| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0358/З |
| Дугаар | 128/ШШ2024/0642 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “О*******” ХХК /РД:/,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.А*******ад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын ахлах байцаагч Ц.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, мөн өдрийн “О******* “ХХК-д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “О*******” ХХК-д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Гомдол гаргагч “О*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын зориулалтаар нэгж талбарын дугаар бүхий 0.3 га газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан.
2.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоор[1] иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт шинээр 33 хороо байгуулсны дотор Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороог байсныг 23, 24 дүгээр хороо болгон өөрчлөн шинээр байгуулсан.
2.3.2013 онд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн авто замын өргөтгөл шинэчлэлтэй холбогдуулан тухайн шатахуун түгээх станцын байршлыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар 0.3 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар “О*******” ХХК-д олгож, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан.
2.4.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай албан бичгээр[2] “Т” ХХК-д “Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчин хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул хууль зөрчсөн үйлдлээ зогсоож, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор зөрчлийг арилгах арилгах арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна.
2.5.Үндэсний аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг[3] үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай хяналт шалгалтын удирдамжийн[4] дагуу Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй “Т” ХХК-ийн салбар шатахуун түгээх станцад хяналт шалгалт хийсэн.
2.6.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.А******* “О*******” ХХК-ийг Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, дэглэм зөрчсөн, тусгай хамгаалалтай газарт нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх зөрчил үйлдсэн үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2.7.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар “О*******” ХХК-ийг тусгай хамгаалалттай газар нутагт хууль, дэглэм зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр торгох шийтгэл оногдуулж, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавраар тус компанийг үйл ажиллагаа явуулахыг зогсоохыг даалгажээ.
2.8.Гомдол гаргагч дээрх 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас болон мөн өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг эс зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гомдол гаргасан.
2.9.Гомдол гаргагч талаас гомдлын шаардлагын үндэслэлээ “манай компани тухайн газарт шатахуун түгээх станцын зориулалтаар зохих зөвшөөрлүүдийг авч 26 жил үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд төрийн байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг олгож, Байгаль орчны газраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан хэрнээ хууль тогтоомж зөрчиж хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, үйл ажиллагаа явуулаад 26 жил, шинээр шатахуун түгээх станц бариад 10 жил болж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зөрчлийн хэрэг нээж шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хууль зөрчсөн” гэж, хариуцагч талаас татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхтэй газар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд буюу Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй, хуулиар хориглосон тул шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, хуулийн этгээд өөрт учирсан хохирлоо Нийслэлийн Засаг дарга, холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй” гэж тайлбарлан маргаж байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын зориулаад 0.3 га газрыг эзэмшиж, хуулиар олгогдсон зөвшөөрлийн дагуу өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авч газрыг хуульд зааснаар эзэмшиж, ашиглаж байгаа болох нь доор дурдсан баримтуудаар тогтоогдоно. Нийслэлийн Засаг даргын 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тоот захирамжаар анх 0.3 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар тус компанид эзэмшүүлсэн. Үүний хүрээнд Газрын албатай холбогдох гэрээ хэлцлүүдийг байгуулсан. Газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргаас олгосны дараа 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээг тухайн үеийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай гуравласан гэрээ байгуулсан. Мөн уг гэрээг тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн даргаар батлуулсан байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу шатахуун түгээх станцын барилга байгууламжийг барьж 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. 2013 онд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн авто замын өргөтгөл шинэчлэлтэй холбогдуулан тухайн шатахуун түгээх станцын байршлыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар 0.3 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар олгож, Нийслэлийн Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан, энэ гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа.
Шатахуун түгээх станцыг нүүлгэсэн байрлалд дахин газар эзэмших эрх олгосонтой холбоотойгоор Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектур шатахуун түгээх станцын зураг төслийг дахин батлуулан барьж 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ашиглалтад дахиж өгсөн. Энэ ажилд тухайн үедээ нийт тус компаниас 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зарцуулсан байдаг. Шатахуун түгээх станц барьсантай холбоотойгоор барилга байгууламж дээр дугаартай нийтдээ 72 м.кв шатахуун түгээх станцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. Манай компани өнөөдрийг хүртэл тус газар дээр 26 жил тасралтгүй хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн ба Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөрөө тогтмол төлсөөр ирсэн.
