| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/00037/и |
| Дугаар | 318/ШШ2025/00051 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 318/ШШ2025/00051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Э-н,
Ажиллаж байсан байдал тогтоолгох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1965 онд төрсөн, 60 настай. Би 1981 оноос 1983 оны хооронд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирсэн. 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын мэдэлд шилжүүлж, 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Сагил сумын Түргэнд хоршоонд трактор, комбайнчаар ажилд орж, 1984 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар тушаалаар цэргийн албанд явах болж ажлаас чөлөөлөгдөж байсан. 1984-1987 оны хооронд Ардын армийн 015 дугаар ангид цэргийн алба хааж ирээд 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазад засварчнаар ажилд орон ажиллаж байгаад 1988 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс УВ 75-89 улсын дугаартай авто машины жолоочоор ажилласан. Авто тээврийн 9 дүгээр бааз нь Ачаа тээвэр ХХК болон 1990 оныг дуустал ажилласан. Иймд Увс аймгийн Сагил сумын Түргэн хоршоонд 1983-1984 оны хооронд трактор, комбайнчаар, Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазад 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл засварчнаар, 1988 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт оршин суух Ж овогтой Эийн 1983-1984 онд Увс аймгийн Түргэн сумын Түргэн хоршоонд тракторчнаар ажиллаж байсан 1 жил, 1988-1990 онд Авто тээврийн 9 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан 2 жилийг тус тус тогтолгох тухай нэхэмжлэл гаргасан” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Д.Бэд шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Ж.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, мэргэжилтэй ажилчдын бүртгэлийн зарт дугаар 111, 1992 оны 10 дугаар сард авахуулсан гэх 2 ширхэг гэрэл зураг, Увс аймгийн нэгдэл дундын Түргэн хоршооны даргын 1984 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, БНМАУ Тээврийн яамны харьяа Увс аймгийн тээврийг удирдах газрын даргын 1988 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаар “ажилчин ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Увс аймгийн Авто тээврийн 9-р баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар тушаал, хавсралтын хуулбар, БНМАУ Зам, тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр “Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” тушаал, хавсралтын хуулбар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 458 дугаартай цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, БНМАУ Тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарыын 23-ны өдрийн 06 дугаар “Ажилчин ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, гэрч Б.Сийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний Увс аймгийн нэгдэл дундын Түргэн хоршооны даргын 1983 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 69 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, 041213 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн нэгдэл дундын Түргэн хоршооны даргын 1985 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаар “ажилчдыг шилжүүлэх тухай” тушаал, хавсралтын хуулбар, гэрч С.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Эийн хүсэлтээр Б.С, С.Д нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
4. Шүүх өөрийн санаачилгаар Ж.Эийн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Ачаа тээвэр ХХК нь хэдэн онд улсын бүртгэлд бүртгэгдсэн талаарх лавлагааг Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Эийн 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Сагил сумын Түргэн хоршоонд трактор, комбайнчаар, 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазад засварчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Эийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 458 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Ж.Эийн 1988 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
3.2. БНМАУ Тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарыын 23-ны өдрийн 06 дугаар “Ажилчин ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн нэгдэл дундын Түргэн хоршооны даргын 1984 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, БНМАУ Тээврийн яамны харьяа Увс аймгийн тээврийг удирдах газрын даргын 1988 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаар “Ажилчин ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Авто тээврийн 9-р баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар тушаал, хавсралт, БНМАУ-ын Зам, тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр “Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” тушаал, хавсралтууд нь нэхэмжлэгчийн 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Увс аймгийн Сагил сумын Түргэн хоршоололд трактор, комбайнчаар, 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралтай байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.
4. Нэхэмжлэгч Ж.Эийг Увс аймгийн Сагил сумын Түргэн хоршоололд 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тракторчин, комбайнчаар ажиллаж байсан байдлын талаар:
4.1. Мэргэжилтэй ажилчдын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн гэх бүртгэлийн дугаар 111 картад: Хөдөлмөрийн дэвтрийн дугаар 041462, Овог, нэр Жын Э, 1965 онд төрсөн, 18 настай, эрэгтэй, Увс ХАА-н ТМ сургуулийг 1981-1983 онд суралцаж 1983 оны 7 дугаар сарын 01-нд трактор комбайны анги төгссөн, 1983 оны 7 дугаар сарын 05-нд Увс ХАА удирдах газрын 63 дугаар тушаалаар механикжсан салаанд, мэргэжил тракторч, комбайнчиныг III зэрэгтэй томилогдон ажиллаж, хугацаат цэргийн алба хаахаар болсон тул чөлөөлөв гэх тэмдэглэл бичигдсэн байна.
