Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 118/ШШ2024/0058

 

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Улиастай сумын Богд, Чигэстэй голын төмөр бетон гүүр, 290 у/м ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл шийдвэрийг хүчингүй болгуулах /Үнэлгээний хороонд холбогдуулсан/

2. Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай” 180 дугаар, “******* ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай” 182 дугаар, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн  “******* ХХК-д мэдэгдэл дахин хүргүүлэх тухай” 238 дугаар,  “******* ХХК-д мэдэгдэл дахин хүргүүлэх тухай” 239 дүгээр, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Завхан аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлэх тухай” 240 дүгээр албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах /Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулсан/

3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тодруулга авч, үнэлгээг дахин хийхийг Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах /Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулсан/

4. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан буюу УТ2402800568 дугаартай “Богд, Чигэстэй голын төмөр бетон гүүр, 290 у/м ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгуулах /Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулсан/ гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* ХХК нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарласан Богд, Чигэстэй голын төмөр бетон гүүр, 290.03 у/м /Завхан, Улиастай сум/, ЗТХЯ/20240101071 дугаартай тендерт оролцохоор тендерийн шаардлага хангасан материалыг бүрдүүлэн хүргүүлсэн. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо хуралдаж, захиалагч талаас ..........ХХК-ийн тендерийг шалгаруулсан тухай мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс шалгарсан тендерийн материалтай танилцахад, ....... ХХК-ийн тендер нь манай компанийн оролцсон тендер сонгон шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.1-ийн 4 дэх заалтын Б-д заасан дараах шаардлагад нийцээгүй байхад Үнэлгээний хороо энэ талаар хурлаар хэлэлцүүлээгүй. (Энэ талаар Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс харагдана), шаардлагад нийцэхгүй байгаа тендерийг нийцсэн мэтээр үнэлэн, ******* ХХК-ийн тендерийг "хамгийн сайн" тендер гэж шийдвэрлэж, харин ******* ХХК-ийн тендерийг татгалзсан мэдэгдэл гаргасан... Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас "34-р гүүрний ажил (СХД 30 дугаар хороо) ΗΧΑΑΓ/20240101295/01/01 дугаартай тендер 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарлагдаж, улмаар Үнэлгээний хороо хуралдаж, захиалагч талаас ******* ХХК-ийн тендерийг шалгаруулсан талаарх мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай ******* ХХК-д ирүүлсэн. Дээрхээс үзвэл, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тендерийн Үнэлгээний хороо хуралдаж, үнэлгээ хийсэн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ******* ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан тендерт шалгарсан нь нийтэд илэрхий баримтаас (https://www.tender.gov.mn/) харагддаг, хүний нөөцөө 83%-тай давхцуулан санал болгосон нь дараах байдлаар тогтоогддог. ******* ХХК-ийн *******, *******, *******, *******, ******* нарын ажилтнууд давхцаж байгаа нь Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-ийн 4 дэх заалтын Б-д заасан "Тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 50-аас дээш хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана" гэсэн шаардлагад нийцээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу захиалагч нь тендер тус бүрд тохирсон шийдвэр гаргах үүргийг хуулиар хүлээсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д "Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 26.4-д заасны дагуу захиалагч нь тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзнэ, 28 дугаар зүйлийн 28.1.3-д зааснаар шаардлагад нийцээгүй тендерийг татгалзана гэх зэрэг хуулийн заалтуудыг баримтлан шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл хариуцагч Үнэлгээний хороо нь “******* ХХК нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн тул тендерээс татгалзав, харин оролцогч "*******" ХХК-ийн тендер нь тендерийн баримт болон ТШЗ 19.1-д заасан шаардлагад нийцээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан шийдвэр гаргасан. (Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл хариуцагч Үнэлгээний хороо нь оролцогч ******* ХХК-тай адил оролцогч болох ******* ХХК-ийн тендер нь Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-ийн 4 дэх заалтын Б-д заасан шаардлагад нийцээгүй буюу татгалзах үндэслэлтэй байхад энэ талаар хурлаар хэлэлцүүлээгүй, шаардлагад нийцэхгүй байгаа тендерийг нийцсэн мэтээр үнэлэн, ******* ХХК-ийн тендерийг “хамгийн сайн" тендер гэж шийдвэрлэн хуульд нийцээгүй захиргааны акт гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан. ******* ХХК нь хариуцагч Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182 дугаартай мэдэгдлийг хүлээн аваад, тус мэдэгдлийг эс зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/13 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд гомдол гаргасан... Сангийн яам ...2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 4914 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө ******* ХХК-ийн оролцсон Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ЗТХЯ/20240101071 дугаартай тендер шалгаруулалтын үр дүнг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр цахим системд нийтэлсэн байдгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан ΗΧΑΑΓ/20240101295/01/01 дугаартай тендерийн шалгаруулалтын мэдээллийг нийтэлсэн өдөртэй адил 1 өдөр нийтэлсэн мэт гуйвуулан тайлбарлаж, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, арга хэмжээ авахыг Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд даалгасан. Ингэхдээ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тодруулж үнэлгээ хийхийг даалгасан. "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.9 дэх "Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ" гэж заасныг хэрэгжүүл гэсэн байгаагаас харахад Сангийн яам нь захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзсэн гэж ойлгогдохоор байна. Сангийн яамнаас ******* ХХК-ийн тендер илгээх маягтын 3-т "Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид үүгээр олгож байна" гэж заасныг үндэслэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас холбогдох тодруулгыг хийх эрхийг олгосоор байтал хариуцагч Завхан аймгийн худалдан авах ажиллагааны газар нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрaac тендер сонгон шалгаруулахтай холбоотой тодруулгыг авч, түүний дараагаар үнэлгээг дахин хийх ёстой байсан боловч энэ ажиллагааг огт хийлгүйгээр Сангийн яамны хариу гарсан мөн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 21:07 минутад үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээсэн талаарх хариуг цахимаар ирүүлж, шаардлага хангахгүй байгаа ******* ХХК-ийн тендерийг сонгосон шийдвэрээ ахин хэвээр үлдээсэн талаар 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 239 дугаартай "Мэдэгдэл дахин хүргүүлэх тухай" албан бичгээр мэдэгдсэн. Улмаар Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь ЗТХЯ/20240101071 дугаартай тендерт гэрээ байгуулах эрхийг ******* ХХК-д олгосон шийдвэр гаргаж, гэрээг байгуулсан байна. Хариуцагч нарын дээрх хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна...” гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Захиалагч байгууллагын хувьд тендерт шалгарсан материалыг үндэслэн ******* ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 19.794.595.615 төгрөгийн өртөг бүхий гэрээг байгуулан "Улиастай сумын Богд, Чигэстэйн голын төмөр бетон гүүр барих" ажлыг эхлүүлсэн. Манай гүйцэтгэгч байгууллага болох ******* ХХК-ийн ажлын явц өнөөдрийн байдлаар 17%-тай явагдаж байна. Гүүрний ажлын явц: 120,96у/м төмөр бетон гүүр: Өрөмдөл шон суурь цутгах ажил (640у/метрээс-512у/м) 82%, Захын болон завсрын суурь /ростверка/-ийн бетон цутгалт (6 сууриас-3 суурь) 50%, Захын болон завсрын тулгуурын их биеийн бетон цутгалт (6 тулгуураас-2 тулгуур) 34%, 169,08у/м төмөр бетон гүүр: Өрөмдөл шон суурь цутгах ажил (832у/метрээс-304у/м) 87%, Гүүрний дам нуруу цутгалтын ажил: 24метр "І" хэлбэрийн дам нуруу цутгах ажил (72 ширхгээс-8ш) 12%, 24 метр "1" хэлбэрийн дам нуруу хүчитгэх ажил (72 ширхгээс-8ш) 12%- тайгаар дээрх ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Хэрвээ нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулах бөгөөд хэргийн оролцогч хуулийн этгээдийн мөнгө болон мөнгөөр үнэлэгдэхүйц баялаг, эд хөрөнгөний алдагдал бий болон хөрөнгө, мөнгөөр хэмжигдэхгүй эдийн бус эрхэд их хэмжээний алдагдал бий болох нь тодорхой байна. Улмаар Завхан аймагт өөр газраар баригдсан нөөц гүүр байхгүйн улмаас ард, иргэд түргэн тусламж, онцгой байдлын алба, цагдаагийн байгууллага гэх мэт төрийн багад түргэн тусламж үйлчилгээ авах боломжгүй, замын эрсдэл үүснэ. хөдөлгөөн бүрэн зогсоно. Богд,  Чигэстэй голын гүүр ашиглалтад ороод 45-55 жил болж байгаа бөгөөд хүнд даацын машин механизмын хөдөлгөөнөөс болж суулт өгч нэг удаа засварлагдсан ба одоо нурах эрсдэлтэй байгаа бөгөөд энэ талаар авто замын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Тухайн гүүрний ажил зогссон тохиолдолд жилийн эцсээр хөрөнгө оруулалт татагдаж, дахин төсөвт суугдах эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэж, Завхан аймгийн бүх ард иргэд хохирч, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх болно. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан "... үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх" эрх нь зөрчигдөхөөр байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа Улиастай сумын Богд, Чигэстэй голын төмөр бетон гүүр, 290.03 у/м ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн болон 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэр хүчингүй болгуулах, Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182 дугаар, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 239 дүгээр мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тодруулга авч үнэлгээг дахин хийхийг Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах, ******* ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, мөн Сангийн яамны 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гомдол хянасан тухай 03/4914 тоот албан бичиг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 03/5369 тоот албан бичгүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт "Сонирхогч этгээд эсхүл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын, эсхүл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно" гэж заасан тул Завхан аймгийн худалдан авах ажиллагааны газар нь гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага биш. Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч /цаашид "улсын байцаагч "гэх/ байна" гэж заасан тул улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой асуудлыг харьяа нутаг дэвсгэрийн шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй. Иймд "*******" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Улиастай сумын Богд, Чигэстэй голын төмөр бетон гүүр, 290.03 у/м ажлын тендерийг сонгон шалгаруулах Завхан аймгийн худалдан авах ажиллагааны газар болон түүний Үнэлгээний хороог хариуцагчаар татсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/152 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны Богд, Чигэстэйн голын төмөр бетон гүүр, 290.03 у/м /Завхан, Улиастай сум/ ажлын тендерийг 4 дүгээр сарын 24-ний өдөр зарлан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулж, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл тендер хүлээн авахад ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ууд тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар ******* ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гарсан. 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 03/4535 дугаартай албан тоот Сангийн яамнаас ирж, уг тендерт гомдол гарсан тендерийг түдгэлзүүлэх бичиг ирж, тендерийн материалыг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамнаас 2024 оны 06 сарын 11-ний 03/4914 дугаартай албан бичгээр хариу ирж, 06 сарын 11-ний өдөр Үнэлгээний хороо хуралдаж дараах шийдвэрийг гаргасан.

1. ******* ХХК нь хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд ажиллаж байгаа хүний нөөцийн жагсаалтыг ирүүлсэн байсан.

2. Тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг маягтын дагуу ирүүлсэн, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендер нь Богд, Чигэстэй голын төмөр бетон гүүр, 290.03 у/м /Завхан, Улиастай сум/ ажлын тендерийн нээлт хийхэд гэрээ байгуулах хуулийн хугацаа болоогүй байсан гэжээ.

Гуравдагч этгээд ******* ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь Нийслэлийн худалдах авах ажиллагааны газраас 2024 оны 04 сарын 05-ны өдөр зарласан НХААГ/20240101295 дугаартай, нийслэлийн төсвийн  хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ “багц-6 34 дүгээр байрны ард баригдах гүүрний (СХД 30 дугаар хороо)” ажлын тендер шалгаруулалтад оролцож, уг тендерийг 2024 оны 4 сарын 29-нд нээж, манай компани 1.694.130.322 төгрөгийн үнийн саналаар ялж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын  2024 оны 05 сарын 15-ны өдрийн 03/974 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдлийг манай компанид 2024 оны 05 сарын 15-ны өдөр хүргүүлснийг 05 сарын 16-нд мэдсэн. Энэхүү мэдэгдэлд ... танай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу “хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн гэрээ байгуулах эрх олгож буйг үүгээр мэдэгдэж байна. Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6 хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд худалдан авах гэрээг баталгаажуулж Нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлнэ үү. Шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг гарын үсэг зурсан гэрээний маягтын хамт дээрх хугацаанд багтаан ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно…” гэсэн мэдэгдэл ирсэн байсан. Манай компани гэлтгүй тендерт оролцож ажил хийдэг бүх компаниуд энэхүү 6 хоногийн дараагийн хугацааг буюу 7 хоногийг хүлээдэг. Учир нь энэ хугацаанд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр болдоггүй буюу ялсан компани ямар ч ажиллагаа хийх боломжгүй хүлээдэг, энэ хугацаа бол тендерт оролцогчийн хэн алинд гомдол хянан шийдвэрлэх хугацаа буюу тодруулбал ялагдсан компани болон сонирхогч этгээдийн хэн аль нь гомдол гаргах эсэхийг хангаж, хүлээдэг хуулийн хугацааг бүгд л мэдэж байгаа. Замын бүх компаниуд ******* ХХК ч мэдэж байгаа. Замын бүх компаниуд жил бүрийн хавар гэрээ байгуулах эрх нь хүчин төгөлдөр болоогүй байхад буюу тендер авах нь тодорхойгүй байхад бүгд инженер техникийн ажилтнуудаа бүх тендерт өгдөг. Өмнөх тендер нь хүчин төгөлдөр болсон тохиолдолд инженер техникийн ажилтнууд давхацна гэж өөр инженерүүдээ санал болгодог. ******* ХХК ч гэсэн манай компанитай адил Сонгинын болон Завханы тендерт яг нэг ижил  техникийн ажилтнуудаа бусад замын компанийн адилаар хүргүүлсэн байдаг. Ялсан компани гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр авсан өдрөөсөө гэрээ байгуулж болдоггүй, захиалагч хүлээн авдаггүй, гүйцэтгэлийн баталгаагаа байршуулж болдоггүй, эрх нь олгогддоггүй гэдгийг хэн ч мэдэж байгаа. Олон жил Тендерт оролцсон замын цөөн компаниуд бид бүгд мэддэг. Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гарснаас хойш ажлын 6 өдрийн дараагийн өдөр хүчин төгөлдөр болдог. Энэ хугацаанд тухайн тендерт ямар нэгэн гомдол хүсэлт гарсан тохиолдолд тухайн эрх олгосон шийдвэрийг түдгэлзүүлж, тухайн шийдвэрийг өөрчлөх, сунгах, дахин үнэлүүлэхээр буцаах, бүр тухайн шийдвэрийг хүчингүй болгодог. Энэ хугацаанд эрх олгосон шийдвэр авчхаад тендерээ алдсан, хүчингүй болгуулсан, дахин зарлуулсан тохиолдлууд зөндөө байдаг. Үүнийг эрх олгогдсон дуусаагүй ажил гэж үзэх боломжгүй. Эрх олгогдсон дуусаагүй ажил гэдэг нь тухайн эрх олгогдсоноос эрх олгогдсон шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гэрээ байгуулах хүртэл буюу тендер хүчингүй байх хугацааг олгоно. Манай компанид гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн үйлчлэл 2024 оны 05 сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр болохоор байсан тул хүлээлтийн байдалтай байсан. Тухайн нийслэлийн тендерт оролцогч гомдол гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр болж нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлдэг. Гэтэл манай компанийн оролцсон тендерт ******* ХХК нь хуулийн хугацаандаа гомдол гаргаагүй буюу 2024 оны 05 сарын 24-ны өдрийн дотор гомдол гаргаагүй байхад Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн замын хөгжлийн газарт 2024 оны 05 сарын 27-ны өдөр гэрээ байгуулах эрхийг хүргүүлсэн байдаг. Энэ нь Завханы тендерт ялж эрх олгосонтой өдөр буюу нэг өдөр нийслэлийн тендерийн эрх авсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн ажлын 6 хоног дараагийн өдөр буюу 05 сарын 24-ны өдөр эрх үүсэж, гүйцэтгэлийн баталгааг 2024 оны 05 сарын 24-ны өдөр захиалагчид хүргүүлж, 2024 оны 05 сарын 28-нд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Завхан аймгийн тендер шалгаруулалт 2024 оны 05 сарын 21-ны өдрийн өглөө нээх байсан тул манай компаниас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас явуулсан тендерийн эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр болоогүй учраас хугацаа дуусгахаас өмнө тендерийн баримт бичгээ 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 23 цагт илгээсэн. Учир нь Нийслэлийн тендерийн эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, хүчин төгөлдөр болох эсэх нь тодорхойгүй, хүчингүй болох ч боломжтой. Тухайн үед буюу 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 23 цагийн байдлаар (05 сарын 21-ний өдрийн өглөө 9 цаг хүртэл) манай компани хүчин төгөлдөр болсон эрх олгогдсон нэг ч шийдвэргүй буюу тендергүй байсан учраас инженер техникийн ажилтнууд давхардах боломжгүй гэж тухайн тендерийн баримт бичгийг хүргүүлсэн. Уг тендерийн баримт бичигт Завхан аймгийн тендерт Нийслэлийн СХД-н 1-р хорооллын гүүрний эрх олгосон шийдвэр нь хуулийн 6 хоногийн хугацаа дуусаагүй гэрээ байгуулах эрх үүсээгүй байсан учир тендерт тус ажлыг тусгаагүй. Мөн манай компанийн хэрэгжүүлж байгаа (гүйцэтгэгчээс шалтгаалаагүй зогссон) ажилд бүртгэлтэй хүний нөөцийн мэдээллийг Завхан аймагт ажиллах инженер техникийн ажилтнуудаас тусад нь жагсаалтаар хүргүүлсэн. Зайсангийн гүүрний ажил 71%-ийн гүйцэтгэлтэйгээр захиалагчийн шийдвэрийн дагуу ажлыг зогсоосон байсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/152 дугаар захирамжаар байгуулагдсан Улиастай сумын Богд, Чигэстэй голын төмөр бетон гүүр, 290 у/м ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл шийдвэрийг хүчингүй болгуулах, Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай” 180, “******* ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай” 182, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “******* ХХК-д мэдэгдэл дахин хүргүүлэх тухай” 238,  “*******” ХХК-д мэдэгдэл дахин хүргүүлэх тухай” 239, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Завхан аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлэх тухай” 240 дүгээр албан бичгүүдийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тодруулга авч, үнэлгээг дахин хийхийг Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан буюу УТ2402800568 дугаартай “Богд, Чигэстэй голын төмөр бетон гүүр, 290 у/м ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүхээс уг нэхэмжлэлээр 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нотлох баримтыг цуглуулж дуусаад хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын         29-ний өдрийн 10.00 цагаас явуулахаар 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 118/ШЗ2024/0192 дугаар шүүгчийн захирамжаар тогтоосон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзах тухай хүсэлтэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба нэхэмжлэгч “*******” ХХК нь энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцуулахаар 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/52 дугаар албан бичгээр  Д.*******д итгэмжлэл олгожээ.

Уг итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасан эрхүүдийг, тодруулбал 28.2.3-д заасан “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах“ эрхийг нэхэмжлэгчээс Д.*******д олгохоор тусгайлан заасан байх тул түүний гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь Улиастай сумын Богд, Чигэстэй голын төмөр бетон гүүр, 290 у/м ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай” 180, “******* ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай” 182, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн  “******* ХХК-д мэдэгдэл дахин хүргүүлэх тухай” 238,  “******* ХХК-д мэдэгдэл дахин хүргүүлэх тухай” 239, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Завхан аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлэх тухай” 240 дүгээр албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тодруулга авч, үнэлгээг дахин хийхийг Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан буюу УТ2402800568 дугаартай “Богд, Чигэстэй голын төмөр бетон гүүр, 290 у/м ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт танилцуулахыг шүүгчийн туслах Д.Бямбабаярт даалгасугай

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                     ШҮҮГЧ                                   Л.ТУНГАЛАГ