Мөн 2023 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас удаа дараа тус компанийг зөвшөөрөлгүй газар эзэмшиж, барилга байгууламж барьсан гэсэн үндэслэлээр буруутгаж ирсэн. 2023 оны 12 дугаар сард эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагааг зогсооно, зөрчлийн арга хэмжээ авна гэх зэргээр удаа дараа тус компанид дарамт шахалт үзүүлж байсан. Бидний зүгээс тухай бүрд нь 4-5 удаа холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, газартай холбоотой бүхий л баримт бичиг, гэрээ, гэрчилгээ, зөвшөөрөл, холбогдох тайлбаруудыг гаргаж өгч байсан. Харамсалтай нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын ахлах байцаагч Ч.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар манай компанийг үндэслэлгүйгээр торгож, үйл ажиллагаа явуулахыг зогсоох талаар даалгаврыг өгсөн.
Бидний зүгээс өгсөн тайлбар, баримт бичгүүдэд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт дэглэм горим зөрчсөн гэсэн үндэслэлүүдийг тус шийдвэртээ тусгасан байсан. Шийтгэлийн хуудаснаас харвал тодорхой үндэслэл харагдахгүй байна гэж үзэж байгаа. Зөрчлийн хэрэг нээсэн үндэслэл, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар зэргээс үзэхэд манай компанийг Богдхан уулын дархан цаазат газар буюу тусгай хамгаалалттай газар нутаг, шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулж, тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн бололтой байдаг. Гэтэл тухайн газрыг манай компани 26 жил эзэмшээд үйл ажиллагаа явуулж байсан. Мөн холбогдох байгууллагуудаас нь тухай бүрд нь зохих зөвшөөрлийг авч, хуульд заасны дагуу гуравласан гэрээг байгуулан байгаль орчны үнэлгээ хийлгэж 2024 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөө, Нийслэлийн Байгаль орчны газрын хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр хянуулж, даргаар нь батлуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн.
Төрийн байгууллага өөрсдөө холбогдох зөвшөөрлүүдийг олгож, Байгаль орчны газраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан хэр нь хууль тогтоомж зөрчиж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр аж ахуйн нэгжийг торгож, хохироож байгаа нь үндэслэлгүй байна. Өөрсдийн гаргасан шийдвэрээ үгүйсгэсэн шинжтэй шийдвэр гаргаж байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан байгаа. Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн арга хэмжээг 10 дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж заасан. Гэтэл тухайн газрыг эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулснаас хойш 26 жил, шинээр шатахуун түгээх станц барьж үйл ажиллагаа явуулснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрөөд байгаа. Энэ хугацааны дараа зөрчил гаргасан гэж шийтгэж байгаа нь үндэслэлгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зөрчлийн хэрэг нээж шийтгэл оногдуулсан байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны улсын ахлах байцаагч Ч.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны улсын ахлах байцаагч Ч.А*******ын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн О******* ХХК-ийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
3.2.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, үйлдэхүйг зөрчил гэнэ гэж тодорхойлсон байна. Зөрчигдсөн эрх зүйн хэм хэмжээг тодорхойлох ёстой, үйлдэл нь тодорхой байх ёстой. Энэ 2 зүйлийг тогтоохгүйгээр зөрчлийн шийтгэл ногдуулах нь хууль бус юм байна. Зөрчлийн үйлдлийг өнөөдөр орж ирээд ойлгомжгүй гэдэг нь тогтоогдлоо. Хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж нэг яриад, хууль дэглэм зөрчсөн гэж яриад байна. Энэ 2 өөр өөр бүлэгт хамаарна. Зөрчлийн хуулийнхаа агуулгаар ч тэр, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн агуулгаараа ч 2 өөр зохицуулалт, 2 өөр эрх зүйн үр дагавартай. Яагаад 2 өөр вэ гэхээр тэнд үйл ажиллагаа явуулдаг, гэрээний үндсэн дээр газар ашигладаг хүн дэглэмээ зөрчөөд, горимоо зөрчөөд, гэрээнийхээ нөхцөл болзлыг зөрчөөд байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэх нэг зохицуулалт байна. Тэнд ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд очоод үйл ажиллагаа явуулж байгаа нь хориглосон үйл ажиллагаанд орвол бас нэг зохицуулалтаар шийдвэрлэнэ гэж би ойлгосон.
Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиас эшилсэн эрх зүйн хэм хэмжээ гэж үзэж байгаа. Тийм учраас Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дангаараа зөрчлийн шийтгэл оногдуулах хэм хэмжээг бүрдүүлж чадахгүй гэж үзэж байна. Бланкет зохицуулалтаа заавал оруулж байж тэр нь зөрчил үйлдсэн этгээдэд ойлгомжтой тодорхой байж шийтгэлээ оногдуулж, нэг талаараа мэтгэлцэх зарчим ч гэсэн хангагдаж байгаа. Эрүүгийн хууль дээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэдэг хүнийг шийтгэдэггүй, яллах дүгнэлт, тогтоол, бүх шийдвэр дээр замын хөдөлгөөний дүрэм энэ зүйлийг зөрчсөн нь их хэмжээний хохирол учруулсан, бусдын амь нас хохирсон учраас ял оногдуулж байна гэж тайлбарлаж байна. Тэгэхээр тэр хүн ойлгоно. Өнөөдөр шүүх хурал дээр орж ирээд Тусгай хамгаалалттай газар өмчлөх тухай хуулийн олон заалтуудыг хэлээд байгааг ойлгохгүй байна. Эрх бүхий албан тушаалтан энэ олон үндэслэлүүдээ дотроо бодож байгаад шийдвэрээ бичихдээ бичээгүй Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1 гэж биччихсэн байгааг юу гэж ойлгохоо мэдэхгүй байна. Хариу тайлбараар тогтоогоод, тодруулаад, шийтгэлийн хуудсан дээр өөрчлөлт оруулаад явах боломж байхгүй. Маргааны агуулга, маргааныхаа хүрээг өнөөдөр энд шинээр тодорхойлох боломж байхгүй. Зөвхөн акт дээр байгаа бичигдсэн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд актын үндэслэл дээр бичигдсэн шатахуун түгээх станцын үйл ажиллагаа гэдэг үндэслэлийн хүрээнд бид нар мэтгэлцэх ёстой.
Шатахуун түгээх үйл ажиллагаагаа тайлбарлахдаа хориглосон үйл ажиллагаа гэж байна. Хэрвээ шатахуун түгээх үйл ажиллагаа нь хориглосон үйл ажиллагаа юм бол яагаад Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр шийтгэл ногдуулаагүй вэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль дээр тодорхой байна. Тус хуулийн 39 дүгээр зүйлийн 1.1.2-т энэ хууль болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах юм бол гэж заасан байна. Энийг тайлбарууд дээрээ өөрсдөө бичсэн байсан. Тухайн бүс нутаг дээр газар ашиглах эрхийнхээ дэглэмийг зөрчөөд байгаа гэдгийг ойлгож байгаа болохоос биш Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-ийг бланкет аваачиж харьцуулж харвал хоорондоо холбогдохгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-ийг үндэслэсэн гэж ярьж байгаа ч шийтгэврийн хуудсан дээр хууль, дэглэм гэж бичсэн байгаа. Дунд нь байгаа захиргааны хэм хэмжээний акт, стандарт, горим гэдэг зүйл бичигдээгүй. Тиймээс би бодохдоо онцгойлоод эрх бүхий албан тушаалтныг хуульд заасан дэглэмийг зөрчсөн байна гэж үзэж байгаа юм байна гэж ойлгосон. Гэвч хуульд заасан онцгой бүсийн дэглэм, хамгаалалтын бүсийн дэглэм, хязгаарлалтын бүсийн дэглэм гэдгийг хуулийн заалтаар нь ч бай, үг зүйн шууд утгаар ч бай ямар нэгэн байдлаар шийтгэврийн хуудсан дээр бичигдээгүй учраас эрх зүйн хэм хэмжээгээ зааж чадаагүй гэж үзэж байна.
Анх 1998 онд олгохдоо шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон байна. Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-тэй яагаад таарахгүй байна гэхээр анх шатахуун түгээх станцын зориулалтаар олгоод явсан. Мөн гуравласан гэрээ нэг удаа байгуулахдаа шатахуун түгээх станцын зориулалтаар байгуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага юм уу гэдгийг би мэдэхгүй байна. Шатахуун түгээх станцын зориулалтаар хориглосон үйл ажиллагаа явуулахаар өөрсдөө гэрээ хүртэл байгуулж дэмжиж байсан. Аялал жуулчлалын зориулалттай гэж газар эзэмшээгүй. Дандаа шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмшиж байсан. Өнөөдөр анх удаа мэдээд ч юм уу, эсвэл шатахуун түгээх станц хориглосон үйл ажиллагаа юм байна гэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2-оор явах ёстой. Энд ямар нэгэн дэглэм горим огтоос хамааралгүй.
