Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 202/МА2020/00029

 

 

 

Б.Ундрах, Ц.Жавхлантөгс нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 137/ШШ2020/00239 дүгээр шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Ц.Ж,

 

Нэхэмжлэгч: Б.У нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

 

Тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн хохирол 11007300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Бгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ж /цахим/, Б.У /цахим/, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У, Ц.Ж нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.Ж, Б.У бид хоёр БНХАУ-ын Эрээн хотод ресторан ажиллуулах гэж байгаад хууль чанга, шаардлага өндөртэй орон учраас рестораны тусгай зөвшөөрөл жилийн дараа гарсан боловч Монголдоо тоног төхөөрөмжөө авч яваад хийе гэж ярилцаад Эрээн хотоос Улаанбаатар хот руу бүх тоног төхөөрөмжөө ачуулахаар болсон. 2019 оны 09-р сарын 24-ний өдөр Ц.Ж нь Монгол руу ачаа зөөдөг карго машины газар очиж судалж явж байхад үл таних эмэгтэй таараад тоног төхөөрөмж Монгол руу гаргадаг хүн байна, танай ачааг очиж харъя гээд ресторан дээр хамт ирсэн. Манай ачааг хараад Улаанбаатар хот хүртэл 4000 юань хөлсийг тохироод ачуулахаар болсон. Д.Б өөрийгөө арав гаруй жил тоног төхөөрөмж Монгол руу гаргаж байгаа, манай машин тусгай машин, ямар ч асуудал байхгүй гэж хэлээд 2019 оны 09-р сарын 26-ны өдөр Эрээн хотоос бүх тоног төхөөрөмжөө ачиж өгөөд явуулсан. Д.Б нь Эрээн хотоос Замын-үүд, Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хүртэл каргонд өгөөд явуулна гэж хэлээд ачааны зардал болох 1520000 төгрөгийг өөрийн дансандаа бэлнээр хүлээн авсан. Д.Б гэдэг хүний буруу тээвэрлэлтээс болоод 11007300 төгрөгөөр хохироод байна. Д.Бгээс уг зардлыг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...миний бие Б.У, Ц.Ж нарын гаргасан гэм хорын хохирол 11007300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2019 оны 09-р сарын 24-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод Ц.Жтэй ярилцаж тохироод сандал, ширээ, тоног төхөөрөмж зэрэг ачааг Улаанбаатар хүртэл ачихаар тухайн үед 4000 юаниар тохирсон. Тээврийн хөлсийг маш багаар тохирсон бөгөөд дээрх хөлсөнд өгсөн зардал нь Эрээн-Замын-Үүд орж ирэхэд зарцуулагдаж дууссан. Барааг Ц.Ж нь өөрсдөө баглаж боосон байсан бөгөөд түүний Эрээн хотод ажиллуулж байсан Монгол-Европ хоолны газарт очиж үзэхэд юу байгааг харах боломжгүй битүү баглабагж боосон байсан. Тэгээд 2 хоногийн дараа өөрийн нөхрийн 05-08 улсын дугаартай бенз маркийн тээврийн хэрэгсэлд барааг ачиж гаалийн хяналт шалгалтаар нэвтрүүлж Замын-Үүд суманд ирсэн. Улаанбаатар хот руу каргонд өгөх гэсэн боловч түүний өгсөн тээврийн хөлс хүрэхгүй байсан тул өөрийн хүүгийн машинд ачиж явуулсан. Ачилт хийгдэх тоолонд миний бие өөрөө нүдээр харж ачуулж байсан тул бидний буруутай үйлдлээс болж эвдрэл үүсэх боломжгүй юм. Харин ачааг жижиг машинаар оруулж ирэх боломжгүй, том машинд ачигдахыг мэдсээр байж зориулалтын дагуу баглаа боодол хийгдээгүйн улмаас эвдрэл үүссэн байхыг үгүйсгэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 11007300 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна...” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар хариуцагч Д.Бгээс 8805840 төгрөгийг гаргуулан Ц.Ж, Б.У нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2201460 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 191067 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгээс 155843.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ж, Б.У нарт олгож,

