| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0623/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 18
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч П.Нямцэцэг,
шүүгдэгч Б.Д түүний өмгөөлөгч Б.Нарангарав /¹2257/,
шүүгдэгч Ц.Г, У.М тэдгээрийн өмгөөлөгч Г.Сүхээ /№0157/,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Жамъяандорж /№1284/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт У-ийн М, Х овогт Б-йн М, Б овогт Б-ийн Д, М овогт Ц-йн Г нарт холбогдох эрүүгийн 201725030521 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, .......................................тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй, Ө овогт У-ийн М /РД: ........................../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, .......................... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй, Х овогт Б*-ийн М /РД: ................../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ....................................... оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Д /РД: ..................../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 05 сарын 5-ны өдөр Увс аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...................... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй, М. овогт Ц-ийн Г /РД: ................../
Холбогдсон хэргийн талаар: Б.М, У.М, Б.Д, Ц.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.М нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 16 дугаар гудамжны 0186 тоот дахь хашаандаа бөөрөнхий хэлбэртэй гантилнаас химийн хорт бодис болох мөнгөн усыг зарж борлуулан ашиг олох зорилгоор хууль бусаар гаргаж авсан, хадгалсан, бусдад дамжуулсан,
шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 1000-н цагаан байрны орчим химийн хорт бодис болох мөнгөн усыг зарж хууль бусаар бусдад дамжуулсан,
шүүгдэгч Б.Д нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 1000-н цагаан байрны орчимоос Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо "Улаанбаатар эрдэм оюу" сургууль хүртэл химийн хорт бодис болох мөнгөн усыг зарж борлуулах зорилгоор хууль бусаар тээвэрлэсэн,
шүүгдэгч Б.М нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт химийн хорт бодис болох мөнгөн усыг зарж борлуулан ашиг олох зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь,
шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
шүүгдэгч Б.М-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын Цагаан байрны автобусны буудал дээр 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчим Даваадашийн хамт очиж цэнхэр өнгийн гялгар уутан тортой шилтэй мөнгөн усыг Гансүх гэх хүнээс авсан. Ингэж явахдаа Даваадашийг аваад явсан. Даваадаш интернэтээр холбогдсон хүзнтэй яриад мөнгөн усаа өгөх гэсэн боловч арай болоогүй байна гээд орой 17 цаг уулзъя гэсэн. Даваадаштай нөгөө хүнтэй холбоо барьж Чингэлтэй дүүргийн 4 хороо "Улаанбаатар Эрдэм оюу" сургуулийн хойд талд хүрээд ир гэж хэлсэн. Даваадашийн хамт "Улаанбаатар Эрдэм оюу" сургуулийн хойд талд очоод цагдаад баригдсан. ... мөнгөн усыг зараад хэдэн төгрөгний ашиг дундаас нь олчихъё гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 86х/,
шүүгдэгч У.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 16-186 тоот хашаанд байх автомашины гарааш дээр битүү төмөр зээрэнцэг шиг зүйл байхаар нь таслагчаар таслаж үзэхэд дотор талдаа хөндий байсан, варений шилэн дотор зээрэнцэгний тасалсан хэсгээр доош харуулахад мөнгөн ус шиг зүйл гарч ирсэн. Зээрэнцэгнээс гарч ирсэн мөнгөн усыг варений шилэнд хийгээд авсан. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Бямбаагийн дугаар луу залгаж мөнгөн ус байна авах уу гэж хэлсэн. Бямбаа үйлдвэр комбинатын хажууд аваад ир гэсэн. Бямбаа мөнгөн усыг 19 цагийн орчим аваачиж өгсөн. 2017 оны 02 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим Бямбаа мөнгөө ав гэхээр нь Тэнгис кино театрын хойд талд ирсэн гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ц.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед цагаан cap болох гэж байсан ба над руу Пүрэвбат над руу залгаад мөнгөн ус авах хүн байна уу, нэг хүүхдэд мөнгөн ус байгаад байна гэж хэлсэн. Тэгэхэд өмнө нь Саранцэцэг, Батхүү 2 надаас мөнгөн ус байна уу гэж асууж байсан болохоор тэрнийг санаад нэг хүн асууж байсан гээд Саранцэцэгийн нэрийг хэлэлгүйгээр Пүрэвбатад хэлсэн. Пүрэвбат тэр хүнтэйгээ уулзуулаад өгөөч 2-уулаа тус тусдаа 250.000 төгрөг авъя гэхээр нь цагаан cap болох гэж байсан учир мөнгө хэрэгтэй гэж бодоод уулзуулахаар болсон. Тэгээд Саранцэцэг лүү залгаад 2,5 кг мөнгөн ус хүнд байна, 3 сая төгрөг гэж байна гэж хэлсэн. ... Пүрэвбатын машинд байсан мөнгөн усыг аваад Маргад-Эрдэнэ, Саранцэцэг нар үзүүлэхэд Маргад-Эрдэнэ цааш нь дахиад хүнд үзүүлье найдвартай хүн байгаа авах үгүйг нь асуугаад үзүүлчихээд ирье 5 дугаар сургуулийн орчим хүлээж байгаа гэхээр нь би өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 202-203х/,
шүүгдэгч Б.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байж байхад фейсбүүк чатаар Маргад-Эрдэнэ мөнгөн ус байна авах хүн байна уу, манай аавын найзад байгаа гэхээр нь би хүнээс асууж сураглаж өгье гэсэн. Тэгээд фейсбүүк дээр өндөр үнэд орж байгаа бараа гэсэн групп хаяг руу ороод мөнгөн ус авна гэсэн зарыг хараад дугаарын утас руу залгаад асуухад нэг эрэгтэй хүн утсаа аваад мөнгөн ус өндөр үнээр авна маргааш 13 цагт уулзъя гэж тохирсон. Маргааш нь намайг ажил дээр байхад Маргад-Эрдэнэ ганцаараа ирсэн. Маргад-Эрдэнэд авах хүн байнаа гэж хэлэхэд Дэнжийн 1000 орчихоод ирье гээд цагаан байрны автобусны буудал дээр Маргад-Эрдэнэ машиндаа намайг үлдээгээд өөрөө эсрэг талын автобусны буудал руу очоод аавынхаа найзтай уулзаадхая гэсэн. ...Орой 19 цагийн үед Маргад-Эрдэнэ буцаад ажил дээр ирсэн. Тэр үед би нөгөө мөнгөн ус авна гэсэн хүнтэй утсаар ярьж асуухад Улаанбаатар Эрдэм оюу сургуулийн машины зогсоол дээр уулзъя гээд Маргад-Эрдэнэ бид 2 явсан. Тухайн үед бид 2-т машин байгаагүй болохоор би өөрийн хадам Нямдолгорын эзэмшлийн машиныг аваад явсан...” гэх мэдүүлэг,
гэрч Д.Саранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Маргад-Эрдэнэ БНХАУ яваад 2017 оны 02 дугаар сарын эхээр ирсэн. Маргад-Эрдэнэ ирснийхээ дараа мөнгөн ус олдох болов уу, авдаг хүн байдаг юм байна гэж хэлсэн. Батхүү гэртээ ирсэн хойноо энэ талаар надад хэлсэн. Гансүхтэй уулзаад ярьж байхад Батхүү танай Цайз захын хүмүүс мөнгөн усны талаар мэдэх зүйл байна уу, манай хүү мөнгөн усны талаар яриад байна гэж хэлсэн. Гансүх хүнээс асууж өгье гэсэн. Гансүхтэй уулзсанаас хойш 10-д хоногийн дараа над руу утсаар ярьж "мөнгөн ус ямар үнэтэй авдаг юм, мөнгөн устай хүн байна гэж хэлсэн. Гансүх цаашаа өөр хүнээс мөнгөн ус авсан байсан. Маргад-Эрдэнэ та Гансүх гэдэг хүнээсээ мөнгөн усыг нь аваад өгчих гээд байсан. Гансүх хүний юм, өгч явуулж болох юм уу, найдвартай зарж чадахгүй бол яана гээд байсан. Гансүх мөнгөн усыг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Маргад-Эрдэнэд өгөөд явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,
гэрч Б.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “... Мандалбаатар над руу 2017 оны 02 дугаар сарын 10-нд гарсан байхад утсаар залгаж мөнгөн ус байна, танд мэдэх хүн байна уу гэж асуусан. Би мэдэхгүй, хүнээс асууж үзье гэж хэлсэн. Тэгээд би Мандалбаатарт Бямбарагчаагийн утасны дугаарыг өгч энэ хүн мэдэж магадгүй утсаар нь асуу гэж хэлсэн. Мандалбаатартай утсаар ярьсны маргааш хороололд уулзаж нөгөө мөнгөн усыг нь барьж үзсэн, мөнгөн ус нь варьены шилтэй нилээн хүнд зүйл байсан. Тэгээд энэ асуудалд дахиж оролцоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36х/,
Геологийн төв лабораторийн: Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирүүлсэн ХФ17/0235 захиалгын дугаартай 1 ширхэг жижиг шилэн савтай саарал өнгийн өтгөн байдалтай шингэн зүйлд мөнгөн усны чанарын шинжилгээг металл зэстэй амальгам үүсгэх чанарын урвалд үндэслэн шинжилгээ хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 41х/,
Шинжээч Г.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: мөнгөн ус нь химийн болон аюултай бодисын төрөлд хамаардаг. Мөнгөн ус нь хүний уураг тархинд нөлөөлдөг. Металл мөнгөн ус нь усанд байхдаа хор аюул бага байдаг. Хуурай хэлбэрээр байгаа тохиолдолд ууршиж хүний уураг тархи, үр удамд нөлөөлөх аюултай гэх мэдүүлэг /хх-ийн 43х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч У.М, Б.М, Б.Д, Ц.Г нарыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар гаргаж авсан, хадгалсан, бусдад дамжуулсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч У.М, Б.М, Б.Д, Ц.Г нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангийн агуулахад хадгалагдаж байгаа 2.2 кг жин бүхий Urbanek гэсэн бичиг бүхий шилэн савтай саарал өнгийн өтгөндүү төлөвтэй шингэн зүйл нь химийн хорт бодис болох мөнгөн ус болох нь тогтоогдсон байх ба зохих байгууллагад шилжүүлж устгуулах нь зүйтэй байна. Уг эд мөрийн баримтыг хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Дийн унаж явсан Т.Нямдолгорын эзэмшлийн 63-61 УБЕ улсын дугаартай Т.Харьер маркийн автомашиныг шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглсэн нь тогтоогдохгүй учир нь уг тээврийн хэрэгсэлээр мөнгөн усыг биедээ авч явсан хүн нь суусан, мөн Б.Дийн өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш байх тул битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овогт У-ийн М, Х овогт Б-ийн М, Б овогт Б-ийн Д, М овогт Ц-ийн Г нарыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар гаргаж авсан, хадгалсан, бусдад дамжуулсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.М, У.М, Б.Д, Ц.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарыг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангийн агуулахад хадгалагдаж байгаа 2.2 кг жин бүхий Urbanek гэсэн бичиг бүхий шилэн савтай саарал өнгийн өтгөндүү төлөвтэй шингэн зүйлийг зохих байгууллагад шилжүүлж устгасугай.
6. Хэрэгт Т.Нямдолгорын эзэмшлийн 63-61 УБЕ улсын дугаартай Т.Харьер маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