| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00079/и |
| Дугаар | 318/ШШ2025/00079 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 318/ШШ2025/00079
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: УАНДын газрын,
Хариуцагч: “ХС” ТББ-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 5,979,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УАНДын газрын дарга А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.1 ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөх, тайлагнах үүрэгтэй. Гэтэл “ХС” ТББ нь 2015-2017 онд нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр үүсгэн төлөхийг утсаар болон биечлэн уулзаж сануулах, шимтгэлийн өрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах гэрээ байгуулах, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, дансны зарлагын гүйлгээг хаах зэргээр удаа дараа арга хэмжээ авч ажилласан боловч ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Иймд “ХС” ТББ-аас нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан үүргээ зөрчиж, гүйцэтгээгүй үүргийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3,986,500 төгрөг, түүнд ногдох алданги 1,993,250 төгрөг, нийт 5,979,750 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд УАНДын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ХС ТББ-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3,986,500 төгрөг, алданги 1,993,250 төгрөг, нийт 5,979,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа. Нэхэмжлэгч УАНДын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч ХС ТББ-ын дарга С.М бид дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М би нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги нийт 5,979,750 төгрөгөөс алданги 1,993,250 төгрөгөөсөө татгалзаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3,986,500 төгрөгийг гаргуулах. Хариуцагч ХС ТББ-ын дарга С.М нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3,986,500 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч бид дахин энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар маргаангүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч УАНДын газар нь хариуцагч ХС МББ-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 5,979,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч УАНДын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч ХС ТББ-ын хууль ёсны төлөөлөгч С.М нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн даатгалын шимтгэлийн өр алданги 5,979,750 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийн өр 3,986,500 төгрөгийг хариуцагч ХС ТББ нь 2025 оны 5 дугаар сарын 30-ны хүртэл төлж барагдуулахаар, нэхэмжлэгч үлдэх алданги 1,993,250 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байгаагаа илэрхийлжээ.
3. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч УАНДын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, харин 3,986,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,734 төгрөгийн 50 хувь буюу 39,367 төгрөгийг хариуцагч ХС ТББ-аас гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч УАНДын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч ХС ТББ-ын хууль ёсны төлөөлөгч С.М нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 5,979,750 төгрөгөөс 3,986,500 төгрөгийг хариуцагч ХС ТББ нь 2025 оны 5 дугаар сарын 30-ны хүртэл төлж барагдуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,993,250 төгрөгийг нэхэмжлэгч гаргуулахаас татгалзаж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч УАНДын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ХС ТББ-аас 39,367 /гучин есөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР