байсан. ... Миний бие талийгаачтай сүүлийн 8 жил гэр бүлийн харилцаатай хамтран амьдарсан. Иймээс Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга нь тус сумын тамгын газар ажиллаж байсан талийгаач П.ийн 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг эхнэр Д.Алтанцэцэгт олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, эхнэр Д.Алтанцэцэгт талийгаач П.ийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгохыг даалгаж өгнө үү.. ... Гуравдагч этгээд бид ярилцсанаар төсөвт суусан байгаа мөнгийг хувааж авахад татгалзах зүйлгүй байгаа гэв.  

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач П. нь ажлаа хийж яваад амь насаа алдсан. Тиймээс 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хуулийн дагуу гаргуулах саналыг гаргаж байгаа юм. Анх 60 сарын хугацаатай тэнцэх хэмжээний цалинг гаргуулах саналыг гаргахад Тамгын газрын дарга нь “36 сарын цалинг гаргаж өгдөг юм” гэж хэлсэн учраас уг хүсэлтийг гаргасан. Төрийн албаны тухай хуулинд нийтлэг эрх зүйн хүрээнд авч үзсэн байдаг. Энэ тохиолдолд 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор заасан байдаг. Энэ тогтоолыг Засгийн газраас баталгаажуулсан бөгөөд нотлох баримт хэрэг бүрэн хавсаргагдсан байгаа. Гуравдагч этгээд Б.гийн хувьд мөн 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг шаардсан. Харин нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хувьд тэнцүү хэмжээний мөнгөн дүнгээр хувааж авахаар тохиролцсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах саналтай байгаа, нэхэмжлэгч байр сууриа ингэж тодорхойлж байгаа гэв.

 

3.3. Хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаач П. нь манай Баяндун сумын Засаг даргын тамгын газарт галчаар ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр угаартаж нас барсан. ... П. нь нас барах үедээ Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газрын даргатай гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд Засаг даргын тамгын газраас цалин, хөдөлмөрийн хөлсөө тооцож авдаг байсан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 8 тоот “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д буцалтгүй тусламжийг түүний ажиллаж байсан төрийн байгууллагаас олгох талаар зааж өгсөн байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг сумын Засаг даргад бус Баяндун сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

3.4. Хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баяндун сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.******* миний бие тус байгууллагад 2016 оноос төсвийн нягтлан бодогч, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2023 оны 04 дүгээр сараас Засаг даргын тамгын газрын даргын ажилд томилогдон ажиллаж байна. Тус байгууллагын галчаар ажиллаж байсан талийгаач П.ийн 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжтэй холбогдуулан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, мөн гуравдагч этгээдээр оролцуулж өгөх талаарх өргөдөл гаргасан Б. нарын нэхэмжлэл, өргөдөлтэй танилцсан. Тэтгэмжтэй холбоотой маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

3.5. Хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газрын өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тамгын газрын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Нас барагч П. нь галчаар ажилладаг байсан. ТҮ-ийн 1.1 буюу үндсэн цалин нь 487 000 төгрөгийн цалинтайгаар ажилд томилогдсон байдаг. Ажил үүргээ биелүүлж байх хугацаандаа харамсалтайгаар амь насаа алдсан. Мэргэжлийн байгууллагаас үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан болохыг тогтоосон. Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №08 тоот тогтоолд “нас барагч иргэнийг ажиллуулж байсан байгууллага тухайн тэтгэмжийг олгоно” гэж заасан байдаг. Тиймээс Засаг дарга энэ тэтгэмжид хамааралгүй гэж үзэж байна. Засаг дарга нь өөрөө ажилтныг сонгон авч ажиллуулдаг субъект биш юм. Талийгаач нь Засаг даргын тамгын газарт ажилладаг байсан. Тиймээс Засаг дарга нь хариуцагч биш гэж үзэж байна.    

Тамгын газрын даргын өмгөөлөгчийн хувьд тайлбар гаргахад талийгаач нь Хөдөлмөрийн гэрээ байгуулсны дагуу нийт 2 сарын хугацаанд ажиллаж байгаад нас барсан байгаа. Ингээд Засаг даргын Тамгын газрын даргад дээрээс нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгоорой гэдэг чиглэлийг өгсөн юм байна лээ. Ингээд тухайн хэмжээний цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг төсөвт байршуулсан. Гэвч олгогдохгүйгээр 2 жилийн хугацаа өнгөрч байгаа шалтгаан нь гэр бүлийн гишүүн гэх хоёр иргэнээс хүсэлт ирсэн. Яг аль хүнд нь нөхөн олговрыг олгох ёстой гэдгээ мэдэхгүй ирсэн. Тиймээс шүүхэд хандах нь зүйтэй гэдэг саналыг гаргасан. Одоогийн байдлаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Д.Алтанцэцэг нь гэр бүлийн гишүүн, Б. нь гэр бүлийн гишүүн гэдгийг бид тогтоохгүй. Сум орон нутгийн иргэдийн хувьд сүүлд ямар хүнтэй амьдарч байсан гэдгийг мэдэж байгаа. Гэвч өмнө нь амьдарч байсан 2 хүүхдийг нь төрүүлж өсгөсөн хүнийг гэр бүлийн гишүүн гэж үзэхгүй байх боломжгүй. Тиймээс манай талаас нөхөн төлбөрийг тэнцүү хувааж өгөх боломжтой гэсэн байр суурьтай байна гэв.

