| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/00063/и |
| Дугаар | 318/ШШ2025/00054 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 318/ШШ2025/00054
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх би,
Нэхэмжлэгч: МК ХХК-ийн,
Хариуцагч: Д.Ц-аад холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 1,593,521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МК ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41717897 тоот гэрээ байгуулан 95039304 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Sаmsung АЗЗ 5G,Blue утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 9 дүгээр сард “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,238,989 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 92,925 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 261,606 төгрөг буюу нийт 1,593,521 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие МК ХХК-ийн нэхэмжилсэн 1,593,521 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөө 2025 оны 02 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч МК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д.Ц нэхэмжлэлийн шаардлага болох худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,593,521 төгрөгийг 2025 оны 2 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлнө гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж хэргийг хялбаршуулсаг журмаар шийдвэрлэх үндэслэлийг заажээ.
2. Нэхэмжлэгчийн “Худалдах-худалдан авах гэрэний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 1,593,5211 төгрөг гаргуулах” шаардлагыг хариуцагч Д.Ц нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 2 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Хариуцагч Д.Цгийн 1,593,5211 төгрөгийг 2025 оны 2 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулах саналыг хариуцагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтуяа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч МК ХХК-ийн худалдах-худалдан авах гэрэний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 1,593,5211 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 02 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл төлж барагдуулахыг хариуцагч Д.Ц хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хариуцагч Д.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч “МК” ХХК ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,447 төгрөгийн тал хувь болох 20,223.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 20,223.5 төгрөг, хариуцагч Д.Цгаас 21,223.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “МК” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,593,521 төгрөгийг 2025 оны 2 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар хариуцагч Д.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,447 төгрөгийн тал хувь болох 20,223.5 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж “МК” ХХК-д олгож, хариуцагч Д.Цгаас 20,223.5 төгрөг гаргуулж, “МК” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