Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/05284

 

 

2024 оны 12 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2024/05284 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,................... тоотод оршин суух, Ц  овогтой А-ын Э /РД:.............-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............тоотод оршин суух, О овогтой Х-гийн Т  /РД:........./-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Э  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Э 2008 онд Х.Т-ой танилцаж, 2009 оноос хамтран амьдарсан. Бид гэрлэлтээ 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 3163 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Энэ үеэс хойш хамт амьдарч байгаад 2016 оноос бид гэр бүлийн маргааны улмаас тусдаа амьдарч эхэлсэн. Үүнээс хойш дахин эвлэрч нийлээгүй ба Х.Т нь 2018 онд гадагшаа удаан хугацаагаар явсан. Миний бие 2020 онд дахин хүнтэй хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болж одоог хүртэл амьдарч байна. Иймээс бид дахин хамтран амьдрахгүй болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэруупэн зуучлах албанд хандаж шийдвэр гарсан. Цаашид би Х.Т-той цааштд хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлт цуцлуулж, нэг хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бид хоёрын дундын эд хөрөнгийн аливаа маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охиныг минь миний асрамжид үлдээн, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, хүүхдийн эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.12.21-ний өдрийн Ерөнхий боловсролын нэст эдүкэйшн сургуулийн тодорхойлолт, 2023.12.28-ны өдрийн №0000 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, 2023.01.16-ны өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.

 

Хариуцагчаас: Нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. А.Э  гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Х.Т-од холбогдуулан шүүхэд гаргажээ.

 

2. А.Э, Х.Т нар төрийн эрх бүхий байгууллагад 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлэн гэр бүл болж, тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин Т.Э  төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрэхээс татгалзаж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, гэрлэгчид 2016 оноос хойш тус тусдаа амьдарсан, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж А.Э, Х.Т нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Гэрлэгчдийн хүүхдүүд болох охин Т.Э эх А.Э-ы асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин Т.Э-г эх А.Э-ны асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

4. А.Э  хуульд заасны дагуу хоёр хүүхэддээ тэтгэлэг гаргуулна гэснийг хариуцагч Х.Төрболд зөвшөөрсөн, мөн хүүхдийн эрхийн үүднээс хариуцагчаас тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин Т.Э-ныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Т-ор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Цагаан гэрүүд овогтой А-ын Э /РД:00000, О  овогтой Х-гийн Т /РД:00000/-нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Т.Э-ыг эх А.Э-ны асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Зохигч эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин Т.Э-ныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Т-оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Т-оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Э-д олгосугай.

 

8. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО