Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/552

 

      2023         05           25                                         2023/ДШМ/552

Н.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

насанд хүрээгүй хохирогч М.С, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Сарантуяа,

хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч М.С, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.От холбогдох 2205 03722 0032 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Н-ын О, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, ... эмнэлэгт инженер ажилтай, ам бүл ... нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

            Н.О нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.Сг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл буюу 15 нас 8 сар 25 хоногтойгоос 16 нас хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Discovery” нэртэй зочид буудал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лион” нэртэй зочид буудлуудад удаа дараа бэлгийн харьцаанд орсон буюу “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Н-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497, 505, 506 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Н.Оаас 891.260 /найман зуун ерэн нэгэн мянга хоёр зуун жар/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Сд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Насанд хүрээгүй хохирогч М.Сгийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг шийдвэрлэнэ.”, 7 дахь хэсэгт “Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасныг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан шүүхийн харьяалалтай асуудлыг шийдвэрлээгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар талд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар “насанд хүрээгүй хохирогч М.С нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд 891.260 /найман зуун ерэн мянга хоёр зуун жар/ төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч Н.О нь 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг төлсөн байх тул дээрх 91.260 /ерэн нэгэн мянга хоёр зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна” гэж дүгнэсэн. Шүүгдэгч талаас давж заалдах шатны шүүхэд 91.260 төгрөгийг хохирол төлсөн талаар баримтыг гарган өгсөн байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд 2 дахь хэсгийн 2.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу “бэлгийн замын халдварт өвчин халдаасан” гэх шинжийг харгалзаж үзээгүй нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч нь бэлгийн замын халдварт өвчин авсны улмаас 891.260 төгрөгийг зарцуулж “АСЭ” эмнэлэгт шинжилгээ өгч, эмчлүүлсэн нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөлд хамаарч байна. Хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15712 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Н.Оын цус, арчдас, наалдцын шинжилгээнд трихомониаз өвчин илэрсэн” гэх дүгнэлт /1хх 39-41/, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15271 дугаартай “М.С нь трихономаниазын халдвартай байна.” гэх дүгнэлт /1хх 32-35/, шинжээч эмч Б.Цолмонгийн мэдүүлэг “...трихономаниаз өвчин нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин” гэх баримтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан. Мөн насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд “би өмнө нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй” гэж мэдүүлдэг бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан. Гэтэл энэ талаар шалгаж, ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Анхан шатны шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд 3 дахь заалтад “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу явагдсан боловч насанд хүрээгүй хохирогчоос “бэлгийн замын халдварт өвчин авсандаа гомдолтой байна” гэхэд шүүх энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар өмгөөлөгч оролцоогүй тул мэтгэлцээн тэгш эрх үндсэн дээр явагдсан гэж үзэхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын зүгээс хэрэгт хавсаргахаар цахим зурвас болон гэрэл зургийн үзүүлэлтүүдийг гаргаж өгсөн. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасныг зөрчсөн байна. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Discovery” нэртэй зочид буудал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лион” нэртэй зочид буудалд хохирогч болсон. Би бэлгийн замын халдварт өвчин туссан. Энэ талаар анхан шатны шүүх хэлэлцэж, дүгнээгүй. Би бэлгийн харилцааны талаар ямар ч ойлголтгүй байсан бөгөөд шүүгдэгч Н.О намайг садар самуунд уруу татсан. Тухайлбал, орон сууцны орц, автомашин зэрэгт бэлгийн харилцаанд орсон тухайгаа надад ярьдаг байсан. Би маш их гомдолтой байна. Бэлгийн замын халдварт өвчин туссан тул сэтгэл санаа болон бие махбодын хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.От оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгосон торгуулийн ялыг эс зөвшөөрч байна.” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.Сгийн хууль ёсны төлөөлөгч Х.Сарантуяа тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Насанд хүрээгүй хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал “шүүхийн харьяалал буруу” гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “хуульд заасан үндэслэлээр гаргасан шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд үзнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүх оролцогч нарын гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүйгээр харьяалалтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болно. Анхан шатны шүүхийн шатанд талуудаас шүүхийн харьяаллын асуудлаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Мөн насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч “шүүгдэгчээс насанд хүрээгүй хохирогч бэлгийн замын халдварт өвчин авсан” гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч урьд нь бэлгийн замын халдварт өвчин тусаж байсан эсэхийг тодруулсан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Н.