Мөн акт, түдгэлзүүлэх шийдвэр хоёр хоорондоо зөрүүтэй байна. Акт дээрээ Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасан хууль дэглэм зөрчсөн гэчхээд албан даалгавар дээрээ хориглосон үйл ажиллагаа явуулсан байна гэж бичсэн байна. Бид нар дээр хоёр шийдвэр оногдуулаад байгаа юм шиг харагдаад байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд заасан зохицуулалтыг зөв хэрэглээгүй гэдэг нь харагдаж байна. Даалгавар дээр бичсэн зүйл шийдвэрийн хуудаснаасаа өөр байж болохгүй.
1998 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан гэж манай төлөөлөгч тодорхой хэллээ. Энэ дотор хууль бус үйл ажиллагаа явуулсан, хүчингүй болсон гэсэн нэг ч баримт бичиг байхгүй. Энэ бүхэн хүчин төгөлдөр байхад зөрчлийн хэргийн нөхцөлийг яаж тогтоосон нь ойлгомжгүй байна. Хүчин төгөлдөр шийдвэртэй ч шийтгэж байя гэж тогтоогоод байгаа юм уу, энэ зөрчлийн хэрэгт нөлөөлчихсөн байна, гэхдээ гаргаад байгаа зөрчил нь үүнээс үл хамаараад бие даасан зөрчил байна гэж үзээд байгаа юм уу, энэ нөхцөл байдлаа зөв тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна.
Мөн нийтийн эрх зүйн хууль ёсны итгэлийг хамгаалах шийдвэр гаргаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Аж ахуйн нэгж 26 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан байхад зөвшөөрөл өгснөөс хойш 26 жилийн дараа яв, шийтгэж байна гэхээр бид нар зөв шийдвэр байна, бид нар хилийн зааг дээр байгаа юм байна гээд хариуцагч нартай зэрэг мэдээлэлтэй явахаар хэн манай хууль ёсны итгэлийг хамгаалах вэ. Дараа нь манай зөрчигдсөн эрхийг хэн хамгаалах вэ. Төрийн байгууллагуудын олон байцаагч нарын нэг нь болно гээд нэг нь болохгүй гэж байгаа олон шийдвэрээс болж шийтгэлийнх нь золиос болмооргүй байна. Зөрчлийн үйлдлийг хэм хэмжээгээр тогтоосны дараагаар тогтоогдох ёстой хэд хэдэн зүйлүүд байна. Зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, зөрчлийн хугацааг шат шатандаа тогтоох ёстой. Бид ямар хууль барьсныг нь мэдээгүй хурал дээр л ойлгож байна. Эрх зүйн хэм хэмжээ тогтоогдоогүй үед яаж зөрчлийн нөхцөл байдал, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох вэ гэдэг нь ойлгомжгүй байна. 26 жилийн өмнө шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон газрыг 26 жилийн дараа нэг байцаагч Нийслэлийн Засаг даргын чинь олгосон зөвшөөрөл хэнд ч хамаагүй, шатахуун түгээх станцаа нүүлгэ гэхээр бид нар хэзээ зөрчлөө үйлдсэн бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Үргэлжилсэн гэж үзэж байгаа бол бид нар хууль бус санаа зорилготой үргэлжлүүлсэн хугацаанд дахь гэмт хэргийг зөрчилд тооцно. Түүнээс биш байгууллага зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байхад энийг хууль бус ажиллагаанд тооцохгүй гэж үзэж байна. Тиймээс эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байж чадахгүй байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасан тэр хууль захиргааны хэм хэмжээний стандарт, дэглэм журмыг зөрчсөн гэдэг заалттайгаа уялдахгүй, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэг байдлаар эрх зүйн үндэслэлээ тайлбарлаж байгаа бол 7.17.2-т заасан “тусгай хамгаалалттай газрын төвд хуулиар хүргүүлсэн үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэх үндэслэл рүү орж ирэх ёстой. Тиймээс хариуцагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасны дагуу хуульд захиргааны хэм хэмжээний акт, стандарт дэглэм горим зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 3 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 30 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн төгрөгөөр торгоно гэж заасныхаа дагуу зөрчлийн хэрэг нээгээд гомдол гаргагч “О*******” ХХК-ийг торгож шийтгэл хүртэл оногдуулсан. Гомдол гаргагч талаас тайлбар гаргахдаа бид нар яг хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын олгосон эрх хэмжээний дагуу бид нар газраа зориулалтын дагуу ашиглаад шатахуун түгээх станцын үйл ажиллагаагаа явуулж байсан гэж тайлбарлаад байдаг.
1997 онд Улсын Их Хурал Засгийн газрын тогтоолоороо батлаад тусгай хамгаалалтын газар, Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газрын солбицлыг тодорхой тайлбарласан байдаг. Үүний дагуу тухайн арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байна гээд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Улсын Их Хурал руу хүсэлт гаргасны дагуу Улсын Их Хурлын байнгын хорооноос 2022 оны 8 дугаар тогтоол болон 2023 оны 3 дугаар тогтоол гаргаж энэ арга хэмжээг эрчимжүүлж ажилласан. Тус тогтоол нь газрын солбицлын зөрүүтэй байдлаас болоод иргэн, аж ахуйн нэгжүүд хохироод байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэж нэг шийдэлд хүр гэх агуулгаар “...тусгай хамгаалалттай газар нутгийн буюу хуучин нэршлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа бүхий тусгай хамгаалалтын газар нь аль хэмжээнд, Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар нь аль хэмжээнд юм бэ гэх байдлаар солбилцоо нарийвчлан тогтоосон байдлаар гарга...” гэдэг үндэслэлээр Улсын Их Хурлын байнгын хорооноос гарсан байгаа юм. Үүний дагуу Барилга, хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрсдийн хамаарал бүхий газруудаа нарийвчлан шинжлэн тогтоосон.
Тус хилийн хил заагийг тогтоосон арга хэм хэмжээн дээр тухайн “О*******” ХХК-ийн газар ашиглагчдын эзэмших эрхтэй газар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа буюу тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа юм. Үүний дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд хязгаарлалтын бүсийн дэглэмүүдийг тодорхой зааж өгсөн байдаг. Тухайн дэглэм дээр ямар нэгэн байдлаар шатахуун түгээх үйл ажиллагаа эрхлэх гэх байдлаар дэглэм дээр тодорхой үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг “О*******” ХХК-д олгоогүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдогчоос болон гэрчээс мэдүүлгээ аваад зөрчлийн хэрэг нээгээд үүнтэй холбогдуулж шийтгэлийн хуудас оногдуулаад байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээгээр нь тогтоогоод шийтгэлийн хуудас оногдуулсан. Үүнийг үндэслэл бүхий гэж үзээд байгаа юм.
Нэхэмжлэгч талаас хуулийн дагуу байна гээд байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн нэхэмжлэгч компаниас 26 жил үйл ажиллагаа явуулсантай холбоотой учирсан хохирлоо Нийслэлийн Засаг дарга эсвэл холбоотой эрх бүхий албан тушаалтан буюу буруутай албан тушаалтнаас гаргуулах эрх нь нээлттэй. Нэхэмжлэгч талын үйл ажиллагаатай холбоотой маргаан энд үүсээгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасныхаа дагуу хязгаарлалтын бүсийн дэглэмээ зөрчөөд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн учраас шийтгэлийн хуудсыг оногдуулсан. Үүнээс харахад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, салбарын хяналтын улсын байцаагч Ч.А*******ын шийтгэлийн хуудас, зөрчлийн хэрэг бүхэлдээ үндэслэлтэй байна. Тиймээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх гомдлын шаардлага, түүний үндэслэл, гомдол гаргагч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж дараах үндэслэлээр гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Гомдол гаргагч “О*******” ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулж буй 3000 м.кв газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоор[5] иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт шинээр 33 хороо байгуулсан ба Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороог 23, 24 дүгээр хороо болгон өөрчлөн шинээр байгуулсны дотор 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарч байгаа, түүнчлэн Улсын Их Хурлын 19 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор баталсан Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа[6] үйл баримттай хэргийн оролцогчид мараагүй тул шүүх тусгайлан дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна.
2.Нэг.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын тухайд:
3.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар “О*******” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, дэглэм зөрчсөн нь мэдүүлэг, нотлох баримт, лавлагаагаар тогтоогдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, байгаль орчинд учруулсан хохиролд 46,050,000 /дөчин зургаан сая тавин мянга/ төгрөгийг, шинжээчийн зардалд 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
4.Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас “нэхэмжлэгч компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хязгаарлалтын бүсийн дэглэмд зөвшөөрөөгүй, 12 дугаар зүйлийн 1, 5, 11 дэх хэсэгт заасан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулж, хууль, дэглэм зөрчсөн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанид хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлээ зогсоож, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг мэдэгдсэн боловч зөрчлөө арилгаагүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан” гэж шийтгэл оногдуулсан үндэслэлээ тайлбарладаг.
5.Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт:” гээд 1.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн... үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, 2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.
6.Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд хууль тогтоогч тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчилд холбогдогч этгээдийн байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, шийтгэл оногдуулах үндэслэлийг Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгайлан хуульчилсан байх бөгөөд хуульд заасан “хуулиар хориглосон үйл ажиллагаа” гэдэгт энэ маргааны тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хориглосон үйл ажиллагааг ойлгохоор байна.
7.Харин тусгай хамгаалалттай газар нутагт хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим тогтоосон аливаа хэм хэмжээг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол мөн хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
8.Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн үйлдэлд хамаарах хэдий ч хууль тогтоогч тухайн хуулиар хориглосон үйл ажиллагааны нийгмийн хор уршиг, хохирол, үүсэх эрх зүйн үр дагавар, үйлдсэн этгээдийн гэм буруугаас хамааран Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцож ял шийтгэх, эсхүл Зөрчлийн хуульд заасан зөрчилд тооцож шийтгэл оногдуулах үндэслэлийг хуульд ялгаатай байдлаар заасан байх тул хариуцагчийн “О*******” ХХК-д шийтгэл оногдуулсан үндэслэл болох Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасан тусгай хамгаалалтай газар нутагт “хууль зөрчсөн” үйлдэл гэдэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил” хамаарахгүй.
9.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”, 11-д “хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах” гэж заасан үйл ажиллагаа нь тусгай хамгаалалттай газар нутагт хориглогдох бөгөөд хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэл болно.
10.Өөрөөр хэлбэл, хариуцагч байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч гомдол гаргагч “О*******” ХХК-ийг тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн бол эрх зүйн хэм хэмжээний хувьд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх ба холбогдогч ямар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй зөрчилд хамаарах эсэхийг шалган тогтоох ажиллагааг хийх байжээ.
11.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудаст дурдсан “тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчсөн” гэх үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулж хууль зөрчсөн гэх агуулгаар хуулийг төсөөтэй байдлаар хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан энэ хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон хууль ёсны зарчмыг тус тус зөрчсөн байна.
12.Иймд хариуцагчийн “гомдол гаргагч компани нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
13.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох 11 төрлийн үйл ажиллагаа буюу мөрдөх дэглэмийг тодорхойлон заасан ба үүнд шатахуун түгээх станцын үйл ажиллагаа хамаарахгүй байна.
14.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заажээ.
15.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудаст дурдсан Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасан “тусгай хамгаалалттай газар нутагт дэглэм зөрчсөн” буюу Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хязгаарлалтын бүсэд зөвшөөрөгдөөгүй шатахуун түгээх станцын үйл ажиллагааг “О*******” ХХК явуулж байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ нь зөрчлийн шинжийг агуулж байна.
16.Гэвч Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд заасан хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчсөн гэх үйлдэлд гомдол гаргагч “О*******” ХХК-д буруутгасан нь үндэслэлгүй.
