| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0511/З |
| Дугаар | 128/ШШ2024/0648 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2024/0648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э*******,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ө*******т холбогдох эрх бүхий албан тушаалтан Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн иргэн Б.О*******т шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч Н.Э*******, хариуцагч Б.Ө*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Дүгнэлтийн шаардлага:
1.1.Эрх бүхий албан тушаалтан Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн иргэн Б.О*******т шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ө******* нь “Б овогтой О******* нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” гэх бүртгэлийн УБХ-******* дугаартай зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, ******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.О*******т 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
2.2.Зөрчлийн холбогдогч Б.О*******т холбогдох бүртгэлийн УБХ-******* дугаартай материалыг прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянажээ.
2.3.Улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э******* “Засгийн газрын 2018 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний үнэмлэхийн дүрэм”-ийн 3.4-т заасны дагуу иргэний үнэмлэхийг ашиглаж байгаа иргэн биш, харин хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын иргэний үнэмлэхийг хариуцаж байгаа этгээд гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан” гэж дүгнэсэн.
2.4.Иймд иргэн өөрөө иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарахгүй бөгөөд тухайн журамд хамааралгүй харилцаа байх тул эрх бүхий албан тушаалтан Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн иргэн Б.О*******т шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Дүгнэлт гаргагч Н.Э******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э******* би, тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Ө******* нь “Б овогтой О******* нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” гэх бүртгэлийн УБХ-******* дугаартай зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, холбогдогч Б.О*******т 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Эрх бүхий албан тушаалтан Б.Ө******* нь “Үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай” тэмдэглэлдээ Иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх, Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 8.3-т заасан гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээ цэвэр гамтай эзэмших, хадгалах, заалтыг зөрчсөн” зөрчлийг үйлдсэн талаар өөрийгөө илчилж ирсэн” гэж, “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэлдээ “улсын бүртгэлийн тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй гээгдүүлсэн үрэгдүүлсэн гэмтээсэн” гэх зөрчилтэй танилцаж гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэмдэглэл үйлджээ.
Дээрх тэмдэглэлүүдийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогч Б.О*******т 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шийтгэлийн ******* дугаартай хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
1.Эрх бүхий албан тушаалтан иргэн Б.О******* нь тогтоосон хугацаанд иргэний бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл иргэний үнэмлэхийг гээгдүүлсэн үрэгдүүлсэн, гэмтээсэн эсэхийг тогтоогоогүй атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хүнд шийтгэл оногдуулсан.
2.Эрх бүхий албан тушаалтны хүнд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хянавал, холбогдогч Б.О*******т Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн” гэх зөрчил үйлдсэн гэж үзэн түүнд шийтгэл оногдуулжээ. Иргэний бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, дээрх хуулиудад нийцүүлэн баталсан Засгийн газрын 2018 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний үнэмлэхийн дүрэм”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам” зэрэг эрх зүйн хэм хэмжээний актуудаас бүрдэнэ.
Иргэний улсын бүртгэлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлд “Иргэний үнэмлэхийг анх удаа шинээр авах, солиулах, дахин авах”, 24 дүгээр зүйлд “Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг дахин олгох” харилцааг хуульчилж, Засгийн газрын 2018 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний үнэмлэхийн дүрмийн 3.6-д “Иргэний үнэмлэх олгох, эзэмших, хадгалахтай холбогдон гарсан өргөдөл, гомдлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Засгийн газрын 2018 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д “иргэн иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших. хадгалах үүрэгтэй” гэж, дүрмийн 3.4-т “Хадгалж байгаа иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан энэ дүрмийн 2.8-2.12-т (иргэний эрх зүйн чадамжгүй болох нь шүүхээр тогтоогдсон иргэний хууль ёсны асран хамгаалагч, асрамжийн байгууллагад амьдарч иргэнийг асрамжилж байгаа байгууллагын захиргаа, баривчлах шийтгэл, хорих ял эдэлж байгаа иргэний ял, шийтгэл эдлүүлж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиргаа, албадан эмчилгээ хийлгэж байгаа иргэнийг албадан эмчилж байгаа байгууллагын захиргаа) заасан иргэн, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус журамласан. Дээрх дүрмийн заалтаас үзэхэд, иргэний үнэмлэхийг ашиглаж байгаа иргэн биш, харин хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын иргэний үнэмлэхийг хариуцаж байгаа этгээд гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчих” зөрчил нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/207 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрнэ. “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.8-д “Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн бол иргэний үнэмлэхийг дахин олгоход тухайн иргэний өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний тухайд эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, мэдээллийн сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийг цахим мэдээллийн санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэнэ” гэж иргэний үнэмлэхийг дахин олгох харилцааг зохицуулжээ.
Дээрх иргэний улсын бүртгэлтийн хууль, тогтоомжуудаар иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдлуудад иргэний үнэмлэхийг дахин олгох журмыг зөрчсөн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарах бөгөөд иргэн өөрөө иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн журамд хамааралгүй харилцаа байна. Иймд иргэн өөрийн иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан иргэн Б.О*******ийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн түүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.О*******т ******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
3.2.Хариуцагч Б.Ө******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б овогтой О******* нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” гэх бүртгэлийн УБХ-******* дугаартай зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, холбогдогч Б.О*******т 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. “Монгол улсын иргэний үнэмлэх бүртгэлийн дүрэм”-ийг хуулийн нэгдсэн сайтад бүртгүүлснээр нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт гэж үзэн Засгийн газрын 2018 оны ******* дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол улсын иргэний үнэмлэх бүртгэлийн дүрэм”-ийн 2.7.1-д “Иргэн иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй- гэх заалтыг иргэд иргэний үнэмлэхээ хадгалах эзэмших үүрэгтэй гэснийг төсөөтэй байдлаар хэрэглэн аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-д зааснаар хүнийг 30 нэгж буюу 30.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх гомдлын шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө******* нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.О*******ийг иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн талаар мэдээлэл гаргасныг үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл үйлдэн холбогдогчоор гарын үсэг зуруулж, мөн өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэжээ.
2.Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.Э*******ээс бүртгэлийн УБХ-******* дугаартай зөрчлийн материалыг хянаад Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаартай Прокурорын дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд гомдлын шаардлагын үндэслэлээ “Эрх бүхий албан тушаалтан нь иргэн Б.О*******ийг тогтоосон хугацаанд иргэний бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл иргэний үнэмлэхийг гээгдүүлсэн үрэгдүүлсэн, гэмтээсэн эсэхийг тогтоогоогүй атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хүнд шийтгэл оногдуулсан, ...иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдлуудад иргэний үнэмлэхийг дахин олгох журмыг зөрчсөн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарах бөгөөд иргэн өөрөө иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн журамд хамааралгүй, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон тул эрх бүхий албан тушаалтан иргэн Б.О*******ийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн түүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна.
3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам болон иргэний төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалын хавсралтаар баталсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын баталжээ.
4.Тус журмын 1.1-д “Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэний улсын бүртгэл хөтлөхөд энэ журмыг баримтална”, 8.1-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхийн бүртгэлийг хөтлөхөд иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, иргэний үнэмлэхийн дүрмийг баримтална” гэж зааснаас үзвэл иргэний улсын бүртгэл хөтлөх харилцаанд Иргэний үнэмлэхийн дүрмийг баримтлахаар байна.
5.Түүнчлэн тус журмын 8.8-д “Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн бол иргэний үнэмлэхийг дахин олгоход тухайн иргэний өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний тухайд эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, мэдээллийн сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийг цахим мэдээллийн санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэнэ” гэж иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсний улмаас дахин авахад бүрдүүлэх материалд өмнөх үнэмлэхийн мэдээллийг цахим мэдээллийн санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлт болон өргөдлийг зааж, улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргах этгээдийг тодорхойлжээ.
6.Үүнээс үзвэл улсын бүртгэлийн байгууллага иргэнд иргэний үнэмлэхийг олгоход дээрх журамд заасан өргөдөл, дүгнэлтэд үндэслэн дахин шинээр иргэний үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэх бөгөөд өөр материал шаардахгүй байна.
7.Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ө******* нь холбогдогч Б.О*******ийг Засгийн газрын 2018 оны ******* дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын иргэний үнэмлэхний дүрмийн 2.7.1-д заасан “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” үүргээ зөрчсөн нь иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журмыг зөрчсөн зөрчил гэж дүгнэж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
8.Учир нь Монгол Улсын иргэний үнэмлэхний дүрмийн 1.1-д зааснаар иргэний үнэмлэх олгох, эзэмших, хадгалахтай холбогдсон харилцааг энэ дүрмээр зохицуулсан бөгөөд мөн дүрмийн 3.4-т “Хадгалж байгаа иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан энэ дүрмийн 2.8-2.12-т заасан иргэн, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаас үзвэл иргэний хууль ёсны асран хамгаалагч, асрамжийн газрын байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, баривчлах байр, албадан эмчилгээ хийх байгууллагын захиргаа зэрэг тухайн иргэний “иргэний үнэмлэх”-ийг тодорхой хугацаанд хадгалах үүрэг хүлээсэн этгээд гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд хариуцлага хүлээхээр заажээ.
9.Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн зөрчил”-д иргэн өөрийн иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн үйлдэл хамаарахгүй ба иргэний үнэмлэхийг тодорхой хугацаанд хадгалах үүрэгтэй этгээдийн дээрх үйлдэл хамаарахаар байна.
10.Хэрэгт авагдсан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан Б.Ө******* нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл[1] үйлдсэн байх боловч уг тэмдэглэлд холбогдогч Б.О*******ийг тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлийн бүртгүүлээгүй, эсхүл иргэний үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн эсэхийг тэмдэглээгүй, энэ нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоогоогүй байна.
11.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэнээ холбогдогч сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд тухайн зөрчил нь үйлдэгдсэн, хохирол учирсан нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоосон байх учиртай.
12.Тодруулбал, холбогдогч Б.О******* нь тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл иргэний үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн зэргээр ямар нэгэн зөрчил үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргаагүй, баримт үйлдээгүй, түүнийг нотолсон баримт байхгүй байхад хариуцагч улсын бүртгэлийн улсын ахлах байцаагч “Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх ... цэвэр гамтай эзэмших, хадгалах заалтыг зөрчсөн зөрчлийг үйлдсэн талаар өөрийгөө илжилж ирсэн” гэх тэмдэглэл[2] үйлдсэн нь зөрчил үйлдсэн гэдгийг нотолсон баримт гэж үзэхгүй.
13.Иймд дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э*******ээс Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ө*******т холбогдуулан гаргасан дүгнэлтийг хангаж, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Ө*******ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