О нь насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харилцаанд орохоосоо өмнө бүтэн биеийн шинжилгээнд хамрагдсан байсан. Энэ талаар баримтыг анхан шатны шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн бөгөөд уг баримтаас өөр бэлгийн замын халдварт өвчнийг хэн нь хэндээ халдаасан талаар нотлох баримт байхгүй. Мөн уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй. Мөн миний үйлчлүүлэгч болон насанд хүрээгүй хохирогч нарын бэлгийн харилцаанд орохоос өмнө хоорондоо бичсэн зурваст эхэлж насанд хүрээгүй хохирогч “би тантай бэлгийн харилцаанд ормоор байна” гэж бичсэн байдаг. Анхан шатны шүүх улсын яллагчийн хэргийг зүйлчилсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх насанд хүрээгүй хохирогч М.Стай 2021 оны 8 дугаар сард фэйсбүүкээр танилцаж байсан. 2021 оны 11 дүгээр сард насанд хүрээгүй хохирогч М.С надаас чатаар спортын нэмэлт бүтээгдэхүүний талаар асууснаар бид хоорондоо харилцаж эхэлсэн. Хохирогч талаас намайг “садар самуунд уруу татсан” гэж тайлбарлаж байна. Би насанд хүрээгүй хохирогч М.Стай харилцсан чатаа огт устгаагүй. Тухайн харилцсан чатуудаас үзэхэд насанд хүрээгүй хохирогч над руу садар самуунтай холбоотой зураг, бичлэгээ явуулж байсан. Дараа нь надад насаа хэлэхэд нь би “чи жоохон хүүхэд юм байна. Би чамтай бэлгийн харилцаанд орохгүй” гэж бичиж байсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. 2022 оны 12 дугаар сарын сүүлээр насанд хүрээгүй хохирогч М.С “би тантай бэлгийн харилцаанд ормоор байна” гэж бичсэн. Тухайн үед М.С надад таалагддаг байсан. Би насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох нь буруу гэж мэдэж байсан бөгөөд маш их гэмшиж, харамсаж байна. Мөн насанд хүрээгүй хохирогч М.С 7 дугаар сараас эхлэн манай гэр бүл болон ойр дотны хүмүүс рүү янз бүрийн зурвас бичих болсон. Тухайлбал, манай эгч хорт хавдар оноштой Бүгд Найрамдах Солонгос улс руу эмчилгээнд явсан бөгөөд хагалгаанд орохын өмнөх өдөр нь М.С эгч рүү минь “танай дүү чинь 15 настай хүүхэд хүчиндсэн” гэж зурвас бичсэн байсан. Энэ талаар мэдээд би М.Сд “би чамаас зайгаа баримаар байна. Хоёулаа холбоотой байхаа больё” гэж хэлэхэд “та надаас больж байгаа бол би таныг цагдаа, шүүхэд мэдэгдэнэ. Би эцэг, эхдээ мэдэгдэнэ. Та юу болохыг мэдэж байгаа биз дээ” гэж хэлсэн. Анх танилцахдаа надад “би 18 настай. Энэ жил сургуулиа төгсөнө” гэж хэлж байсан. Би М.Сг 18 настай гэж бодож байсан.” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.О нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.Сг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл буюу 15 нас 8 сар 25 хоногтойгоос 16 нас хүртэлх хугацаанд удаа дараа бэлгийн харьцаанд орсон тул прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Насанд хүрээгүй хохирогч М.С нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 10 дугаар хорооллын орчимд байдаг зочид буудалд шүүгдэгч Н.Отай бэлгийн харилцаанд орсон талаар өөрийн гараар бичиж өгсөн байдаг. Иймд уг хэргийг Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж үзсэн. Талуудаас шүүхийн харьяаллын асуудлын талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаж байгаагүй. Иймд шүүхийн харьяаллыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Хэрэгт насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч нараас бэлгийн замын халдварт өвчин илэрсэн талаар шинжээч эмчийн дүгнэлтүүд авагдсан. Анхан шатны шүүх хуралдааны шатанд тухайн бэлгийн замын халдварт өвчин нь ямар шинж тэмдэгтэй, яаж халдварлах талаар шинжээч эмчээс тодруулахад “уг өвчин бэлгийн замаар халдварлах бөгөөд эрэгтэй, эмэгтэй хэн нь хэндээ халдаасныг тогтоох боломжгүй” гэж хариулсан. Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хохирогч М.Сгаас шүүгдэгч Н.От, шүүгдэгч Н.Оаас насанд хүрээгүй хохирогч М.Сд бэлгийн замын халдварт өвчнийг халдаасан талаар тогтоох боломжгүй. Уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Учир нь, бэлгийн харилцааны шинжтэй үйл баримт болсон бөгөөд харилцан зөвшөөрсөн боловч арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, насанд хүрээгүй хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Оыг үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.Сг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл буюу 15 нас 8 сар 25 хоногтойгоос 16 нас хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Discovery” нэртэй зочид буудал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лион” нэртэй зочид буудлуудад удаа дараа бэлгийн харьцаанд орсон буюу “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Оыг “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4 “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг нарийвчлан шалган тогтоогоогүй, хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15271 дугаартай “...М.Сгийн охин хальс хуучин урагдалтай байна. ...Шүүх бактериологийн шинжилгээнд М.С нь Тэмбүү, ДОХ, заг хүйтэн өвчний халдваргүй байна. Трихомониазын халдвартай байна. ...” /1хх 32-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15712 дугаартай “...Н.Оын цус, арчдас, наалдацын шинжилгээнд трихомониаз өвчин илэрсэн ба ДОХ, тэмбүү, заг хүйтэн өвчин илрээгүй байна. ...” /1хх 39-40/ гэх дүгнэлтүүдээр шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч хэн аль нь бэлгийн замын халдварт өвчтэй болох нь тогтоогджээ.

Бэлгийн замын халварт өвчин халдаасан гэж бэлгийн харьцаанд орсны улмаас хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдсаныг ойлгоно. Бэлгийн замын халдварт өвчин гэж бэлгийн замаар нэг хүнээс нөгөөд дамжих халдвар юм.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Оын насанд хүрээгүй хохирогч М.Сд бэлгийн замын халдварт өвчин халдаасан эсэх талаар нарийвчлан шалгаж тогтоогоогүй байх бөгөөд үүнийг тогтоосноор хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, цаашлаад гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

Иймд шүүгдэгчийг бэлгийн замын халдварт өвчин халдаасан эсэх талаар тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч Н.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.

Түүнчлэн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн харъяалалыг нэг мөр зөв тогтоож, анхан шатны шүүх шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийг өмгөөлөгчгүй оролцуулсан зөрчлийг дахин давтахгүй байхад анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.От холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Н.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                      Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