17.Учир нь “О*******” ХХК-д анх Нийслэлийн Засаг даргын 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын зориулалтаар 0.3 га газрыг олгосон[7],
2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээ”-г[8] Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан,
Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын[9] дагуу баригдсан шатахуун түгээх станц, саравч, технологийн барилга байгууламжийг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай актаар[10] хүлээн авч, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн,
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар[11] Улсын төсвийн хөрөнгөөр 2012-2013 онд дамжин баригдах Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км хатуу хучилттай авто замын трассд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн замын уулзварын зүүн талд байршилтай “О*******” ХХК-ийн одоо үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станц нь орсон, нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Аж ахуйн нэгжийн эзэмшил газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг үндэслэн тус авто замын тэнхлэгээс 50 м зайд шилжүүлэн байршуулж, 3000 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон,
2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай захирамжаар[12] “О*******” ХХК-ийн шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж буй 3000 м.кв газар эзэмших эрхийг хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунгаж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан бөгөөд Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийг цуцалсан ямар нэг шийдвэр гаргаагүй,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2014 оны 72[13], 2015 оны , 2017 оны , 2021 оны ******* дугаартай тушаал[14], уг тушаалуудыг үндэслэн олгосон тусгай зөвшөөрлүүдээр[15] тухай бүр 3-5 жилийн хугацаатай “бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх” эрх олгосон,
Нийслэлийн Байгаль орчны газраас 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ[16] хийсэн,
2023 онд Нийслэлийн Байгаль орчны газраас Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “О*******” ХХК-ийн “Ш*******” төслийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө[17] баталсан зэрэг үйл баримтуудаас үзвэл гомдол гаргагч хуулийн этгээд нь төрийн зохих эрх бүхий байгууллагуудын шийдвэр, түүнийг үндэслэн олгосон зөвшөөрлийн үндсэн дээр маргаан бүхий газарт шатахуун түгээх станцын үйл ажиллагааг эрхэлж байсан гэж үзэхээр байна.
18.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн тайлбарт “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй” гэж заасан ба мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхойлон заажээ.
19.Энэхүү маргааны хувьд гомдол гаргагч “О*******” ХХК нь 2013 оноос хойш маргаан бүхий газарт шатахуун түгээх станцын үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмшүүлсэн шийдвэрийн үндсэн дээр явуулж, хөрөнгө оруулалт оруулан үйл ажиллагааг явуулах зориулалт бүхий барилга байгууламж барьж, улсын комиссын актаар ашиглалтад оруулсан, эрх бүхий байгууллагаас шатахууны жижиглэн худалдаа эрхлэх зөвшөөрлийг олгосон байгаагаас үзвэл хууль бус захиргааны актын улмаас тусгай хамгаалалтай газар нутгийн хязгаарлалтын бүсэд шатахуун түгээх станц ажиллуулж, хориглосон үйл ажиллагаа явуулсан буюу зөрчил үйлдсэн гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд гомдол гаргагчид мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байх тул түүний хууль ёсны итгэл хамгаалагдана гэж шүүх дүгнэлээ.
20.Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагуудын хоорондын тодорхой бус, тусгай хамгаалалтай газар нутгийн хилийн заагийг эцэслэн тогтоогоогүй үйл ажиллагааны улмаас хуулийн этгээдийг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй, хөрөнгө оруулалт оруулан бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн итгэл төрийн зохих байгууллагуудын олгосон зөвшөөрлүүдийг үндэслэн хамгаалагдах учиртай.
21.Иймд гомдол гаргагчийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
22.Хоёр.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “О*******” ХХК-д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын тухайд:
23.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй, гомдол гаргагч цаашид маргаан бүхий газар дээр шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулах боломжгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “О*******” ХХК-д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгавар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно” гэж заасантай нийцсэн байна.
24.Иймд гомдол гаргагчийн дээрх гомдлын шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
25.Гурав.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
26.Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж тус тус заажээ.
27.“О*******” ХХК-ийн тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулсан гэх зөрчил нь 1998 оноос хойш хариуцагч эрх бүхий албан тушаалтан 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хүртэл хугацаанд үргэлжилсэн байх бөгөөд уг хугацааг зөрчил үйлдэгдсэн хугацаанд хамааруулан тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
28.Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч “О*******” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11, 12 дугаар зүйлийн 1, 3, 11 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.17 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсгийг тус тус баримтлан “О*******” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан “О*******” ХХК-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.А*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “О*******” ХХК-д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагч “О*******“ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
[1] Хх-2-13 дахь тал
[2] Хх-2-130 дахь тал
[3] Хх-1-191 дэх тал
[4] Хх-1-192 дахь тал
[5] Хх-2-13 дахь тал
[6] Хх-1-67 дахь тал
[7] Хх-1-156 дахь тал
[8] Хх-1-160 дахь тал
[9] Хх-1-155 дахь тал
[10] Хх-1-151 дэх тал
[11] Хх-1-16 дахь тал
[12] Хх-1-17 дахь тал
[13]Хх-2-105-117 дахь тал
[15] Хх-1-24 дэх тал
[16] Хх-1-168 дахь тал
[17] Хх-1-45 дахь тал