 

3.6. Гуравдагч этгээд Б. шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би талийгаач нөхөр ын тай 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулж эхнэр, нөхөр болсон. Бидний дундаас 1996 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүү ийн *******, 2000 оны 05 дугаар сарын 14-ний өдөр охин ийн ******* нар төрсөн. бид хамт амьдарч байх хугацаандаа нөхөр ийн төрсөн эгч *******гийн охин *******г 2002 онд өргөн авсан бөгөөд ******* нь бүрлээч аар овоглох болсон. Ингээд бид төрсөн 2 хүүхэд, өргөж авсан 1 хүүхэд буюу ам бүл 5-уулаа Баян-Уул суманд амьдарч байсан. Амьдралын явцад П. бид 2 хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэж тусдаа амьдрах болсон. П. нь өөрийн төрсөн нутаг Баяндун суманд амьдардаг болсон. Хэдийгээр бид тусдаа амьдарч байсан ч П. нь хүү А.*******, охин А.*******, өргөж авсан А.******* нартайгаа байнга холбоотой байж, анхаарал, халамж тавьдаг байсан. ...Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт олгоно” гэж заасан байдаг. ... Би өөрийгөө дээрх хуульд заасан “ар гэр” гэдэг ойлголтод бүрэн хамаарна гэж үзэж байгаа. ... Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа саналыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 1994 онд гэр бүл болоод дундаасаа хоёр хүүхэд төрүүлсэн. Мөн эгчийнх нь хүүхдийг өргөж авсан учраас 3 хүүхдээ өсгөж хүмүүжүүлсээр ирсэн. Гэр бүлийн баталгаагаа салгаж амжаагүй байсан. Аав нь хүүхдүүдтэйгээ байнга харилцаа холбоотой байсаар ирсэн. Бид бүгд ярилцаад шүүхэд хандахаар болсон. Миний хувьд 60 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд олгосон мөнгөн дүнгийн 50 хувийг авахыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, гуравдагч этгээд Б. нар нь: ...Нас барагч П.ийн “ар гэр” тул төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсаны нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгуулахаар маргаан үүсгэсэн.

3. Хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга нь хариуцагч биш гэж маргадаг бол, хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газраас дээрх буцалтгүй тусламжийг 60 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцүү хэмжээгээр олгох үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 36 сараар олгоно, харин нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэнд нь олгохыг шүүхээр шийдвэрлүүлнэ, давхардуулан хэн алинд нь олгох боломжгүй гэж маргажээ.

4. Буцалтгүй тусламж олгох үндэслэл, хэмжээний тухайд:

4.1. Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь нас барагчийн ар гэрт хуулийн дагуу 60 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох ёстой гэж, хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газрын зүгээс “36 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгох боломжтой” гэж маргаж байна.

4.2. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно” гэж заасан.

4.3. овогт ын нь Дорнод аймгийн Баяндун суманд 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсныг, нас барсны бүртгэлд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон[5] байна.

4.4.  Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “П.ийг ажилд томилох тухай” Б/21 дүгээр тушаалаар Засаг даргын тамгын газрын галчаар овогтой ийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилж, ...сарын үндсэн цалинг ТҮ-1-1 шатлалд заасны дагуу 487 695 /Дөрвөн зуун наян долоон мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгөөр тооцож олгохыг нягтлан бодогч /Б.*******/-д зөвшөөрсүгэй гэжээ.

4.5. Нас барагч П. нь дээрх ажилд буюу Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д заасан төрийн албаны “төрийн үйлчилгээний алба” ангилалд, ТҮ-1-1 шатлалаар 2021 оны 10 дугаар сарын 01-нээс нас барах хүртлээ ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.6. Дорнод аймгийн Мэргэжлийн  хяналтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт[6]”-д “... Ажилтан П., Д.******* нар нь сумын Засаг даргын 2021 оны А/84 тоот захирамжийн хүрээнд хяналтын постонд томилолтоор ажиллаж байх явцдаа угаартсан. ... Аймгийн онцгой комиссын шийдвэрийг үндэслэн сумын Засаг даргын захирамжаар хяналтын постод томилогдон ажиллаж байсан нь “угаарын хийд хордсон осол гэж үзэж байна” гэсэн бөгөөд “үйлдвэрлэлийн ослоор нас барсан” гэж тогтоосон байна.

4.6. Дээрхээс төрийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон үйл баримт тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан “60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж”-ийг түүний ар гэрт нь олгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

4.7. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 8 дугаар тогтоолын хавсралтаар “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-г баталсан бөгөөд уг журмын 2.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь ажиллаж байсан төрийн байгууллагаас олгоно” гэж заасан байна.

4.8. П. нь нас барах хүртлээ Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газарт галчаар ажиллаж байсан тул дээрх нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажиллаж байсан төрийн байгууллага буюу Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах үндэслэлтэй байна.

5. Тусламж авах эрх бүхий этгээдийн тухайд: 

5.1. Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг нь нас барагч П.тай 2014 оноос нас барах хүртэл хамт амьдарч байсан гэж тайлбарладаг ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03 дүгээр шийдвэрээр, ... овогт ийнийг овогт ын тай 2014 оноос 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд “хамтын амьдралтай байсан” болохыг тогтоосон байх тул хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтын тухайд шүүх дахин дүгнэхгүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

5.2. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 23 дугаарт “... Хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т заасан “ар гэр” гэдэгт нас барсан ажилтантай нэг ам бүлд хамтран амьдарч байсан ...хүмүүс хамаарна” гэж тайлбарласан.

5.3. Иймд нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийг Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасан “... түүний ар гэр” гэдэг хууль зүйн ойлголтод хамаарах этгээд мөн гэж шүүхээс үзлээ.

5.4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.гийн тухайд нас барагч П.тай 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн[7], одоог хүртэл гэрлэлт хүчин төгөлдөр хэвээр байна.

5.5. Түүнчлэн П., Б. нарын дундаас 1996 оны 11 дүгээр сарын 22-нд ийн *******, 2000 оны 05 дугаар сарын 14-нд ийн ******* нар төрсөн[8] үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд, 2002 онд ийн төрсөн эгч *******гийн охин *******г 2002 онд үрчлэн авч ******* нь бүрлээч аар овоглох болсон гэж гуравдагч этгээдээс тайлбарладаг бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

5.6. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.3-д “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг ойлгохоор тодорхойлсон.

5.7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Улсын бүртгэл үнэн зөв” байх зарчмыг хуульчилсан бөгөөд “гэрлэлт” нь бүртгэлээр үүсч, дуусгавар болдог харилцаа бөгөөд П., Б. нарын хувьд 1996 оноос гэрлэлт хүчин төгөлдөр, түүнчлэн тэдний дундаас төрсөн болон үрчилж авсан хүүхдүүдийн хувьд эцэг, эхийн эрх үүргээ хэрэгжүүлж ирсэн, эд хөрөнгийн бус амины эрх үүргээр холбогдсон “гэр бүл” гэж үзнэ.

5.8. Дээрх үндэслэлүүдээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.г Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасан “...түүний ар гэр” гэдэг хууль зүйн ойлголтод хамаарах этгээд мөн гэж шүүхээс үзлээ.

6. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “... 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно” гэж заасан бөгөөд дээрх тусламжийг 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тусламжийг түүний ар гэрт “нэг удаа” олгох зохицуулалттай тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд давхардуулан олгох боломжгүй байна.

7. Харин, хэрэгт тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тухайд хэн аль нь “ар гэр” гэх хууль зүйн ойлголтонд хамаарч байх тул нэг удаагийн буцалтгүй тусламжийг гаргуулж, тэнцүү хэмжээгээр хувааж олгох үндэслэлтэй байна.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хэн аль нь нөхцөл байдлын хувьд ойлголцолд хүрч, нэг удаа олгох буцалтгүй тусламжийг адил хэмжээгээр хувааж авах талаар санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.  

9. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, гуравдагч этгээд Б. нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нас барагч П.ийн ар гэрт олгох төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсаны нэг удаагийн буцалтгүй тусламжийг нэхэмжлэгч Д.Алтанцэцэгт нас барагчийн 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр, гуравдагч этгээд Б.д нас барагчийн 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тус тус тооцон олгохыг Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн 70200 төгрөг, гуравдагч этгээд Б.гийн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын тамгын газраас 140400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Алтанцэцэгт 70200 төгрөгийг, гуравдагч этгээд Б.д 70200 төгрөгийг олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    В.ДАВААНЯМ

 

[1] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 4, 10 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас