Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/517

 

   

 

 

 

 

     2023          5              16                                       2023/ДШМ/517           

 

 

Т.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хатанбаатар, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

           цагаатгагдсан этгээд Т.Б, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Г.Ичинхорол, Г.Мандахсайхан,

            нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Булгантамир, шүүгч Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/343 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр эсэргүүцлээр Т.Бөд холбогдох эрүүгийн 1908043770456 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн  Т.Б, 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /................../;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Т.Б нь 2019 оны 8 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 45-13 тоот өөрийн гэртээ амь хохирогч Х.Бтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн шөнийн 02 цагийн орчим амь хохирогч Х.Бийг тус хаягт байрлах хувийн сууцны 2 дугаар давхрын шатнаас унаж бэртэл, гэмтэл авсныг харсан, талийгаачийн хамар, ам зэргээс цус гарсныг мэдсээр байж бусдын туслалцаа шаардлагатай, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлэлгүй 2019 оны 8 дугаар сарын 24-ний өглөө талийгаачийн эзэмшлийн 92-65 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нь зөөвөрлөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-60 дугаар байрны урд талд авч очсоны улмаас Х.Б нас барсан буюу аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Бөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1908043770456 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэрэгт нь хэрэг хадгалагдах хүртэлх хугацаагаар хавсарган үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нь 1 хоног баривчлагдсан, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хохирол арилгуулах эрх үүсэхийг тусгаж, уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, эрх бүхий прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бөд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2019 оны 8 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө амь хохирогч Х.Б болон иргэн Т.Б нар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 23-13 тоот хаяг болох Т.Бийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, “Хараа” нэртэй 1 шил архийг хамт хувааж уусан, амь хохирогч Х.Б нь уг хувийн сууцны 2 давхрын бор өнгийн модон шатнаас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар амь хохирогч Х.Б нь шатнаас унасны улмаас түүний биед “гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн чамархайн ясны дээд хэсгээс 2 салаалан урдаас арагш дээш чиглэсэн мөн арагшаа доошоо чиглэж суурь ясны чулуулаг хүрч төгссөн, уг хугарлаас дагзны зүүн дээд хэсэг хүрч төгссөн хугарал, баруун чамархай ясны дээд хэсгээс арагш дагзны төвгөр хүрч төгссөн шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн орой, дух, чамархай дагзны хэсгийн цусан хураа, их тархины баруун болон зүүн тал бөмбөлгийн аалзан хальсны цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн орой, дух, суурийн хэсгийн тархины эдийн гүн рүү чиглэсэн няцрал, тархины гүүр хэсгийн тархины эдийн няцрал, хуйх дахь цус хуралт, зүүн хацар шанаанд цус хуралт” бүхий учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэл учирсан болох нь шинжээч Н.Туяагийн дангаараа гаргасан 1835, 224, 171 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн холбогдох хэсэг, шинжээч Г.Энхбаатар, Ө.Сарангэрэл, С.Баатаржав нарын хамтран гаргасан 291 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Ц.Ганболд, С.Чулуунсүх, Т.Чимэд-Очир, Т.Сүхбаатар, М.Тэмүүжин нарын хамтран гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 906 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

Тодруулбал нэр бүхий 9 шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчид учирсан гэмтэл нь эргэлзээгүй тогтоогдсон, нас баралтын шалтгаан тодорхой байх бөгөөд харин энэхүү гэмтэл, нас баралтын шалтгаан нь ямар хүчин зүйл, учир шалтгааны улмаас шалтгаалж учирсан байж болохыг шинжээчид мэргэжлийн үүднээс тус бүрийн дүгнэлтүүддээ тусгасан байна. Тухайлбал 291 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Амь хохирогч Х.Бийг хавтаст хэргийн материал дахь хэргийн газрын үзлэгт дурдагдсан шатнаас унах тохиолдолд гэмтлүүд үүсэх боломжтой” гэж, 906 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Амь хохирогч Х.Б нь хавтаст хэргийн материал дахь хэргийн газрын үзлэгт дурдагдсан шатнаас унах тохиолдолд ...гэмтлүүд үүсэх боломжтой. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2 давхрын шатнаас өөрийн жингээр унаж гэмтэх нь хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлийн үйлчлэлд хамаарна” гэж тус тус дүгнэснээс үзэхэд талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны хугарлууд болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн үхлийн шалтгаанд гаднын хүчин зүйл нөлөөлсөн, хэн нэгэн этгээдийн буруутай үйлдлийн улмаас нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүнийг алах”, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн  гэж шууд буруутгах хууль зүйн боломжгүй ба энэ талаар нотлох баримт хэрэгт цуглараагүй юм.

Харин 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг орчмоос 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг хүртэл хугацаанд амь хохирогч Х.Б болон Т.Б нар өдөр нь автомашинаар гадуур явах, хүнтэй уулзах, хоол идэх зэргээр, шөнө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт хоносон ба Х.Б нь байшингийн 2 дугаар давхрын шатнаас унаж бэртэл, гэмтэл авч хамар, ам зэргээс нь цус, нус зэрэг гарсныг Т.Б мэдсээр байж 8 дугаар сарын 24-ний өглөө талийгаачийг тээврийн хэрэгсэлд нь оруулан, өөр газар руу зөөж тээвэрлэсэн байна. Т.Б болон талийгаач Х.Б нар нь их сургуулийн нэг ангид тодорхой багагүй хугацаанд суралцаж төгссөн, найз нөхөрлөлийн харилцаатай байсан, урьд өмнө уулзалдаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, Х.Б нь автомашинаа Т.Бөөр засуулдаг байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр батлагдсан ба талийгаачийг нас барах хүртэл сүүлийн 24 цагийн турш талийгаачтай хамт байсан хүн нь Т.Б гэдэг нь эргэлзээгүй болно. Өөрөөр хэлбэл Т.Б болон Х.Б нарыг өөр хоорондоо тухайн үед харилцан итгэлцэл хүлээсэн этгээд мөн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн байдлыг хууль тогтоогчоос “бага насны хүүхэд”, “өндөр настай”, “хөгжлийн бэрхшээлтэй”, “бэртэл гэмтэлтэй”, “өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай” гэсэн 5 байдлаар тодорхойлж эдгээр хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд гэмт хэргийн субъектийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр тусламж үзүүлэх үүрэгтэй хүн”, эсхүл “харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэгтэй хүн” гэж тодорхойлоод энэхүү үүргүүдээ субъект “зориуд биелүүлээгүй” байхыг заавал шаардаж эцэст нь хохирогчид хүндэвтэр, хүнд хохирол, амь нас хохирсноор гэмт хэрэг төгссөн байхаар хуульчилжээ. Прокуророос амь хохирогч Х.Бийг “бэртэл гэмтэлтэй” хүн гэж, шүүгдэгч Т.Бийг “харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэгтэй хүн” гэж тодорхойлоод Т.Бийг тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй гэж үзэн энэхүү үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг, тухайлбал энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж улмаар мөрдөн шалгах ажиллагааг дууссаны эцэст яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэл болон хохирогчийн амь нас хохирсон хоёрын хооронд шалтгаант холбоогүй, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нотлох баримт байхгүй, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгогүй, үйл баримт тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн удаа дараагийн дүгнэлт зэргээр шүүгдэгчийн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдоно. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт нотлох баримт хангалттай, хүрэлцээтэй байдал бүрдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлага хангагдсан байгаа. Шүүгдэгч Т.Бийн хувьд хохирогчийг шатнаас хэрхэн яаж унасныг харсан, ам, хамраас нь цус гарсан болохыг мэдсэн, түүнийг цэвэрлэсэн, гэмт үйлдлээ нуух, өөрөөсөө зайлуулах байдлаар гар утсаараа шөнө бичлэг хийсэн, талийгаачийн эхнэр рүү залгасан, бусад хүний тусламжтайгаар гэрээсээ зөөж гаргасан, тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, орхин явж өөрөө хоол идсэн, 1 шил архийг хоёулаа хувааж уухад өглөө нь гэмтэл аваагүй л бол талийгаач яагаад ч сэрэхгүй, босохгүй байх шалтгаангүйг мэдэх байх боломжтой байсан болох нь тодорхой харагдана. Шүүхээс яллах дүгнэлтэд дурдсан үйл баримт, нотлох баримтуудыг өөр ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн талаараа тогтоолд үндэслэлтэй дурдаагүй, шүүгдэгчийн өөрийн өгсөн эргэлзээ бүхий мэдүүлгийг үндэслэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэж прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ өдрийг хүртэл өмгөөлөгчийн туслалцаа аваагүй. Хэдий би эрх зүйч мэргэжилтэй боловч процессын хувьд алдаа гаргасан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг 4 дүгээр сарын 20-ны өдөр гардаж авсан санагдаж байна. Над руу Баасан гаригийн орой залгахад нь би Даваа гаригт очиж авсан. Цагаатгах тогтоолыг очиж авахад надад прокурорын эсэргүүцлийг давхар гардуулсан. Тухайн үед шүүгчийн туслахтай уулзаж, прокурорын эсэргүүцэлтэй танилцаж, “...прокурорын бичсэн эсэргүүцэл миний гаргах гэж байгаа саналтай адилхан байна. Би цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 14 хоногт гомдол гаргах эрхтэй гэсэн учраас цагаатгах тогтоолыг эсэргүүцэж байна. Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэж бичиж өгсөн. Үүнийгээ би давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэж бодсон. Дараа нь, шүүгчийн туслахтай яах ёстой талаараа асууж утсаар ярихад “...та санаа зоволтгүй, давж заалдах шатны шүүхээс тань руу залгана...” гэсэн. Баасан гаригт над руу залгаж давж заалдах шатны шүүх хурал болохыг мэдээд хэргийн материалтай танилцахад би давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй, зөвхөн прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу шийдвэрлэж байгааг мэдсэн. Тухайн үед бичиж өгсөн зүйлээ давж заалдах гомдол гаргасан гэж ойлгосон. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, талийгаач согтууруулах ундааны зүйл бага хэрэглэдэг, амархан согтдог, согтохоороо шууд унтаад өгдөг, унтахаараа буцаж хурдан сэргэдэг. Архи хэрэглэсэн үедээ эхнэр рүүгээ залгаад ирүүлж авхуулдаг, эсхүл шууд гэр рүүгээ харьдаг. Тасраад унасан тохиолдолд 2-3 цагийн дотор сэрдэг зэргийг нь талийгаачийн эхнэр болон Т.Б өөрөө ч хэлдэг. Хэрэг гарсан өдөр амь хохирогч яагаад эхнэр рүүгээ залгаагүй вэ, 2-3 цагийн дотор гэртээ хариагүй вэ. Шүүх шинжилгээний дүгнэлтэд “хөнгөн зэргийн гэмтэлтэй” гэсэн. Талийгаач ахыг маань хэр хугацаанд согтож, хэр хурдан сэргэдэг болохыг Т.Б мэднэ. Талийгаач яагаад эхнэр рүүгээ залгаагүй учир нь Т.Бөд итгэж байгаа юм. Талийгаач, Т.Б нар тухайн өдөр хамт ажил хийж бүтэн өдөр яваад орой нь хамт суух талаар ярьсан. Талийгаач Т.Бөд итгэсэн учраас хамт архи ууж, гэрт нь хонохоор болсон. Хэрэв итгэдэггүй байсан бол архиа ууж дуусаад эхнэр рүүгээ залгаж, гэртээ харих байсан, эсхүл 2-3 цаг унтаад гэр рүүгээ явах байсан. Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийг “…12-24 цагийн дотор гэмтэл авч, нас барсан…” гэж үзсэн. Талийгаачийг тасарсны дараа сэрэх хугацаа нь болсон байхад яагаад түргэн тусламж дуудах, эсхүл ар гэрийнхэнд нь мэдэгдсэнгүй вэ гэх асуултыг өмнө шүүх хуралдаанаар ч мөн адил асуусан. Хэрэг гарсан шөнө 3 цагийн үед Т.Б эхнэр рүү нь залгасан байдаг. Т.Б эхнэрийнх нь утасны дугаарыг мэдэж байгаа. Мөн түргэн ирээд нас барсны дараа над руу “ах чинь нас барсан” гэж залгасан. Т.Б талийгаачийн эхнэрийнх нь дугаарыг ч тэр миний дугаарыг хүртэл мэддэг. Мөн талийгаачийн эхнэртэй мессежээр харилцсан харилцаагаа скрийншот хийж хавтас хэрэгт хавсаргаж өгсөн. Т.Б талийгаачийн ар гэртэй холбогдох бүрэн боломжтой байсан. Гэтэл тус үүргээ бүрэн биелүүлээгүй. Талийгаачийн хамраас нь цус гарч байхад өглөө цусыг нь угаагаад машинд нь хийсэн. Машинд нь мөн цус гарахад угаасан. Талийгаачийн гутлыг хүртэл өмсүүлээгүй, гэрээсээ авч явсан. Миний бие хэргийн материал прокуророос шүүх рүү шилжих үед танилцсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд маш их гомдолтой байдаг. Эхний хоёр шүүх эмнэлгийн дүгнэлтийг Туяа гэх эмч гаргасан, дараа нь бүрэлдэхүүнтэй эмч нар дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлт гарахад нэг ч удаа бидний хууль ёсны эрх, ашгийг хамгаалж, биднээс асуулт нэг ч удаа аваагүй. Бүх шинжээчийн дүгнэлтүүд гарсны дараа танилцуулсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар, прокурорын газарт маш их сэтгэл дундуур байдаг. Миний хувьд эрх зүйч мэргэжилтэй учраас шүүхийг үнэн зөв, шударга шийдвэрлэх байх гэж өнөөдрийг хүртэл хүлээцтэй байгаа. Т.Б “...миний тооцооллоор талийгаачийг 2 цагт шатнаас унасан…” гэж ярьдаг. Тухайн хэрэг гарсан шөнө 3 цагт эхнэр рүү нь залгасан, 4 цагт өөрийнхөө утсаар бичлэг хийсэн байдаг. Энэ цаг хугацаанд эмнэлгийн байгууллага, түргэн тусламж дуудаагүй. Харин зөөвөрлөж авч явсан. Т.Бийн явсан замд нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг байгаа. Гэтэл эмнэлэг рүү оруулаагүй, цааш явж байшин, контейнер хоёрын дунд машинаа байрлуулсан. Хэрэв байшингийн завсруудаар машинаа байрлуулсан бол цус нь гоожсон байгаа хүнийг хараад хэн нэгэн цагдаагийн байгууллага, эсхүл түргэн тусламж дуудах байсан. Т.Б талийгаачийг 7 цаг 40 минутын үед машин дотроо түгжиж явсан. Дунд нь эргэж ирж цусыг нь арчиж, машины шалавчийг угааж цэвэрлэсэн. Гэтэл мөрдөгч хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлдээ тусгаагүй. Энэ талаар би анхан шатны шүүх хуралдаанаар Т.Бөөс асуусан. Т.Б миний ахыг гэмтэл авсан, тусламж хэрэгтэй байгаа гэдгийг мэдсэн. Миний ах найз Т.Бөд итгэж, нэг удаа ажил ярьсан, ажил нь бүтсэн учраас гэрт нь очиж, хамт архи ууж хоноё гэх байдлаар итгэснийхээ үндсэн дээр гэрт нь хоносон байх. Хэрвээ итгээгүй байсан бол гэрээс нь явах байсан. Найзууд нь ч “...жаахан архи уухаараа шууд явдаг...” гэж хэлдэг. Т.Б өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах зорилготой байсан, тусламж үзүүлэх боломжтой байхад үзүүлээгүй, ар гэрийнхэнд нь мэдэгдээгүйд маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эцэслэн шийдвэрлэж өгнө үү.  ...” гэв.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хөмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хгаргасан тайлбарыг дэмжиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хдавж заалдах гомдол гаргаагүй шалтгаанаа тайлбарласан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна. Анхан шатны шүүх Т.Бийн үйлдэл, хохирогч Батхуягийн амь нас хохирсон асуудлын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй, Т.Бийг харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн атлаа үүргээ зориуд санаатай үл биелүүлсний улмаас хохирогчийн амь насыг хохироосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэх хоёр үндэслэлээр цагаатгасан гэж ойлгож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хохирогчийн гомдолд дараах тайлбарыг нэмж хэлье. Т.Б “…1996 онд Техникийн Их сургуулийн Механик инженерийн лицей ангид хамт суралцаж байсан. Энэ цаг үеэс эхлэн найзалж нөхөрлөсөн. Сургуулиа төгссөнийхөө дараа холбоотой байсан найз...” гэж мэдүүлсэн байдаг. Дотно найз нөхдийн холбоотой, итгэлцэл хүлээсэн хүн болох нь нотлогддог. Амь хохирогчийн шатнаас унаж, гэмтэл авсан гэдгийг тэр даруй мэдсэн. Түүний хацар, амнаас цус гарч, арчиж цэвэрлэсэн гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарлаж байна. Амь хохирогчийг сэрэхгүй байгааг мэдсээр байж зөөвөрлөж, машинд унтаж байг гэж орхисон. Энэ үед тусламж үзүүлэхгүй байх, ар гэрт нь мэдэгдэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй. Өөрөөр хэлбэл, утсаар ар гэрийнхэнд нь мэдэгдэх, тусламж үзүүлэх бүрэн боломж байсан. Тэр ч байтугай ил задгай газар биш, зориудаар хүн харахгүй байх боломжтой газарт машинаа байрлуулж орхисон гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байгаа. Т.Б амь хохирогчийн эхнэр, дүүгийнх нь утасны дугаарыг мэддэг. Амь хохирогчийг нас барсны дараа утасдаж мэдэгдсэн байдаг. Энэ нөхцөл байдлаас үзэхэд тусламж үзүүлэх үүргээсээ санаатайгаар зайлсхийсэн, татгалзсан гэдэг нь харагдаж байгаа юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр амь хохирогч хөнгөн зэргийн согтолттой байсан гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, амь хохирогч олон цаг унтаад сэрэхгүй байх хэмжээний согтолтын зэрэгтэй байгаагүй. Анхан шатны шүүх хохирогчид тусламж үзүүлээгүй байдал нас барсан шалтгаантай шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн нь амь насыг аврах боломжгүй, хүнд гэмтэл учирсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбогдуулж дүгнэсэн. Гэтэл амь хохирогч гэмтэл авснаасаа хойш 12-24 цагийн хугацаанд амьд байсан гэдэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэдий амь хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байсан ч эмнэлгийн тусламж үзүүлэхэд нас барах байж гэдгийг тусламж үзүүлэх шаардлагагүй гэж үгүйсгэх боломжгүй. Тухайлбал, автомашин жолоодож яваад осолд орж, нэг нь гэмтсэн тохиолдолд зайлшгүй эмнэлгийн байгууллага, цагдаагийн байгууллага дуудах үүрэгтэй байдаг. Энэ тохиолдолд Т.Бийн хувьд амь хохирогчийг хүнд байдалд байгааг мэдсээр байж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй. Хэрэв цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бол талийгаачийн амь нас хохирох байдал ямар байх байсан нь эргэлзээтэй. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн зүйл анги тохирсон, ял шийтгэл оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

           Цагаатгагдсан этгээд Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаачтай өмнө 9, 10 дугаар ангидаа хамт сурч байсан. Талийгаачийг архи уугаад хэр хэмжээгээр согтож, яаж унтаж, сэрдгийг нь мэдэхгүй. Хэрэг гарахаас сарын өмнө миний хөл хугархай байхад хамт нэг удаа уухад эхнэртэйгээ ирээд явж байсан. Түүнээс хойш хамт ууж байгаагүй, яаж ууж, согтдогийг нь сайн мэдэхгүй. Тухайн архи уудаг өдрийн 7 хоногийн дараа талийгаач над руу залгахдаа утасны чанга яриа нь дээр тавьсан ярьж байхад нь эхнэр нь “...цаадах чинь 7 хоног гаруй архи уусан, одоо л сэргэж байна...” гэж ярьж байсан. Нэг уухаараа шараа тайлах гээд олон хоног уудаг юм байна гэж бодсон. Найзтайгаа ажил хийхээр ярьсан байсан болохоор талийгаачийн архи нь гарах байх гэж бодсон, мөн хурхираад байхаар нь унтаж байна гэж бодсон. Талийгаачийг шатнаас унасан болохыг нь хараагүй. Өглөө нь босож ирээд сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Талийгаачийн биед нь ил харагдах шарх, сорив, ёолох, гийнах зүйл байхгүй учраас унтаж байна л гэж бодсон. Өдөр 13, 14 цагийн үед ажил хийсэн найзтайгаа уулзах байсан учраас тэр болтол архи нь гарах  байх гэж бодсон...” гэв.

           Цагаатгагдсан этгээд Т.Бийн өмгөөлөгч Г.Мандахсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг 4 жилийн хугацаанд шалгагдсан. Өмнө нь Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг алах, мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэх хоёр зүйл ангиар зүйлчилж шалгаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Дараа нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн. Мэдээж хүний амь нас хохирсон учраас ар гэрийнхэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлж байгаа тайлбарыг ойлгож байна. Гэхдээ энэ хэрэгт Т.Б, талийгаач нарын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэх хууль зүйн үндэслэлийг гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсхүл буруу тайлбарлаж хэрэглэсэн бол гэх гурван үндэслэлийг заасан байдаг. Анхан шатны шүүх үйл баримтуудыг нэг бүрчлэн дүгнэж, нотолгооны ач холбогдлын талаар дурдсан байдаг. Анхан шатны шүүх ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байдал харагддаггүй. Прокурорын зүгээс “Т.Бийг харилцан итгэлцлээр хүлээсэн, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг хангасан гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн” гэж эсэргүүцэлдээ бичжээ. Харилцан итгэлцлээр хүлээсэн үүрэгтэй байсан гэдгийг прокурор хувийн итгэл үнэмшлээр тогтоох боломжгүй. Хэрэв харилцан итгэлцлээр хүлээсэн үүрэг бол тэдгээрийн хооронд ямар нэгэн тохироо байж, үүрэг хүлээж, үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээж болохоор байгаа юм. Мөн тухайн гэрт Т.Б, талийгаач нар хоёулаа байсан учраас Т.Бийг хардах нь зөв. Гэхдээ Т.Бийг ямар байдалтай байсанд дүн шинжилгээ хийх ёстой. Тухайн үед  Т.Б хөлөө хугалсан таягтай байсан. Тийм учраас найзынхаа машиныг гуйж, гадуур ажил хөөцөлдсөн. Хэрэг гарснаас хойш Т.Бийн өгсөн мэдүүлгүүдэд ямар нэгэн зөрүү байдаггүй, бодит байдлыг үнэн зөвөөр ярьдаг. Т.Бийн өгсөн мэдүүлгүүд нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Прокурор “...хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт зэргээр Т.Бийн үйлдэл нотлогдож байна... ” гэж үзэж байгаа боловч, үүргээ биелүүлээгүй юм уу, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектив шинж нь юугаар нотлогдож байгаа талаар нарийн тодорхой дүгнээгүй. Үүнийг шүүх бүрэлдэхүүн та бүхэн анхаарч үзэхийг хүсье. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж байгаа нөхцөлд хэргийн бодит байдал, шалтгаант холбоо, сэдэл, гэм буруугийн хувьд прокурорыг буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хуульд заасан объектив, субьектив шинжүүд хангагдсан гэж тохиолдолд гэмт хэрэгт тооцох болохыг бид бүхэн мэднэ. Гэтэл объектив, субьектив шинжүүд тодорхойгүй. Хохирогчийн амь насыг хохироох гэмт санаа анхнаасаа агуулагдаагүй. Т.Бийн хөл нь хэчнээн хугарсан байсан ч талийгаачийг авч явсан. Хэрэв амь насыг нь хохирооё гэж бодсон бол орхих байсан. Санаатай гэм буруугийн үйлдэл тогтоогдохгүй байгаа юм. Найз учраас босохгүй болохоор нь өөрийг нь унтаад байсныг нь харуулахын тулд бичлэг хийсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанаар бичлэгийг шинжлэн судлахад хурхирч байгаа нь сонсогддог. Хүн болгон амь нас аюултай үед хурхирч байна гэж ойлгох боломжгүй, анхан шатны шүүх хуралдаанаар ч хэлсэн. Учир нь, би өөрөө мэдэрсэн. Ээжийгээ сэхээнд байхад нь хурхирч байхаар нь “сайхан амарч байна даа” гэж хэлэхэд эмч “эцсийн байдалдаа орсон, найдваргүй...” гэж хэлж байсан. Тиймээс хүн болгоны мэдээд байх асуудал биш. Т.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...хоёулаа архи уугаад унтсан. Сэрэнгүүтээ ус ууя гэхэд нь ус авахаар явж байтал ард нэг зүйл дугарсан...” гэхэд “чамд харагдаагүй юм уу” гэж асуухад “...манай гал тогооны өрөө доголтой учраас дээрээс бууж ирж байгаа хүн харагддаггүй юм, би усаа авч өгөх гээд очиход хурхирч байхаар нь шалан дээр унтуулаад яахав гээд өөрөө өргөж дийлэхгүй байсан учраас том өрөөний хивсэн дээр тавьж...” гэж тайлбарладаг. Шатны хувьд стандарт бус шат, баруун, зүүн хөлөөрөө солбиж буудаг. “Яагаад ийм шат байсан юм бэ” гэж асуухад “манайх энэ байшинг худалдаж авсан” гэдэг. Тэгэхээр согтуу байсан хүн, гэрт нь хонож байгаагүй хүн шатыг буруу тооцоолсон юм болов уу. Иймд хохирогчийн амь насыг хохироох гэсэн санаатай үйл баримт тогтоогдохгүй байгаа юм. Анхан шатны шүүх нотолбол зохих асуудлыг бүгдийг нотолсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

           Цагаатгагдсан этгээд Т.Бийн өмгөөлөгч Г.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

           Цагаатгагдсан этгээд Т.Бийн өмгөөлөгч Г.Ичинхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Т.Б нь 2019 оны 8 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 45-13 тоот өөрийн гэртээ амь хохирогч Х.Бтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн шөнийн 02 цагийн орчим амь хохирогч Х.Бийг тус хаягт байрлах хувийн сууцны 2 дугаар давхрын шатнаас унаж бэртэл, гэмтэл авсныг харсан, талийгаачийн хамар, ам зэргээс цус гарсныг мэдсээр байж бусдын туслалцаа шаардлагатай, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлэлгүй 2019 оны 8 дугаар сарын 24-ний өглөө талийгаачийн эзэмшлийн 92-65 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нь зөөвөрлөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-60 дугаар байрны урд талд авч очсоны улмаас Х.Б нас барсан буюу аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр” хэрэгсэхгүй болгож, Т.Бийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн объект нь өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэл, өвчтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэнд бөгөөд хохирогчийг аюултай нөхцөлд орхисон тэр үеэс энэ гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцдог.

Ингэхдээ тусламж үзүүлэхээс зайлсхийсэн этгээдийн хувьд тухайн агшинд хохирогчийг авран хамгаалж, туслалцаа үзүүлэхэд байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл эсхүл халдагч этгээдийн довтолгоог зогсоох, аюулын түвшинг бууруулах нөхцөл бүрдсэн байсан эсэх буюу боломжит, бодит байдлын харьцааг зөв үнэлсний эцэст өөрийн амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахгүй байх боломжийг тооцон дээрх гэмт хэрэгт буруутган эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Өөрөөр хэлбэл, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах этгээд нь хохирогчид аюул учирсныг мэдсэн, мэдэх боломжтой байсан хэдий ч аюултай нөхцөл байдал бодитой бий болсон тохиолдолд хүлээсэн үүргийн хүрээнд өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулан хохирогчид зайлшгүй тусламж үзүүлэх үүргийг хууль шаардаагүй болно.

                   Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын үндсэн шинжид хамаарах үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, шалтгаант холбоо Т.Бийн үйлдэлд үгүйсгэгдэх бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан:

                   гэрч Э.Оын “...найзтайгаа өчигдөр шөнө архи уусан, одоо Содон хорооллын энд, машин дотор байна гэж ярьсан. Очоод ажлаа хөөцөлдөх үү гэж асуухад машин дотор хамт архи уусан нөхөр тасарчихсан хэвтээд байна, одоо ингээд босох байлгүй, жоохон харья гэхээр нь за за гээд байрны сүүдэрт миний машинд 10-20 минут болоод одоо нэлээд удчихлаа одоо сэргэхгүй бол эхнэр рүү нь яривал яадаг юм бэ гэхэд өөрийнх нь утсан дээр тэмдэглээстэй дугаар ховор байна, ганц нэг дугаар руу залгахад утсаа авахгүй байна гэж хэлж байсан. Хэсэг байж байгаад одоо эртхэн ажил төрлөө хөөцөлдөхгүй бол болохоо болилоо наад хүнээ сэрээгээд явъя гэхэд за за гэж машин руугаа яваад машиныхаа арын хаалгыг онгойлгоод унтаж байгаа залуугаа сэрээх гэж оролдоод байсан, нөгөө нь сэрэхгүй байсан учраас Бямбатөгс сандраад энэ чинь бүр болохгүй байна, сэргэхгүй байна, өмдөндөө шээчихсэн байна гээд цээжин дээр нь дарж сэрээх оролдлого хийж эхлээд над руу хэлэхээр нь би өөрийн машинаас бууж түргэн тусламж руу өөрийн утсаар 14 цаг өнгөрч байхад дуудлага өгсөн. .../2хх 214-215, 1хх-107, 108-111/,

            гэрч Г.Пийн ...хашааны хаалгыг хүн нүдэхээр нь гарахад Т.Б байсан бөгөөд манай найз гэрт согтуу унтаад байна, удахгүй ээж ирэх гэж байна, хамт өргөөд машинд нь оруулаад өгөөч гэхээр нь хамт явсан. Намайг очиход эрэгтэй хүн ганцаараа унтаж байсан өөр хүн байгаагүй. Очоод харахад тэр эрэгтэй хүний нэг хамрын нүхнээс цус харагдаж байсан бөгөөд нүүрэнд ямар нэгэн гэмтэл бэртэлгүй, хурхирсан байдалтай, амьсгалж байсан, сэрэхгүй унтаж байхад нь би цээж хэсгээс нь 2 гараараа өргөөд Бямбатөгс хөлөөс өргөөд гадаа машинд арын суудал дээр нь хэвтүүлсэн. Бямбатөгс ээж нь ирэх гэж байсан болохоор сэрэхгүй болохоор нь гаргаж байна гэсэн. ...” /1хх-113, 114-117, 2хх-86/,                          

            шүүгдэгч Т.Бийн яллагдагчаар өгсөн: “...Батхуяг тухайн шөнө манай гэрийн 1 давхраас 2 давхарт гарах шатнаас унаад намайг очиход шатны урд коридорт хурхираад унтаад байсан юм. Тэгэхээр нь газар шалан дээр унтуулаад яахав гэж бодоод том өрөө рүү чирч оруулаад том өрөөний хивсэн дээр хэвтүүлсэн юм. Тухайн үед ямар нэгэн шарх сорив, гэмтсэн гэмтэл огт байгаагүй, мөн бөөлжиж, ам хамраас нь цус нөж гарсан зүйл харагдаагүй юм. Өглөө Пүрэвдоржийг дуудаж хамт өргөлцөөд машины хойд сандлыг хэвтүүлж байгаад талийгаачийг машинд оруулж хэвтүүлсэн. Тэгээд байрны сүүдэрт унтаж байгаад найз Оргилыг утсаар ярихаар нь дуудсан. Ирэхээр Оргилын утсаар талийгаачийн эхнэртэй ярих гэтэл дугаарыг мэдэхгүй байсан учир талийгаачийг сэрээгээд асууя гэж бодоод машин дээр очтол талийгаачийн хөлс нь бурзайгаад хурхирахаа болихоор нь нэрээр нь дуудаад сэрээх гээд сэгсэрсэн боловч сэрэхгүй байсан, болохоо байчихлаа түргэн дуудаарай гээд найз Оргилоор түргэн тусламж дуудуулаад, талийгаачийг машинаас буулгаж, цээжин дээр нь дарж амьсгалуулах гэж оролдож, мөн чихийг жоохон үрж сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан, Миний хувьд талийгаачийг гэмтэл авсан гэдгийг мэдээгүй байсан учраас хурхирахаа больж хөлс бурзайсан байхаар нь түргэн тусламж дуудсан. .../Зхх 186-188/ гэсэн мэдүүлгүүд, 

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 291 дугаартай “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1835 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 224 дугаартай дүгнэлтийн 3 дахь хэсэгт “талийгаач Х.Бийн цогцост учирсан гэмтлүүд нь хэргийн газрын нөхөн үзлэг хийгдсэн тухайн шатнаас унах үед үүсгэгдэх боломж багатай”, 5,6 дахь хэсэгт “амь хохирогч Х.Б нь тухайн гэмтлийг авсны дараа тодорхой хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба орилох, мөлхөх, ярих, тодорхой үйл хөдлөл хийх гэх мэт үйл хөдлөл хийх боломжтой” гэсэн нь үндэслэл муутай байна. 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “талийгаачийн цогцост учирсан гавал тархины гэмтэл нь шатнаас унах үед үүсгэгдэхгүй бөгөөд шугаман хугарал нь их жинтэй, их гадаргуутай зүйлээр, бага хүч хурдтай цохих үед үүсгэгдэнэ. Х.Б нь тухайн гэмтлийг авсны дараа тодорхой хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой” гэсэн нь үндэслэлгүй байна. Хязгаарлагдмал бус гадаргуутай хатуу мохоо зүйл гэдэгт 16 см2 аас дээш гадаргуутай бүх төрлийн хатуу мохоо эд зүйлс орох ба хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон паркетан шал, модон шат, бариул зэрэг хамаарна. Хязгаарлагдмал гадаргуутай буюу харьцангуй бага гадаргуутай зүйлд 16см2 хүртэл гадаргуутай бүх төрлийн хатуу мохоо эд зүйлс буюу таяг орох ба дээрх гавал тархины гэмтэл нь таягаар цохиход үүсэхгүй. Амь хохирогч Х.Бийн цогцост үүссэн зүүн хацар, шанааны бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралт нь шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь арьсан дээр халцарсан, зулгарсан шинжгүй, цус хуралт байх ба унах, цохих аль ч үед үүсэх боломжтой Гавал тархинд учирсан гэмтлийн улмаас уг цус хуралт үүсэхгүй. Амь хохирогч X.Батхуяг нь хавтаст хэргийн материал дахь хэргийн газрын үзлэгт дурдагдсан шатнаас унах тохиолдолд гавлын зүүн чамархай ясны дээд хэсгээс 2 салаалан урдаас арагш дээш чиглэсэн, мөн арагшаа доошоо чиглэж суурь ясны чулуулаг хүрч төгссөн, уг хугарлаас дагзны ясны дотор дунд хэсгэзр үргэлжпэн баруун чамархай ясны дээд хэсэг хүрч төгссөн шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн орой, дух, чамархай, дагзны хэсгийн цусан хураа, их тархины баруун болон зүүн тал бөмбөлгийн аалзан хальсны цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн орой, дух, суурийн хэсгийн тархины эдийн гүн рүү чиглэсэн няцрал, тархины гүүр хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд үүсэх боломжтой. Дээрх гэмтлийг авсан даруйд ухамсарт ухаан бүрэн алдагдаж ухаангүй болох ба идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаачийн цогцост хийсэн гадна үзлэгээр зүүн хацарт цус хуралт бүхий гэмтлээс өөр ил харагдах гэмтэл тогтоогдоогүй ба хэргийн газрын үзлэгт дурдагдсан шатнаас унах үед уг гэмтлийг авах боломжтой. Шатнаас унах үед үүсэх гэмтлүүд нь шатны аль хэсгээс, биеийн аль хэсгээрээ унаснаас хамаарч үүсэх ба толгойгоороо унах үед биеийн өөр бусад хэсгүүдэд гэмтэл үүсэхгүй байж болно. Талийгаачийг үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь толгойн баруун, зүүн чамархайн хэсэгт 2 удаагийн хүч үйлчилснээс үүссэн байх боломжтой. Зүүн хацар, шанааны цус хуралт нь үхэлд хүргэсэн тархины гэмтэлтэй ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба дээрх гэмтлүүд үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн 2 давхрын шатнаас өөрийн жингээр унаж гэмтэх нь хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлийн үйлчлэлд хамаарна. Амь хохирогч Х.Б нь эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй. Амь хохирогч Х.Бийн биед шинжилгээ хийх явцад илэрсэн тархины зүүн тал бөмбөлгийн орой дух, чамархай, дагзны хэсгийн 1,5 см зузаан, 15х15см хэмжээтэй хагас бүлэгнэсэн хар хүрэн өнгийн цусан хураа нь эд эсийн шинжилгээгээр нас барахаас 12-24 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна гэжээ. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 1,2 промилл, шээсэнд 2,5 промилл спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарах ба энэ нь талийгаачийн нас барах үеийн согтолтын зэрэг юм. Хөнгөн зэргийн согтолттой хүн сэтгэл санаа тогтворгүй болж, хөдөлгөөний координаци алдагдаж эхлэх ба нүүр улайж, зүрхний цохилтын тоо түргэсдэг. Эдгээр шинж тэмдгийн илрэл нь тухайн хүний бие махбодын хувийн онцлог, сэтгэл санааны байдал, хэрэглэсэн хоол тэжээл, хүнсний байдал, архийг тэсвэрлэх чанар буюу архинд дасал болсон байдал зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг. Хөнгөн зэргийн согтолттой хүн идэвхтэй үйлдэл хийх, биеэ хамгаалах, орчны болон орон зайн баримжааг ойлгох, алхах, гишгэх, хүнтэй ярих, шатаар буух зэрэг рефлексийн шинжтэй үйлдэл, хөдөлгөөн хийх чадвартай.  Талийгаачийн биед учирсан гавал ясны хугарал, тархины хатуу хальснуудын доорх цус хуралт, тархины няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хацрын цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.6- д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр өндрөөс уналтын үед илэрдэг дотор эрхтний доргилтын шинж буюу холбоос дагасан цус хуралт, язрал гэх мэт шинж тэмдгүүд илрээгүй байна. Эдгээр шинж тэмдгүүдийн илрэл нь унасан гэх объектын өндрөөс шууд хамаардаг бөгөөд хэргийн газрын үзлэгт дурдагдсан өндөртэй шатнаас унах үед илрэхгүй байх боломжтой. Талийгаачийн үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл болон зүүн шанааны цус хуралт гэмтлүүдэд үйлчилсэн хүчний хэмжээг нарийвчлан тодорхойлох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь шатнаас унах үед үүсэх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цус задарч гемолиз болсон тул бүлэг тогтоох боломжгүй байсан байна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй байна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гавал тархинд урьд өмнө нь учирч байсан гэх хуучин гэмтэл тогтоогдохгүй байна. Шинжээч эмч Н.Туяагийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгт “талийгаачид учирсан гэмтэл нь /хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон шатнаас унахад үүсэх боломжгүй", 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 224 дугаартай дүгнэлтийн 3 дахь хэсэгт “талийгаач Х.Бийн цогцост учирсан гэмтлүүд нь хэргийн газрын нөхөн үзлэг хийгдсэн тухайн шатнаас унах үед үүсгэгдэх боломж багатай” гэсэнтэй санал нийлэхгүй байна. Хязгаарлагдмал гадаргуутай хатуу биетээр цохигдох үед цөмөрсөн, цоорч нүхэлсэн, шаталсан, шаантаг хэлбэрийн, голомтлог шугаман хугарлууд үүсдэг бол өргөн хавтгай гадаргуутай зүйлээр цохигдох үед цагираг болон цацраг хэлбэрийн хугарал буюу аалзавч хэлбэрийн хугарал үүсдэг, хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлийн үйлчлэл буюу толгойгоор хөдөлгөөнгүй биетийг мөргөж унах үед инерцийн механизмаар хүч үйлчилсэн цэгт голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, няцрал, хүч үйлчилсний эсрэг талд том голомтот аалзан хальсан доорх цус харвалт, няцрал, хатуу хальсан доорх цусан хураа үүсдэг ба гавлын ясны хугарал нь хүч үйлчилсэн цэгээс эхэлж суурь яс, чамархай, дагз яс руу үргэлжилсэн урт шугаман, салаалсан хугарал үүсдэг. Талийгаач нь дээрх гавал, тархины гэмтлийг аваад хэдий хугацаанд амьд байх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач Х.Б нь дээрх гавал тархины битүү гэмтлийг авсан даруйд ухаан алдах ба хурхирах, унтаарах, өтгөн, шингэнээ гаргах зэрэг шинжүүд илэрч болно. Харин тодорхой цаг хугацаанд орилох, мөлхөх, ярих, хэвтэж буй байрлалаа өөрчлөх гэх мэт идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай. ...”  /Зхх-77-90/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр 16-ны өдрийн 906 дугаартай “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1835 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 224 дугаартай дүгнэлтийн 3 дахь хэсэгт “талийгаач Х.Бийн цогцост учирсан гэмтлүүд нь хэргийн газрын нөхөн үзлэг хийгдсэн тухайн шатнаас унах үед үүсгэгдэх боломж багатай”, 5, 6 дахь хэсэгт “амь хохирогч Х.Б нь тухайн гэмтлийг авсны дараа тодорхой хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой ба орилох, мөлхөх, ярих, тодорхой үйл хөдлөл хийх гэх мэт үйл хөдлөл хийх боломжтой” гэсэн нь үндэслэл муутай байна. 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “тал ийгаачийн цогцост учирсан гавал тархины гэмтэл нь шатнаас унах үед үүсгэгдэхгүй бөгөөд шугаман хугарал нь их жинтэй, их гадаргуутай зүйлээр, бага хүч хурдтай цохих үед үүсгэгдэнэ. Х.Б нь тухайн гэмтлийг авсны дараа тодорхой хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой” гэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 291 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачийн биед 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн "Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” 291 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “Хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлийн үйлчлэл буюу толгойгоор хөдөлгөөнгүй биетийг мөргөж унах үед инерцийн механизмаар хүч үйлчилсэн цэгт голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, няцрал, хүч үйлчилсний эсрэг талд том голомтот аалзан хальсан доорх цус харвалт, няцрал, хатуу хальсан доорх цусан хураа үүсдэг ба гавлын ясны хугарал нь хүч үйлчилсэн цэгээс эхэлж суурь яс, чамархай, дагз яс руу үргэлжилсэн урт шугаман, салаалсан хугарал” үүссэн байх боломжтой байна. 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 291 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “Хязгаарлагдмал бус гадаргуутай хатуу мохоо зүйл гэдэгт 16см2-с дээш гадаргуутай бүх төрлийн хатуу мохоо эд зүйлс орох ба хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон паркетан шал, модон шат, бариул зэрэг хамаарна. Хязгаарлагдмал гадаргуутай буюу харьцангуй бага гадаргуутай зүйлд 16см2 хүртэл гадаргуутай бүх төрлийн хатуу мохоо эд зүйлс буюу таяг орох ба дээрх гавал тархины гэмтэл нь таягаар цохиход үүсэхгүй” гэсэн нь үндэслэлтэй байна. ...” /3хх 137-153/ гэсэн дүгнэлтүүд зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

                  Иймд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг дүрслэн тогтооход амь хохирогчийн гавал тархинд битүү гэмтэл, хүнд гэмтэл үүссэн. Улмаар амь насанд нь шууд аюул учирсан буюу бодит аюул тулгарсан байгааг бүрэн ухамсарлаж мэдээгүй, мэдэх боломжгүй байсныг үгүйсгэхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Тухайн цаг хугацаанд амь хохирогч, шүүгдэгч хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн тухайн цаг хугацаанд амь хохирогчид ил харагдах шарх гэмтэлгүй нөхцөл байдлууд нь амь хохирогчийг тухайн цаг хугацаанд хүнд гэмтэл авсныг шууд мэдэх боломжгүй байсан гэх үйл баримт нь “амь хохирогчийг аюултай байдалд орхих, тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх гэх” шинж үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/343 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