Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/05283

 

2024 оны 12 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2024/05283 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ......байрлах, Х Н  даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .............байрлах, Ш  ХХК /РД:................/-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 50.620.141,29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А , хариуцагчийн өмгөөлөгч Б.С , прокурор Т.М, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй хариуцагч Ш  ХХК нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөр зохих нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн 17.1.1 дэх хэсэг Албан журмаар даатгуулагч хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2022 оны 01 дүгээр сараас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 33.746.760,86 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд тооцсон алданги, 10.978.763,46 төгрөг нийт 44.725.524,29 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад шимтгэлийн өрийг төлөх талаар хугацаатай албан шаардлага хүргүүлж, банкин харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай тооцоо нийлж, харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч шимтгэлээ төлөлгүй өдийг хүрч өр барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл Хууль тогтоомж зөрчигчид хүлээх хариуцлага 20.4-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т заасны дагуу Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээлийг таван зуун зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.Мөн тайлбар хэсэгт Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 34 дүгээр Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 33.746.760,86 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд тооцсон алданги, 10.978.763,46 төгрөг нийт 44.725.524,29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв

 

2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын буюу нийгмийн даатгалын шимтгэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн Ниймгийн даатгалын хэлтсээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн гэж үзэж нэхэмжилж байгаа. Бидний зүгээс яагаад зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэхээр 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн Монгол Улсын нийгмийн даатгалаас шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль гараад, тухайн хуулийн 1 дүгээр хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дор дурдсан албан хаагчдаас бусад шимтгэл төлөгчийг нийгмийн даатгал төлснөөр тооцно гэж чөлөөлж байгаа. Үүний дагуу Ш ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 6 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож чөлөөлөх ёстой байтал Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс чөлөөлөөгүй байна. Тухайн нийт хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэл нийт 17.927.731 төгрөг болж байгаа, бид энэ төлбөрийг төлөх ёсгүй. Ковидын нөхцөл байдлыг улс орноос хараад ажил олгогч нар, нийгмийн даатгал төлөгч нарын нөхцөл байдлыг харгалзан үзсэн үндэс дээр энэ 6 сарыг нийгмийн даатгалын төлөлтийг чөлөөлж байгаа, үүний дагуу бид нийгмийн даатгалын төлөлтөөс чөлөөлүүлэх буюу нийгмийн даатгалын хуримтлагдсан шимтгэлээс хасуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ шимтгэлийг хасаад үлдэх 15.819.029 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй зөвшөөрнө. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа 1994 оны хуучин хууль буюу хуучин хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гээд уг хуулиар алдангийг тооцсон байгаа юм. 1994 оны хуучин хуулийн алданги тооцох заалт буюу 17.2-д хийсэн тайлбар хэсэг байгаа. Энэ хуулийн 2 дах хэсэгт заасан нуусан эсвэл санаатайгаар бууруулсан, төлбөл зохих хэмжээний шимтгэл алданги тооцно, алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна. 3 дах хэсэгт зааснаар оног тутмын 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно, 50 хувиас хэтрэхгүй гэх заалт байгаа. Үүний дагуу нэхэмжлэгч алдангийг тооцсон байна. Гэтэл энэ заалт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Өөрөөр хэлбэл хүчингүй болсны дараа нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргасан. Алданги тооцох заалт хүчингүй болсны дараа нэхэмжлэгч алдангийг тэр хуулиар алданги тооцохоор оруулж ирсэн. Шинэ хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ёстой. Тэгэхээр шинэ хууль хэрэгжээгүй буюу алданги тооцох заалт хэрэгжээгүй, хуучин хуулийн алданги тооцох заалт хүчингүй болсон хооронд нэхэмжлэл гаргаж алданги тооцсон байна. Тиймээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлж, мөн энэ хугацаанд тооцсон 10.000.000 төгрөгийн алдангийг хасаж тооцож өгнө үү гэв.