4.2. Увс аймгийн нэгдэл дундын Түргэн хоршоололын даргын 1984 оны 6 дугаар сарын 02-ны 38 дугаар тушаалаар “Тракторчин-комбайнчнаар ажиллаж байсан Ж овогтой Эийг цэргийн алба хаахаар болсон тул 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
4.3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан гэрч Б.С: “Би 1983 оны 8 дугаар сард Увс аймгийн нэгдэл дундын Түргэн хоршоонд тракторчнаар ажилд орж, 1985 оны 3 дугаар сар хүртэл тракторын жолоочоор ажилласан. Намайг тус хоршоонд ажилд ороход Ж.Эдэнэсүх гэх хүн тракторчин, комбайнчнаар ажиллаж байсан. Тухайн үед биднийг ажиллаж байхад комбайн цөөхөн байсан учраас тэр бүр комбайн барьдаггүй тракторын жолоочоор ажилладаг байсан. 1984 оны хавар Ж.Э цэргийн албанд татагдан ажлаас гарч байсан. Тэр цагаас хойш бид хамт ажиллаагүй. Түргэн хоршоонд бид ажиллаж байхад өвлийн улиралд барилга дээр ажиллаж, бусад улиралд нь хадлан тарианы ажил хийдэг байсан” гэж нэхэмжлэгч Ж.Эийг Увс аймгийн нэгдэл дундын Түргэн хоршоонд тракторчин- комбайнчинаар ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн байна.
Эдгээр баримтууд нь нэхэмжлэгч Ж.Эийг Увс аймгийн Сагил сумын Түргэн хоршоонд 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тракторчин, комбайнчаар ажиллаж байсныг эргэлзээгүйгээр нотлож байгаа тул энэ хугацаанд ажилласан байдлыг тогтооход хангалттай нотолгоо болно.
5. Нэхэмжлэгч Ж.Эийн Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазад 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд засварчин, жолоочоор ажиллаж байсан байдлын талаар:
5.1. Ж.Эийн ХААТР-1 маягтад: Жын Э, Тээврийг удирдах газарт техник засварчин ажил эрхэлдэг гэсэн маягтыг 1988 оны 6 дугаар сарын 17-нд бүртгэсэн нь архивын лавлагаагаар тогтоогдож байна.
5.2. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрйин 28/37 дугаар албан бичигт: “Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр бааз хувьчлагдсан талаарх мэдээлэл байхгүй болно. Харин “Ачаатээвэр Увс” ХК нь 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэж, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан байна” гээд хуулийн этгээдийн татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан лавлагаанд: “Ачаатээвэр Увс” ХК /РД:2001721/-ийг татан буугдсаныг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, хассан байна” гэжээ.
Энэ лавлагаанаас харахад Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр бааз нь 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Ачаатээвэр Увс” ХК болж өөрчлөн байгуулагдаж Улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь нотлогдож байна.
5.3. БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарыын 23-ны өдрийн 06 дугаар тушаалаар Ж.Эийг 1988 оны 01 дүгээр сарын 15-наас эхлэн засварлчнаар,
5.4. БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар тушаалаар Ж.Эийг 6 дугаар сарын 22-ноос 7589-ыг эзэмшүүлж, жолоочоор тус тус томилон ажиллуулсан байна.
5.5. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 458 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүврээр 1988 оны 8 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Тээврийг удирдах газраас цалин авч байсан болох нь тогтоогдож байна.
5.6. Увс аймгийн Авто тээврийн 9-р баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар тушаалын хавсралт, 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр “Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” тушаалын хавсралтанд Ж.Э гэж нэр бичигдсэн байгаа нь нэхэмжлэгч Ж.Эийг дээрх хугацаанд тус байгууллагад ажиллаж байсныг нотолно.
5.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр С.Д “Би 1984-1995 оны хооронд жолоочоор ажилласан. Ж.Э 1988 онд цэргээс халагдаж ирээд 9 дүгээр баазад жолоочоор ажилд орж, буцаж хэдэн онд ажлаас гарсныг нь би санахгүй байна. Ж.Э бид Зил-130 маркийн авто машин барьж тээвэрт явдаг байсан. 9 дүгээр бааз нь 1990 онд Ачаа тээвэр хувьцаат компани болж өөрчлөгдөж, энэ үеэс хэсэг хэсгээр хувьчлагдаж эхэлсэн бөгөөд жолооч нар барьж байсан машинаа хувьчилж аваад ажлаас гарч байсан. Ж.Э энэ үед машинаа хувьдаа аваад ажлаас гарсан байх гэж бодож байна” гэж нэхэмжлэгч Ж.Эийн Увс аймгийн Авто тээврийн 9-р баазад ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн байна.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Ж.Э нь Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазад 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд засварчин, жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ончууд овогт Жын Эийн Увс аймгийн Нэгдэл дундын сумын Түргэн хоршоололд 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл трактор, комбайнчаар, Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазад 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд засварчин, жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан О овогт Жын Эийн Увс аймгийн Сагил сумын Түргэн хоршоололд 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл трактор, комбайнчаар, Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазад 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацаанд засварчин, жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