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч Д.Б давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2019 оны 09-р сарын 14-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод Ц.Жтэй ярилцаж сандал, ширээ, тоног төхөөрөмж гэж өөрсдийн тодорхойлсон битүү боож багласан ачааг Улаанбаатар хотод хүргэж өгөхөөр болсон. Анх ачааг үзэх гэж очиход ямар бараа, юу байгааг харах боломжгүй, эдгээр хүмүүс өөрсдөө битүү баглаж боосон байсан ба ачааг нөхрийнхөө тээврийн хэрэгсэлд ачиж гаалийн хяналтаар нэвтрүүлж Замын-Үүдэд авч ирсэн. Эдгээр хүмүүсийн өгсөн тээврийн хөлс нь гаалиар барааг гаргахад л таарсан тул Улаанбаатар хот руу каргонд өгөх гэсэн боловч тээвэрлэлтийн хөлс нь хүрэлцээгүй. Ачаануудыг өөрсдийн хийсэн боолттой чигээр нь ачааны машинд ачиж хүргэж өгсөн. Би өөрсдийнх нь баглаж боосон ачааг надад анх өгсөн байдлаар нь хүргэх газарт нь хүргэсэн, эд зүйл тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх ямар нэг үйлдэл болоогүй. Анхнаасаа надад үзүүлж, хүлээлгэж өгөөгүй, боодолтой ачаан дотор ямар эд зүйл байсныг би мэдээгүй, өөрсдөө баглаж боогоод өгсөн чигээр нь хүргэж өгсөн. Мөн ачаагаа хүлээж авсан даруйдаа яг ямар эд зүйл, тоног төхөөрөмж нь яаж гэмтсэн, эвдэрсэн тухай хэлж мэдэгдээгүй, надад үзүүлж харуулаагүй. Гэнэт л цагдаа сэргийлэх болж намайг хэл амаар доромжилж, айлгах дарамтлах, гүтгэх байдлаар харьцаж эхэлсэн. Энэ тухай шүүхийн шийдвэрт “...Ц.Ж, Б.У нар Д.Бд ачаа бараагаа тээвэрлүүлэхдээ дагалдах бичиг баримт үйлдэж, зориулалтын сав баглаа боодолтой хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, Д.Б ачаа барааг шалгаж аваагүй, дагалдах бичиг баримт үйлдээгүй, барааг зориулалтын сав баглаа боодолтой эсэхийг шалгаж аваагүй байна...” гэдгийг тодорхой дурдсан байдаг. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдоогүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гарсан. шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эвдэрч гэмтсэн гэх эд зүйлсийн хохирлын үнэлгээг дахин тогтоолгохоор “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч үнэлгээг дахин хийлгэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь оролцогч миний эрхийг зөрчсөн, нэхэмжлэгч нарын зарим эд зүйлийг хаясан, зарим эд зүйлийг хөдөө орон нутагт явуулсан гэх дахин үнэлгээ хийлгэхгүй байх арга ядсан хууль бус тайлбарыг үндэслэн захирамжаа биелүүлээгүй нь хууль зөрчсөн ажиллагаа юм. Хэн ч бодсон нэхэмжлэгч нар бараа эд зүйлийг хөдөө явуулсан нь үнэн юм бол эд зүйл бүрэн бүтэн ашиглагдаж байгаа гэж ойлгогдохоор байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой зарим нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, хохирол бодитой, үндэслэлтэй тогтоогдоогүй, маргааны гол асуудал болох хохирлын үнэлгээ дахин хийлгэх хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүй татгалзсан нь оролцогчийн эрхийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Иймд хэргийг хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б худлаа ярьж байна. Жолоочийн мэдүүлэгт машин нь хэд хэдэн удаа солигдсон байсан. Мөнгийг нь Д.Бгийн нэр дээрх дансаар шилжүүлсэн байхад мөнгө аваагүй, үнэгүй ачуулсан гэж худлаа ярьж байна. Би үнэ цэнэтэй тоног төхөөрөмжөө 700, 800 км газар үнэгүй ачуулна гэсэн зүйл байхгүй. Д.Бгийн мэдүүлэг нь зөрүүтэй бөгөөд ярьж байгаа зүйл нь бүгд худал. Би 10 гаруй жил тогоочоор ажиллаж байж авсан тоног төхөөрөмжөө Д.Бгээр эвдлүүлсэн болохоор гомдолтой байна. Тоног төхөөрөмж ирээд ресторан ажиллуулах ёстой байсан боловч Д.Бгээс болж өрөнд орж асуудалтай болсон. 10 гаруй сая төгрөгийн хохирол биш илүү өндөр дүнтэй хохирол гарах байсан ч зарим нэг тоног төхөөрөмжийг нь хаяж, заримыг нь хөдөө явуулсан байсан болохоор өмнөх дүгнэлтийг нь сэргээж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Би үүнээс өндөр дүнтэй хохирол гарах байсан гэж боддог. Би эвдэрсэн зүйлийн үнэлгээнд сэтгэл дундуур байсан. Дахиж үнэлгээ гаргуулах гэхээр цаг хугацааны хувьд амжаагүй бөгөөд бараг 10 гаруй сар болж шүүх хуралдаан орсон. Ресторан хийх объектоо ярьж тохирсон байсан. Д.Б нь хэд хэдэн машин дамжуулж ачсан машины дугаарууд бүгд зөрж байгаа бөгөөд тэдгээрийг нотлох орж гарсан машины бичлэг, гэрчүүд байгаа. Анхан шатны шүүх хуралдаан болох үед би өвчтэй зовлонтой байсан болохоор тэд нарыг дуудаж чадалгүй оролцсон...” гэв.

 

Нэхэмжлэгч Б.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б нь яагаад төлж чадахгүй гэж худлаа яриад байгаа юм бэ. Д.Б нь Эрээн хотод очоод  манай барааг боож баглаагүй байхад яаж боож баглахыг нь хэлж байсан. Тухайн үед зөвхөн ширээг боож багласан байсан. Д.Бд манай тоног төхөөрөмжүүд шинэ учраас барааны зургийг нь сайн хараарай гэж тус бүрт нь уутанд паспортын хамт хийж ард талын логог утсаар зургийг нь аваад танилцуулж байсан. Одоо яагаад боодолтой чигээр нь авчирсан гэж худлаа ярьж байгаа юм бэ. Хүний хөдөлмөрлөж олсон үнэ цэнэтэй зүйлийг ачиж авч яваад эвдэлчхээд төлөхгүй гэж ярьж байгаад нь гомдолтой байна. Д.Б төлбөрийг төлөх ёстой. Д.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 65-72 ДГО улсын дугаартай автомашинд манай ачааг Улаанбаатар хот руу үнэгүй ачуулсан. Гэтэл Улаанбаатар хотод 24-00 АЧ улсын дугаартай автомашинд манай ачаа ирсэн байсан. Тухайн үед манай хөргөгчний хажуу тал нь цохигдсон байгааг асуухад тэр жолооч нь би бараа ачуулахад хажууд нь байгаагүй, Д.Б рүү ярь гэж хэлсэн. Ачааны мөнгө өгөөгүй гэсэн болохоор би 50000 төгрөгийг жолоочид нь өгсөн. Би Д.Бд хөргөгч цохигдсон талаар хэлэх гэхэд утас нь болохгүй блоклочихсон байсан. Д.Б хөргөгч, тоног төхөөрөмжийг бүгдийг нь үзэж ард талын зургийг нь авч байсан...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Ц.Ж, Б.У нар нь хариуцагч Д.Бд холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохиролд 11007300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Б эс зөвшөөрч “... бидний буруутай үйлдлээс болж эвдрэл үүсэх боломжгүй, ... зориулалтын дагуу баглаа боодол хийгдээгүйн улмаас эвдрэл үүссэн” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Монгол Улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Д.Б эс зөвшөөрч “... эд зүйлийн хохирлын үнэлгээг дахин тогтоолгохоор Вендо ХХК-ийг шинжээчээр томилсон боловч үнэлгээг дахин хийлгэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Бгийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

 

Хариуцагч Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээ дахин гаргуулах, мөн эд хөрөнгөнд үүссэн эвдрэл гэмтлийг хэзээ үүссэн байх боломжтой, ямар нөхцөл байдалд үүссэн эсэх талаар шинжээч томилуулах тухай агуулга бүхий хүсэлтийг гаргасан ба анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШЗ2020/00349 тоот шүүгчийн захирамжаар “Вендо” ХХК-ийг эд зүйлийн эвдрэл гэмтэлд үнэлгээ тогтоож дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагчийн дээрх хүсэлтийн нэг хэсэг болох “... эд хөрөнгөнд үүссэн эвдрэл гэмтлийг хэзээ үүссэн байх боломжтой, ямар нөхцөл байдалд үүссэн эсэх талаар шинжээч томилуулах ...” хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй шийдвэрлээгүй.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан шинжээчээр томилогдсон “Вендо” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 37/020 дугаартай албан бичгээс үзэхэд “... фото зураг үнэлгээний шаардлага хангаагүй, ... хөрөнгийн байдалтай биечлэн танилцах нөхцөл боломжгүй ...” гээс шинжилгээ хийх боломжгүй талаар мэдэгдсэн байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж хариуцагчийн дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй ба хэрэгт цугларсан нотлох баримтаар шинжилгээ хийх боломжгүй нөхцөл байдал байгаа эсэх нь тодорхойгүй тогтоогдоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Ц.Ж нь “... шинжээчийн дүгнэлт гаргахад шаардагдах баримт материалаар хангах, шинжээчийн дүгнэлтийг албан ёсоор гаргуулах ...” тухай агуулга бүхий хүсэлт гаргаж, хүсэлтээсээ татгалзсан байх боловч “Вендо” ХХК-аас нэхэмжлэгч нарт өгсөн хариу албан бичигт шүүхээс шинжилгээ хийхэд хэргийн материалыг ирүүлээгүй, 18 төрлийн хөрөнгийн фото зургийг ирүүлээгүй гэжээ.

 

Эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч ... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” боловч  хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар “хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ... зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд анхан шатны шүүх энэхүү хуульд заасан ажиллагааг зохих ёсоор хийгээгүйгээс зохигчдын эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.  

 

Учир нь анхан шатны шүүх шинжилгээний обьектод хэрэгт авагдсан фото зургуудыг хүргүүлсэн байх боловч уг баримтууд нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй байгааг анхаараагүйгээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3-т зааснаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний обьектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол захирамж, хүсэлтийн хамт ... шинжээчид хүргүүлэх, ... шинжилгээний обьектыг шинжилгээ хийх байгууллага, шинжээчид хүргүүлэх боломжгүй бол шинжээчийг шинжилгээний обьектод чөлөөтэй нэвтрэх зэргээр шинжилгээ хийх нөхцөлөөр хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл тогтоогдсон тул хариуцагч Д.Бгийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хариуцагч Д.Бгийн давж заалдсан гомдлыг хангасан тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115843 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 137/ШШ2020/00239 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч Д.Бгийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115843 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