 

3. Гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш  ХХК нь нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй улмаас нийгмийн даатгалын санд хохирол учирсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д заасан ажил олгогчийн хүлээх хариуцлага үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа. Ийм учраас дээрх зөрчлийн улмаас даатгуулагчдын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах нөхцөлийн тэтгэвэр тэтгэмжийн төлбөрийн тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсан болон ажилгүйдлийн, жирэмсний амаржсаны тэтгэмж авах, түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашгийг зөрчиж байна. Иймд төр нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.06.10-ны өдрийн Б/00дугаар Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын Л-гийн Ж-ыг төрийн жинхэнэ албан тушаалд томилох тухай даргын тушаал, Ш  ХХК-ийн 2021 оны 12 сарын тайлан, Ш  ХХК-ийн 2021 оны 12-р сарын нийгмийн даатгалын баримт, Ш    ХХК-ийн заавал даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл,Ш  ХХК-ийн заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, 2020.05.04-ний өдрийн Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалаас Ш ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага, тооцооны үлдэгдлийн баталгаа,2022.12.02-ны өдрийн №000 дугаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсээс Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хаан банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банканд дансны зарлагын гүйлгээ зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл, Ш ХХК-ийн заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Шинэ өнгө төрх ХХК-ийн заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Ш  ХХК-ийн алданги тооцсон хүснэгт, 2024.01.24-ний өдрийн итгэмжлэл, 2024.01.16-ны өдрийн Б/05 дугаар албан тушаалаас чөлөөлж, томилох тухай нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал, дэлгэрэнгүй бүртгэл, Ш ХХК-ийн заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Ш ХХК-ийн заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Шинэ өнгө төрх ХХК-ийн алданги тооцсон хүснэгт, 2024.05.13-ны өдрийн №000 Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас Хаан банк, Төрийн банк, чингис хаан банк, Голомт банк, Тээвэр хөгжлийн банк, Кредит банк, ариг банк, Хас банк, Богд банк, Капитрон банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк нарт мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл хүргүүлэх тухай, Шимтгэл өртэй ажил олгогчийн жагсаалт, Шинэ өнгө төрх ХХК-ийн заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Шинэ өнгө төрх ХХК-ийн 2021 оны 12 сарын тайлан, Ш  ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 12 сарын Нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2023.03.27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Хаан банканд хамтран ажиллах тухай мэдэгдэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.03.12-ны өдрийн итгэмжлэл, 2024.06.04-ний өдрийн итгэмжлэл, Ш  ХХК-ийн заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэргийг гаргаж өгсөн

 

Гуравдагч этгээдээс: 2024.07.04-ний өдрийн итгэмжлэл өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нийгмийн даатгалын шимтгэлд 44.725.524,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ш  ХХК-д холбогдуулан шаарджээ.

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч Ш   ХХК-иас ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 33.746.760,86 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд тооцсон алданги, 10.978.763,46 төгрөг нийт 44.725.524,29 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Ш  ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг дуустлах хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс 33.746.760,86 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр үүссэн болох нь хэрэгт авагдсан Заавал даатгах даатгуулагчийн НДШ-ийн дэлгэрэнгүй авлагын 2021 оны 12 сарын бүртгэл, 2020 оны 05 сарын 04-ний өдрийн улсын байцаагчийн албан шаардлага, тооцооны үлдэгдлийн баталгаа, алданги тооцсон хүснэгт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж зааснаар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөвөөр нь тодорхойлж, тогтоосон хугацаанд нь төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол Улсын нийгмийн даатгалаас шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль гараад, тухайн хуулийн 1 дүгээр хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дор дурдсан албан хаагчдаас бусад шимтгэл төлөгчийг нийгмийн даатгал төлснөөр тооцно гэж чөлөөлж байгаа. Үүний дагуу Ш ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 6 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож чөлөөлөх ёстой байтал Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс чөлөөлөөгүй гэж маргах бөгөөд 2021 оны 1 сарын 01-нээс 2021 оны 12 сарын 31 хүртэл 33.746.760,86 төгрөгийн үлдэгдэлтэй талаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Ш ХХК нар тооцооны үлдэгдлийг батагаажуулжээ.

 

Хариуцагч алданги төлөхгүй гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

 

Иймд хариуцагч Ш ХХК-иас нийгмийн даатгалын дутуу төлөгдсөн шимтгэл 34.746.760,86 төгрөг, алданги 10.978.76,49 төгрөг, нийт 44.725.524,49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 381.578 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас төлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагч Ш ХХК-аас дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид нийт 44.725.524,49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 381.578 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО